Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/Ма2015/0581

 

Иргэн Т.Х-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Т.Х-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О-гийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Х-н нэхэмжлэлтэй, Чдүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Т.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Х- миний бие Чдүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 0 гудамжны 000 тоот хаягт байрлах 243 мкв газарт 1992 оноос хойш одоог хүртэл Ш хүнсний дэлгүүр барин үйл ажиллагаа явуулан амьдарч ирсэн.

Чдүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай газар ашиглах 2002 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 312 тоот гэрээг байгуулж, 2005 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 17005 дугаар акт, 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 44/007 дугаар газрын төлбөр тогтоох актуудын дагуу газрын төлбөрийг төвлөрүүлж байсан. Мөн газрын кадастрын мэдээллийн санд иргэн Т.Х- миний нэрээр 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18643315013177 нэгж талбарын дугаартайгаар 243 мкв газар бүртгэгдэж, Чдүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар Т.Х- надад газар эзэмших эрх олгосон.

Гэтэл Чдүүргийн Засаг дарга 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Ингээд миний бие Чдүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийн талаар Нийслэлийн Засаг даргад болон Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Нийслэлийн Засаг дарга миний гомдлыг хянаад иргэн Т.Х-н Чдүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хайлаастын 10-000 тоот бүхий 243 мкв газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй байна гэж шийдвэрлэн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/7085 дугаар албан бичгийг Чдүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Гэтэл Чдүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгөхгүй өнөөдрийг хүрч иргэн миний эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд Чдүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү.

Хариуцагч Чдүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Чдүүргийн 14 хороо, Хайлаастын 13-271 тоот байршилд иргэн Т.Х-д дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжаар 243 мкв газрыг амины хашаа зориулалтаар эзэмшүүлжээ.

Уг байршил нь тус дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор барилга баригдаж байгаа буюу Засаг даргын Тамгын газрын хашаан дотор хамаарч байгаа тул тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд Т.Х-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж Чдүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай дугаар А/227 тоот захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэр нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслээгүй болно.

А. Тухайн байршилд тус дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын нэр дээр 1391 м.кв газрыг хорооны цогцолборын зориулалтаар эзэмшүүлсэн нь иргэн Т.Х-д олгосон газартай давхцсан. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан байдаг. Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичиг, түүний хавсралтуудаар тухайн газар нь 2006, 2011-2014 онуудад Чдүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр 1391 м.кв байснаар нотлогддог.

Б.Газар зохион байгуулалтын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд иргэн Т.Х-д газар эзэмшүүлсэн. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан ба иргэн Т.Х-д эзэмшүүлсэн газар нь 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Үүнийгээ ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд анхан шатны шүүхийн 586 дугаар шийдвэр нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэгдсэн байна гэж заасныг зөрчин хэрэгт авагдсан, хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хуульд үндэслээгүй гарчээ.

Мөн шүүх өөрт нэхэмжлэл гаргаагүй захиргааны актанд үнэлэлт, дүгнэлт өгсөн.

А.Иргэн Т.Х-д газрыг эзэмшүүлэхдээ Ахуйн зориулалтаар 14 дүгээр хороо, Хайлаастын 13-271 тоот байршилд захирамж гарсан байхад 14 дүгээр хороо, Хайлаастын 10-000 тоотод Хүнсний дэлгүүрийн зориулалтаар газрыг эзэмшиж байсан. Гэтэл газрыг эзэмшүүлсэн захирамжинд тусгагдсан газрын байршлыг шүүхээс ... иргэний үнэмлэх дээр бичигдсэн хаягтай андууран, санамсаргүй техникийн алдаа гарган буруу бичсэн байх хэдий ч... гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж шүүх өөрийн санаачилгаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй захиргааны актанд дүгнэлт өгч, шийдвэр гаргасан нь Шүүх аливаа хэрэг маргаанд хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчимтай зөрчилдөж байгаа юм. Мөн гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулдаг. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн маргаан бүхий байршилд 2012 оны А/92 дугаар захирамжаар Чдүүргийн Засаг даргын тамгын газрын нэр дээр тус газрыг эзэмшүүлсэн захирамж гарсан байхад, шүүхээс эрх нь зөрчигдөж болзошгүй гэж үзэн Засаг даргын Тамгын газрыг гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагаа хийгээгүй, тайлбар гаргуулж, шүүх хуралдаанд оролцуулах, хүсэлт гаргах эрх эдлүүлээгүйгээс Засаг даргын Тамгын газрын эрх нь зөрчигдсөн шүүхийн шийдвэр гарсан нь бүхэлдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийн буруу тайлбарлаж хэрэглэн гарсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-тзааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс ...Чдүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 0 гудамжны 000 тоот хаягт байрлах 243 м.кв газрыг 1992 оноос эхлэн хүнсний дэлгүүр барин үйл ажиллагаа явуулан амьдарч ирсэн... Чдүүргийн хот байгуулалт, Газрын харилцааны албатай газар ашиглах гэрээ байгуулж, 2005, 2007 онуудын Газрын төлбөр тогтоосон акт-уудын дагуу газрын төлбөрийг төвлөрүүлж байсан. Газрын кадастрын мэдээллийн санд миний нэрээр ...нэгж талбарын дугаартайгаар 2008 онд 243 м.кв газар бүртгэгдэж, дүүргийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/08 дугаар захирамжаар надад газар эрх олгосон. Гэтэл Чдүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/227 тоот захирамжаар миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул Нийслэлийн Засаг дарга, Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргахад ...газар эзэмших эрхийг сэргээх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн ч дүүргийн Засаг дарга миний газар эзэмших эрхийг сэргээхгүй байна ... гэж, хариуцагчаас ...Дүүргийн Засаг даргын А/08 дугаар захирамжаар Чдүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 0 гудамжны 13-271 тоот байршилд иргэн Т.Х-д 243 м.кв газрыг амины хашаа-ны зориулалтаар эзэмшүүлжээ. Харин тус дүүргийн 14 дүгээр хорооны цогцолбор барилга баригдаж байгаа буюу Засаг даргын Тамгын газрын хашаан дотор тус газар хамаарч байсан тул Т.Х-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Дүүргийн Засаг даргын 2014 оны А/227 дугаар захирамж хууль зөрчөөгүй... гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Т.Х- нэхэмжлэлдээ ...дүүргийн Засаг даргын 2014 оны А/08 тоот захирамжаар эзэмших эрх үүссэн газрыг 1992 оноос Газрын харилцааны албатай газар ашиглах гэрээ байгуулж, 2005, 2007 онуудад ...газрын төлбөр тогтоох актуудын дагуу газрын төлбөрийг төвлөрүүлж байсан гэж тайлбарласан байх ба хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг 2002 онд газар ашиглах гэрээ байгуулж, газрын төлбөр төлж байсан гэж тодорхойлсон Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Шалгалт хийсэн тухай 02-02/1178 дугаар албан бичиг, 40.0 м.кв газрын төлбөр төлүүлэхээр тогтоосон Газрын төлбөр тогтоох тухай 2007 оны 44/007 тоот акт, мөн 2005, 2006, 2007 онуудад газрын төлбөрт 42240 төгрөг төлсөн тухай баримт[1]-ууд авагдсан байх ба маргаан бүхий захирамжид заасан 243 м.кв газрыг 1992 оноос хойш эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх энэ талаар бүрэн гүйцэд тодруулаагүй атлаа ...маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс өмнө тус газрыг Т.Х- эзэмшиж ашигласаар ирсэн..., Т.Х- нь тухайн газарт 1994 оноос эхлэн хүнсний мухлаг барин үйл ажиллагаа явуулж байсныг нотлох ... баримтууд авагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасантай нийцээгүй байна.

Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-ын хавсралтын 9 дүгээр зүйлийн 9.2-д Аймаг, сумын Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эзэмших, ашиглах газрын хил заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх, солбицолжуулах ажлыг сумын Газрын даамлаас ирүүлсэн мэдэгдэл /Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл/-ийн дагуу кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон аймгийн Газрын албаны мэргэжилтэн гүйцэтгэнэ гэж заажээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, тайлбартаа Газрын кадастрын мэдээллийн санд миний нэрээр ...2008 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 18643315013177 нэгж талбарын дугаартайгаар 243 м.кв газар бүртгэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт нэгж талбарын 18643315013177 дугаар бүхий иргэн Цэвэгжав овогтой Баярмаагийн эзэмшлийн гэх 243 м.кв газрын байршлын кадастрын зураг /хянагдаж баталгаажаагүй/ авагдсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Хайлаастын 10-000 тоот газрыг 1992 оноос эзэмшиж, ашигласан, улмаар 2014 оны А/08 тоот Засаг даргын шийдвэрээр эзэмших эрх олгосон гэж маргах боловч газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн Чдүүргийн Засаг даргын 2014 оны А/08 дугаар захирамжид газрын байршлыг 14 дүгээр хороо, Хайлаастын 13-271 тоот гэж өөр хаяг, байршлыг заасан байх тул шүүх хариуцагч яагаад энэ байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасаныг, нэхэмжлэгч хаягийн байршлыг зөвтгөн өөрчлүүлэх талаар хандаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийн хүрээнд тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасантай нийцэхгүй байна.

Шүүх маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоож хэргийг шийдвэрлэх үндсэн зорилго, чиг үүрэгтэй тул юуны түрүүнд маргаж буй талуудын тайлбар үндэслэлтэй холбогдуулан шаардлагатай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, үнэлж дүгнэн маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, хэлбэр агуулгын хувьд алдаа дутагдалтай эсэх зэргийг шалгаж тодруулан тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх учиртай.

Хариуцагчаас газар зохион байгуулалтын болон хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгаснаар газар эзэмшүүлэх талаар зааж зохицуулсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалт болон Засаг даргын тамгын газрын хашаан дотор буюу бусдын газартай давхацсан гэх үндэслэлүүдээр маргаан бүхий А/227 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт Чдүүргийн Засаг даргын Тамгын газрын 14-р хорооны 1391 м.кв газрын Газар баталгаажилтын хувийн хэрэг[2] /2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөрийн 0177832 дугаар бүхий Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын 18642315998169 дугаар 1148 м.кв газрын байршлын кадастрын зураг/, мөн Чдүүргийн Засаг даргын Тамгын газарт 1391 м.кв газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн тус дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/92 дугаар захирамж[3], 1391 м.кв газрын байршлын 18642315999169 нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг, /хянагдаж баталгаажаагүй/, ...маргаан бүхий газрын бүртгэгдсэн байдал болон өмчлөгч эзэмшигчийн байдлыг тодорхойлсон Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2015 оны 1/1200[4], 1/1201[5] дугаар албан бичгүүд, нэгж талбарын өөрчлөлтийг харуулсан зурган мэдээлэл бүхий хавсралт[6]-ууд, түүнчлэн тус дүүргийн хороодын эзэмшил газрын төлбөрийг нэгтгэн төлсөн талаарх баримт[7]-ууд, зэрэг нотлох баримтууд авагдсан байх боловч эдгээр нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнээгүй, үнэлж дүгнээгүй шалтгаанаа зааж тодорхойлоогүй, энэ талаар тодруулж шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн буруу байна.

Тодруулбал, шүүх маргаан бүхий А/227 дугаар захирамжийн үндэслэлийг тодорхойлох дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын болон хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-г тодруулж шалгаагүйн дээр хариуцагчийн маргаан бүхий захирамжид заасан байршлын газрыг өмнө нь дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн гэж маргаж буй үндэслэлд холбогдуулан 2012 онд Дүүргийн Засаг Тамгын газарт газар эзэмшүүлсэнтэй холбоотой баримтууд авагдсан байхад үнэлж дүгнээгүй, мөн 2012 оны газар зохион байгуулалтын болон хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан байдал, газрын төлбөр төлсөн байдал, нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцал байгаа эсэх, давхцал байгаа бол аль хэсгээр давхцаж байгаа зэргийг тодруулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байхад Чдүүргийн Засаг даргын Тамгын газар-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасантэй нийцээгүй байна.

Шүүх Чдүүргийн Засаг даргын Тамгын газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж, нотлох баримтыг цуглуулж, үнэлж дүгнэх үүргийн хүрээнд дээр дурдсан 2012, 2104 оны тус дүүргийн газар зохион байгуулалтын болон хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газрын төлбөр төлсөн байдал, Дүүргийн Засаг даргын Тамгын газарт маргаан бүхий газарт газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн эсэх, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай эсэх, 2014 оны А/08 захирамжид заасан газрын байршил, 2008 онд нэхэмжлэгчийн нэр дээр гарсан 243 м.кв газрын кадастрын бүртгэл хууль журамд нийцсэн эсэх зэргийг тодруулах буюу холбогдох нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3, 88.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 


[1] Хэргийн 112-113 дугаар тал

[2] Хэргийн 95-99 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 92-94 дүгээр тал

[4] Хавтаст хэргийн 171 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 174 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 175-179 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 154-159 дүгээр тал