Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/471

 

 

 

 

 

 

 

       2022         04          14                                        2022/ШЦТ/471  

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.О-ид холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ... хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, “Бүрдэл майнинг” ХХК-д аврагч гал сөнөөгч ажилтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, .... дүүрэг .... дугаар хороо, ..... дугаар гудамж ..... тоотод оршин суух хаягтай, урьд:

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 267 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн торгуулийн ялаар,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн,

Чонос овогт Н.О- /РД:ЧД7903..../.

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Н.О- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20 цагийн үед ... дүүргийн ... дугаар хороо .... тоотод байрлах А.В-н гэрт архидан согтуурч байхдаа хүнтэй утсаар яриад устгах үед хамтран амьдрагч Б.О- “хэний дугаарыг устгав” хэмээн уурлаж хувин барьж аваад дайрахаар уг хувинг нь булаан авч толгой руу нь нэг удаа цохиж “толгойн орой хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 305 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.О-ийн хувингаар цохисон үйлдлийн улмаас хохирогч Б.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Хохирогч Б.О-н“...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр,... 20 цагийн үед Вандандорж ахынд би Ойдовдоржийн хамт цагаан сар гээд очих үед Вандандорж ахын гэрт Болороо, Вандандорж ах 2 согтуу байсан тэгээд бид 4 хамтдаа 2 шил 0,5-тай хараа архи хувааж уугаад байж байтал би Ойдовдоржийг хардалтаас болж нүүрсний хар төмөр хувингаар хөл рүү нь 2 удаа цохисон чинь Ойдовдорж уурлаад надаас хар төмөр хувинг булааж аваад миний толгой руу 1 удаа цохиод толгойг хагалсан юм. Тэгсэн чинь удалгүй гаднаас Мөнхзул орж ирээд манай охин Ариунзаяаг дуудаад Ариунзаяа эмнэлэг , цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 хуудас)

- Гэрч О.А-н “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед манай ээж Отгонжаргал над руу залгаад ээжийнх нь толгойг хамтран амьдарч Н.О- нүүрсний хувингаар цохиод хагалчихлаа ээж нь айлд байна. Бандаа гэдэг хүний гэрт байна гэж хэлсэн. Тэгээд би Бандаа гэдэг хүний гэрт очиход ээжийн толгой хагарчихсан байдалтай толгойноос цус гарсан. Ойдовдорж нь согтуу унтаж байсан. Мөн манай ээж согтуу байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа ирээд Ойдовдоржийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 хуудас)

 - Гэрч А.В-н “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 9-127 тоотод ганцаараа амьдардаг юм. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ согтуу байж байхад манай найз Б.О- 10 цагт орж ирээд байж байсан чинь 19-20 цагийн орчимд гаднаас Н.О-, Б.О нар халамцуу орж ирээд намайг ганц шил архи аваад өг гэхээр нь би дэлгүүрээс 0,5 граммтай Хараа архи авч өгөөд бид 3 хамт хувааж уусан юм. Тэгээд би дэлгүүр орж тамхи авахаар гараад түлшгүй мод аваад гэртээ ирэх үед Отгонжаргал миний орон дээр толгой нь хагарчихсан толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 хуудас)

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2914 дугаартай “...Б.О-н биед толгойн орой хэсэгт шарх гэмтэл учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 хуудас)

- Яллагдагч Н.О-ийн “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Б.О- “Би тахилтад байна хүрч ирээд аваадхаач” гээд над руу залгасан ... Би такси бариад очиж авахад эгч Баасанжаргалынхаа гэрээс гарч ирлээ гээд зам дээр согтуу зогсож байсан. Тэгээд би такситай очиж аваад СХД-ын 2 дугаар Орбитын 9-127 тоотод В-н гэрт очиход Б.О-, В- 2 хамт байж байсан удалгүй Б.О- гэр рүүгээ гарч яваад Б.О- В- бид 3 цагаан сарын юм гээд 2 шил архи уусан. Тэр үед архи уугаад дуусах үед Б.О намайг хүнтэй утсаар ярилаа гээд хардаад хэрүүл хийгээд уурлаад байсан. Тэгээд би тамхи татаад байж байтал В- дэлгүүр рүү нүүрс авах гэж гарсан хойгуур Б.О улам согтоод хэрүүл хийгээд хардаад элдвээр хэлээд байснаа миний хөл рүү айлын нүүрсний хувингаар 2 удаа цохихоор би хувинг нь булааж авах гээд булаацалдаж байгаад толгойд нь нэг удаа цохиод- толгойг нь хагалсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Шүүгдэгч Н.О-, хохирогч Б.О- нар 2019 оноос хойш хамт амьдарч байгаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Харин шүүгдэгч Н.О- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас зодсон, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн бусадтай хардаж хэрүүл маргаан үүсгэж хувин барьж дайрсан нөхцөл байдал нөлөөлсөн байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж хүндрүүлж зүйлчлээгүй нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэсэн.

 

   3. Хохирогч Б.О- нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 тал)-ээр шүүгдэгч Н.О- нь бусдад төлөх төлбөргүй болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Н.О-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй тул прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Шүүгдэгч Н.О- нь хохирогчийн бусадтай хардаж хувин барьж дайрсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Н.О- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн хохирогч Б.О- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн боловч энэ нь түүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлсөн гэж тус тус хөнгөрүүлэн дүгнэх үндэслэл биш болно.

           

            6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн биед учирсан хохирол, хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хувийн байдлын хувьд Н.О- нь тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол цалин орлогогүй, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чонос овогт Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ийг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.О-д мэдэгдсүгэй.

 

 4. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ