Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Цэнд-Аюуш, улсын яллагч Т.Дэлгэрсайхан, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 17330000720007 тоот хэргийг 2017 оны 09-р сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 0000 оны 00-р сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж аав дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2 дугаар баг 00 тоотод оршин суух хаягтай, Мянган овогт ******* *******. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 55-56 дугаартай тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 00-61 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчиж, *******гийн жолоодож явсан 08- 21 УБА улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гарган *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/, 2. Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас /, 3. Иргэний нэхэмжлэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, 4. Гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, 5. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, 6. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 7. Гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/, 8. Гэрч Б.Мандахбаатарын мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/, 9. Гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 63 дугаар хуудас/, 10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн №9094 дугаартай дүгнэлт /хх-ийн 24 хуудас/, 2 11. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн шинжээч Х.Мянганбаярын 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 хуудас/, 12. Шинжээч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/ зэргийг уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалбал: Шүүгдэгч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 55-56 дугаартай тэмдэгт бүхий газарт өөрийн эзэмшлийн 00-61 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 1.Хохирогч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07 сарын 15-ны өдөр би гэр бүлийн хамт Архангай аймгаар аялаад буцаж яваад Сайхан суманд орой орж ирэхэд төв замаар явж байхад өөдөөс ирж явсан машины араас гэнэт нэг Соната-7 маркийн авто машин гарч ирээд манай машиныг мөргөсөн. Миний сууж явсан машиныг манай нөхөр ******* барьж явсан. Би урд талын суудалд охин Номуун-Эрдэнийг тэвэрчихсэн явсан. Арын суудалд миний хүү А.Сод-Эрдэнэ, хадам ах Батбаатар нар сууж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42- 43 хуудас/, 2. Иргэний нэхэмжлэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 07 сарын 15-ны өдөр байсан. Би өөрийнхөө 08-21УБА улсын дугаартай тоёота пробокс маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн эхнэр Цэндсүрэн, хоёр хүүхэд, ах Батбаатар нарын хамт, Улаанбаатар хот орохоор оройны 22 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын төвийн хажуугаар явж байтал өөдөөс ирж явсан машин зогсох шиг болсон. Харин би тэр машины хажуугаар зөрөх гэтэл тэр машины араас нэг 0061СЭҮ улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд миний миний машины өөдөөс шууд орж ирээд мөргөчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуудас/, 3. Гэрч Д.Баярнямын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өнөөдөр Хушаат сумын 30 жилийн ой болохоор найз Баясгалангийн соната-7 маркийн авто машинтай Орхон сум орох гээд Баясгалан, Мандахбаатар, Энх-Амгалан, Оргил бид 5 явсан. Ингээд Хөтөлд орж ирээд төв замаар явж байтал бид тавын урд 0143УБӨ гэсэн соната-6 орсон. Тэгээд явж ядаад ухас ухас гээд гэнэт зогссон. Тэгэхэд Баясгалан эсрэг талын зам руу дараад орсон чинь өөдөөс ирсэн машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/, 4. Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дарханаас ирж явахад урд нэг соната-6 гүйцэд түрүүлж тормслоод яваад байсан. Тэгээд пост өнгөрөөд явж байгаад гэнэт тормос гишгээд зогссон. Тэгэхэд Баясгалан машин барьж явсан. Тормос гишгээд мөргөхийн даваан дээр хажуу тийшээ дараад эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан машинтай мөргөлдсөн. Би Оргил, Мандахбаатар бид 3 ард сууж явсан. Баясгалан машин барьж хажууд нь Баярням суусан. Бид нар архи согтууруулах ундаа уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, 5. Гэрч Д.Соронзонболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр 2017 оны 07 сарын 15-ны өдрийн орой гэгээ тасарч байхад цагдаагийн пост болон Шунхлайн колонкын замаар явж байхад эсрэг талын усргалын 0143, 0061СЭҮ улсын дугаартай 2 соната маркийн машин аваарын гэрлээ анивчуулчихсан хажуугаар зөрөөд гарсан. Тэгээд л ард тас няс гээд дугаараад явсан. Би толинд харахад 0061СЭҮ соната-7 машин эсрэг урсгал руу орж ирж явсан. Машинтай мөргөлдсөн. Би тэгээд цаашаа яваад цагдаагийн пост орж хэлсэн. Буцаад явахад нөгөө хоёр 3 машин ард мөргөлдсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/, 6. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр өдийд 2017 оны 07 сарын 15-ны 19 цагийн үед Хушаат сумаас гарч Дархан орж тэндээсээ наашаа Орхон сум руу явж байсан. Хөтөлд орж ирж төв замаар шууд явж байсан. Би арын суудалд ядраад унтаж байсан. Тэгтэл гэнэт манай хэд орилох шиг болоод машин мөргөлдөх шиг болсон. Тэгээд би сэрсэн чинь манай машин нэг машинтай мөргөлдсөн байсан. Тэгээд бүгд буугаад урд зогссон байсан. 0143УБӨ соната-6 авто машины жолооч бууж ирээд урд машин явж байна харсан уу гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/, 7. Гэрч Ж.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дархан-Уул аймгаас 21 цаг өнгөрөөд хөтөл рүү орж ирсэн. Ингээд Хөтөл рүү тонгойж ордог дээр 0061СЭҮ гэсэн соната 7 авто машиныг би гүйцэж түрүүлээд урд нь гарч явсан. Тэгтэл тэр машин намайг гүйцэж түрүүлэх гээд хойно наалдаж ирээд байсан. Ингээд цагаагийн пост өнгөрөөд Жимстэй хороолол руу чигээрээ явахад миний ард 2 м орчим зайтай 0061СЭҮ авто машин явсан өөдөөс эсрэг хөдөлгөөнд усргал ихтэй байсан. Тэгээд явж байтал Шунхлайн колонк өнгөрөөд нэг их удаагүй явж байхад саарал өнгийн нохой миний урдуур гарч ирсэн. Би угаасаа аваарын гэрэл татчихсан байсан. Ингээд гөлгийг дайрахгүй гээд тормос гишгээд зогссон. Тэгтэл ард явсан 0061СЭҮ машин ямар нэгэн тормос гишгэлгүй эсрэг урсгал руу орж пробокс машинтай мөргөлдсөн. Уг машинаас 5-6 эрэгтэй хүн гарч ирээд надыг чи одоо тормос гишгэдэг хэн юм бэ пизда наахуу чи согтуу юм уу гэж орилоод байсан. Би тэгэхээр нь тэр залуучуудад би та нартай харьцахгүй наад машины жолоочийг дууд гэсэн чинь нэг бор залуу би жолооч нь байна гээд ирсэн. Тэгээд цагдаа дууд гэтэл чи тормос гишгэлээ, чи тормос гишгэснээс энэ аваар гарлаа гэсэн. Тэгтэл цагдаа Б.Сүхболд ах ирсэн. Тэгээд чи энд юу хийж амьтан хүн дэвэргэж хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлэхээр нь явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуудас/, 8. Гэрч Б.Мандахбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 07 сарын 15-ны орой найз Баясгалан, Оргил, Энх-Амгалан, Баярням нарын хамт Сэлэнгэ аймгийн Хушаат суманд гар бөмбөгийн тэмцээнд орчихоод буцаад Орхон сум руу явж байгаад зам тээврийн осолд орсон. Осол болох үед Баясгалан өөрийнхөө Соната7 маркын саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Түүний хажууд Баярням суугаад арын суудалд Энх-Амгалан, Баярням бид 3 сууж явсан. Осол болох үед би сэрүүн байсан. Урд нь явж байсан 0143 УБӨ улсын дугаартай Соната –6 тээврийн хэрэгсэл огцом тормослосон чинь Баясгалан бас тормос гишгэсэн боловч зогсохгүй араас нь мөргөх гэтэл эсрэг урсгал руу жолооны хүрдээ эргүүлээд л эсрэг урсгалд явсан машинтай мөргөлдчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 хуудас/, 9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 3-8 хуудас/, 10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн №9094 дугаартай дүгнэлтийн “...1. *******гийн биед баруун шуу ясны хугарал, баруун болон зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх хэсэг /хх-ийн 24 хуудас/, 11. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн шинжээч Х.Мянганбаярын 2017 оны 07-р сарын 17-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтийн “...Хюундай Соната маркийн 00-61 СЭҮ улсын дугаартай тээврийн 4 хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх хэсэг /хх-ийн 36 хуудас/, 12. Шинжээч Х.Мянганбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...00-61 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь урдаа яваа Ш.Амарбаясгалан гэх хүний жолоодож явсан тээврийн хэрэгслээ зогсооход өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй гүйцэт түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгал руу орж өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дүгээр зүйлийг зөрчсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/, 13. Хохирогч *******гийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт гаргасан тодорхойлолт /хх-ийн 98 хуудас/, 14. Иргэний нэхэмжлэгч *******гийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт гаргасан тодорхойлолт /хх-ийн 97 хуудас/, 15. Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 сарын 11-ний өдөр осол гарсан. Миний урд явж байсан машин огцом тормослосон. Би машинаа зогсоох гэтэл зогсохгүй болохоор нь нөгөө урсгал руу дарж ороход өөдөөс ирж байсан машин намайг мөргөсөн... Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... Гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Прокуророос хэргийг зүйлчилсэн зүйлчлэл зөв, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******гаас иргэний нэхэмжлэгч ******* өөрийн эзэмшлийн 08-21 УНА улсын дугаартай Тоёота Пробокс маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4 135 000 төгрөгийг, хохирогч ******* эмчилгээний зардал болох 1 515 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна. Шүүгдэгч ******* нь хохирогч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж байгаа тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь өрх тусгаарлаагүй, хувьд ногдох хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд 600 000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 01 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол 5 шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч *******д мэдэгдэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 635757 дугаартай жолоочийн үнэмлэх, 01595903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч *******д буцаан олгох нь зүйтэй байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36,2, 36.6-36.8, 36.10-д заасныг удиртгал болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мянган овогт *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд 600 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь 600 000 төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 635757 дугаартай жолоочийн үнэмлэх, 01595903 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 6 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА