Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/87

 

 

 

 

                

 

                

  2021        07            21                                    2021/ШЦТ/87

                                    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа, 

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Анх-Ирээдүй,

Хохирогч Д.Г,

Хохирогчийн өмгөөлөгч З.Алтанцэцэг,

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Анхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

    Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М Бд холбогдох эрүүгийн 2119000000094 дугаартай хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М Б

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн .... оршин суух Д.Гы гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Гтай маргалдан, улмаар толгойноос нь гараараа барьж байгаад  нүүрэн тус газар нь хөлийн өвдөг хэсгээрээ нэг удаа өшиглөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би Д.Гд тус болох үүднээс гэрт нь хүргэж өгсөн. Энэ хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Гэхдээ Д.Гыг цохисон нь үнэн. Баримтад тулгуурлан хохирол, төлбөрийг нь төлж барагдуулна. Би Б гэх найзынхаа гэрт нь очоод буцаад гэр лүүгээ явж байхад замд айлын хашааны нохой туухаар нь урд хашаагаар нь тойроод эргэтэл Д.Г 4 хүнтэй хамт нэлээн согтсон байдалтай пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь би Д.Гыг “юу хийж байгаа юм бэ” гэхэд намайг “ороод ир” гэхээр нь ортол надад пиво аягалж өгөөд би пивоноос  уусан. Тэгээд хөдөө гэртэй хүмүүс хөдөө гэр лүүгээ явсан. Харин би Д.Гыг нэлээн согтуу болохоор гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл надад нэг хайрцагтай зүйл бариулахаар нь задалж үзэхэд 1 ширхэг 0.75 литрийн Ерөөл архи, 1 том савтай пиво байсан. Тэгээд Д.Г архиа задлаад надад өгөхөөр нь би “архи уухгүй, пиво ууна” гээд пиво уугаад сууж байхад гаднаас нэг ах орж ирээд, дараа нь Д.Гы эхнэр орж ирсэн. Тэгээд би явах гэж байхад эхнэр нь “байж бай хэрвээ намайг байхгүй бол ар гэртээ агсан тавьдаг, бид нарыг зоддог” гэсэн. Тийм болохоор би хэсэг хүлээхээр болсон. Эхнэр нь хүүхдүүдээ аваад гарсан. Тэр хооронд Д.Г надад агсан тавиад, хэл амаар доромжилж байгаад намайг цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би эхлээд чимээгүй байж байгаад миний тэвчээр алдагдаж түүнийг өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай урд айлын ах орж ирээд 1 шил архи авчирч өгсөн. Тэр ахтай хамт нэг шил архи уугаад хамт дэлгүүр явж пиво авсан. Дэлгүүрийн наана байдаг зүүн хашаанд Төрөөгийн хашаанд ууж байхад М.Б хашааны хойгуур явж байсан. Тэгээд орж ирээд хамт пиво уусан. Дахиж пиво авахаар М.Бтай хамт дэлгүүрээс пиво аваад манай гэрт очиж пиво уусан. Тэр үед эхнэр маань хоол хийж байсан. Би нэлээн согтсон байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Хохиролд 9,844,000 төгрөг нэхэмжилж байна. Хацрын ясны цөмрөл, хамрын мурийлттай болсон. Эдгээрийн мэс заслын төлбөрт нэхэмжилж байна. Гадаад руу явж эмчилгээ хийлгэж магадгүй байгаа. Тухайн үедээ өдөр алдахгүйгээр 15 хоногийн дотор хацрын ясыг татаж гаргаад эмчлэх боломжтой гэж байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод цаг алдсан. Зөвхөн хамраа засуулахад 2,000,000 төгрөг болно гэсэн. 6 сарын дотор хамраа засуулах, үүнээс хойш хугацаа хэтрэх юм бол эмчлүүлэх боломжгүй болно гэсэн. Хацрын ясыг эмчлүүлэх талаар судалсан боловч эмчлэх боломжгүй болсон юм билээ  ...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч эмч  Э.Анхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Дүгнэлт нь товч бөгөөд тодорхой байх ёстой. Хэдийгээр компьютер, томографикт хоёрлосон буюу зөрүүтэй цөмөрсөн гэж бичсэн байгаа ч гэсэн энэ нь хугарлын хэлбэр. Хугарал гэдэг нь ерөнхий нэршил болохоор тэрийг дүгнэлт хэсэг дээр заавал тодорхой тайлбарлах шаардлагагүй. Яагаад гэвэл компьютер, томографикт тодорхой бичсэн зүйлийг дүгнэлтэн дээрээ хугарал гэх ерөнхий нэршлээр нь хэлж байгаа юм. Цөмөрсөн хугарал гээд ороод ирэх юм бол дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Цөмөрсөн ч бай хоёрлосон ч бай амь насанд аюултай гэмтэл биш учраас дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэл юм. Гэмтлийн зэрэг тогтоох журам нь тухайн гэмтлийг авснаас хойш эмчилгээг нэн даруй хийсэн тохиолдолд гэдгээрээ явна. Одоогийн нөхцөл байдал хамаагүй. Тухайн хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг нь эмчилгээг цаг алдалгүй хийсэн тохиолдолд хэд хоногтоо эдгэрэх боломжтой учраас энэ нь өөрөө хөнгөн гэмтэл гэж байгаа юм. Нүдний ухархайн хананд учирсан гэмтэл нь нүдний хараанд нөлөөлөх эсэх нь хугарлын хэлбэрээс шалтгаална. Нудний ухархайн хана дээд, доод, дотор , гадна гэж байдаг. Хэрвээ доод хана хугарсан тохиолдолд нүдний хараанд нөлөөлөх магадлалтай. Энэ нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дотор, гадна хана хугарсан тохиолдолд нөлөөлнө гэсэн ойлголт байхгүй. Хохирогчийг биечлэн үзэх талаар өөрт нь хэлэхэд ирэх боломжгүй гэсэн. Тэгээд байгаа материал нь дүгнэлт гаргах шаардлагыг хангана гэж үзээд дүгнэлт гаргасан ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Гы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 11 цаг орчим хөрш айлын ах Бямбаатай хамт нэг шил 2 литрийн пиво уусан. Бямбаа ахыг явсаны дараа дахин архи, пиво авахаар дэлгүүр рүү явж байхдаа Б, Зулаа, Төрөө гэх залуугийн эхнэр нартай тааралдаад хамт 2 литрийн пиво 2 савыг уусан. Дараа нь Бтай хамт 0,75 литрийн Ерөөл архи аваад манай гэрт очсон. Бид хоёр цаг гарангийн хугацаанд хамт юм ярьж архи уусан ба Б гэнэт босч ирээд өвдөглөчихсөн. Тухайн үед би яг юу ярьж байсан, юу болсон талаар сайн санахгүй байна. Сэрээд хартал миний хамраас гарсан цусыг эхнэр маань цэвэрлээд сууж байсан. Б удалгүй явсан. Миний хамрын яс цааш цөмөрч, хамрын яс хугарсан. Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш үзүүлж байгаа. Тархины томографикийн зураг авхуулахад “Хамрын ясны 2 хажуу талын зөрүү бүхий хугаралтай, таславч зүүн тал руугаа мурийлттай, зүүн талын хоншоор, ясны хөндий өмнөдөд болон дотор хана нь хөндий рүүгээ цөмөрсөн, зөрүү бүхий хоёрлосон хугаралуудтай, 2 талын нүдний ухархайн дотор хана самалдаг тал руугаа 1,2 см, хугаралын гүн 6,8 см орчим хэмжээтэй, хамрын тайвар хөндийнүүдийн салст зузаарч хавагнасан, зүүн талын хоншоор, ясны хөндийн өмнөд хананд 2,1*1,0 см тод тэгш гадаргуутай, голомтот өөрчлөлт илэрнэгэх” оноштой гарсан. Бгаас 180,000 төгрөгийг томограф харуулах зорилгоор авсан, өөр хохирол барагдуулах зорилгоор мөнгө, эд зүйл өгөөгүй. Одоогийн байдлаар 180,000 төгрөгөөс гадна 400,000 төгрөг гарсан. Цаашид хацрын ясны хагалгаа хийж эмчлэхэд 5,000,000 төгрөг шаардагдана ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад 19 цаг орчим гэртээ ирэхэд урд айлын настай ах, Б болон манай нөхөр байсан. Тэр гурав гурвуулаа архи уусан байсан. Намайг гэртээ орох үед урд айлын ах гэр рүүгээ орлоо гэж хэлээд гараад явсан. Би хоолоо хийх гээд ногоо арилгаад сууж байтал манай нөхөр, Б хоёр маргалдаж эхэлсэн ба юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Маргалдаж байснаа Б босч ирээд манай нөхрийн толгойноос барьж байгаад өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Тэгэхэд нь манай нөхөр арагшаа савж унасан. Би сандраад нөхөр рүүгээ очиход хамар амнаас нь цус гараад ухаан алдсан байсан. Хэсэг хугацааны дараа ухаан орсон ба хамраас нь цус гараад тогтохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

          Гэрч И.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... намайг гэрт орох үед Б, Г нар хүүхдүүдийн хамт байсан. Г, Б хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд би юм ярьж байгаад архинаас бага зэрэг уусан. Сууж байх хооронд Гы эхнэр ирсэн ба би гараад явсан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Э.Анхбаярын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/0147 дугаартай: “... Д.Гы биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хоншоор ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинээр илэрсэн зүйлгүй ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/,

            Гэрэл зураг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

           Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож  үнэлэв.

Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн .... оршин суух Д.Гы гэрт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Гтай маргалдан, улмаар толгойноос нь гараараа барьж байгаад  нүүрэн тус газар нь хөлийн өвдөг хэсгээрээ нэг удаа өшиглөн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Д.Гы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:   “... Бтай хамт 0,75 литрийн Ерөөл архи аваад манай гэрт очсон. Бид хоёр цаг гарангийн хугацаанд хамт юм ярьж архи уусан ба Б гэнэт босч ирээд өвдөглөчихсөн. Тухайн үед би яг юу ярьж байсан, юу болсон талаар сайн санахгүй байна. Сэрээд хартал миний хамраас гарсан цусыг эхнэр маань цэвэрлээд сууж байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай нөхөр, Б хоёр маргалдаж эхэлсэн ба юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Маргалдаж байснаа Б босч ирээд манай нөхрийн толгойноос барьж байгаад өвдгөөрөө нэг удаа өвдөглөсөн. Тэгэхэд нь манай нөхөр арагшаа савж унасан. Хэсэг хугацааны дараа ухаан орсон ба хамраас нь цус гараад тогтохгүй байсан ...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02/0147 дугаартай: “... Д.Гы биед хоншоор ясны хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хоншоор ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэсэн дүгнэлт, гэмтлийг баримтжуулсан гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан,  шүүх хуралдаанаар талуудын хүсэлтээр шинжлэн судалсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нотлох баримтуудыг шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс үгүйсгээгүй, эдгээр нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөтэй, эргэлзээтэй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Хохирогчийн өмгөөлөгчөөс ”... 2021 оны 3 сарын 31-ны өдрийн компьютер томографийн оношлогооноос харахад хамар ясны хажуу зөрүү бүхий хугаралтай, зүүн талын хоншоор ясны хөндийд өмнөд болон дотор хана хөндийрүүгээ цөмөрсөн зөрүү бүхий хоёрлосон хугарлуудтай, 2 талын духны хөндий болон зүүн талын самалдаг хөндийд +39+64HU нягтрал бүхий агууламжтай гэж оношлогдсон оношууд шинжээчийн дүгнэлтэнд бүрэн дүгнээгүй тул  01/0147 дугаартай шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй,үнэн зөв дүгнэгдээгүй гэж үзэж байна. Иймд дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах саналтай байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3-т заасан нөхцөл шалгуурыг хангасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шинжээч эмч Э.Анхбаярын өгсөн ” ... Хэдийгээр компьютер, томографикт хоёрлосон буюу зөрүүтэй цөмөрсөн гэж бичсэн байгаа ч гэсэн энэ нь хугарлын хэлбэр. Хугарал гэдэг нь ерөнхий нэршил болохоор тэрийг дүгнэлт хэсэг дээр заавал тодорхой тайлбарлах шаардлагагүй. Яагаад гэвэл компьютер, томографикт тодорхой бичсэн зүйлийг дүгнэлтдээ хугарал гэх ерөнхий нэршлээр нь хэлж байгаа юм. Цөмөрсөн хугарал гээд ороод ирэх юм бол дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Цөмөрсөн ч бай, хоёрлосон ч бай амь насанд аюултай гэмтэл биш учраас дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр гэмтэл юм. Гэмтлийн зэрэг тогтоох журам нь тухайн гэмтлийг авснаас хойш эмчилгээг нэн даруй хийсэн тохиолдолд гэдгээрээ явна... ” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байх ба  уг журмын гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур шинжид хохирогч Д.Гд  учирсан гэмтэл хамаарахгүй байна.

Шүүгдэгч М.Бгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага ял шийтгэл, хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 9,844,000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч хохирлын талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хохирогч Д.Гд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар 2021 оны 05 сарын 14-ний өдөр 357,818 төгрөгийн тэтгэмж тогтоолгон олгосон талаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх боловч түүнд хэд хоногийн тэтгэмж олгогдсон болох, мөн 2021 оны 4, 5, 6 саруудад тэтгэмжийн мөнгө олгогдсон эсэх, сард хэдэн төгрөгийн цалинтай болох, цалин, тэтгэмжийн мөнгөний зөрүү авсан тухай мэдээлэл байхгүй байна. Хохирогчийн цалингийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийг нийгмийн даатгалаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч нь эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй ба хохирогч нь цаашид хагалгаанд орох мөнгө нэхэмжилж байгаа боловч хэзээ, хэдэн төгрөгийн төлбөртэй, ямар хагалгаанд, хаана орох эсэх нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа нэхэмжлэл нь тодорхой бус /тооцож гаргасан баримтгүй/  байх тул энэ шүүх хуралдаанаар хохирлыг тооцон гаргах боломжгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б нь нотлох баримтаар тогтоогдож байгаа 123,800 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Г нь 9,844,000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

           Шүүгдэгч М.Б нь мөрдөн байцаалтын шат болон прокурорын хяналтын шатанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

          Прокурорын газраас Б.М Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан, түүний холбогдсон гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна.

        Иймд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох  эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй, хэрэгт эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Б.М Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Бд холбогдох  эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь хохиролд 123,800 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.Г нь 9,844,000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          4.Шүүгдэгч М.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

          5.Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.АДЪЯАСҮРЭН