| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2017/00403/И |
| Дугаар | 142/ШШ2017/00528 |
| Огноо | 2017-05-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2017/00528
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-5-601 тоотод оршин суух Боржигон овгийн Чойжилсүрэнгийн Отгонжаргалын РД /ХЛ:67063001/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 1-67 тоотод оршин суух Хаад боржигон овгийн Жигжиддоржийн Тунгалагт /АЭ:67080461/ хариуцагдах 2,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Отгонжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Төмөрчулуун, хариуцагч Ж.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 2016 оны 1 дүгээр сарын 30-нд Ж.Тунгалагт 2,200,000 төгрөг өгсөн. 2,100,000 мобайл банкаар, 100,000 бэлнээр өгсөн. Буцааж өгнө гээд өгөхгүй байна. Иймд Ж.Тунгалагаас 2,200,000 төгрөг нэхэмжилж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжиж байна.2016 оны 11 сарын 30-ны өдөр Тунгалаг манай ажил дээр ирээд “Жи тайм сүлжээний бизнест ор,ашигтай,би мөнгийг чинь эргүүлэд өгье,чи санаа зоволтгүй”гээд 2,200,000 төгрөг авсан.Сүлжээгээ ярьсан,би ойлгохгүй гээд мөнгөө өгсөн.Надад өгсөн нэвтрэх нууц үгээр нь Жи тайм компаний хаягаар ороход нэвтрэхгүй болохгүй байсан тул би мөнгөө нэхэж эхэлсэн,Чулуунбаатар гэдэг хүнтэй нь очиж уулзсан.Мөнгийг нь бушуухан гаргаж өг гэсэн.Миний мөнгийг луйвардаж авсан гэж үзэж байна.2 200 000 төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ.
Хариуцагч Ж.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа:Ч.Отгонжаргалын нэхэмжлэлд дурьдсан 2,200,000 төгрөгийг Ж.Отгонжаргал миний бие өөртөө авч ашиглаагүй бөгөөд Ч.Отгонжаргал нь “Жи тайм” компаний вип хөтөлбөрт орж ажиллах саналыг хүлээн авч өөрийн хүсэлтээрээ зөвшөөрсөн учраас тус мөнгийг “Жи тайм” компаний дансанд шилжүүлсэн болно. Иймд “Жи тайм” компанид нэхэмжлэл гаргаж өөрийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой болно. Бүх баримт материал нь “Жи тайм” компанид хадгалагдаж байгаа болно гэжээ.
Хариуцагч Ч.Тунгалаг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Отгонжаргал бид найз нөхөд.Миний бие Жи тайм ХХК-ний бизнесийг санал болгосон.Хамтарч ажиллая,цалинд хүрэхэд нь туслая,ард нь хүн хийж өгье гэж яриад 2,200,000 төгрөг би авсан.Энэ мөнгийг би Жи тайм компаний дансанд хийсэн.Би “мөнгө аваад буцааж өгнө” гэж аваагүй.би хүчээр аваагүй,ярьж тохироод авсан.Тэгээд ажиллаад явж байтал Жи тайм компанийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.Одоо ч шалгаж л байна.Би өөрөө энэ Компаний бизнест 2016 оны 4 сард орсон.Нууц үгээрээ орохоор байршил нь харагддаг.Би Отгонжаргалд нууц үгийг нь өгсөн.Ажиллаж хөдөлмөрлөж байж мөнгөө авна.Түүнээс биш зүгээр байж байгаад авна гэж байхгүй шүү дээ.Мөнгийг Жи тайм ХХК-ний дансанд хийсэн тул би төлөхгүй.Энэ компани угаасаа хүмүүсийн хохиролыг барагдуулна гэж байгаа юм байна лээ гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Отгонжаргалын иргэний үнэмлэхний хуулбар,2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны Орхон салбараас ирүүлсэн 5096050420 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар, хариуцагчийн хувийн бүртгэлийн дэвтэр зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.Отгонжаргал хариуцагч Ж.Тунгалагаас 2,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.
Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зуучлалын гэрээ байгуулагдаж,Ж.Тунгалаг нь /зуучлагч/Ч.Отгонжаргалын/зуучлуулагч/ ашиг сонирхолын төлөө, түүнээс олгосон бүрэн эрхийн дагуу сүлжээний бизнес эрхэлдэг “Жи тайм”гэх гадаадын компанитай холбож өгөх үүрэг хүлээж 2,100,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5096050420 дугаарын дансаар,100,000 төгрөгийг бэлнээр тус тус хүлээн авсан болох нь зохигчдын тайлбар,дансны хуулгуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ “Надад өгсөн нэвтрэх нууц үгээр нь Жи тайм компаний хаягаар ороход нэвтрэхгүй болохгүй байсан тул би мөнгөө нэхэж эхэлсэн,Чулуунбаатар гэдэг хүнтэй нь очиж уулзсан.Мөнгийг нь бушуухан гаргаж өг гэсэн.Миний мөнгийг луйвардаж авсан гэж үзэж байна”гэж тайлбарласан бол,хариуцагч хариу тайлбараа үндэслэхдээ “...Энэ мөнгийг би Жи тайм компаний дансанд хийсэн.Би “мөнгө аваад буцааж өгнө” гэж аваагүй.би хүчээр аваагүй,ярьж тохироод авсан” гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан, зохигчдын тус бүрийн Хаан банкин дахь дансны хуулгуудаар 2 100 000 төгрөг “жи тайм” гэсэн гүйлгээний утгаар нэхэмжлэгчийн данснаас хариуцагчийн дансанд орсон болох нь тогтоогдсон,мөн 100 000 төгрөгийг хариуцагч бэлнээр авсанаа тайлбарласан ба, харин хариуцагч “Энэ мөнгийг би Жи тайм компаний дансанд хийсэн” гэх тайлбараа баримтаар нотлоогүй.Өөрөөр хэлбэл Ч.Отгонжаргалаас шилжүүлэн авсан 2 200 000 төгрөгийг Ж.Тунгалаг нь Жи тайм компаний дансанд шилжүүлж хийсэн талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй.
Хариуцагчийн шүүх хуралдаанд судлуулахаар гаргасан хувийн бүртгэлийн дэвтэрт хийсэн бичилтүүд нь хувь хүний өөрийнх нь бүртгэл байх тул дээрхи мөнгийг Жи тайм компаний дансанд шилжүүлж хийсэн гэх үйл баримтын нотолгоо болохгүй.Зүй нь, энэ үйл баримт нь Жи тайм ХХК-ний мөнгө хүлээн авсан кассын болон Ж.Тунгалагын банкны шилжүүлгийн баримтаар нотлогдох учиртай болно.Түүнчлэн мөнгө шилжээгүйн зэрэгцээ, нэхэмжлэгч “Надад өгсөн нэвтрэх нууц үгээр нь Жи тайм компаний хаягаар ороход нэвтрэхгүй болохгүй байсан”гэж тайлбарласан байх тул хариуцагч Ч.Отгонжаргалыг уг компанитай холбож өгөх зуучлагчын үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч зуучлалын гэрээнээс татгалзаж өөрт учирсан хохиролоо арилгуулахаар нэхэмжлэх эрхтэй.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д”Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй”гэж,227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй”гэж тус тус заасан.Хариуцагч Ж.Тунгалаг нэхэмжлэгчийг Жи тайм компанитай холбож өгсөн,мөнгийг өөрийнх нь нэрээр байршуулсан талаар нотолгоо гаргаж чадаагүй тул гэрээнээс татгалзсаны хохиролыг арилгах үүрэг хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага,түүнийг үгүйсгэх ,татгалзах үндэслэл,тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,нотлох баримтыг цуглуулах,гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтаа хариуцагч өөрөө гаргаж өгөх үүрэг хүлээсэн.
Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамж 50,150 төгрөгийг нэхэмжлэгч хуульд заасны дагуу урьдчилан төлсөн тул төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар.төлүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээнд гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1,227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Ж.Тунгалагаас 2,200,000 төгрөг гаргуулан Ч.Отгонжаргалд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 50,150 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагчаас 50,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ