Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2108

 

 

“В” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ч б” ХХК болон Ө.Г-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Ч б” ХХК, “В” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны УБ-14/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч “В” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “Ч б” ХХК-ийн захирал Н.А-тэй анх 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр анх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт сарын хугацаанд үргэлжилсэн ажил бөгөөд ажлаа гүйцэтгэж дуустал ямар нэгэн саад байгаагүй. Нэг м.куб шороо зайлуулах ажлыг 4 000 төгрөгөөр тохиролцож, нийтдээ 24 000 м.куб шороо зайлуулсан бөгөөд энэ нь 96 000 000 төгрөг болж байгаа. Үүнээс бид ажлын явцад тодорхой хэмжээний мөнгө авч, ажлын төгсгөлд 55 000 000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 41 360 880 төгрөг байгаа. Бид илүү хийсэн ажлаа нэхэмжлээгүй, хийсэн ажлынхаа тухайн үедээ тохиролцсон мөнгөө авах хүсэлтэй байна. Энэ бол тухайн үеийн зах зээлийн буюу дунджаас доогуур ханш. Иймд 41 360 880 төгрөгийг “Ч б” ХХК-иас гаргуулъя. Хамтран хариуцагч Ө.Г нь өөрөө компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарладаг учраас түүнийг татах хүсэлгүй, татгалзаж байна. Хариуцагч “Ч б” ХХК нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж тайлбарладаг тул компаниас нь гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “Ч б” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр газар шороон ажлын 1 м.кв нь 4 000 төгрөг байх талаар заагаагүй. Уг гэрээгээр “Түмэн-Амгалан төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн шороо буюу котлован ухаж зайлуулах ажлыг 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 48 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаанд нь 5 000 000 төгрөг өгч, ажлыг 1 сарын дотор хийж дуусгана, хэрэв энэ ажлыг хугацаандаа хийж дуусгаагүй бол алданги төлөхөөр заасан. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн энэ гэрээний дагуу 48 000 000 төгрөгийг “В” ХХК-д өгсөн “Түмэн-Амгалан” төслийн хүрээнд баригдах Жанжин клубын зүүн урд талд байрлах хоёр барилгын суурь шороог зайлуулах ажлын захиалагч нь Монгол Туркийн хамтарсан “Г Л” гэдэг компани, гүйцэтгэгч нь “Фэйм интернэшнл” компани бөгөөд эдгээр компаниудын хороонд ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн. Түүнээс биш энэ барилгын суурийн ажлыг хийхээр “Ч б” ХХК болон “В” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг “Грайнд лайн” компани хийгээгүй. Үндсэндээ “Ч б” ХХК, “В” ХХК нар хоорондоо хууль зөрчиж, гэрээ хийх эрхгүй этгээдүүд гэрээ хийсэн. Гэсэн хэдий боловч “Ч б” ХХК-ийн тухайд “В” ХХК-д гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг бүрэн төлж дуусгасан. Үлдсэн ажлыг хийх талаар “В” ХХК болон “Ч б” ХХК нарын хооронд гэрээ хийгдээгүй. Хичнээн м.кв талбайг, ямар үнээр, ямар хугацаанд хийж гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр хийх ажил болон үнэ нь тодорхой биш ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Барилгын тухай хуульд зааснаар барилга захиалагч болон барилгын ажил гүйцэтгэгчийн талаар хуульчилж өгсөн. “Ч б” ХХК болон “В” ХХК-ийн аль аль нь тухайн барилгын захиалагч ч биш, гүйцэтгэгч ч биш. Тиймээс нэхэмжилж байгаа 41 360 880 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнийг “Ч б” ХХК хариуцах үндэслэлгүй. Гэрээний дагуу хийсэн ажилд 48 000 000 төгрөгийг өгсөн, авснаа “В” ХХК хүлээн зөвшөөрдөг. Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ө.Г шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гарын үсэг зурж байгуулсан гэрээнд заасан үүргээ хоёр тал харилцан биелүүлж, нэг нь хийх ёстой ажлаа хийж, нөгөө нь өгөх ёстой мөнгөө өгчихсөн. Илүү хийгдсэн гэх ажлыг ажил гүйцэтгэх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-т заасны дагуу хоёр тал зөвхөн бичгээр тохиролцож шийдвэрлэнэ. Энэ дагуу гэрээнд дахин нэмэлт оруулж байж захиалагч, ерөнхий захиалагч нар хоорондоо ярилцаж байж шийдвэрлэх учиртай. Тийм учраас байгуулагдсан гэрээний дагуу үүргээ биелүүлсэн гэж бодож байна. Хэрвээ илүү ажил хийгдсэн, илүү мөнгө гэж “В” ХХК нэхэж байгаа бол дахин гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, талууд баталж, хугацаа болон үнэ өртөгөө дахин тохиролцож байж шийдэгдэх учиртай. Тухайн үед гэрээ байгуулагдахад би “Ч б” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс тэтгэвэртээ гарсан. Гэрээг ерөнхий захирал Н.А тухайн үед гэрээнд давхар гарын үсэг зурж батлах боломжгүй байсан болохоор ярьж байгаад би гэрээнд гарын үсэг зурж, гэрээг хийсэн. Тэр мөнгийг “Ч б” ХХК хүлээн аваагүй учраас төлөх ямар ч боломжгүй, “Ч б” ХХК авчихаад өгөхгүй байгаа юм шиг тайлбарлаад байна. Үүнийг аваагүй гэдгийг “В” ХХК-ийн захирал Э.Б сайн мэдэж байгаа. Тухайн үед нь уулзаж ярьж байсан. Хамгийн сүүлд нь захирал Н.А өөрийнхөө санхүүжилтээс мөнгө өгсөн юм билээ. Одоо болтол “Ч б” ХХК нь тэр компаниасаа төлбөрөө авч чадахгүй, өртэй явж байгаа. Түүнээс “В” компанийн хийсэн ажлын мөнгийг авчихаад өгөхгүй хүндрүүлж байгаа зүйл огт байхгүй. Энэ нь “Ч б” ХХК-д ямар хэмжээний мөнгө, ямар зорилгоор гарч байсан талаарх “Г Л” компаниас гаргасан жагсаалт дотор суурийн ажилд 48 000 000 төгрөг бичигдсэн байсан. Түүнийг 100 хувь төлсөн, бүр илүү давуулж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч “Ч б” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г Л” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжин клубын зүүн урд баригдаж буй “Түмэн-Амгалан” барилгын суурийн газар шорооны ажлыг гүйцэтгэх гэрээ нь “Г Л” ХХК болон “Фэйм интернэшнл” ХХК-ийн хооронд 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан. Уг гэрээгээр 12 000 м.кв газар шорооны ажлыг 48 000 000 төгрөгөөр “Фэйм интернэшнл” ХХК гүйцэтгэх байсан. Тийм учраас “Фэйм интернэшнл” ХХК нь гэрээний үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэх эрх байгаагүй, мөн албан ёсоор шилжүүлээгүй тул “В” ХХК болон “Ч б” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УБ-14/01 тоот гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Энэ гэрээнд “Ч б” ХХК-ийг төлөөлж Ө.Г гарын үсэг зурах эрхгүй этгээд байсан. Мөн “Ч б” ХХК нь гүйцэтгэгч биш учраас энэ газар шорооны ажлыг гүйцэтгэх эрх бүхий этгээд биш атлаа “В” ХХК-тай гэрээ байгуулсан. Иймд энэ гэрээг гэрээ хийх эрхгүй этгээд хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-тт зааснаар барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэдэг. Талбайг бэлтгэнэ гэдэг нь тухайн талбайг цэвэрлэх, суурь ухахаас эхлээд бүрдэл хэсгийг гүйцэтгэж, угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг хэлнэ гэж заасан. Энэ барилгын ажил нь өөрөө “Г Л” ХХК-ийн төслөөр авсан буюу захиалагч нь “Г Л” ХХК бөгөөд газар шорооны ажил гүйцэтгэгчид “Фэйм интернэшнл” ХХК байсан. Бид холбогдох гэрээг сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шүүхэд гаргаж өгсөн. Хуулийн дагуу “В” ХХК болон “Ч б” ХХК-ийн хэн хэн нь барилгын ажлын захиалагч, гүйцэтгэгчийн аль нь ч биш. Хэн хэн нь дураараа хоорондоо гэрээ байгуулсан. Харин байгуулсан гэрээний дагуу 12 000 м.куб талбайн ажил гүйцэтгэж, нөгөө нь хөлсийг нь өгсөн. Хэрэв илүү маргах юм бол тэр мөнгийг буцаагаад “Г Л” ХХК-д аль аль нь гаргаж өгөх үндэслэл байгаа. Түүнээс биш бид дураараа зохиож, эсвэл өөрсдөө барилгын ажлын захиалагч нь байж байгаад гүйцэтгэсэн ажлын хөлсөө гүйцэтгэгчид төлөхгүй байгаа биш. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гэрээний дагуу 48 000 000 төгрөгийг өгчихсөн. Хичнээн төгрөгийн ямар талбайд, ямар ажил гүйцэтгэх талаар ямар ч гэрээ хэлцэлгүй мөнгө нэхэмжилж байна. Иймд тухайн гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэдэг үүднээс сөрөг нэхэмжпэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Нэхэмжлэгч “В” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх гэрээ хийж байхад “Г Л” ХХК, “Фэйм интернэшнл” ХХК-иуд дурдагдаж байгаагүй, ерөөсөө мэдэхгүй. “Ч б” ХХК болон манай “В” ХХК-ийн нарын хооронд хийгдсэн гэрээний ажил яригдаж байхад хариуцагч тал захиалагч нь биш, хууль бус гэх мэт баримтгүй, хийсвэр зүйл ярьж байна. Жишээ нь “Г Л” ХХК-ийнхан “Ч б” ХХК-ийнхантай уулзаад та нар нэг компани олж ирээд энэ ажлыг хийлгэчих, тэгээд мөнгийг нь өгөхгүйгээр шүүхээр маргаан үүсгэж, захиалагч нь “Ч б” ХХК биш юм байна гэдэг энэ үндэслэл гаргаж ирэх санаатай зохион байгуулалттай зүйл юм шиг санагдаж байна. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “В” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “Ч б” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч “Ч б” ХХК-иас 41 360 880 төгрөгийг гаргуулж, “В” ХХК-д олгож, хамтран хариуцагч Ө.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Ч б” ХХК-ийн нэхэмжлэгч “В” ХХК-д холбогдох “Ч б” ХХК, “В” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2014 оны УБ-14/01 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” нь гэрээ хийх эрхгүй этгээд хууль болон гэрээ зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364 754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 46 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “В” ХХК-д олгож, хариуцагч “Ч б” ХХК-иас 364 754 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “В” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн илүү төлсөн 250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж “Ч б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01007 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэл байна гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн.

Зохигчдын маргаж байгаа гэрээнд “Ч б” ХХК-ийг төлөөлж Ө.Г дэд захирлын албан тушаалд байхдаа гарын үсэг зурсан байх ба мөн ажлын гүйцэтгэлд гарын үсэг зуржээ. Энэ нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно”, 62.3-т “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64.2.1-т “Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байна”, 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчдаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх” гэсэн хуулийн шаардлагуудыг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг хүчин төгөлдөр гэж шүүх дүгнэлт хийн шийдвэрлэсэн нь буруу.

Мөн Компаний тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн гүйцэтгэх захирал санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан тул дэд захирал Ө.Гад ажлыг хүлээн авах эрх олгогдоогүй байхад гарын үсэг зурсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 Ажил гүйцэтгэх гэрээний 8-т ажил гүйцэтгэх явцад оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь зөвхөн бичгээр хийгдэж, талуудын гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тохирсон байх ба Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийг нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэснийг шүүх зөрчсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасныг зөрчин хэрэг буруу шийдвэрлэсэн байна. Үүнд: Шийдвэрийн үндэслэх хэсэгт “В” ХХК-ийн ухсан ажлын хэмжээг тогтоолгохоор “И” ХХК Барилгын хот байгуулалтын яамны 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр олгосон ЗТ19-196/16 дугаартай барилгын зураг төслийг тусгай зөвшөөрөлтэй компаниар тус ажлыг хүлээн авсны дараа бүтэн 2 жил гаруйн хойно гарсан эрхийн актыг үндэслэн нотлох баримт болгосон /хх197/, шүүгч гэрчээр асуусан О.Сумьяабазарын мэдүүлэгт гарын үсэг зураагүй атлаа мөн нотлох баримт болгосон /хх58 хуудасны ар тал/, “В” ХХК-ийн захирал Н.А-д мэдэгдэхэд хэмээн хариуцагч нэхэмжлэгчийг хольж бичиж утгын алдаа гаргасан/ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг 6 дугаар хуудас/, нэхэмжлэгч нь шороо ухах ажлыг 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор хэмээн 2 жил ажил гүйцэтгэсэн мэтээр алдаа гарган хэргийг шийдвэрлэсэн зэрэг ноцтой зөрчлүүд байгаа болно.

Мөн талуудын хооронд үндэслэл болгон маргаж буй 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 тоот гэрээний 3.3-т зааснаар Ажлыг бүрэн гүйцэтгэж, хоёр талын комиссоор хүлээлцсэн актыг үндэслэнэ гэж тодорхой заасан заалт байхад талуудаас комиссоор хүлээлцээгүй гэрээний заалт зөрчиж гүйцэтгэсэн хүчин төгөлдөр бус актыг баримтаар үнэлсэн. Нэхэмжлэгч нь шүүхэд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж зөвхөн 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ-14/01 тоот гэрээний хүрээнд маргадаг бөгөөд нэхэмжлэгчээс шороо зайлуулах ажлыг 4 000 төгрөг гэж үзэн үнэлсэн гэх боловч үнэлгээг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй байхад шүүх нэхэмжлэгчийн нотлоогүй үнийг барьж шийдвэрлэсэн .

Барилгын суурь ухах ажлын жинхэнэ захиалагч нь “Г Л” ХХК байсан. Энэ талаар хэрэгт Ажил гүйцэтгэх гэрээ авагдсан байх бөгөөд ажлын санхүүжилтийг “Г Л” ХХК-аас “Ф И” ХХК-д барилгын суурийн нүх ухахад 48 000 000 өгрөг төлсөн болох нь нотлогддог тул хариуцагчийн зүгээс шинжээч томилуулахаар хүсэлт гаргаснаар 2017 оны 5 дугаар 16-ны өдрийн 5279 тоот шүүгчийн захирамжаар шүүхээс шинжээч томилсон. Гэтэл шүүгчийн захирамжид нэхэмжлэгч талын үндэслэлгүй гомдлыг Ерөнхий шүүгчээс хүлээн авч гомдлыг хангаснаар 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШТ2017/00153 дугаартай шүүхийн шийдвэрээр шинжээч томилох шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хариуцагчийн эрх ашгийг ноцтой хөндөн хэргийг үнэн зөв шийдвэрлэх боломжоор хангаагүй.

Давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөлүүдийг тунгаан саргалзан үзэж дээрх үндэслэлийг бүх талаас нь хянан хэлэлцэж хэрэгт цугларсан нотлох баримтанд бодитой дүгнэлт хийн ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар тус тус баримтлан шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс доорхи гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүх ИХШХШТХ-ийн 116-р зүйл 116.2, 116.3-т заасныг зөрчиж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “В” ХХК нь нэхэмжлэлдээ “Ч б”ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УБ14/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээгээр Түмэн амгалан төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн котлован ухаж, шороог зайлуулах ажлыг гүйцэтгэхээр тохирсон, гэрээ байгуулах үед 12 000 м.куб талбайг 1 м.кубыг 4 000 төгрөгөөр тохирсон, ажил гүйцэтгэх явцад талбай 2 дахин их болсон, энэ талаар “Ч б” ХХК-д мэдэгдсэн, гэрэний дагуу “В” ХХК ажлыг гүйцэтгэсэн, нийт ажлын хөлс 96 360 880 бөгөөд үүнээс 55 000 000 төгрөг авсан, үлдэх санхүүжилт 41 360 880 төгрөгийг барагдуулаагүй гээд 41 360 880 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл

1. “В” ХХК, “Ч б” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 тоот гэрээнд талууд хийх ажлын хэмжээг заагаагүй, зөвхөн хийх ажил нь юу болох, түүний үнэлгээ хэд болох, ямар хугацаанд гүйцэтгэх талаар тусгасан байдаг. Гэрээний 1.1-д “...Түмэн Амгалан төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн котлован ухах, шороог зайлуулах” гэж, гэрээний 2.2-т “Ажил гүйцэтгэх ерөнхий хугацаа 2014 оны 5 дугаар сарын 17-ноос 2014 оны 5 дугаар сарын 27” гэж, гэрээний 3.1-т “Гэрээгээр гүйцэтгэх ажлын хөлс 48 000 000 төгрөг” гэж заасан байдаг.

Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийг талууд хэн аль нь биелүүлж, дуусгавар болсон байдаг. Энэ талаар талууд маргадаггүй. Харин дээрх гэрээний 7.2, 8.1-д зааснаар талууд гэрээний хугацаа, нөхцөл байдлын талаар болон, гэрээнд ямар нэг нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр байхаар тусгасан байна. Энэ гэрээний нөхцөлд ямар нэг өөрчлөлт ороогүй, нэмэлт ажил хийхээр тусгагдаагүй байдаг.

“В” ХХК нэхэмжлэлдээ энэхүү Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 41 360 880 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүх талуудын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 гэрээ дуу тавар болсон, уг гэрээнд ямар нэг нэмэлт өөрчлөлт ороогүй, талууд нэмэлт ямар ажлыг, хаана, хэн, яаж гүйцэтгэх, ямар хөлс, хэн төлөх талаар зохигчдын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл байхгүй, дээрх гэрээнд хийх ажлын хэмжээ, 1 м.куб ажлын үнэлгээг тодорхой заагаагүй, магадгүй “В” ХХК-ийн хийсэн гэх 24 090.22 м.куб ажлын хөлс нийтдээ 41 000 төгрөг байсан эсэх нь тодорхой бус, “В” ХХК нь хэний ямар зөвшөөрлөөр нэмэлт ажил хийсэн гэж 41 360 880 төгрөг нэхэмжилж буй нь тодорхой бус, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад зөвхөн “В” ХХК-ийн гаргасан тайлбар, актад тулгуурлан хариуцагч “Ч б” ХХК-аас гэрээний дагуу төлөх төлбөр гэж дугнэн 41 360 880 төгрөг гаргуулсанд гомдолтой байна.

Түүнчлэн шүүх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэгч, захиалагч талууд зөвхөн гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх талаар тодорхой заажээ. Тодруулбал, Ажил гүйцэтгэх гэрээний талууд ямар ажлыг, ямар хугацаанд, ямар үнэ хөлсөөр хийх нөхцөлийг буюу гүйцэтгэгч нь зөвхөн гэрээнд заасан ажил гүйцэтгэх талаар хуульчилсан. Гэтэл “В” ХХК нь гэрээнд заасан ажлыг хийснээ нотолж чадаагүй байдаг.

Шүүх нь “В” ХХК нь 2014 оны УБ14/01 тоот гэрээний үүргийг биелүүлээгүй нэмэлт ажил хийх, нэмэлтээр ямар ажлыг, ямар хугацаанд, яаж хийх, ямар үнэлгээтэй талаар талууд тохирсон ямар ч нөхцөл тусгагдаагүй, ямар ажлыг хэний захиалгаар, хэн яаж хийх талаар гэрээ хийгдээгүй байхад “В” ХХК-ийн нэмж 12 090.22 м.куб ажил гүйцэтгэсэний хөлс 41 360 880 төгрөгийг “Ч б” ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзэж, хариуцагчаас төлбөр гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 343.1, 343.5-д заасан Ажил гүйцэтгэх гэрээг талууд нь Барилгын тухай хууль, Иргэний хуулийн 343.1, 343.5, 344.1,346.1-д заасан журмаар байгуулаагүй, өөрөөр хэлбэл Түмэн Амгалан цогцолборын төслийн барилгын суурийн газар шорооны /котлован ухах/ ажлыг Захиалагч, санхүүжүүлэгч нь “Г Л” ХХК, гүйцэтгэгч нь “Ф И” ХХК бөгөөд “В” ХХК, “Ч б” ХХК-ийн хувьд хэн аль нь захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч биш атлаа зохигчдын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 тоот гэрээг байгуулах эрхгүй этгээд байгуулсан, уг барилгын газар шорооны ажлыг хууль, батлагдсан журмын дагуу актаар хүлээлцэх эрх бүхий этгээдүүд хүлээлцээгүй байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч “В” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 15 тоот Газар шорооны ажил хүлээлцсэн акт нь Барилгын тухай хууль, Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 105 дугаар тушаалаар батлагдсан журам, маягт, загварын дагуу тухайн Түмэн Амгалан төслийн хүрээнд баригдах барилгын газар шорооны ажил, барилгын суурийн котлован ухах ажлыг захиалагч, гүйцэтгэгчийн хүлээлцсэн эрх бүхий этгээдүүдийн үйлдсэн акт биш байтал шүүх уг актыг нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэлгүй болно. Энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлах болно.

2. Анхан шатны шүүх нь зохигчдын маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний хуульд заасан эрх бүхий талууд гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай ба ийнхүү дүгнэсэн нь хэргийн шийдлийг бүхэлд нь төөрөгдүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.5 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно” гэж заасан байх бөгөөд “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ч б” ХХК-д холбогдох энэхүү хэргийн тухайд маргаан бүхий барилгын суурь ухах ажил нь тусгай хуулиар зохицуулагдах ажил бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь Барилгын тухай хуульд зaacan барилгын ажил гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн аль нь ч биш бөгөөд маргаан бүхий Түмэн амгалан төслийн хүрээнд баригдах барилгын суурийг ухах ажлын хувьд хэн аль нь гэрээ хийж, уг ажлыг захиалах болон гүйцэтгэх эрхгүй этгээд юм. Энэ нь хэрэгт авагдсан барилгын суурийг ухах ажил нь гэр хорооллын барилгажилт төслийн хүрээнд баригдах Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Түмэн Амгалан цогцолборыг барилга барих барилгын захиалагч нь “Г Л” ХХК байсан, уг төслийн хүрээнд баригдах эхний барилгын суурийн котлован /суурийг/ ухах ажлын гүйцэтгэгч нь “Ф И” ХХК байсныг нотолсон тэдний хооронд байгуулсан гэрээ, ажлын төлбөрийн талаарх “Г Л” ХХК-ийн санхүүгийн баримт зэргээс нотлогддог. “Г Л” ХХК, “Ф И” ХХК-ийн гэрээнд зааснаар энэхүү ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэхийг хориглосон байдаг. Барилгын тухай хуулийн 18, 15 дугаар зүйлд зааснаар барилгын тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь барилгын төсөл, архитектор, газар шорооны ажлаас эхлэн барилга барих, барилгын бүхий л үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль, барилгын норм норматив, Сайдын тушаалаар баталсан журам, заавар, маягтыг үндэслэн тусгайлан зохицуулагддаг, барилгын ажлыг хүлээлцэх бүхий л үйл ажиллгаа нь зөвхөн захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээгээр хийгдэх, Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 105 дугаар тушаал, түүний хавсралтаар батлагдсан маягт, комиссын албан ёсны акт, томилогдсон тусгай комисс, улсын комиссоор хүлээлцэж ашиглалтанд орох, аливаа туслан гүйцэтгэгч нь зөвхөн захиалагчийн зөвшөөрлөөр барилгын болон барилгын суурийн, бусад ажлыг гүйцэтгэх, барилга барихтай холбогдох бүхий л гэрээ хэлцэл, гүйцэтгэх ажил нь тусгай хуулиар зохицуулагдах гэрээ хэлцэл байх хуулийн онцлог, шаардлагыг зохицуулсан байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуулийн энэхүү онцлог зохицуулалтыг үл харгалзан Түмэн Амгалан цогцолборын барилгын суурийн ажлын тухайд “Ч б” ХХК, “Маьо” ХХК нь барилгын захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч аль нь биш байтал захиалагчийг хариуцагч “Ч б” ХХК, гүйцэтгэгч нь нэхэмжлэгч “В” ХХК гэж үзэж, тэдгээрийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 тоот Ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ердийн ажил гүйцэтгэх гэрээгээр тодорхойлж хариуцагчаас төлбөр гаргуулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь бүхэлдээ үндэслэлгүйн дээр шүүхийн шийдлийг төөрөгдүүлэх үндэслэл болсон байдаг.

3. “В” ХХК “Ч б” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 тоот гэрээг “Ч б” ХХК-ийг төлөөлж дэд захирал Ө.Г гарын үсэг зурсан байдгаас гадна уг гэрээнд компанийн тамга тэмдэг дарагдаж, баталгаажуулаагүй байдаг. Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйл, “Ч б” ХХК-ийн дүрэм, Оюуны өмч УБЕГ-ын ХЭУБ, дүүргийн бүртгэлийн эрх бүхий байгууллагаас ирсэн лавлагаанаас үзвэл хариуцагч “Ч б” ХХК-ийг үүсгэн байгуулагч, компанийн удирдлага, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Н.А болох нь тогтоогддог.

Харин Иргэний 62, 64 дүгээр зүйлд заасан хэлцэлд төлөөлөх болон төлөөлөх эрх нь Ө.Гад олгогдоогүй, Ө.Г нь “Ч б” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байтал шүүх Ө.Гын гарын үсэг бүхий “В” ХХК хууль зөрчиж хийгдсэн “Ч б” ХХК-ийн хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн УБ14/01 тоот гэрээ, мөн “Ч б” ХХК-ийг төлөөлж Ө.Г-ын гарын үсэг бүхий “В” ХХК, “Ч б” ХХК хоорондын газар шорооны ажлыг хүлээлцсэн акт зэргийг үндэслэн хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэнгүй гэж үзэж байна. Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 тоот гэрээ, газар шорооны ажил хүлээлцсэн акт нь нь энэхүү гэрээ, актыг хуульд заасан эрх олгогдоогүй этгээд хийж, хүлээлцсэн байгаад анхан шатны шүүх ач холбогдол өгсөнгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь огт үндэслэлгүй болно. Түүнчлэн анхан шатны шүүх ажил хүлээлцсэн актын талаар хариуцагч тал маргаагүй гэж шийдвэрт ор үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн шүүх хариуцагч Ө.Г нь анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын Сайдын 2006 оны 105 дугаар тушаалаар батлагдсан Барилгын суурийн ажлыг хүлээлцэх актын маягт, загварыг хариу тайлбартаа хавсарган өгснийг гарган нотлох баримтаас хасч, үнэлээгүй нь хэт нэг талыг барьж, ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчиж, анхан шатны шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүйтэй холбоотой болно.

Түүнчлэн шүүх барилгын газар шорооны ажил буюу Түмэн Амгалан цогцолборын эхний барилгын суурийн котлован ухах ажлыг гүйцэтгэгч нь Барилгын тухай хууль болон Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 105 дугаар тушаалаар батлагдсан Барилгын суурийн ажлыг хүлээлцэх маягтын дагуу захиалагч, гүйцэтгэгчээс томилогдсон комисст хүлээлгэн өгч уг сайдын тушаалаар баталсан загвар маягтын дагуу захиалагч, гүйцэтгэгч нь акт үйлдэх хууль болон гэрээнд тусгасан журмыг зөрчсөн, барилгын захиалагч, санхүүжүүлэгчтэй “В” ХХК нь ямар ч гэрээ, хэлцэл хийгээгүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4. Анхан шатны шүүх энэхүү гомдлын 3-т заасныг үл хайхарч сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зохигчдын хооронд байгуулсан 2014 оны УБ14/01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.8, Барилгын тухай хуулийн 18, 15, Иргэний хуулийн 62, 64 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйлд заасан хууль зөрчсөн, хуульд заасан эрхгүй этгээд гэрээ, актад гарын үсэг зурсан, хуульд заасан хэлбэр буюу зөвхөн гэрээнд тохирсон ажлыг гүйцэтгээгүй байтал шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасныг нотлох юм.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой юм.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Ч б” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 41 360 880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Ч б” ХХК нь эс зөвшөөрч, 2014 оны УБ-14/01 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Ө.Гыг татан оролцуулсан бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлсөн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч “Ч б” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УБ-14/01 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн техникээр “Түмэн амгалан” төслийн хүрээнд баригдах 2 барилгын суурийн котлован ухаж, шороог зайлуулах ажлыг 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 48 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцож, хариуцагчийг төлөөлж Ө.Г, нэхэмжлэгчийг төлөөлж Э.Б нар гарын үсгээ зурж баталгаажуулсныг анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /хэргийн 6, 42-44 дугаар тал/

 

Хариуцагч уг гэрээг “Ч б” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхгүй этгээд буюу дэд захирал Ө.Г-тай байгуулсан, тус гэрээнд “Ч б” ХХК-ийн тамга дарагдаагүй, Барилгын тухай хууль зөрчиж байгуулсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар уг гэрээг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулахад бичгээр хийхээр заасан боловч бичгээр сунгаагүй, 1м3 газар шорооны ажлыг ямар үнэлгээтэй хийж гүйцэтгэхийг тохиролцоогүй, гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөө давуулж төлсөн, “Газар шорооны ажил хүлээлцсэн акт”-д төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, ажлыг хүлээж аваагүй гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлажээ.

 

Хариуцагч Ө.Г нь “Ч б” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа тус компанийг төлөөлж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, ажлын хөлсөнд 55 000 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгчээр гэрээнд заасан ажлыг гүйцэтгүүлж байсан болохыг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд болох Н.А нь мэдэж байсан болох нь зохигчид, гэрч нарын мэдүүлэг, хөлс төлсөн баримт зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгийн хэлбэрээр байгуулахыг хуулиар зохицуулаагүй болон хариуцагч компанийн дэд захирлын байгуулсан уг гэрээний дагуу хариуцагч “Ч б” ХХК-иас нэхэмжлэгчид ажлын хөлс төлсөн болохыг тус компанийн гүйцэтгэх захирал Н.А үгүйсгээгүй, гүйцэтгэх захирлаар гарын үсэг зуруулах боломжгүй байсан гэх хариуцагч Ө.Г-ын тайлбар зэргээр хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэхгүй бөгөөд түүнд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл төлөөлж хийх бүрэн эрхийг амаар олгосон гэж үзнэ.

 

Хариуцагч хэдий хэмжээний газар шорооны ажлыг м.куб-ыг ямар үнэлгээтэй хийж гүйцэтгэхийг тохиролцоогүй гэх боловч Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар тухайн үеийн зах зээлийн жишиг үнэлгээгээр бодохоор зохицуулсан байх тул уг газар шорооны ажлыг “Г Л” ХХК-ийн захиалгаар “Ф И” ХХК нь хийж гүйцэтгэхдээ 1м3 шорооны ажлын хөлс 4000 төгрөг байхаар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн АГ-1404-25/1 тоот Ажил гүйцэтгэх тухай гэрээгээр тохиролцон гүйцэтгэгч компанийг төлөөлж хариуцагч “Ч б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А гэрээ байгуулж ажлын хөлсийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийн хийсэн ажлын хөлсний үнийг тооцохдоо уг үнэлгээг жишиг болгох үндэслэлтэй.

 

Улмаар нэхэмжлэгч “В” ХХК-ийн гүйцэтгэсэн “Түмэн-Амгалан” цогцолбор барилгын суурийн газар шорооны ажлын хэмжээ буюу нийт эзэлхүүнийг 24.090,22 м.куб гэсэн “Инжкон” ХХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч компанийг төлөөлж гэрээ байгуулсан дэд захирал Ө.Г нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Э.Б нар 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Ажил хүлээлцэх акт үйлдэж, хуулийн этгээдийн тэмдэгийг дарж баталгаажуулахдаа нэхэмжлэгч нь 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 17-ны хооронд нийт 24 090,22 м.куб газар шорооны ажлыг бүрэн, чанартай хийж гүйцэтгэсэн талаар дүгнэж, нийт ажлын хөлс 96 360 880 төгрөгийн үлдэгдэл 41 360 880 төгрөг болсон гэжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж зохицуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээлцсэн актад хариуцагч компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, ажлын хэмжээ, м3 газар шорооны ажлын хөлсний үнэлгээ тодорхойгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн уг газар шорооны ажлын үндсэн захиалагч “Г Л” ХХК, үндсэн гүйцэтгэгч “Фейм интернешнл” ХХК болох талаар талууд маргаагүй, эдгээрийн хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн АГ-1404-25/1 тоот Ажил гүйцэтгэх тухай гэрээнд өөр этгээдээр ажлыг хийж гүйцэтгүүлэхгүй гэж тохиролцсон гэх боловч нэхэмжлэгч энэ талаар мэдэж байсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд “Ф И” ХХК-ийг төлөөлж “Г Л” ХХК-тай гэрээ байгуулсан этгээд хариуцагч “Ч б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.А байх ба нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүнгийн талаар гомдол гаргаагүй байна.

 

Тодруулбал, ажлын үндсэн гүйцэтгэгч “Ф И” ХХК байсан боловч “В” ХХК-ийн техник, ажилчдаар уг газар шорооны ажлыг “Ч б” ХХК захиалан гүйцэтгүүлсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иймд нэхэмжлэгч “В” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлын хэмжээнээс илүү гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгсөн ажлын хөлсний зөрүүг хариуцагч “Ч б” ХХК-иас шаардах эрхтэй юм.

 

Харин шүүх зохигчдын хоорондын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байгааг залруулах боломжтой гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2017/01730 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас “344 дүгээр зүйлийн 344.1” гэснийг, 2 дахь заалтаас “56.1.5” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч “Ч б” ХХК-ийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                               С.ЭНХТӨР