Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/513

 

 

 

 

 

 

 

       2022         04          26                                        2022/ШЦТ/513

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Ц.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ц-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 4 сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ....... дүгээр сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монос косметикс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ..... хот, ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Ц.Ц /РД:ЧГ7101..../.

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Ц.Ц- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн автобусны буудал дээр буух үедээ хохирогч И.Г-тэй таксины төлбөр тооцооны асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд дээд уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 сарын 04-ний өдрийн 400 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ц.Ц- нь И.Г-ийн  нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон үйлдлийн улмаас түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч И.Г-ийн “...2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр би такси үйлчилгээнд явж байтал Улсын нэгдсэн 3 дугаар эмнэлгийн урд талын хаалтын урдаас нэг эрэгтэй хүн гар өргөхөөр нь машиндаа суулгаад хаа хүрэх талаар асуухад тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд тухайн эрэгтэйг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефтийн автобусны буудал хүргүүлнэ гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байтал ийм машин уначхаад энийг машин гэдэг юм уу гэх мэтээр уурлаад л яваад байсан бөгөөд Нефтийн автобусны буудал дээр зогсоод хэдэн төгрөг гарсан талаар асуухаар нь би 8,000 төгрөг гарсан гэж хэлсэн. Тэгтэл нөгөө хүн надад 8,000 төгрөг өгөөд буусан бөгөөд надаас чи ахиад хүн аваад явах уу, халтуур хийх үү гэж асуухаар нь би хийнэ ш дээ хүн аваад явна гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу машинаасаа буугаад хаалганы цаад талаас буюу машины цонх онгорхой байхад шууд нэг гараараа миний уруул хэсэгт хүчтэй цохиод ингээд халтуур хий гэж хэлээд зугтчихсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 хуудас),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4241 дугаартай “И.Г-ийн биед дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 хуудас),

- Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан “... Жолооч И.Г- нь миний араас төлбөрийн чадамжгүй гэх мэтээр хэл амаар доромжлоод байхаар нь би эргэж очоод  машиных нь цонхоор нүүр лүү нь нэг удаа гараа атгаж байгаад цохиод зугтаасан. Би хийсэн хэрэгтээ  гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 55 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч И.Г- нь гомдол саналтай (хавтаст хэргийн 8 хуудас) талаар мэдүүлдэг боловч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд хэдэн төгрөг нэхэмжилж байгаа, ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримт гаргаж өгөөгүй.

Иймд шүүхээс хохирогч И.Г-ийн эрүүл мэндэд учирсан хохирол, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  Шүүгдэгч Ц.Ц-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Ц.Ц-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч Ц.Ц- нь “Монос косметик” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, хувийн байдлын хувьд урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Ц-ид үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Ц-ид мэдэгдсүгэй.

 

 5. Хохирогч И.Г- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

 6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ