| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0314/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/337 |
| Огноо | 2018-09-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0314/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Б.Батсүх,
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Г-н Д-т холбогдох эрүүгийн 1818006180358 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Г-н Д /РД: ............./, ...... оны ..... дүгээр сарын .....-ны өдөр .......... аймгийн .......... суманд төрсөн, ........ настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнес-удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., ......, ..... хүүхдийн хамт ...... аймаг, ...... сум, ..... дүгээр баг, ...... дугаар хороолол, ..... дүгээр байр, ...... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...... аймгийн ..... дүгээр баг, .... дугаар хороолол, ...... хотхоны ..... дүгээр байрны ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д нь ..... оны ..... дугаар сарын .....-ний өдрөөс .....-нд шилжих шөнө ..... аймгийн ...... сумын ...... дүгээр баг, ..... хотхоны орчим ...... ДАХ улсын дугаартай .... маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж буухдаа иргэн П.Н-н Самсунг галакси Жи3 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан
- ...Жолооч “ирчихлээ, буугаарай” гэхээр нь би сэрсэн бөгөөд миний баруун талын халаасанд байсан Самсунг Жи 3 загварын гар утас алга болсон байсан. Би “миний гар утас байхгүй байна” гэхэд жолооч “таны хажууд сууж явсан эмэгтэй ..... таунд буухдаа 2 ширхэг гар утас бариад буусан. Би танаас гар утас чинь байна уу гэж асуухад та байна гэж хэлсэн шүү дээ” гэсэн. Би унтаж байсан болохоор жолоочийн асуултыг сайн ойлгоогүй, анзаараагүй. Би гар утсаа 480.000 төгрөгөөр үнэлж байна гэх хохирогч П.Н-н мэдүүлэг /хх-ийн 20-21/,
- Гар утсаа алдсан гэх эмэгтэйн хажууд сууж байсан эрэгтэй хүн Баруун хараа дээр буухдаа тэр эмэгтэйд “таны гар утсыг гарт чинь бариуллаа шүү” гэж хэлэх шиг сонсогдсон. Тэгээд Дарханд ирээд ............. дээр гар утсаа алдсан эмэгтэйн хажууд сууж явсан охиныг, галт тэрэгний буудал дээр урд сууж явсан хөл муутай эмэгтэйг, .....-ын буудал дээр гар утсаа алдсан эмэгтэйг тус тус буулгасан. ...... дээр хүн буухад би гар утсаа алдсан эмэгтэйгээс “гар утас чинь байна уу” гэж асуухад тэр эмэгтэй “байна байна” гэж хэлсэн тул би цааш явсан. Тэгтэл тэр эмэгтэйн гадуураа шоотой, гялгар, шигтгээтэй кейстэй гар утас нь алга болсон байсан. ....... дээр буусан охин гар утсыг авсан гэж бодож байна гэх гэрч Б.Ө-н мэдүүлэг /хх-ийн 22-23/,
- 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр манай эхнэр Г.Д хотоос ирээд байж байтал цүнх дотор нь гар утас дуугарсан. Тэгээд цүнхийг нь үзтэл манай эхнэрийн гар утас болон эхнэрийн гар утастай адилхан Самсунг Жи 3 загварын хөх өнгөтэй гар утас байсан. Тухайн гар утсыг 200.000 төгрөгөөр зарсан гэх гэрч Б.Б-н мэдүүлэг /хх-ийн 32/,
- ...би өөрийн гар утсаа гэж бодоод машины суудал дээр байсан Самсунг Жи 3 загварын гар утсыг цүнхэндээ хийгээд машинаас буусан гэх шүүгдэгч Г.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31/,
- Самсунг Жи 3 загварын хуучин гар утас 480.000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ний 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Г.Д-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Н-д 480.000 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Г.Д-н ХААН банк дахь ............ тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 7/, хохирогч П.Н-н бичсэн “Хохирол болох 480.000 төгрөгийг барагдуулсан, цаашид гомдол санал байхгүй, Г.Д-тай эвлэрсэн” гэх хүсэлт /хх-ийн 50/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө төлсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Г.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Д-г дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-н Д-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Г.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР