| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0536/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/556 |
| Огноо | 2018-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Д.Мөнхцэцэг, шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810020560629 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 0000000000000000000 тоотод орших суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Хан-Уул дүүргийн шүүхийн 2004 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, С.О/РД:00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Онь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 0000000000000тоот хашааны гадна Д.Цийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр биогийн байрнууд дунд хүүхдийнхээ үсийг засуулж байх үед найз Э.Э над руу залгаад, биогийн банк дээр уулзсан. Бид хоёр ярилцаж байгаад, орой 21 цагийн үед уулзаж, Э.Этэй манай гэрийн ойролцоо пиво уусан. Бид хоёрыг байж байхад Э.Эий нөхөр С.О утсаар яриад бид хоёр дээр ирсэн бөгөөд С.О ирэхдээ машинаараа миний машины урд талын хамрыг мөргөж зогссон. Би машинаасаа буугаад "чи яагаад байгаа юм" гэхэд намайг заамдаж аваад, хоолойноос боож сэгсэрсэн ба миний духны дээд талын үсний хэсгээс гараараа зулгааж сэгсэрээд, намайг арагш түлхэж унагаасан. Тэгэхэд Э.Э бид хоёрын дундуур ороод салгасан. Миний толгой манараад сэргэхэд, С.Оэхнэрийгээ машиндаа суулгаад явсан. С.Оминий хүзүүнээс боож сэгсэрч байх үедээ хүзүүнд байсан монетон гинжийг тасдаж алга болгосон...” /хх-ийн 10-12, 13-14/ гэсэн,
Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн үед хүүхдийнхээ үсийг засуулах гээд явж байгаад, Д.Цтэй үсчинд таараад "орой жаахан юм ярьж суух уу" гээд салаад явсан. ...Орой 21 цагийн үед Д.Цтэй уулзаад, хоёулаа машинд суусан ба Д.Ц 2,5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво авсан байсан. Тэгээд бид хоёр тэрийг уугаад сууж байсан чинь манай нөхөр С.Онад руу утасдаад "хаана байгаа юм" гэхээр нь "Д.Цтэй уулзаад сууж байна" гэхэд С.О"яагаад Д.Цтэй уулзаад байгаа юм" гэсэн. Д.Ц намайг утсаар ярьж байхад "яагаад надтай уулзаж болдоггүй юм" гээд утасны цаанаас С.Отай хэрэлдээд байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр дээр ирэхэд Д.Ц машинаас буугаад, С.Отай маргалдсан бөгөөд С.О Д.Цийг түлхэж унагаагаад, намайг машиндаа суулгасан. Машиндаа суулгах гэж байхад Д.Ц С.Отай дахиад маргалдсан бөгөөд С.Одахиад нэг удаа түлхэж унагаасан. Тэгээд С.Обид хоёр гэр рүүгээ харих гээд явсан...” /хх-ийн 19-21/ гэсэн,
Шүүгдэгч С.Омөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 23-нд орой ажлаа тараад, гэртээ ирэхэд манай эхнэр Э.Э гэртээ байхгүй байсан. Би утсаар ярихад "Д.Цтэй хамт байна" гэж хэлсэн бөгөөд Д.Ц утасны цаанаас "бид хоёр яагаад хамт явж болдоггүй юм" гээд хэрүүл хийгээд байсан. Би тэр хоёрын байгаа газар очиход Д.Ц машинаас бууж ирээд "чи намайг яагаад доромжилдог юм, бид хоёр яагаад хамт явж болдоггүй юм" гэхээр нь "би чамтай юм ярихгүй" гээд түлхэхэд хойшоо суугаад газар унасан. Тэгээд эхнэр Э.Эийг машиндаа суулгах гээд байж байхад Д.Ц босож ирээд "чи яагаад намайг түлхдэг юм" гэхээр нь "цаашаа бай" гээд дахиад түлхсэн. Д.Цийг хоёр удаа түлхэхэд хоёуланд нь хойшоогоо газар унасан...” /хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10443 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, баруун тохойны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурав ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,
- Гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
- Өргөдөл /хх-ийн 7/,
- Шүүгдэгч С.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 35-37, 38-40/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.Онь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, 0000000000000тоот хашааны гадна Д.Цийг түлхэж унаган, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Цийн “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...Э.Этэй манай гэрийн ойролцоо пиво уусан. Бид хоёрыг байж байхад Э.Эий нөхөр С.Оутсаар яриад бид хоёр дээр ирсэн бөгөөд С.Оирэхдээ машинаараа миний машины урд талын хамрыг мөргөж зогссон. Би машинаасаа буугаад “чи яагаад байгаа юм” гэхэд намайг заамдаж аваад, хоолойноос боож сэгсэрсэн ба миний духны дээд талын үсний хэсгээс гараараа зулгааж сэгсэрээд, намайг арагш түлхэж унагаасан. Тэгэхэд Э.Э бид хоёрын дундуур ороод салгасан. С.Оминий хүзүүнээс боож сэгсэрч байх үедээ хүзүүнд байсан монетон гинжийг тасдаж алга болгосон...” /хх-ийн 10-12, 13-14/ гэсэн, гэрч Э.Э.Эий “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...орой 21 цагийн үед манай нөхөр бид хоёр дээр ирэхэд Д.Ц машинаас буугаад С.Отай маргалдсан, С.ОД.Цийг түлхэж унагаагаад, намайг машиндаа суулгасан. Машиндаа суулгах гэж байхад Д.Ц С.Отай дахиад, маргалдсан бөгөөд С.Одахиад нэг удаа түлхэж унагаасан...” /хх-ийн 19-21/ гэсэн, шүүгдэгч С.Оын “...2018 оны 08 дугаар сарын 23-нд орой би тэр хоёрын байгаа газар очиход Д.Ц машинаас бууж ирээд, "чи намайг яагаад доромжилдог юм, бид хоёр яагаад хамт явж болдоггүй юм" гэхээр нь "би чамтай юм ярихгүй" гээд түлхэхэд хойшоо суугаад газар унасан. Тэгээд эхнэр Э.Эийг машиндаа суулгах гээд байж байхад Д.Ц босож ирээд "чи яагаад намайг түлхдэг юм" гэхээр нь "цаашаа бай" гээд дахиад түлхсэн. Д.Цийг хоёр удаа түлхэхэд хоёуланд нь хойшоогоо газар унасан...” /хх-ийн 29-31/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10443 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Д.Цийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, баруун тохойны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн гурав ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаархи, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/, өргөдөл /хх-ийн 7/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цийн биед дагзны зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, баруун тохойны цус хуралт, зулгаралт, нурууны зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Онь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810020560629 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.От оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Оторгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810020560629 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР