| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2017/00432/и |
| Дугаар | 425 |
| Огноо | 2017-08-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 425
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х банкны хүсэлттэй
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х банк шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М, Э нар нь 2015.02.16-ны өдрийн 2015.02.7-02 тоот зээлийн гэрээгээр Х банкны Баянбулаг тооцооны төвөөс 8,993,545 /найман сая есөн зуун ерэн гурван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн цалингийн зээл 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй авч 2016 оны 10 сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөхгүй, үндсэн зээлдэгч М зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа болно. Хариуцагч М /ГЭ70112812/ Архангай, Эрдэнэбулган сум, 2-р баг, 2-р 48 дугаар байр 4-р орц 46 тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд тус хорооны засаг даргын тодорхойлолтоор одоогоор уг хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдоод байгаа болно. Иймд иргэн М-ыг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Э.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х банкны Архангайн салбарын Баянбулаг тооцооны төвөөс М нь цалингийн зээл авсан. Зээл авах үедээ М нь Монгол улсын багшийн их сургуулийн харьяа Архангай салбарт монгол хэлний багшаар ажиллаж байсан. М нь 2016 оны 10 сарын 02-ны өдрөөс хойш одоог хүртэл зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Х банкны шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэр гарсан боловч зээлдэгч маань зээл авах үедээ оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байгаа учир хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М-ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч : Х банкны нь хариуцагч М-ыг эрэн сурвалжлахаар шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
- М нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бортолгойн 02-07 тоот хаягт оршин суудаггүй нь үнэн болно гэсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 810 тоот тодорхойлолт,
- М нь тус багийн 2/48 байрны 46 тоотод оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 783 тоот тодорхойлолт,
- Х банкны Баянбулаг тооцооны төв, М, Э нарын хооронд 2015 оны 02 сарын 16-ны өдөр байгуулсан 2015.02.17-02 тоот барьцаат зээлийн гэрээний болон гэрээний хавсралт болох зээл буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- М, Э нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд,
- Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг болно:
Хүсэлт гаргагч Х банкны Архангай салбар нь зээлийн гэрээний үүргийг шаардаж М-т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлттэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь “Хариуцагч М,Э нар нь 2015.02.16-ны өдрийн 2015.02.7-02 тоот зээлийн гэрээгээр Хаан банкны Баянбулаг тооцооны төвөөс 8,993,545 /найман сая есөн зуун ерэн гурван мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн цалингийн зээл 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй авч 2016 оны 10 сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөхгүй байгаа болно. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Хаан банкнаас шүүхэд нэхэмжлэл гаргахаар шийдвэр гаргасан боловч зээлдэгч маань зээл авах үедээ оршин сууж байсан хаягтаа оршин суухгүй байна” гэсэн хүсэлт гаргагчийн нэхэмжлэл, хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон “М хаягтаа оршин суухгүй байгаа нь үнэн болно” гэсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 810 тоот, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 783 тоот тодорхойлолтуудаар нотлогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж үзлээ.
М-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар М-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар М-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА