| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2017/0292/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/289 |
| Огноо | 2017-10-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2017/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0292/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Н,
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б холбогдох 1718001500082 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, П.Б Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын…..........тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгчээр ажиллаж байх явцдаа 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр орлогын мөнгөнөөс нийт 4900000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгчээр ажиллаж байх явцдаа 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр орлогын мөнгөнөөс нийт 4900000 төгрөг
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\7.3\Hyalbar\Shiitgeh togtool-Bolormonh 17.1.docx
хулгайлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч П.Б мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний санаж байгаагаар 2017 оны 8 дугаар сарын 15-наас 22-ны хооронд 7 хоногийн хугацаанд нийт 4900000 төгрөгийг авсан. Авсан мөнгөө өөрөө зарцуулдаг байсан. Надад ямар нэг зорилго байгаагүй. Д өрөөнөөс гараад ойр зуур явсны дараа мөнгө нь ил харагдахаар нь авчихдаг юм. Би ганцаараа хулгайлж байсан.” гэж хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-Тооцоо бодсон акт /хэргийн 5-7/,
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн си ди /хэргийн 10-11/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 12/,
-Хохирогч О.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Дархан-Уул аймгийн Автотээврийн төвд ажилладаг бөгөөд тасалбар түгээгч нарыг хариуцдаг билээ. 2017 оны 8 дугаар сард манай байгууллагын билетийн кассын орлогоос мөнгө дутсан асуудал гарсан. Тэгээд энэ талаараа цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-Гэрч М.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Дархан-Уул аймгийн Автотээврийн төвд 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Б/190 тоот тушаалаар тасалбар түгээгчээр ажилд орсон. 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн миний орлого дутаж эхэлсэн бөгөөд банкинд тушаах болгонд мөнгө дутаад байсан. 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдөр 84000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 10-нд 150000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-нд 153000, 2017 оны 8 дугаар сарын 14-нд 213000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 18-нд 850000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-нд 1450000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 23-нд 2000000 төгрөг нийт миний орлогоноос 4900000 төгрөг дутсан байсан. Иймд учир шалтгааныг олж тогтоож өгнө үү.” гэх мэдүүлэг /хэргийн 16/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүйгээ илэрхийлжээ.
Шүүгдэгч П.Б үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Бнь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь орлогын мэдүүлэг /хэргийн 68-69/, хохирогч О.Б хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал гомдол, хүсэлт байхгүй” гэсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Б нь Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвд үйлчлэгчээр ажиллаж байх явцдаа 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр орлогын мөнгөнөөс нийт 4900000 төгрөг хулгайлж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сар хорих ял оногдуулах санал прокурор гаргасныг хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгч П.Б хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.П.Бөд анхааруулж байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй сиди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бөд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч П.П.Бөд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар тэнсэгдсэн П.Бийг нэгдсэн бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй си ди 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.П.Бөд хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ