Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/295

 

 

 

 

 

 

 

     2022       03          09                               2022/ШЦТ/295   

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч С.Сэржмядаг, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Г.Мөнхтүвшин,

иргэдийн төлөөлөгч Ц.Саранчимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-,

насанд хүрээгүй гэрч Э.Б-,

гэрч П.Б-, Б.Б-,

шүүгдэгч/хохирогч П.Т-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108000001547 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Нэг: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт ... хот, ... дүүргийн ... дугаар хорооны ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд

- Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,

Боржигин овогт П.Т- (РД:НЫ7902....).

Хоёр: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Уран Нинж” ХХК-д ноос бутлагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ... хот, ... дүүргийн ... дугаар хорооны .... гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Алаг адуут овогт П.Э (РД:НЫ7203....).

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч П.Т- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Алтайн 7 дугаар гудамжны 779 тоотод байрлах өөрийн эцэг П-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ах П.Э-д хандаж “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авах үед П.Л- “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” хэмээн П.Т-н нүүрийг самардаж маажих үед зөрүүлээд толгойн тус газарт нь гараараа цохиж гавал, тархины амьдрах боломжгүй хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алах гэмт хэрэгт,

Шүүгдэгч П.Э- нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүрэг ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... гудамжны ... тоотод өөрийн эцэг Г.П-н гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүү П.Т- нь “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдаж ноцолдох явцдаа түүний биед “зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, цээж хэвлий, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1194 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Т- болон түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх саналтай оролцсон,

Шүүгдэгч П.Э- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харин түүний өмгөөлөгч Ц.Амар миний үйлчлүүлэгчийн үйлдэл санаатай үйлдэл биш бөгөөд хохирогчид учирсан гэмтлийг дангаараа учруулаагүй тул цагаатгах байр суурьтай оролцсон болно.

1. Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч П.Т- нь хохирогч П.Л-г алсан болох нь:

- Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 31 минутад ирсэн “зодоон болоод нэг хүн ухаан алдсан” гэсэн мөн өдрийн 20 цаг 36 минутад “миний төрсөн дүүгийн зүрх нь зогсоод нас барчихлаа” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3-4 хуудас),

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-14 хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-ы “... Архи аваад хадам аав Г.П-н гэрт ороход хадам ах П.Т-, П.Э-, Н- эгч манай эхнэр П.Л-, хадам аав П-, Б.Б- эхнэр Б.Б- нар бүгд байцгааж байсан. Бид нар бөөнөөрөө хадам аавын гэрт нөгөө архиа ууцгаасан. Бид нар бүгдээрээ архиа уугаад сууцгааж байтал П.Э- ах руу П.Т- ах “би таниас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэх зүйл яриад П.Т- ах, П.Э- ах хоёр маргаж муудалцаад бие биетэйгээ барьцалдаад авахаар нь бид нар тэр хоёрыг салгаж П.Э- ахыг П.Б- бид 2 хадам аавын гэрээс авч гарч өөрийнх нь гэрт оруулаад байж байсан чинь хадам аавын гэрт манай эхнэр “ёо ёо” гэж чанга хашгирч орилоод уйлах чимээ гарсан, тэгтэл П.Э- ах түрүүлж гүйгээд хадам аавын гэр рүү орсон. Араас нь П.Б- бид 2 орох үед П.Э- ах П.Т- ахтай хадам аавын гэрийн зүүн талын хоймор хэсэгт барьцалдаад авсан. Наана нь манай эхнэр П.Л- үүд рүү харсан байдалтай 2 хөлөө нугалж газар сууж нэг гараараа газар тулчихсан нөгөө гараараа цээжээ дэлдээд дуу нь гарахгүй 2 нүднээс нь нулимс асгарч зүүн талын нүд хэсэгт хөхөрчихсөн байсан. П.Т- ах П.Э- ахад хандаж “би таниас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргаж барьцалдаж авч маргаан эхэлсэн. Харин манай эхнэр П.Л- тэр хоёрыг барьцалдаад авах үед та хоёр болиоч гэж хэлсэн байсан. Манай эхнэрийг П.Т- ах цохиж зодсон. Яагаад гэхээр П.Э- ахыг хадам аавын гэрээс П.Б- бид хоёр авч гарах үед П.Т- ах, хадам аав, болон Болдоо, Б.Б- нарын хүмүүс үлдсэн. Н- эгч хадам аавын баруун талын орон дээр унтаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 хуудас),

- Гэрч П.Э-гийн “... П.Т- над руу “би чамаас болж шоронд явсан, чи миний амьдралд гай болсон, одоо үзэх үү, чи намайг барах уу” гэх зэргээр дайрч давшилж эхэлсэн. Намайг ална шудна гээд дайраад байхаар нь манай эмэгтэй дүү П.Л- намайг өмөөрөөд “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. П.Л- П.Т-ын нүүрийг самардаж маажсан. П.Т- зөрүүлээд нүүр рүү нь гараараа зангидаад цохиж байгаа харагдсан. Би тэгэхээр нь дүүгээ П.Т-аас салгасан, энэ үед намайг П.Б-, Т.Ц- хоёр гарах үед П.Т- хамт гарсан. Би гэр лүүгээ орох үед эргэж харахад П.Т- аавын гэр рүү эргээд орж байсан. Гэрт ороод удаагүй байтал аавын гэрт эмэгтэй дүү П.Л-н ёолох, орилох дуу гарсан. Тэгэхээр нь гүйгээд ортол П.Т-, П.Л- 2 хоёр зодолдоод байж байсан. Бүгд л согтуу байцгаасан. П.Л- бол намайг өмөөрөөд П.Т- руу дайрч нүүр ам руу нь цохиж байгаа харагдсан. Намайг гараад явснаас хойш нэмж яаж цохиж зодсоныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас)

- Гэрч Б.Б-ийн “...Тухайн үед бөөнөөрөө архи ууж байтал П.Т- ах нь П.Э- ах руу агсраад “Чи надад гай болоо биз дээ, одоо хоёулаа үзэх үү?” гэх зэргээр хэрүүлийн чанартай үг хаяад байсан ба тэгээд байж байгаад П.Т- нь П.Э- ахыг гарья гээд энгэрээс нь татаад байсан ба тухайн үед П.Л- дундуур нь орж ирээд П.Э- ахыг өмөөрөөд П.Т-т хандаж “Та яахаараа дандаа ингэж ах руу дайрч байдаг юм бэ? Ах танд ямар гэм хийчхээд байгаа юм?” гээд П.Л- нь П.Т-ын нүүр хэсэгт хумсаараа урсан ба түүний дараа П.Т- зөрүүлээд нүүр рүү нь гараараа зангидаж байгаад нэг хоёр удаа цохисон байх. Тухайн үед  салчхаад П.Э-г П.Б-, Т.Ц- хоёр гаргасан ба түүний араас П.Т- нь гараад явчихсан байсан ба тэгээд байж байтал төд удалгүй П.Т- буцаж орж ирээд П.Л-тэй дахин хэрүүл маргаан үүсгэсэн. П.Т- талийгаачаас салах гэж байгаад 2-3 удаа гараараа цохисон, аль гараараа гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэрээс нь гараад явах гэж байхад талийгаачийн зүүн нүд хөхөрсөн байсан..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 хуудас),

- Гэрч П.Б-н “... Өдөр 15 цагийн үед дахин дэлгүүрээс 3 шил архи аваад бид нар бүгдээрээ хувааж уусан. П.Э- ах, П.Т- ах 2 хоорондоо нэг мэдсэн чинь муудалцаад байхаар нь би П.Э- ахын гэр лүү орсон. Намайг П.Э- ахын гэрт байхад аавын гэрт П.Э- ах, П.Т- ах 2 чанга чанга дуугараад байхаар нь аавын гэр рүү орох гэж байхад П.Э- ахын гэрийн баруун талд П.Л- эгч уйлаад сууж байхаар нь юу болсон талаар асуусан чинь юм дуугарахгүй байсан. Тэгээд эгчийг Т.Ц- ах бид 2 хоёр талаас нь сугадаад хажуу П.Э- ахын гэр рүү оруулаад орон дээр хэвтүүлсэн. Гэрийн гадна уйлаад сууж байхад би харахад эгчийн зүүн нүд нь хөхөрчихсөн байсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 хуудас)

- Гэрч Б.Н-н “... П.Б- татаж сэрээгээд “П.Л- эгч нэг сонин болчхоод байна, та сэрээрэй” гэхээр нь би унтаж байсан орноос босох үед манай нөхөр П.Т- миний урдуур хадам аавын баруун орон дээр унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 63 хуудас),

- Насанд хүрээгүй гэрч Э.Б-н “... 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... хажуу гэрт хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байгаа дуу чимээ гарахаар нь би П.Э- ахын гэрээс гараад яваад ортол /цагийг нь санахгүй байна/ П.Л- эгч  орон дээр зүүн нүд нь хавдаж хөхөрчихсөн уйлсан байдалтай, Баяраа эгч тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би аниа яасан бэ? гэж асуусан чинь юм хэлж чадахгүй гараараа өөрийнхөө цээж рүү цохиод толгойгоо бариад уйлаад байсан. Энэ үед гэрт П.Т-, Б.Б- ах, өвөө П-, Т.Ц- ах нар байсан. Тэгтэл Т.Ц- ах П.Т- ахад хандаж “яагаад чи зүгээр байгаа хүнийг цохиж зодож байгаа юм бэ? гэж хэлсэн чинь П.Т- ах Т.Ц- ах руу дайраад “та нар намайг барахгүй шүү” гэж хэлж байсан. Т.Ц- ах П.Л- эгчийг түшээд гэрээс гаргасан чинь зогсож ч чадахгүй толгойгоо бариад уйлаад байсан чинь өвөөгийн гэрийн үүдний амбаарын хажууд газар суулгаж байгаад П.Б- ахын хамтаар хоёр талаас нь сугадаж өргөж П.Э- ахын гэр лүү оруулж орон дээр нь хэвтүүлсэн юм.  Энэ үед би хоол хийгээд байж байтал ойролцоогоор 20-30 минутын дараа П.Э- ах гэрээсээ гарч орж ирээд П.Л- эгчийг эвгүй болчихсон байна гэж хэлэхээр нь би яваад ортол царай нь цонхийж цайрсан, хөдлөхгүй байдалтай дээшээ харчихсан орон дээр хэвтэж байсан. Энэ үед П.Т- ахын эхнэр Н- хэлэхдээ цагдаа нарыг ирэхээр нь  гэрт зодоон болсон талаар хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Талийгаач эгчийг П.Т- ах цохих болсон талаар би мэдэхгүй байна. Эдгээр хүмүүсийн ярианаас П.Т- ах талийгаачийг цохих үед П.Э- ах талийгаачийг өмөөрч П.Т- ахтай маргалдаж зодолдсон гэж би ойлгосон…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 хуудас),

- Насанд хүрээгүй гэрч Э.А-н “... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай аавын ах дүү нар аавын төрсөн дүү П.Т-ыг шоронгоос суллагдсан гээд өвөөгийнд ирцгээсэн юм. Тэгээд тэд нар өвөө Г.П-н гэрт цуглараад хоол идэж, архи ууж, хөзөр тоглож найрлацгаасан. Г- эгч нөхөртэйгөө шөнө явсан ба хэдэн цагт явсныг нь би мэдэхгүй байна. Бусад нь тэндээ найрлаж хоносон. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр миний санаж байгаагаар өдөр өвөөгийн гэрт хүмүүс орилолдоод зодолдоод байгаа бололтой чимээ гарахаар нь би баруун гэрт орж харсан чинь баруун гэрт манай аав П.Э-, аавын дүү П.Т- нар муудалцаад бие бие рүүгээ дайраад зодолдох гээд хэрэлдэж байсан. Аав, П.Т- ах хоёрыг П.Б- ах, А- /Т.Ц-/ ах, бид нар салгаад аавыг гэр лүүгээ ор гээд гэрт нь А- ах, П.Б- ах бид гурав оруулсан. Тэгээд байж байсан чинь удалгүй П.Л- эгчийн уйлах дуу өвөөгийн гэрт чанга сонсогдсон аав гэрээсээ буцаж гарч өвөөгийн гэр лүү түрүүлж ороод араас нь А- /Т.Ц-/ ах, П.Б- ах бид гурав орсон чинь П.Т- ах өвөөгийн гэрийн баруун талын орон дээр дээш хараад хэвтсэн, П.Л- /Маамаа/ эгч,  П.Т- ахын дээрээс дараад орны хөлний хэсэгт давхардаж хоорондоо зууралдсан байдалтай байж байсан.  Аав П.Т- ахыг “чи яахаараа хүүхэд зоддог юм” гэж П.Л- эгчийг өмөөрч П.Т- ахтай ахиад хэрэлдэж маргаад эхэлсэн. Энэ үед А- ах, П.Б- ах хоёр П.Л- эгчийг өвөөгийн гэрээс авч гарсан байсан ба П.Л- эгчийн бие их зовуурьтай байгаа бололтой хоёр гэрийн дунд сонин бахирч орилох дуу гаргаж, хоёр талд нь Авираа /Т.Ц-/ ах, П.Б- ах хоёр зогсож байгаад манай гэр рүү П.Л- /Маамаа/ эгчийг оруулж баруун талын орон дээр хэвтүүлсэн П.Л- эгч орон дээр хэвтсэн даруйдаа бөөлжсөн ба тэр бөөлжсийг А- /Т.Ц-/ ах цэвэрлэж байгаа харагдсан. Тэгээд П.Л- эгч баруун талын орон дээр ямар нэг чимээ гаргаагүй унтаад өгөх шиг болсон. Тухайн үед тэнд байсан хүмүүс П.Л- эгчийг Төмөрбаяр ах зодчихлоо гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 хуудас),

- Г.П- “... Тэр үед цаг хэд болж байсан гэдгийг мэдэхгүй байна. Ямарч л байсан П.Т-, П.Л- 2 маргалдаад хоорондоо барьцалдаж нэг нэгнийхээ хувцаснаас зулгаагаад зууралдаад байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84 хуудас),

- Цогцост үзлэг хийсэн “..Толгойн зулай хэсэг зүүн чамархайг хамарсан хатуувтар хавантай, зүүн нүдний дээд зовхи дотор булан, доод зовхи хамарсан хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийнх 16-18 хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2348 дугаартай шинжээчийн “..Талийгаачийн цогцост зүүн зулайгаас, зүүн чамархай, суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарал, зүүн зулай, чамархай, суурийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины зүүн зулайн дэлбэн дэх няцрал, тархи дарагдал, баруун өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж нас барсан..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-90 хуудас),

- Эд мөрийн баримтаар “... хохирогчийн 10 хурууны хумс, амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн өмд, шар өнгийн фудболк, шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн дотоож, ягаан өнгийн оймс, хар өнгийн гутал, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан цус мэт хүрэн өнгийн дээж...” зэргийг тооцсон мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20 хуудас),

- 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 5041 дугаартай биологийн шинжилгээний шинжээчийн “..., Шар өнгийн футболкан дээр илэрсэн цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Шар өнгийн футболкан дээр илэрсэн цусны бүлгийн харьяалал нь амь хохирогч П.Л-гийн цусны бүлгийн харьяаллаас өөр төрлийн харьяалалтай, П.Т-ын цусны бүлгийн харьяалалтай нэг төрлийн бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 102 хуудас)-ээр  тус тус нотлогдон тогтоогдсон.

2. Шинжээчийн 2348 дугаартай дүгнэлтээр амь хохирогч гавал тархины гэмтлийн улмаас тархи дарагдаж амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Т-ын хохирогчийн толгойн тус газарт цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор нас баржээ.

Энэхүү нөхцөл байдал нь шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Талийгаачийн биед үүссэн гавал тархины гэмтэл нь гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Зүүн зулайгаас, зүүн чамархай, суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарлын улмаас алдаж байгаа цусны хэмжээнээс хамаарч тархи дарагдах хүртэл тодорхой үйлдэл хийх болон амьд явах боломжтой. Зүүн зулайн хуйханд үүссэн цус хуралт гэмтэл нь зүүн нүдний дээд, доод зовхи руу буусан учраас дээд доод зовхинд цус хуралт үүссэн. Өөрөөр хэлбэл зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт нь зүүн зулайн хуйханд үүссэн цус хуралт гэмтлээс болж үүссэн цус хуралт юм. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 98-99 хуудас)-ээр нотлогдсон.

 

3. Шүүгдэгч П.Т-ын хохирогчийн толгойн тус газарт цохиж амь насыг хохироосон үйлдэл нь хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний дээрх хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан.

4. Шүүгдэгч П.Т-: “П.Э- хажуугаас гэнэт над руу дайрч нүүр лүү цохиж хиймэл шүд унагасныг Т.Ц- нар салгасан.Тэр үед талийгаач миний урд зогсож байсан, П.Э- намайг цохих гэж байгаад талийгаачийн толгойд араас нь цохисон, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар худал мэдүүлж байна” гэсэн мэдүүлэг, Иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгч П.Т-ыг гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж,  мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заажээ. Тиймээс шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсхүл өөрийн хийсэн үйлдлээ нотлох шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй. Харин шүүгдэгч П.Т- нь хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т.Ц-, гэрч П.Э-, Б.Б.Б-, П.П.Б-, насанд хүрээгүй гэрч Э.Б-, Э.А- нарын мэдүүлэг болон шинжээчийн 2348 дугаар дүгнэлт, биологийн шинжээчийн 5041 дугаар дүгнэлт, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг зэргээр нотлогдсон тул иргэдийн төлөөлөгчийн гэм буруугүй гэх дүгнэлт, мөн шүүгдэгчийн гэм хэрэг үйлдээгүй гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Отгонбаатарын: “Гэрч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээс зөрүүтэй, гэрч Болдбаатар хүндэтгэн үзэх шалтгаанаар мэдүүлэг өгөөгүй, Б.Б-ийн шүүхэд өгсөн мэдүүлгээр Г.П- амь хохирогчийг 2 удаа алгадсан, П.Т- огт цохиогүй гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоох мөн мөрдөгч шинжээчээс толгойд нь 2 удаа цохиход ийм гэмтэл үүсэх үү гэх байдлаар хөтлөх асуулт тавьж мэдүүлэг авсан тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах, нэмэлт ажиллагаа хийлгэх” санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн.Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тал бүрээс нь шалгаж тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтууд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, харин гэрч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт “П.Т-, П.Л- хоёр ноцолдож байгаад П.Л- нь эцэг Пүрэврагчаа дээр унахад эцэг нь түүнийг 2 удаа алгадсан” гэх байдлаар мэдүүлэг өгснөөс бусад нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөнтэй тохирч байгаа түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Т.Ц-, гэрч П.Э-, П.Б-, насанд хүрээгүй гэрч Э.А-, Э.А- нарын мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон.Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэг авсан ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6, 25.1 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн тул шүүхээс яллах талын нотлох баримтаар тооцож, харин түүний мэдүүлгээс “П.Т-, П.Л- хоёр ноцолдож байгаад П.Л- нь эцэг Г.П дээр унахад эцэг нь түүнийг 2 удаа алгадсан” гэх хэсгийг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзээ бүхий мэдүүлэг гэж үзсэн.

“Хүнийг алах” гэмт хэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон тул гэрч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Г.П- 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг нь амь хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шүүх эмнэлгийн “зүүн зулайгаас зүүн чамархай суурь ясны дунд хонхор хүрсэн шугаман хугарал” үүссэн талаарх шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн “гэмтэл цохилтоос үүссэн” гэх мэдүүлгээр тус тус няцаагдаж байгаа тул алгадалтаас үүссэн гэж үзэх үндэслэлгүй, гэрчийн дээрх мэдүүлэг бусад нотлох баримтаар тогтоогдоогүй. Иймд гэрч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14.Нотлох баримтыг шинжлэн судлах  явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, ... шийдвэрийн үндэслэл болгохгүй, мөн гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8.Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж тус тус заасны дагуу шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар тооцоогүй болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч П.Э-гийн өмгөөлөгч Ц.Амарын дүгнэлт: Шинжээчийн мэдүүлгээр П.Т-ын биед учирсан гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн бөгөөд түүний биед учирсан олон тооны зулгаралт, шархыг бүхэлд нь П.Э- учруулсан гэдэг эргэлзээтэй.Энэ хоёрыг зууралдах явцад Т.Ц-, П.Б- нарын зэрэг хүмүүс татаж зулгааж салгасан, талийгаач хумсаараа маажсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү? гэсэн.

7. Шүүгдэгч П.Э-г 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүрэг ... дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар гудамжны ... тоотод өөрийн төрсөн дүү П.Т-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Э-г цагаатгаж шийдвэрлэлээ.

8. Болсон үйл явдлыг сэргээн дүрсэлбэл: 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ... дүүрэг ... дугаар хорооны нутаг дэвсгэр .... гудамжны ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ П.Т- нь “та миний амьдралд гай болсон, би танаас болж шоронд орсон” гэх асуудлаар П.Э-тэй маргалдаж, зууралдсан энэ үед хамт байсан хүмүүс болох Т.Ц-, П.Б- нар салгасан үйл баримт тогтоогддог. Тодруулбал: Хохирогч П.Т-ын “... Би гэрээс П.Б-н хамт гараад гадна зогсож байтал миний араас П.Э- ах гарч ирээд надтай маргалдаад 2 биетэйгээ зууралдаж барьцалдаж авсан. Гэрийн гадаа маргалдах үед П.Б- П.Э- ах бид хоёрыг салгасан. Энэ үед миний биед тухайн хөнгөн гэмтэл учирсан байх гэж бодож байна. Өөрийн ах П.Э-д миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 хуудас), гэрч Т.Т.Ц-ы “... Архи уугаад сууцгааж байтал П.Э- ах руу П.Т- ах “би танаас болж шоронд явсан, та миний амьдралд гай болсон” гэх зүйл яриад П.Т- ах П.Э- ах хоёр маргаж муудалцаад бие биетэйгээ барьцалдаад авахаар нь бид тэр хоёрыг салгаж П.Э- ахыг П.Б- бид хоёр хадам аавын гэрээс авч гарч өөрийнх нь гэрт оруулсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 хуудас), насанд хүрээгүй гэрч Э.Азжаргалын “... би баруун гэрт орж харсан чинь манай аав П.Э-, аавын дүү П.Т- нар муудалцаад бие бие рүүгээ зодолдох гээд хэрэлдэж байсан. Аав П.Э-, П.Т- ах хоёрыг П.Б- ах, А- /Т.Ц-/ ах бид нар салгаад аав П.Э-г гэр рүү нь оруулсан..” (хавтаст хэргийн 77 хуудас) гэх мэдүүлгүүдээс дүгнэн үзвэл маргааныг П.Т- эхлүүлсэн байх бөгөөд хэн аль нь бие биеэ цохиж, зодсон үйл баримт тогтоогдоогүй харин харилцан ноцолдож, зууралдсан, тэдгээрийг салгах гэж хажууд нь байсан хүмүүс татаж, чангаасан нөхцөл байдал тогтоогдсон.

9. Гэрч П.Э-гийн “... манай эмэгтэй дүү П.Л- намайг өмөөрөөд “та яахаараа ах руу дайрч, янз бүрээр хэлдэг юм, ах танд ямар гэм хийсэн юм бэ” гэж хэлээд тэр 2 хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. П.Л- П.Т-ын нүүрийг самардаж маажсан. ... П.Л- бол намайг өмөөрөөд П.Т- руу дайрч нүүр ам руу нь цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 хуудас),

Гэрч Б.Б.Б-ийн “...П.Т- нь П.Э- ахыг гарья гээд энгэрээс нь татаад байсан ба тухайн үед П.Л- дундуур нь орж ирээд П.Э- ахыг өмөөрөөд П.Т-т хандаж “Та яахаараа дандаа ингэж ах руу дайрч байдаг юм бэ? Ах танд ямар гэм хийчхээд байгаа юм?” гээд П.Л- нь П.Т-ын нүүр хэсэгт хумсаараа урсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 хуудас) зэргээр П.Т-ын биед учирсан зарим гэмтлийг буюу нүүр хэсгийн шарх, зулгаралтыг амь хохирогч П.Л- учруулсан байх боломжтой нөхцөл байдлыг тогтоож байгаа.

10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 10641 дугаартай шинжээчийн “…П.Т-ын биед зулайн хуйх, дух, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хүзүү, баруун тохой, зүүн бугалга, баруун, зүүн шуу, баруун алга, цээж хэвлий, баруун шилбэнд зулгаралт, хүзүү, цээж, баруун бугалга, зүүн тохой, баруун, зүүн шуу, зүүн гуянд цас хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмт хэрэг гарах болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 115-116)-ээр П.Т-ын биед олон тооны шарх, зулгаралтууд үүссэн болох нь тогтоогдсон бөгөөд шинжээч эмч Б.Долгормаагийн “...П.Т-ын биед үүссэн дээрх гэмтлүүд нь бүхэлдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтлүүд зууралдах татаж чангаах ноцолдох үед үүсэх боломжтой...” (хавтаст хэргийн 123-124 тал) хэмээн мэдүүлсэн.

11. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд: Шүүгдэгч, хохирогч нар архидан согтуурсан сүүлийн өдрийн орой буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20 цаг 30 минутын орчимд П.Т- үг хэлээр эхэлж өдөн маргааныг эхлүүлсэн П.Э-гийн зүгээс түүнийг санаатайгаар цохиж зодсон гэх үйл баримт тогтоогдоогүй, харилцан ноцолдож зууралдах явцад амь хохирогч П.Л- дундуур нь орж П.Т-ын нүүр, цээж маажиж зулгаасан, мөн тэдгээрийн маргааныг салгах гэж П.Б-, Т.Ц- нар татаж чангаасан ноцолдсон үйл баримтууд тогтоогдсон нь шинжээч эмчийн “Уг гэмтлүүд зууралдах татаж чангаах ноцолдох үед үүсэх боломжтой...” гэх тайлбарыг давхар нотолж байгаа, мөн П.Т-ын биед учирсан олон тооны зулгаралт цус хуралтуудын алиныг П.Э- ямар үйлдлээр хэзээ учруулсан болохыг ялгаж салгаж хөдөлбөргүй тогтоож ирүүлээгүй нь “дээрх гэмтлүүд дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, ...” гэх шинжээчийн тайлбартай зөрчилдөж байгаа, мөн П.Э-гийн зүгээс бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэсэн санаа зорилго тогтоогдоогүй тул П.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн.

12. Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч П.Э-г гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй болно.

13. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэж мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч П.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...” гэж заасан бөгөөд хүний амь нас бол мөнгө бусад эд зүйлээр нөхөх боломжгүй хор уршиг болно. Амь хохирогч нь бага насны хүүхэдтэй тул тэжээгчээ алдсаны тэтгэмж болон цаашид гарах хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

  

14. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас: Шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 601 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 10 сар 18 хоногийг хугацааны өмнө суллагдсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жил 10 сар 18 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч П.Т-ын өмгөөлөгч Ч.Отгонбаатараас: “Хөнгөн ял оногдуулж өгнө үү, мөн оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц-аас “...Хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцуулсан.

 

15. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч П.Т-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ц- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгч П.Т-ыг хохирол нөхөн төлсөн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох боломжгүй.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай.

 

Шүүгдэгч П.Т- нь хорих ялаас хугацааны өмнө суллагдсанаас 2 хоногийн дараа дахин хүн амины гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг зэргийг харгалзан улсын яллагчийн ялын дүгнэлт, өмгөөлөгчийн хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх ялын саналаас хүндрүүлж шүүгдэгч П.Т-т 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр заах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.

Уг ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 601 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 01 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 10 сар 18 хоногоор тогтоож шийдвэрлэв.

 

16. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч шүүгдэгч П.Т-ын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 128 (нэг зуун хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Алаг адуут овогт П.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, П.Э-г цагаатгасугай.

2. Шүүгдэгч Боржигин овогт П.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр, хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан 01 жил 10 сар 18 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Т-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Т-ын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх цагдан хоригдсон 128 (нэг зуун хорин найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Хохирогч талаас хүүхдийн тэтгэмж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хохирогчийн 10 хурууны хумс, амь хохирогчийн өмсөж байсан хар өнгийн өмд, шар өнгийн фудболк, шаргал өнгийн хөхний даруулга, хар өнгийн дотоож, ягаан өнгийн оймс, хар өнгийн гутал, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан марленд шингээн авсан цус мэт улаан хүрэн өнгийн зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагаатгагдсан этгээд П.Э- цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд П.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч П.Т-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ

                                                   ШҮҮГЧ                             С.СЭРЖМЯДАГ

                                                  ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР