Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/128

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч *******ын ******* Шүүгдэгч *******ын ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э. *******д холбогдох 2123000000174 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 23 настай эрэгтэй, халх, боловсролтой, программ, хангамжийн инженер мэргэжилтэй, , нацаг, ах, дүүгийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай овогт *******ын *******, /регистрийн дугаар: *******/,

Шүүгдэгч Э.******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоот хашааны үүдэнд 16 настай иргэн А.*******тэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч *******ын ******* нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг тоот хашааны үүдэнд А.*******тэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал: Ц.*******д зодуулсан талаар мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч А.*******ийн “...манай ангийн хэдэн хүүхэд өөр сургуулийн хэдэн хүүхэдтэй маргалдсан. Тэгээд маргалдаад зогсож байх үед нэг машинтай ах ирсэн. ...тэнд байсан хүүхдүүд бүгд зугтаасан. Тэгээд нөгөө машинтай ах миний хойноос гүйж байсан, би тэр үед шууд гүйсээр байгаад гэрийнхээ хашаанд орж ирсэн. Тэгсэн миний араас нөгөө ах ирээд “намайг гараад ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би яваад очсон. Тэгсэн “хамт байсан хүүхдүүд ээ таних уу, гэр нь хаана юм” гэж асуусан. ...би “мэдэхгүй” гэж хариулсан. ...Тухайн үед миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон. Дараагаар нь тонгойчихсон байх үед намайг өвдөглөсөн. Өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Ц.*******ийн “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг 15 минут орчмын үед ажил руугаа явах гээд хувцсаа өмсөж байх үед манай хүү ******* машинаа асааж байхаар нь би “хайчих нь вэ” гэж асуусан. ...Манай дүүгийн хүүхэд манай хүү ******* руу залгаад “ах аа манай ангийн хүүхдүүдийг 4 дүгээр сургуулийн хүүхдүүд зодоод байна, та ирж туслаач” гэж залгасан гээд манай хүү ******* гараад явсан. ...би араас нь ажил руугаа явах гээд автобусны хоёр дугаар буудал орох гээд явж байх үед хэдэн хүүхдүүд доошоо гүйл явсан. Тэгэхээр нь юу болов оо гэж бодоод гудамж руу тойроод очиход *******, манай хүү ******* нар барьцалдчихсан хашаанаас гарч ирж байсан. Тэгээд намайг яваад очих үед ******* гэх хүүхдийн аав нь ч гарж ирж таарсан. Намайг наанаас нь хараад очиж байх үед манай хүү ******* болон ******* нар барьцалдчихсан хашаанаас гарч ирсэн...” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...Би тухайн өдөр 16 цагийн үед гэртээ байж байсан. Тэгтэл манай хашааны үүдэнд хүн чанга чанга дуугараад байхаар нь би гэрээсээ гарсан. Тэгсэн чинь манай хашааны үүдэн дээр манай хүү *******ийг зүс таних ******* гэх хүүхэд зодож байсан. Тэгсэн чинь гудамны өнцгөөс *******гийн ээж гэх хүн ирсэн. Тэгээд бид хоёр салгасан. Тэгээд манай хүүхэд ******* хойшоо гүйгээд явчихсан. Тэгээд салцгаасан. Тэрний дараагаар би хүүхэдтэйгээ уулзах үед нүднийх нь доор язарчихсан байсан. Тэгээд би эмнэлэг аваад явсан. ...эмнэлэг дээр очоод хүүхдийнхээ нүдний язарсан хэсэгт оёдол тавиулсан. Тэгээд маргааш нь цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Тухайн үед намайг гэрээсээ гарч ирэх үед ******* тонгойчихсон харин ******* манай хүүг цохиж харагдсан...” гэсэн мэдүүлгээр, Хэргээ хүлээн мэдүүлсэн Э.*******гийн “...манай ээжийн эгчийнх нь хүүхэд над руу залгаад “бид нарыг авраарай, ууланд гарчихаад буцаад явж байсан чинь 4 дүгээр сургуулийг 20 гаруй хүүхдүүд мотоциклтой ирээд бид нарыг зодоод байна, ахаа ирээд аваач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмээгийндээ усаа аваачихаад машинаа унаад Шинэ хорооны Ямаа майлдаг гэх газар очсон. Намайг очих үед баахан хүүхдүүд бүгд тал тал тийшээ зугтаачихсан. Тэгэхээр нь дүүгээ авчихаад хамгийн ойрхон зугтаж байсан 3 хүүхдийн араас очсон. Тэгээд жалгаар гараад явчихаар нь машинаа үлдээгээд араас нь дүүгээ дагуулаад очсон тэгсэн зугтаагаад явцгаасан, харин нэг хүүхэд нь хашаа руугаа орж байсан. Тэгэхээр нь очоод дуудаж гаргаж ирээд би “яагаад манай дүү нарыг олуулаа нийлж зодож байгаа юм бэ, хоёулаа цагдаа дээр очъё, цагдаа ирчихсэн байна, бусад хүүхдүүдээ заагаад өг” гэж хэлсэн чинь “мэдэхгүй, би бүгдийг нь танихгүй” гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохиод, тонгойхоор нь нуруун дээр нь нэг удаа цохиод, бөгс рүү нь өвдөглөсөн, тэр үед аав нь гарч ирээд “чи манай хүүхдийг яагаад зоддог юм” гээд над руу дайрсан, тэр үед манай ээж эмээгийнхээс ажилдаа явах гээд гарч ирэх үед ээ хараад мөн ирсэн. ...миний цохисон хүүхдийн аав нь хоёр цагдаагийн хамт эмээгийн гэрт ирээд “манай хүүхдийн нүд гэмтсэн байна” гэж хэлээд ирсэн. Би тухайн үед гараараа зүүн шанаа хэсэгт нь 1 удаа цохиод, тонгойхоор нь нуруун дээр нь нэг удаа цохиод, бөгс рүү нь өвдөглөсөн, өөр ямар нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогчтой эвлэрсэн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Э.*******гийн үйлдлийн улмаас хохирогч А.*******ийн биед хөнгөн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 000000373 дугаартай “...1...Иргэн А.*******ийн баруун нүдний доод зовхинд шарх, баруун нүдний , доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. 3.Иргэн А.*******ийн биед үүссэн гэмтлүүд нь 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн А.*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Э.******* нь хохирогчийн нүүрэн тус газар нь цохисон үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Э.******* нь иргэн А.*******ийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг цохиж, өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Э.*******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Прокуророос шүүгдэгч *******ын *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр /166.666/ төгрөгөөр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Э.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Э.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДЭЛГЭРМАА