Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/287

 

 

 

 

 

 

 

       2022         03          07                                        2022/ШЦТ/287    

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

шүүгдэгч А.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.О-т холбогдох 2208 00000 0413 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, ...... дүүргийн ...... дугаар хороо, Хангайн ........ дугаар гудамжны ............. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Сартуул овогт А.О- /рд:та9101............./

 

Холбогдсон хэргийн утга: А.О-нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны шөнийн 01 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ...... тоотод байрлах Ц.С-гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “миний мөнгөөр дахин архи авхуулах гэлээ” хэмээн Ц.С-тай маргалдан зуухны хажууд байсан хутгыг авч, түүний зүүн гарын шуу хэсэгт хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 214 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.О-н үйлдлийн улмаас хохирогч Ц.С-эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь:

- Цагдаагийн байгууллагад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 01 цаг 24 минутад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 01 дугаар тал),

- Хохирогч Ц.С-н өгсөн “... 2022 оны 02 дугаар сарын 11-ний орой 21 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 19-8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ хажуу хөрш А.О- гэх залуутай 1 шил 0.75 литрийн хараа архи хувааж ууж байгаад архи дуусах үед А.О- надад надад дараагийн архийг та худалдаж авах уу би худалдаж авах уу гэж асуухаар нь хэн нь ч худалдаж авсан яах вэ гэж хэлэхэд А.О- юу гэсэн үг юм бэ саяын архийг би дэлгүүрээс авсан биз дээ та одоо авах ёстой юм биш үү гээд гэр дотор сууж байхдаа зуухны хажууд мах идэж байсан хар өнгийн иштэй хар хутгыг авахаар нь би зүүн гараараа А.О-ыг хутгаар яах гээд байгаа юм бэ гэхэд баруун гартаа барьсан байсан хутгаар миний зүүн гарын шуу хэсэгт 1 удаа хутгалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дүгээр тал),

- Хутгыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар тал)

- Гэрч Т.О-н “... А.О-ыг миний зүүн гарын шууны хэсэгт хутгалчихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 2936 дугаартай “...Ц.С-н биед зүүн шуунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дугаар тал),

- А.О-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...Ц.С- ахтай ууж байсан архи дуусах гэхээр нь би ахаа та одоо нэмж ганц шил архи авах уу гэж хэлтэл ахад нь мөнгө байхгүй би өмнө чамд архи авч өгч байсан биз дээ чи одоо архи ав гэхээр нь надад одоо мөнгө байхгүй би байгаа мөнгөөрөө танайд орж ирэхдээ архи авчихсан гээд бид хоёр маргалдсан. Зуухны хажууд мах огтолж идэж байсан хар иштэй хутгыг баруун гараараа шүүрч авахад чи одоо яах гэж байна гээд зүүн гараараа намайг түлхэхээр нь би түлхсэн гарынх нь шуу хэсэг рүү нь гартаа байсан хутгаараа зүсчихсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дүгээр тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.О-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон.

 

3. Хохирогч Ц.Сүхбаатар нь гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт (хавтаст хэргийн 92 хуудас), гомдол саналгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 тал)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

4. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч А.О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  ...-т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

            6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар шөнийн цагаар хохирогчийн гэрт орчин маргаан үүсгэсэн байдал, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хувиараа ажил эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогч Ц.С- нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлсөн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй зэргийг харгалзан үзсэн болно.  

 

            Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.О-ыг 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт А.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О-т 550 нэгж буюу 550,000 төгрөгөөр торгох  ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.О-т үүрэг болгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ