Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

 

 

 

 

 

 

 

2022         02        11                                    2022/ШЦТ/128        

 

                                  

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

 

Шүүгдэгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,

Улсын яллагч: Б.Амармөрөн нар оролцсон эрүүгийн 1909001960695 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуут овгийн Банзарын Ариунгуа, /РД:УХ68111504/, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, суурь машины технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 52Б-10 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

2021 оны 07 сарын 30-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, одоо ял эдэлж байгаа

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, хүүхдийн 100-ийн Хаан банкны салбарт иргэн М.Соёлмаад Лицензийн төвд ажилладаг хуурай дүүгээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.000.000 төгрөг авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч  байна. Хохирлоо нөхөн төлсөн тул хөнгөн ял оногдуулж өгнө үү”...гэв.

Эрүүгийн 1909001960695 дугаартай хэргээс:

Хохирогч М.Соёлмаагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 Гэрч Б.Даваасүрэнгээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Д.Болормаагаас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

Хаан банкны дансны хуулга, мөнгө хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 21 дүгээр хуудас/,

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх талуудын хүсэлтээр шинжлэн судалсан эдгээр баримтуудыг уг хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдсон хэмээн үнэлж шүүгдэгчийн гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг хийсэн болно.   

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, хүүхдийн 100-ийн Хаан банкны салбарт иргэн М.Соёлмаад Лицензийн төвд ажилладаг хуурай дүүгээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 1.000.000 төгрөг авч залилсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 Хохирогч М.Соёлмаагийн“...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр надад тээврийн  хэрэгслийн гэрчилгээ хэрэг болоод би найз гэх зүс таних хүнтэй таарч би тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгтэй, хятад улсад гэрчилгээгүй тээврийн хэрэгсэл худалдаж авах гээд байна гэж хэлсэн чинь би асуудлыг чинь шийдээд өгье ийм юм хийдэг хүн угаасаа байгаа гэж ярьсан. Тэгээд би тэр зүс таних хүнтэй тэр хүнтэй чинь уулзъя гэж хэлэхэд дагуулаад ирсэн..тэр эмэгтэй би наад асуудлыг чинь шийдэж өгч чадна гээд Лицензийн төвд миний таньдаг миний хуурай дүү гэх цагдаагийн хошууч цолтой Тамираа гэж хүн байгаа гээд миний хажууд тэр хүнтэй утсаар яриад болно гэж байна хурдан мөнгөө өгчихөө гэж хэлсэн...тэгээд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Сөүлийн гудамжинд байрлах Хаан банкны данснаасаа 1.000.000 төгрөг гарган авч тэр эмэгтэйд өгсөн. Тэгээд сарын дараа би мөнгөө өгсөн хүнээс одоо наадах чинь болохгүй, бүтэхгүй юм байна гээд мөнгөө нэхтэл одоо удахгүй хурлаар ороод болох гэж байгаа, кодоо авах гэж байгаа гээд бараг 3 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд би тэр Лицензийн төв дээр ажилладаг хуурай дүү гэх хүн дээр нь очиход би танай эгч чинь гээд хүнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах гээд 1.000.000 төгрөг өгсөн, тэрнээс хойш гаргаж өгдөггүй тэр бүтэх юм уу гэтэл тэр эрэгтэй хүн та хүнд залилуулсан байна цагдаагийн байгууллагад хурдан өргөдлөө өгч мөнгөө хурдан олж ав, тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргаж өгнө гэж байдаггүй юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Болормаагийн ”... 2019 онд манай найз М.Соёлмаа автомашины гэрчилгээ гаргуулах шаардлагатай байна гаргадаг хүн байна уу гэж асуухаар нь өөрийн танил Ариунаа гэх хүнийг танилцуулж өгсөн. Тэгээд тэр хоорондоо уулзаж ярилцаж байгаад тохиролцсон байсан, Соёлмаа бид хоёр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хүүхдийн 100-н Хаан банкны салбар дотор орж Ариунаатай уулзаж мөнгө төгрөгөө өгч авалцсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Б.Даваасүрэнгийн  “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 5070311086 дугаартай манай охин О.Сэлэнгийн дансаар Ариунгуа гэдэг эмэгтэй өөрөө дансгүй гэж хэлээд надаар 300.000 төгрөг шилжүүлүүлсэн...” гэх мэдүүлэг,

Хаан банкны дансны хуулга, мөнгө хүлээлгэж өгсөн баримт зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангиад заасан Залилах гэмт хэргийг бусдыг хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах эсхүл нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэхээр тодорхойлжээ.

Шүүгдэгч Б.Агийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцсэн ба хохирогч М.Соёлмаад манай цагдаагийн газрын лицензийн төвд ажилладаг Тамир гэж хүн байгаа, тэр хүнээс тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулж өгнө гэж хуурч  1.000.000 төгрөгийг залилж авсан үйлдэлд  Сүхбаатар дүүргийн прокуророос  яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Хохирогч М.Соёлмаагаас хохирол төлөгдсөн, гомдол саналгүй болох нь  хэргийн материал танилцсан тэмдэглэлд тодорхой тусгагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзнэ.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх Б.Ад ял оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  прокуророос гаргасан санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт  “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байх ба 2022 оны 01 сарын 13-ны байдлаар 4 жил 9 сар 4 хоногийн ялыг эдлээгүй болох нь шийтгэх тогтоолын хуулбар болон ялын тооцооны тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2-т  заасан гэмт хэрэгт  6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 сар 04 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 90 хоногийн хорих ялыг   нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 4 жил 09 сар 94 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Алаг адуут овгийн Банзарын Ариунгуаг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  залилсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад  Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 30-ны өдрийн 872 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 09 сар 04 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон 90 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 4 жил 09 сар 94 хоног хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аг цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ДАРЬСҮРЭН