Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                       

 Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа,

 улсын яллагч Ц.Цэрэндулам,

 шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр,

 шүүгдэгч Г.П, түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, Г.П нарт холбогдох эрүүгийн 2219000580102 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Д.Г

 

Биеийн байцаалт: Г.П

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Г нь Г.Птэй бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 14-ний хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байрлах хохирогч С.Дгийн гэрээс эд зүйл хулгайлж, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Г.П нь Д.Гтай бүлэглэн  2022 оны 01 дүгээр сарын 12-оос 14-ний хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байрлах хохирогч С.Дгийн гэрээс эд зүйл хулгайлж, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Он сараа сайн санахгүй байна. П бид хоёр манайд очиж гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгож орсон. Авдрын цоожийг П эвдсэн. Тэгээд дээлийн өнгө индүү, цагаан гутал, торго зэрэг эд зүйлийг авч гараад хүнд зарсан. Бид хоёр архи уусан. Архи ууснаас ийм асуудал боллоо Энэ гэр манай аав, ээжийн гэр юм. Би хөдөө мал малладаг. Төв рүү орохоороо найз нөхөд таараад архи уучихдаг. Авсан эд зүйлээс 2 төхөөрөмж зарагдаагүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.Пгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гтай таараад архи уусан. Би согтсон. Тэгээд бид хоёр Гын гэрт нь орж эд зүйл авсан. Би чих хатуу, дохионы хэл мэдэхгүй. Авсан зүйлээ Ганбаа өөрөө авсан гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2022 оны 01 сарын 12-ны өдөр Иххэт сумын ирж дэлгүүр ороод хөдөө гэр рүүгээ буцахад манай сумын төвд байдаг гэрийн хаалга цоожтой байсан юм. Тэгтэл 01 сарын 14-ний орой ирэхэд манай гэрийн хаалга онгорхой айсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг эзгүй байгаа гэхээр нь маргааш нь буюу 01 сарын 15-ны өдөр ирж гомдол мэдэгдсэн юм. Манай гэрийн хойморт байдаг шар өнгийн хээтэй модон авдрын цүүг нь эвдээд шар өнгийн гадартай хөвөн дээл 1 ширхэг, 5 ширхэг дээлийн өнгө /1ногоон, 1 шар, 3 хүрэн өнгөтэй/, Монгол сад нэртэй кабелийн төхөөрөмж 1 ширхэг, цагаан өнгийн дупель гутал 1 ширхэг, эмэгтэй хүний хос хар өнгийн гутал, ноолууран цамц 2 ширхэг, индүү 1 хулгайд алдагдсан. ...Ногоон өнгийн дээлийн өнгийг 120.000 төгрөгөөр авч байсан, бусдыг нь мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 18-19 ху/,

 

-Гэрч Ц.Жы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би төрсөн хүүхэд болох Гт Иххэт сумын төв дээр байдаг монгол гэрийнхээ түлхүүрийг 2022 оны 01 сарын 12-ны өдөр өгч явуулсан. Сумын төв дээр очоод гадуур тэнээд байлгүй гэрт орж амраарай гэж хэлээд өгөөд явуулсан. Намайг 2022 оны 01 сарын 12-ны өдөр Гт Иххэт сумын төв дээр байлаг монгол гэрийнхээ түлхүүрийг өгч явуулсныг манай нөхөр Д мэдээгүй байсан. Би хэлээгүй байсан юм. Г нь Д бид хоёрын төрсөн хүүхэд болохоор дуртай үедээ гэртээ орж гарах нь зөв гэж би бодож байна. Хулгайд алдагдсан эд зүйлс нь Гын хувийн өмч биш. Д бид хоёрын эд хөрөнгө байгаа юм гэсэн мэдүүлэг /хх 102-103 ху/,

 

-Шүүх сэтгэц гэм судлалын 7 дугаартай дүгнэлтэнд:

1.Г.П нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй болно.

2.Г.П нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах жолоодох чадвартай.

3.Г.П нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно гэсэн дүгнэлт /хх 38-39 ху/,

 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8 ху/,

-Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх 41 ху/,

-Хохирлын үнэлгээ /хх 46-49 ху/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 10 ху/,

-Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 сарын 27-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 177-196 ху/,

-Д.Гыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63-72 ху/,

-Г.Пг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 54-61 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 73, 74 ху/

-Хохирогчоос ирүүлсэн хүсэлт /хх 127  ху/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх туахай прокурорын тогтоол /хх  130-131 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г, Г.П нар нь бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 12-оос 14-ний хооронд Дорноговь аймгийн Иххэт сумын төвд байрлах хохирогч С.Дгийн гэрээс эд зүйл хулгайлж, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.Гын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “...П бид хоёр манайд очиж гэрийн хаалгыг түлхүүрээр онгойлгож орсон. Авдрын цоожийг П эвдсэн. Тэгээд дээлийн өнгө индүү, цагаан гутал, торго зэрэг эд зүйлийг авч гараад хүнд зарсан. Бид хоёр архи уусан. Архи ууснаас ийм асуудал боллоо Энэ гэр манай аав, ээжийн гэр юм гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Пгийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн “Гтай таараад архи уусан. Би согтсон. Тэгээд бид хоёр Гын гэрт нь орж эд зүйл авсан. Авсан зүйлээ Ганбаа өөрөө авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Дгийн “...01 сарын 14-ний орой ирэхэд манай гэрийн хаалга онгорхой айсан. Тэгээд хэсгийн төлөөлөгчийг эзгүй байгаа гэхээр нь маргааш нь буюу 01 сарын 15-ны өдөр ирж гомдол мэдэгдсэн юм. Манай гэрийн хойморт байдаг шар өнгийн хээтэй модон авдрын цүүг нь эвдээд шар өнгийн гадартай хөвөн дээл 1 ширхэг, 5 ширхэг дээлийн өнгө /1ногоон, 1 шар, 3 хүрэн өнгөтэй/, Монгол сад нэртэй кабелийн төхөөрөмж 1 ширхэг, цагаан өнгийн дупель гутал 1 ширхэг, эмэгтэй хүний хос хар өнгийн гутал, ноолууран цамц 2 ширхэг, индүү 1 хулгайд алдагдсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Жы мэдүүлэг, хохирлын үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь гэм буруу дээр маргаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Хохирогч С.Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.П, Д.Г нараас хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа мэдэгдэж байх хүлээлгэж, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн эрэгтэй нимгэн куртик 1 ширхэг, цүүг нь эвдсэн монгол цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д. Г, шүүгдэгч Г.П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.П нарыг ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.П нар нь энэ хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Г.П нарт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, Г.П нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн нимгэн куртка 1 ширхэг, цүү нь эвдэрсэн Монгол цоож зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА