Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч Л.Мөнхбаяр,

шүүгдэгч С.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Гэд холбогдох эрүүгийн 2119002780007 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

        Биеийн байцаалт: С.Г

        Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Г нь 2021 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсгийн өрөөнөөс хохирогч Б.Мийн Хувай Р40 маркийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Сайншанд татах хэсэгт засварчнаар 2016 оноос хойш ажиллаж байгаа. Тухайн үед би шөнийн ээлжтэй байсан. 16 хүн ажилд гарч байсан. Би тэр гар утсыг аваад сандраад унтраасан. Олчхоод сандарсан. Хэргийн хувьд маргахгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байгаа. Цаашдаа хэрэгт холбогдохгүй байж чадна. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2021 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ээлжинд ажиллаж байсан юм. Тухайн үед би 2021 оны 08 сард Юнител ХХК-иас 980.000 төгрөгөөр зээлээр авсан. Хувай Р40 маркийн ягаан цэнхэр өнгөтэй гар утсаа өөрийн албаны өрөөнд үлдээсэн байсан чинь алга босон. 03-04 цагийн хооронд өөрийн гар утсаа тэнд үлдээсэн юм. Би утсаа цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан. Одоо миний зүгээс хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Гэрч У.Жамбалсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2021 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө шөнийн ээлжийн ажилтай байсан. Тухайн үед 2021 оны 09 сарын 21-ний 03 цаг өнгөрч байх үед Б.Мэ нь Каналд /зүтгүүр зогсоож засдаг газар/ таараад би утсаа алдчихлаа миний дугаар руу залгаад өгөөч гэж хэлсэн. Би өөрийн дугаараас Б.Мийн дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Б.Мэ нь тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асууж байсан гэсэн мэдүүлэг /хх 15 ху/,

 

-Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 09 сарын 21-ний 03 цаг өнгөрч байх үед Б.Мэ нь Каналд таараад би утсаа алдчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь камер шүүгээд үзэхгүй юу даа гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход камер шүүсэн ажиллахгүй байна гэж ярьж байсан. Ер нь бол Б.Мэ тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асуусан. Мөн ээлж хариуцсан мастерт мөн хэлсэн. Өглөө ажлаас буухад Б.Мэ гар утсаа олж чадаагүй байсан гэсэн мэдүүлэг /хх 17 ху/,

 

-Гэрч П.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2021 оны 09 сарын 21-ний 02 цаг өнгөрч байх үед Б.Мэ тамхи татах цэг дээр таараад утсаа алдчихлаа дугаар руу залгаад үзсэн үү гэсэн чинь дуудаж байгаад одоо холбогдохгүй байна гэж хэлсэн. Өглөө камер шүүгээд үзсэн нь дээр гэж хэлсэн. Тухайн үед Б.Мэ тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асууж байсан. Гар утасных нь маркийг нь сайн мэдэхгүй байна. Б.Мэ нь хэд хоногийн дараа таарахад би гар утсаа олоогүй, Юнител ХХК-иас зээлээр авсан гэж ярьж байсан. Ковид гээд бид нарыг ойр байлгаад байдаггүй. Тухайн үед тамхины цэг дээр таараад ярьсан юм. Өглөө би ажлаас буугаад шатаар явж байх үед манай ажлын засварчин Г орон сууцны нүүрс вагон тавьдаг замаар ганцаараа явж байсан. Би бодохдоо хүнтэй уулзсан байх гэж бодсон. Ер нь бол тэр замаар манаач явдаг байх. Өөр нээх хүн явдаг талаар мэдэхгүй гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 04-05 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 25-27 ху/,

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-08 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 шүүхийн 2013 оны 06 сарын 20-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол /хх 45-50 ху/,

-С.Гыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 34-42 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43 ху/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Г нь 2021 оны 09 сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Төмөр замын Сайншанд татах хэсгийн өрөөнөөс хохирогч Б.Мийн Хувай Р40 маркийн утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...Хэргийн хувьд маргахгүй. Хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Мийн “...Хувай Р40 маркийн ягаан цэнхэр өнгөтэй гар утсаа өөрийн албаны өрөөнд үлдээсэн байсан чинь алга болсон. 03-04 цагийн хооронд өөрийн гар утсаа тэнд үлдээсэн юм” гэсэн /хх 12 ху/ гэсэн, гэрч У.Жамбалсүрэнгийн “2021 оны 09 сарын 21-ний 03 цаг өнгөрч байх үед Б.Мэ нь Каналд /зүтгүүр зогсоож засдаг газар/ таараад би утсаа алдчихлаа миний дугаар руу залгаад өгөөч гэж хэлсэн би өөрийн дугаараас Б.Мийн дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Б.Мэ нь тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асууж байсан” гэсэн /хх 15 ху/, гэрч Б.Лхагвасүрэнгийн “...Б.Мэ нь Каналд таараад би утсаа алдчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь камер шүүгээд үзэхгүй юу даа гэж хэлсэн. Сүүлд нь сонсоход камер шүүсэн ажиллахгүй байна гэж ярьж байсан. Ер нь бол Б.Мэ тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асуусан. Мөн ээлж хариуцсан мастерт мөн хэлсэн. Өглөө ажлаас буухад Б.Мэ гар утсаа олж чадаагүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 17 ху/, гэрч П.Болдбаатарын “...Б.Мэ тамхи татах цэг дээр таараад утсаа алдчихлаа дугаар руу залгаад үзсэн үү гэсэн чинь дуудаж байгаад одоо холбогдохгүй байна гэж хэлсэн. Өглөө камер шүүгээд үзсэн нь дээр гэж хэлсэн. Тухайн үед Б.Мэ тэр хавьд ажиллаж байсан хүмүүсээс өөрийн алдсан гар утсаа асууж байсан. Б.Мэ нь хэд хоногийн дараа таарахад би гар утсаа олоогүй, Юнител ХХК-иас зээлээр авсан гэж ярьж байсан” гэсэн /хх 19 ху/ мэдүүлгүүд, хохирлын үнэлгээ,эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.   

 

            Хохирогч Г.Б.Мэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Хувай Р40  маркийн гар утсаа цагдаагийн байгууллагаар дамжуулан олж авсан тул одоо гомдол санал байхгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа мэдэгдэж байх үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С. Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийг ял оногдуулахгүйгээр 7 /долоон/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г нь энэ хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гэд тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА