Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 53

 

Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү, хариуцагч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарсанаа нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Д.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэрээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3-т заасныг баримтлан иргэн Д.Оюунгэрэлийн “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот тогтоолоор Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол 23В байрны 143 тоот орон сууцыг Т.Энхболдын хамт Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт хувьчилсныг хууль бус болохыг тогтоолгох, Т.Энхболдын гэр бүлийн гишүүд болох иргэн Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэрсийг оруулахыг даалгах, өмчлөх эрхийн Ү-2205039879 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, хууль ёсны өмчлөгчөөр Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарыг бүртгэж өгөхийг даалгах” шаардлага бүхий Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 17 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранхүү нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-т ”сууц эзэмшигч гэдгийг эрхийн бичиг, хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүнийг ойлгохоор”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “эрхийн бичиг, хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй” гэж тус тус заасан. Гэвч иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, тогтоолоор нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг давж заалдах гомдолд дурдсанчлан энэхүү захиргааны хэрэгт хамааралгүй, адилтгаж болохгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

Иймд Т.Энхболд, Д.Оюунгэрэл нар тус тусдаа гэр бүлийн баталгаатай, тэрхүү баталгаа нь хүчин төгөлдөр байсан ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй, энэ талаарх “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ” гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Магадлалд дурдсан шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 726 дугаар тогтоолд Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан “...хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ...” гэж заасан тул Т.Энхболд, Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нар нь тухайн байрны өмчлөгч мөн, Д.Оюунгэрэл, Т.Энхболд нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан хэдий ч маргааны зүйл болгох орон сууцны гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй тул Т.Энхболд тухайн орон сууцны өөрт ноогдох хэсгээ бусдад шилжүүлэхдээ Д.Оюунгэрэлийн зөвшөөрлийг авах шаардлагагүй гэж дүгнэсний хувьд, иргэний хэргийн шүүх, маргаан бүхий орон сууцыг хувьчлагдсанаас хойших харилцааг хуульд нийцсэн эсэхийг шийдвэрлэсэн харин захиргааны хэргийн шүүхэд бид нэхэмжлэл гаргахдаа хувьчлагдахаас өмнө буюу орон сууцыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдын гэр бүлийн хамтын өмчид байсан орон сууцыг хууль бусаар хувьчилсан “Орон сууц хувьчлах товчооны” илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгохоор хандсан.

Орон сууц хувьчлах тухай 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гарсан хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т “орон сууц хувьчлах гэж төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /өрөө/-ыг түүнийг хууль ёсоор эзэмшиж байгаа сууц эзэмшигчдийн өмчлөлд шилжүүлэхийг”, 5-т “сууц эзэмшигч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг...”, 6-д “сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/ болон тухайн байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу хувьчлан авсан иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг...”, гэж тодорхой ялгавартай заагласан.

...Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөрчин хувьчлагдсанаас хойш буюу ногоон өнгөтэй Сүхбаатарын хөшөөний зурагтай нэг хуудас нь 4/1-ний нэг дээр бичигдсэн ордерээс хөх өнгөтэй 4 хуудас хувьчлагдсан орон сууцны гэрчилгээний 2 дугаар хуудсанд буй “дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүн” гэсэн хуудас дээр бусдын гэр бүлийн гишүүдийн нэрийг дурайтал бичиж тэмдэглэснийг хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаагаар тогтоогдоод, хариуцагч нар Орон сууц хувьчлах тухай хуулиа зөрчин бүртгэл хийснээ хүлээн зөвшөөрөөд байхад Захиргааны хэргийн шүүх хуулийг буруу хэрэглэж, буруу тайлбарлаж байна.

Иймд өөр өөр цаг хугацаанд өөр өөр нэхэмжлэлтэй иргэний хэрэг, захиргааны хэргийн шүүхийн маргааныг адилтгаж тайлбарласан дээрх магадлалыг хянан үзнэ үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 07 дугаар тогтоолоор Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар хорооллын 23в байрны 143 тоотын 1 өрөө орон сууцыг Т.Энхболд, Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт хувьчилж, өмчлөх эрхийн 0098164 дугаар гэрчилгээ олгосон, эдгээр өмчлөгч нар нь уг орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 8 дугаар сарын 09-ний өдөр эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, хамтран өмчлөгчөөс Т.Энхболд хасагдаж, өөрт ногдох хэсгийг Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт шилжүүлэх тухай хэлцлийг үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус бүртгэлд өөрчлөлт оруулсан байна.

Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл нь “хууль ёсны гэр бүл Д.Оюунгэрэл, охин Э.Анхмаа нарыг хасаж, иргэн А.Баяраагийн эхнэр Д.Шүрэнчимэг, хүү Б.Энхбаяр нарыг хууль ёсны гэр бүлийн гишүүн мэт хуурамч баримт бүрдүүлэн орон сууц хувьчлах тогтоол гаргуулсан” гэж маргаж, уг орон сууцыг Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарт хувьчилсныг хүчингүй болгох, Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарт хувьчлахыг даалгах, эрхийн улсын бүртгэлд орон сууцны өмчлөгчөөр Д.Шүрэнчимэг, Э.Анхмаа нарыг бүртгэснийг хүчингүй болгох, Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарыг бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Уг орон сууцыг Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Т.Энхболдод 1995 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс эзэмшүүлэхээр олгосон 951533 дугаар орон сууц эзэмших эрхийн бичиг, “эзэмшлийн зөрчилгүй, хөлс төлөлтийн тооцоогүй” гэсэн Орон сууц ашиглалтын 7 дугаар конторын хувьчлал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, тус байранд Т.Энхболдын ам бүл 3-уул амьдардаг тухай 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, сууцны талбай, үнэлгээг тогтоосон баримт, хамтран эзэмших эрхтэй гишүүдэд Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарын нэрийг бичиж, хувьчлан авах хүсэлтээ гаргасан Т.Энхболдын өргөдөл зэрэг нь дээрх хувьчлах шийдвэрийн үндэслэл болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Д.Оюунгэрэл, Т.Энхболд нарын 1988 онд бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл хүчинтэй хэвээр боловч гэрлэгчид 1994 оноос хойш тусдаа амьдарсан, хувьчлалын талаар маргаж буй уг орон сууцанд Д.Шүрэнчимэг, түүний хүү Э.Энхбаяр нар нь 1995 оноос эхлэн Т.Энхболдтой хамт амьдарч байгаа талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “...“сууц эзэмшигч” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц /нэг буюу нэгээс дээш өрөө/-ыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа иргэн, түүний гэр бүлийн гишүүдийг”ойлгоно гэж, 7 дугаар зүйлийн 1, 161 дугаар зүйлийн 1-ийн 1-д тус тус зааснаар хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй бөгөөд хувьчлан авах өргөдлийг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч гаргахаар зохицуулсан байна.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгоно гэж тодорхойлжээ.

Иймээс, Д.Оюунгэрэл, Т.Энхболд нарын гэрлэлт хүчин төгөлдөр байгаа нь Д.Оюунгэрэл, охин Э.Анхмаа нарыг орон сууц хөлслөгч Т.Энхболдын гэр бүлийн гишүүнд тооцох үндэслэлтэй.

Гэвч Д.Оюунгэрэл, Т.Энхболд нар нь тусдаа амьдрах болсон 1994 оноос хойш Т.Энхболдын эзэмшсэн уг орон сууцанд Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нар нь амьдраагүй, 1995 оноос Т.Энхболдтой хамтын амьдралтай буюу гэр бүлийн харилцаатай байсан Д.Шүрэнчимэг болон түүний хүүхэд Э.Энхбаяр нар нь хөлслөгчийн гэр бүлийн гишүүний нэгэн адилаар тус орон сууцыг эзэмшиж байсны хувьд орон сууцыг хувьчлан авсныг буруутгах боломжгүй.

Нөгөө талаар орон сууцыг хувьчлан авахтай холбогдсон баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, Т.Энхболд нь өргөдөлдөө Д.Шүрэнчимэгийг эхнэрээ, Э.Энхбаярыг хүүгээ гэж бичсэн, орон сууц хувьчлах үед Д.Оюунгэрэл, Т.Энхболд нарын гэрлэлт хүчин төгөлдөр байсан хэдий ч бодит байдал дээр “гэрлэгчид”-ийн харилцаатай байгаагүй байна.

Түүнчлэн Орон сууц хувьчлах тухай хуулийн 24 дүгээр зүйлд “хувьчлагдсан сууцыг өмчлөх эрх нь сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан, Т.Энхболд, Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нь маргаан бүхий байрны өмчлөх эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгүүлсэн нь нэхэмжлэлийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхээс татгалзаж, өөрт ногдох хэсгээ Д.Шүрэнчимэг, Э.Энхбаярт нарт шилжүүлэхээр талийгаач Т.Энхболдын тэдэнтэй байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл нь 3 шатны шүүхээр хянагдаж, “хэлцлийг хүчингүйд тооцуулж, уг орон сууцны өмчлөгчөөс Д.Шүрэнчимэг, Э.Энхбаяр нарыг хасуулж, өмчлөх эрхгүйг тогтоолгох тухай” Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон байна.

Иймээс уг хэлцэлд үндэслэн хийгдсэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн өөрчлөлтийн бүртгэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч анхан шатны шүүх “орон сууц эзэмших эрхийн бичиг дээр Д.Оюунгэрэл, Э.Анхмаа нар хамтран эзэмшигчээр бүртгэгдээгүй тул тухайн орон сууцыг хувьчлахад оролцох эрхгүй болно” гэж Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг алдагдуулсан шинжтэй буруу дүгнэлт хийсэн, уг орон сууцыг хувьчилсны дараах, гэрлэгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн талаарх маргааныг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/01149 дүгээр шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 001/ХТ2016/00726 дугаар тогтоолоор “хувьчилсан шийдвэрийн талаарх маргаан”-ыг шийдвэрлэсэн мэтээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн нь буруу болсон байна.

Энэ талаарх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдол үндэслэлтэй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлалд нөлөөлөхгүй гэж үзнэ.

Дээрх байдалд үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

 ШҮҮГЧ                                                                Ч.ТУНГАЛАГ