Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/367

 

 

 

 

 

 

 

 

       2022         03          23                                        2022/ШЦТ/367   

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч М.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Д-д холбогдох 2208 00877 0516 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-д хяналтын албаны сорьц авагч бэлтгэгч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч 3 хүүхдийн хамт, ..., .... дүүргийн ... дугаар хороо .... ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Боржигин ховоо овогт М.Д- /рд:уи9005.../.

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч М.Д- нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цамбагаравын автобусны буудлын орчимд автомашинаар хамтран амьдрагч Э.У-тэй  хамт зорчиж явахдаа  түүнийг “архи уулаа” гэсэн шалтгаанаар автомашин дотор болон байрны гадна талд нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, гараараа цохих, газар унагаж үсдэж чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, доод уруулд цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун сарвуу, зүүн гарын дунд, ядам хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 330 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.Д-гийн зодсон үйлдлийн улмаас хохирогч Э.Уранбилэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

- Цагдаагийн байгууллагын “...Хүмүүс зодолдоод байна...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дүгээр тал),

- Хохирогч Э.У-н “... Би М.Д-тэй анх 2018 оны 9 дүгээр сард танилцаад 2019 оны 5 сараас эхлэн ... дүүргийн ... дүгээр хороо ... тоот манай аавын гэрт хамт амьдрах болсон. Бид хоёр 2019 оны 11 сарын 01-ний өдөр дундаасаа ... гэх хүүтэй болсон ... 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчимд намайг Драгон худалдааны төв дээр ажил дээрээ байхад манай нөхөр болох М.Д- нь намайг машинтай ирж авсан. Би тэр өдөр ажил дээрээ ганцаараа 0,5 литрийн Эсса гэсэн жимстэй 3 пиво уусан байсан. Нөхөр өөрийнхөө машинтай ганцаараа ирж намайг авсан ба аавынх руу явах замдаа М.Д- надад чи яагаад архи уусан юм гээд уурлаад байхаар нь би чи намайг зодсон болохоор гомдоод байна гэж хэлсэн чинь Цамбагаравын буудлын орчимд машин дотроо намайг зүүн гараа атгаж байгаад миний нүүрний эрүү, баруун зүүн шанаа, уруул хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 13 дугаар байрны 5 дугаар орцны гадна ирээд машинаа зогсооход нь би машинаас буугаад зугтсан чинь М.Д- араас гүйж ирээд миний үснээс үсдээд газраар 2-3 метр газар чирээд босгож ирээд миний дух хэсэг рүү толгойгоороо мөргөсөн. Тэр хооронд гадаа машин тавьж байсан эрэгтэй эмэгтэй хоёр цагдаад дуудлага өгсөн хүмүүсийн дэргэд гүйгээд очсон чинь М.Д- аав руу залгаж аавыг дуудсан байсан ба цагдаа ирээд намайг аавтайгаа гэр лүүгээ орж бай гээд М.Д-г аваад явсан. Миний биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүдийг М.Д- тухайн хэрэг болсон цаг хугацаанд толгойгоороо мөргөж учруулсан. Доод уруулд цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх гэмтлүүдийг гараараа цохиж учруулсан. Баруун сарвуу, зүүн гарын дунд, ядам хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүдийг үснээс зулгааж газар чирснээс болж үүссэн.Би 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Шүүх эмнэлгээс өөр эмнэлэгт үзүүлээгүй. Надад гомдол санал байхгүй” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

Хохирогчийн дахин өгсөн ... надад эрүүл мэндийн хохирлоос үүдэлтэйгээр нэхэмжлэх зүйл байхгүй. Би М.Д-д зодуулснаас болж ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Гэмтэл шарх нь хөнгөн байсан тул эмчилгээ хийгдээгүй эдгэрсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэргийг түргэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал),

- Гэрч Б.М-н “2022 оны 02 дугаар сарын 19-ний орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байрны гадна нөхөртэйгөө гэр лүүгээ орох гээд явж байсан чинь 5 дугаар орцны гадна нэг танихгүй эрэгтэй хүн танихгүй эмэгтэй хүний толгой хэсэг рүү гараараа цохиж, багалзуурдаж зодож байхаар нь би өөрийн 8955... дугаарын утсаар цагдаагийн 102-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар тал),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 3350 дугаартай “... Э.У-н биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, доод уруулд цус хуралт, доод уруулын салстад няцарсан шарх, баруун сарвуу, зүүн гарын дунд, ядам хуруу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-37 тал),

- М.Д-гийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “...эхнэрийг архи ууснаас болж маргалдаад миний уур хүрээд зүүн гараараа эхнэрийн нүүрэн хэсэгт нь хоёр удаа машин дотроо цохисон. Тэгээд 13 дугаар байрны гадна ирээд манай эхнэр буугаад явахаар нь би араас нь очоод үсдэж газар унагааж чирээд хэвлий тус газар нь хөлөөрөө нэг удаа өвдөглөсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогч, шүүгдэгч нар нь албан ёсны гэр бүлийн бүртгэлгүй ч гэсэн хамтран амьдраад 03 жил болсон, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн тул санаатай гэмт хэрэгт тооцох бөгөөд түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ердийн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

4. Хохирогч Э.У- нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх мэдүүлэг, мөн бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 22, 94 хуудас)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч М.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ахуйн шинжтэй маргаанаас үүдэн бусдыг зодсон, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ... заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналын дагуу уг ялыг оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин ховоо овогт М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг М.Д-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Д-д мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ