Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0410

 

Иргэн Т.Батсайханы нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Т.Батсайханы нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 13 дугаар зүйлийн 13.1.5, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг баримтлан иргэн Т.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар тушаалыг хүчингүй болгож, Т.Батсайханыг ажилд нь эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь бичилт хийхийг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Т.Батсайханы ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанзул давж заалдах гомдолдоо: “Нэг. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал хууль зүйн үндэслэлтэй болох тухайд:

Энэхүү тушаал хууль зүйн үндэслэлтэй болох нь дор дурдсан нөхцөл байдлаар тогтоогддог. Т.Батсайхан нь тус тушаалыг гаргаж сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө нь Төрийн аудитын тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, аймгийн Аудитын газрын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж гүйцэтгэлийн аудитын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж батлуулах, санхүүгийн аудитыг дүгнүүлдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажлын цагаар албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааг хэрэглэж сахилгын шийтгэл хүлээж байсан байдаг.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч Т.Батсайхан нь удаа дараа алдаа дутагдал гаргаж байсан байх ба түүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч байсан нь дээрх тушаалуудыг гаргах үед эс зөвшөөрч ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй мөн өөрийн гаргасан алдаа дутагдалтай холбоотой тайлбараа бичгээр гаргаж байсан зэргээс харагддаг. Тодруулбал, Тэрбээр 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Аудитын газрын Ерөнхий аудитор Б.Долгорсүрэнд “...Энэ явцад согтууруулах ундаа болох айраг ууж ажлын байранд ирж хамт олондоо хүндэтгэлгүй хандсандаа уучлалт хүсч, буруугаа гүнээ ухамсарлаж байна...” гэх хүсэлтийг гаргаж байсан байдаг.

Эдгээр зөрчил дутагдлуудыг гаргаж байсан, удирдах дээд албан тушаалтнуудаас нь түүний гаргасан зөрчилтэй холбоотой ирүүлсэн санал зэрэгт үндэслэн холбогдох тайлбарыг авч тодруулсны үндсэн дээр түүнд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан ба тус тушаалыг Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг тус тус үндэслэн гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

Тушаалын хууль зүйн үндэслэлийг тодруулбал, нэхэмжлэгч Т.Батсайхан нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Төрийн жинхэнэ албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг болох “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх,” үүргээ биелүүлээгүй, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11-д “Төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэх, ... хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөн тул түүнд сахилгын шийтгэл ногдуулсан болно.

Монгол Улсын Ерөнхий аудитор нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7-д зааснаар “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” болно. Түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ.

Хоёр. Т.Батсайханы гаргасан сахилгын зөрчлийн тухайд:

Үндэсний аудитын газрын Удирдлагын зөвлөлийн хурлаар “Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн арга хэмжээний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталж, уг хөтөлбөрийн “Санамж”-д “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй. Архигүй цугларалт болно” гэдгийг дурдаж, Үндэсний аудитын харъяа аудитын газруудын удирдлагуудад хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болгосон байдаг.

Ийм үүрэг, чиглэл өгсөн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, авч явахгүй байхыг даалгасан буюу хориглосон, энэхүү үүрэг, чиглэлийг нэхэмжлэгч зөрчиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, авч явсан болох нь дараах бичгийн нотлох баримтаар тогтоогддог. Үүнд:

1.   2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Х.Наранцацралын “...Довын гуанзан дээр аудитор С. Чинбатын дүү нь таарч нэг шил архи өгсөн. Түүнийг нь фурган машинд явсан...Т.Батсайхан...зэрэг хүмүүс 90-ын овоон дээр зогсож овоондоо өргөөд...” гэх,

2.   2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Д.Ихбаярын “...Түүнд байсан шил архийг овоон дээр зогсож овоондоо өргөж амсаад хөдөлсөн...Дээрээс нь 2-3 рункыг хэрэглэсэн...” гэх,

3.   2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ч.Бэрхсайханы “...архи задлаад нэг нэг тойруулаад овоондоо өргөсөн...” гэх,

4.   2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гэрч Ц.Галбадрахын “...нэг шил архи уусан...Бид замдаа Самбартын дэлгүүрээс нэг шил архи авсан. Тэр архиа бид 90-ын овоон дээр ирж талыг нь уусан...” гэх,

5.   2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрч Ш.Ичинхорлоогийн “...Энэ арга хэмжээг архигүй тэмдэглэн өнгөрүүлнэ гэсэн Ерөнхий аудиторын тушаал гарсан байсан...Т.Батсайхан “уур хүрээд байна” гээд хүн хүнтэй сөргөлдөх маягтай байсан...Би хүнтэй харьцаж байгаа хандлагаас нь жаахан уучихсан юмуу? гэж дотроо бодсон...” гэх мэдүүлгүүдээр тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч...буцах замдаа архи уусан нь...2015 оны 07 дугаар сарын 21, 23-ны өдөр бөгөөд цаг хугацааны хувьд ажлын бус цаг бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж яваагүй байсан нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийж архи уусан гэдгийг тогтоосон атлаа ямар үндэслэлээр ажлын өдөр болох 21, 23-ны өдөр архи ууссан үйлдлийг ажлын бус цаг гэж үзэж, зөвтгөж байгаа нь тодорхойгүй байна.

Булган аймагт болсон арга хэмжээ 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусч, Дундговь аймгийн аудитын газрын ажилчид 2015 оны 07 дугаар сарын 23-ны орой аймагтаа буцаж ирсэн байдаг. Булган аймгаас Дундговь аймаг руу ирсэн хугацаа буюу 2015 оны 07 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд ажлын өдөр байдаг тул тухайн өдрүүдэд ажлын цагийн буюу томилолтоор ажиллах горим үйлчлэх, тухайн өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэж байсантай адилтган үзнэ.

Тодруулбал, 2015 оны 07 дугаар сар нь ажлын 23 өдөртэй байдаг үүнээс ажлын 20 өдөр буюу мөн сард нэхэмжлэгч бүтэн ажилласан, ажлын 20 өдрөөр тооцож цалинг олгосон болох нь түүний “Цалингийн карт”-аар тогтоогддог.

Мөн нэхэмжлэгч ээлжийн амралттай байсан гэдэг тайлбарыг гаргадаг боловч тухайн үед тэрбээр ээлжийн амралтаа эдлээгүй байсан нь түүний Цалингийн карт”-аас үзэхэд 2015 оны 08 дугаар сард 4 хоног ажилласан байдлаас тогтоогддог. Түүнчлэн “Үндэсний аудитын газрын хөдөлмөрийн дотоод журам”-ын 32-т заасан “...Ээлжийн амралт олгох мэдэгдлийг Тамгын газар, санхүү болон ажилтанд хүргүүлж, ээлжийн амралтын мөнгөн олговрыг бодуулж байна” гэх зохицуулалтын дагуу ээлжийн амралт олгохтой холбоотой мэдэгдэл хүргүүлсэн, гарсан зүйл байдаггүй, “Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалыг танилцуулсан тухай” 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн уулзалтад нэхэмжлэгч оролцсон байдгаас үзэхэд тэрбээр ээлжийн амралттай байсан буюу ээлжийн амралтаа эдэлж байсан нөхцөл байдал тогтоогддоггүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 197 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Дундговь аймгийн Аудитын газрын ахлах аудитор Т.Батсайханд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 /харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх/, 13.1.5 /төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/, 26 дугаар зүйлийн 26.1.3 /төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/, 26.3 /Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна/, Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.11 /төрийн аудитын байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэх, шалгагдагч байгууллагын ажилтнуудаар зочлуулж, дайлуулах, зугаа цэнгээний арга хэмжээнд оролцохыг хориглоно/ дэх заалтуудыг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл хариуцагч албан тушаалтан Т.Батсайханыг 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Хөндлөнгийн хараат бус төрийн хяналтын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэгдсэн арга хэмжээнд оролцсонтой нь холбогдуулж зөрчлийг гаргасан гэж үзэн сахилгын арга хэмжээ авсан боловч нэхэмжлэгч тухайн өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэж байхдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, түүнчлэн дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэлгүй зөрчил гаргасан гэх байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Үүнээс гадна хариуцагч албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны зөвлөлийн Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журмын 2.5.5. “... өөрийн санаачлагаар болон байгууллагын удирдлагын шийдвэрээр ёс зүйн зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах” гэж заасныг зөрчжээ.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 /хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн/, 27 дугаар зүйлийн 27.2.1 /энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх/-д заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан гэх үндэслэл болно.

Нэхэмжлэгч Т.Батсайханд 2011, 2013 онд сахилгын шийтгэл ногдуулж байсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д /Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно/-д зааснаар сахилгын шийтгэлгүйд тооцогдсон, маргаан бүхий акт уг үндэслэлээр гараагүй тул “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө сахилгын шийтгэл хүлээж байсан” гэх хариуцагчийн гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй.

Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон гаргаж болохоор байхад тийнхүү тооцоололгүйгээр цалин, хөлсийг өмнө авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хуульд заасан журмын дагуу тооцон олгохыг хариуцагчид даалгасан агуулгаар шийдвэрлэсэн буруу байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а /ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах үеийн хохирлыг төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно/-д заасны дагуу хариуцагчаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх 7 сарын цалин хөлстэй тэнцэх олговор (7 сар х 1.126.560 төгрөг=7.885.920)-ыг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Дундговь аймгийн Аудитын газрын санхүүгээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаар шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 2 дахь заалтын “хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон” гэснийг “дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 7.885.920 /долоон сая найман зуун наян таван мянга есөн зуун хорь/ төгрөгийг Дундговь аймгийн Аудитын газрын санхүүгээс гаргуулж” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                Д.БАТБААТАР