Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 434

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1974 онд төрсөн, малчин, Д-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 1972 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ч-д холбогдох

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, хариуцагч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2002 оны 04 сард Ч-тай танилцаж манай гэрт хүргэн орсон. Бид хоёрын дундаас охин, хүү төрсөн. Ч гэртээ тогтохгүй, хонон өнжин мөрийтэй тоглоом тоглож, худал хуурмаг үгээр хуурч мэхэлж, үр хүүхэд хань ижлээ гэх өөриймөг сэтгэлгүй, гаж муу зантай хүнтэй цаашид бид 3 хамт амьдрах хүсэлгүй байна. Иймд охин Д.Нямсүрэн, хүү Д.Нямбаяр нарын эцгээр Ч-ийг тогтоож, хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д-тэй 2002 онд танилцан нийлж байсан. Бид хоёрын дундаас охин Д.Нямсүрэн, хүү Д.Нямбаяр  нар төрсөн бөгөөд миний хүүхдүүд мөн юм. Д намайг олон удаа хөөж тууж байсан. Тэгээд миний хэрэг болохоор  “хүрээд ир” гэдэг. Д их  ажлын үеэр  буцаагаад намайг дуудаж, ажил багасаад  ирэхээр  үглэж дуулаад хөөж  туудаг нь эхэлдэг. Би гэр орондоо байхдаа аль болох  хэрүүл хараалгүй байхыг боддог. Харин хөөгдөж туугдаад очих газаргүй  байх үедээ  ганц нэг удаа тоглодог минь үнэн. Д өөрөө их ааштай, тэрийг нь нутаг усныхан, хажуу  айлынхан  хүртэл мэднэ. Би Д-ийн урдаас  хэрэлддэггүй,  2 хүүхдэдээ анхаарал халамжаа  сайн тавьдаг. Би өөрөө бие муутай  группэд байдаг. Гэхдээ би гэр орныхоо  ажил төрлийг  сайн хийдэг. Д-ийн хөөж туух нь  хэвийн үзэгдэл ба энэ байдалтай бүр эвлэрсэн. Би 2 хүүхдээ бодож салах бодолгүй байна гэжээ. 

Нэхэмжлэгч Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 3 хүүхэдтэй. Том охин маань 18 настай, 12 дугаар ангид суралцдаг. Би өмнөх хурал дээр том охиныхоо тухай яриагүй. Ээж маань мал хөрөнгөө том охинд маань өгсөн. Ч гэртээ тогтдоггүй, нэг өдөр гэртээ байхыг нь би мэдэхгүй, тоглоод явчихдаг. Утсаар ярихаар “одоо очлоо” гээд алга болчихдог. Би үнэхээр залхаж байна. Мөнгө төгрөгөө хүртэл үр хүүхдэдээ зарцуулдаггүй. Би олон жил үр хүүхдээ өсгөлөө. Зүгээр байдаг бол салъя гэхгүй шүү дээ. Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарын эцгээр Ч-ийг тогтоолгож, хоёр хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв. 

Хариуцагч Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би салъя гээд ажил төрлөө хийхгүй байсан зүйлгүй. Д.Даваасүрэн өөрийн хүсэлтээр надаас салъя гэсэн. Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нар миний хүүхдүүд мөн. 2 хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхөд татгалзах зүйлгүй. Улсаас өгдөг 200.000 төгрөг миний өмсөх хувцас эмчилгээнд хүрэхгүй байхад юугаараа хүүхдийн тэтгэлэг төлөх вэ?. Би хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Би ямар сална гээд болсон болоогүй юм хийж гадуур, дотуур явсан биш. Хийдгээ хийгээд гэр орондоо байдаг гэв. 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь хариуцагч Ч-т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигч хамтын амьдралтай байх хугацаанд 2003 оны 08 дугаар сарын 07-нд охин Даваасүрэн овогтой Нямсүрэн төрсөн болох нь 93 тоот, 2011 оны 04 дүгээр сарын 18-нд хүү Даваасүрэн овогтой Нямбаяр төрсөн болох нь 34 тоот төрсний гэрчилгээний хуулбар, болон тэдний тайлбараар тогтоогддог ба Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарын эцгээр Ч-ийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул Ч-ийг Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарын эцгээр тогтоох нь зүйтэй. 

Нэхэмжлэгч Д хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарыг эцэг, эхийн хэний асрамжинд үлдээхийг хамтатган шийдвэрлэх нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцнэ гэж үзлээ. Хариуцагч Ч нь Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарыг нэхэмжлэгч Д-ийн  асрамжинд үлдээхэд татгалзахгүй гэж тайлбарлаж байгаа, хүүхэд нэхэмжлэгчийн асрамжинд байхад хүүхдийн эрх ашиг, эрх чөлөө, эрүүл мэнд, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нөхцөл байгаа талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарыг эх Д-ийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 26 дугаар зүйл 26.2.2-т заасны дагуу Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарыг эцэг Ч нь тэжээн тэтгэх үүрэгтэй.  

Хариуцагч Ч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар буюу бүрэн алдсан нь /эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг дүрэм 1.5 дахь хэсгийн 1.5.1/ Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  шийдвэрээр тогтоогддог тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “...тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, .... бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу одоо 14 настай 2003 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Д.Нямсүрэнг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон  амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар сар бүр эцэг Ч-аар тэжээн тэтгүүлэхээр хариуцагчийн төлөх тэтгэлэгийн хэмжээг багасган тогтоож, харин 2011 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн Боржгон овгийн Даваасүрэнгийн Нямбаярыг эцгээр нь хуульд заасан хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.   

Нэхэмжлэгч Д-ийн хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнд хамаарах 59.068 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн орлогод оруулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2003 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн Боржгон овгийн Даваасүрэнгийн Нямсүрэн /РД:АГ03281703/, 2011 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн Боржгон овгийн Даваасүрэнгийн Нямбаяр /РД:АГ11241834/ нарын эцгийг Ч болохыг тогтоосугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар насанд хүрээгүй Д.Нямсүрэн, Д.Нямбаяр нарыг эх Д-ийн асрамжид үлдээсүгэй. 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар 2003 оны 08 сарын 17-ны өдөр төрсөн Д.Нямсүрэнг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл, 2011 оны 04 сарын 18-ны өдөр төрсөн Д.Нямбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Д.Нямбаярыг 11-16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч-аар тэжээн тэтгүүлсүгэй. 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Ч-аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д, 59.068 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай. 

5. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА