Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

С.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаяр,

шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн С.Тд холбогдох 1706018740429 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн С-н Т, 2000 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .............../,

С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Оын “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн 700.000 төгрөг хулгайлсан,

мөн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн 865 тоотод хохирогч Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Тгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт С-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Тд оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар С.Тд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тус тус шүүгдэгч С.Тгээс нийт 800.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.От 700.000 төгрөг, хохирогч Г.Нт 100.000 төгрөгийг тус тус олгож,

Энэ хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2882 дугаартай шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар С.Тд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж залруулга хийжээ.

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн зүйлчлэл болон өр төлбөр төлүүлэх талаар гаргасан шүүхийн шийтгэх тогтоолын хэсэгт гомдол гаргахгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой байсан байхад хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтаар эргэлзээтэй байдал үүссэн байна. Гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлдэг. Хэрэгт өмгөөлөгч оролцуулалгүйгээр улсын яллагч дангаар буюу яллах талаар оролцсон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдлаас харахад 18 насанд хүрсэн тул өмгөөлөгч оролцуулахгүй гэх боловч энэ тохиолдолд өмгөөлөгч заавал оролцуулах ёстой байсан гэж үзэж байна. Миний хувьд давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад өсвөр насны шүүгдэгчид өмгөөлөгч заавал оролцуулах ёстой гэж заасан. Учир нь, шүүгдэгч С.Т шүүх хурал болсон өдөр 18 нас 1 сар 27 хоногтой байсан. Шүүгдэгч С.Тгийн мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хэлэхэд 18 нас 1 сар 27 хоногтой этгээд өөрийн эрх ашиг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн хувийн байдал болон эрх зүйн байдлыг дээрдүүлэн мэтгэлцэх боломж байсан уу. Хэрвээ байхгүй бол өмгөөлөгч оролцуулах эрхийг нь хангаж, 2 зүйл ангитай тул энэ асуудлыг шийдэх ёстой байсан. 800.000 төгрөгийн хохирол байгаа боловч хохирол төлөх хугацааг олгох нөхцөл олгоогүй. Эдгээр нөхцөл байдлуудыг шүүгдэгч С.Тд ойлгуулж хэлсэн бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэх байсан эсэх асуудал яригдана. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өөрчлөлтийг яаж тооцсон талаар дурдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.6 болон 8.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой байсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлаагүй байна.

Шүүх хуралдааны ирц бүрэн бус, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6, 1.14, 5.3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн байх үндэслэл байна. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг хангаагүй байна гэж үзэж байгаа тул хэргийн бүрдлийг гүйцэтгэж, гэм буруугийн асуудлыг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах процессын алдаа гарсан байна.

Хэрвээ хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагагүй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагатай гэж үзэж байна. Ялыг хойшлуулж, хойшлуулах хугацаанд хохирлыг барагдуулах, зан төлөв болон бусад сургалтад хамрагдах боломжоор хангах бүрэн боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч С.Т 18 насанд хүрсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.6 дугаар зүйлийг хэрэглэж болно гэсэн саналтай байна” гэв.

 Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй. Энэ заалтыг хохирлоо нөхөн төлсөн үед хэрэглэх боломжтой бөгөөд хэрэг удаан хугацаагаар шалгагдах явцад хохирол төлөх арга хэмжээг авдаггүй. Шүүгдэгч С.Тг яллагдагчаар татах үед 18 насанд хүрээгүй байсан тул өмгөөлөгч оролцуулсан. Хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүгдэгч С.Т 18 насанд хүрсэн байсан бөгөөд өмгөөлөгч оролцуулах эсэх талаар өөрөөс нь асуухад “авахгүй” гэсэн байхад шүүх болон улсын яллагчийн зүгээс ямар нэгэн байдлаар өмгөөлөгч заавал оролцуулах шаардлага тавихгүй. Мөн шүүгдэгч С.Т 18 насанд хүрсэн байсан тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

С.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцэст байрлах хохирогч Д.Оын “Улиастай” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч бэлэн 700.000 төгрөг хулгайлсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 1 дүгээр хэсгийн 865 тоотод хохирогч Г.Ныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

шүүгдэгч С.Тгийн “...дэлгүүрийн арын хаалгаар ороод тамхи, задгай мөнгө авсан. ...Г.Н араас ирээд цохихоор нь би зөрүүлээд цохиод, харилцан зодолдсон.” гэх мэдүүлэг /хх-206/,

хохирогч Д.Оын “...Манай дэлгүүрийн нүүрсний амбаараар дотогш орж дотор талын жижиг цонхоор дамжиж дэлгүүрт орсон байсан. ...тэр өдрийн орлого 700.000 төгрөг алдагдсан. Мөн лангуун доор хүнд өгөх байсан 1.3 сая төгрөг байсан нь үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-27-31/,

хохирогч Г.Нын “...С.Т согтоод намайг цохиод байсан. Тэр үед нь би уурлаад боссон чинь С.Т шууд намайг хөлөөрөө хавирч унагаад миний толгой дээрээс хөлөөрөө дэвссэн. Тэгэхэд миний зүүн талын шүд унасан. Тэгээд би гэртээ очоод цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-143-145/,

насанд хүрээгүй гэрч Г.Нын “...С.Т нэг гартаа зузаан мөнгө барьчихсан нөгөө гартаа тамхи, ундаа барьсан байсан. “Юун мөнгө вэ, чи хулгай хийсэн юм уу” гээд гар луу нь цохитол мөнгө нь унахаар нь түүж аваад гарт нь бариулаад “буцаагаад хийчих, хэрэгт орно” гэж би гуйсан. Эхлээд С.Т хийхгүй гэж байснаа “За за” гээд буцаад орсон. Би айгаад гэр рүүгээ шууд явсан.” гэх мэдүүлэг /хх-15-18, 35-36/,

гэрч Б.Ариунболдын “...Сараа эгчийн нөхөр нь манай гэрт ирээд “дэлгүүрт чинь хулгай орчихлоо” гэж хэлсэн. Тэгтэл нэг намхан залуу замын хажуугаар ТҮЦ рүү алхаад явж байсан чинь Сараа эгчийн нөхөр тэр залууг хараад “Энэ залуу танай дэлгүүрийн нүүрсний амбаараас гараад явж байсан залуу мөн байна” гээд бариад авсан. Тэгээд цагдаа дуудаж хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-14-15/,

гэрч Н.Энхтөрийн “...эхнэр Сарантуяа намайг сэрээгээд “Манай зүүн талын дэлгүүрийн хаалга нь дуугараад түжигнээд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод дэлгүүрийн хойд талын цонхоор хартал цагаан пүүзтэй, хар цамцтай, саравчтай малгайгаа хойш нь харуулаад дараад өмссөн, 160 орчим см өндөртэй бага насны бололтой эрэгтэй хүүхэд манай дэлгүүрийн хойд талд байдаг айлын хашааны гадаа зогсож байсан. Тэр хүүхэд наашаа хараад хэн нэгэн хүн “авсан мөнгөө буцаагаад бүгдийг нь хийгээрэй” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд тэр айлын хашаанаасаа нэг цаас бололтой зүйл цацаад байсан. Би хойноос нь гутлаа өмсөөд гарсан ба ТҮЦ-ээс баригдсан хүүхэд мөн байсан.” гэх мэдүүлэг /хх-16-18/,

гэрч Л.Ганбатын “...Манай хүү Г.Ныг С.Т гэх хүүхэд зодож гэмтээсэн байсан. Тэр үед нь эцэг, эх нь манайд ирж уулзаад “өргөдөл гомдол өгөөд яахав, тархины нь зургийг нь авахуулья, дараа нь шүд амыг нь янзалж өгнө” гээд 80.000 төгрөг өгөөд явсан. Түүгээр нь эмчилгээ хийгээд дууссан. Гэтэл дахиад эмчилгээний зардал өгөхгүй шүдийг нь хийж өгөхгүй байгаа тул цагдаад өргөдөл өгсөн.” гэх мэдүүлэг /хх-146/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Г.Нын биед зүүн дээд 2 дугаар шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэдийд үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 1843 дугаартай шинжээчийн дүгнэлт /х-152/,

Хохирол нэхэмжилсэн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /х-153-154/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х-5-8/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, С.Тг бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “хэрэгт өмгөөлөгч оролцуулаагүй нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хорихоос өөр төрлийн ял оногдуулах, тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байсан” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь, шүүх хуралдаан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болоход шүүгдэгч С.Т нь 18 насанд хүрсэн байсан бөгөөд тэрээр “Сүхбаатар овогтой Тэмүүлэн би өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг өөрийн гараар бичиж шүүх хуралдаанд оролцсон байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнийг заавал өмгөөлөгчөөр хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч С.Тгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарахгүйн дээр тэрээр Эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн боломжгүй байна.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ... хорих ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч С.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн зэрэг болон түүний хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах” талаар хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа прокуророос 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Шийтгэх тогтоолд залруулга хийлгэх тухай” санал гаргаж ирүүлсний дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2882 дугаартай шүүгчийн захирамжаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад залруулга  хийсэн байх бөгөөд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1”  гэж буруу бичсэнийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1” залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүхийн шийдвэрт дүгнээгүй асуудлын талаар буюу шүүгдэгч С.Тд оногдуулсан хорих ялыг ямар хорих байгууллагад эдлүүлэх талаар Эрүүгийн хуулийн зохицуулалтыг хэрхэн хэрэглэсэн талаар шийтгэх тогтоолд дүгнэлт хийгээгүй атлаа залруулга хийх байдлаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж байгаа нь зохимжгүй болохыг энэхүү магадлалд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хянан хэлэлцэж гаргасан шүүхийн аливаа шийдвэр нь эрх зүйн актын хувьд хууль зүйн үндэслэлтэй, агуулга хэлбэрийн хувьд процессын болон материаллаг эрх зүйн зарчим, хэм хэмжээнд нийцсэн, хуульд заасан шаардлагуудыг хангасан байвал зохино. Энэхүү шаардлагуудын үүднээс хуулийг хэрэглэхдээ тухайн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан асуудал нэг бүрээр шийдвэрлэвэл зохих асуудлуудын талаарх дүгнэлтээ хийж, шийдвэрээ зааж байх учиртай.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх” тухай давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1495 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч С.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Тд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн тооцож 450 нэгжээр торгох ялыг хорих ялын 30 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                                        Ц. ОЧ