Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2017/00516

 

Гэрлэгчдийн эвлэрлийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж, Ч.Насантогтохын нэхэмжлэлтэй С.Өлзийжаргалд холбогдох “гэрлэлт цуцлуулах,хүүхдийн асрамж тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Насантогтох, хариуцагч С.Өлзийжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Насантогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Чойжин овогтой Насантогтох 2006 онд Сосорбарам овогтой Өлзийжаргалтай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2006 онд хүү Баянжаргалыг төрүүлсэн.Нөхөр болох С.Өлзийжаргал байнга архи уудаг ажил төрөл хийдэггүй. Архи уусан үедээ агсан тавьж элдэвээр хэлж зодож нүддэг. Цагдаад хэд хэдэн удаа баривчлуулсан боловч гарч ирээд л яасан цагдаад өгдөг пизда вэ гээд л зоддог. /Толгойруугаа байнга цохиулсаны улмаас тархины судас нарийссан/ гэмтэлтэй болсон. Мөн өмдний тэлээгээр хөх эрээн болтол ороолгож, хоолой багалзуур боож хаа явсан газар чинь ална гэж заналхийлдэг. Мөн буцалсан халуун усаар цацаж дал мөр түлсэн. Цаашид би энэ хүнтэй амьдарч чадахгүй айж байна. Би хүү Баянжаргалыг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бид 2-т эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Иймд хуулийн дагуу гэрлэлтийг цуцлаж өгнө үү ”гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Насантогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 13 жил амьдарч байна.Нөхөр хааяа архи ууж агсам тавьж надад гар хүрдэг тул гэрлэлтээ цуцлуулна гэж нэхэмжлэл гаргасан.Энэ хүн үнэхээр ойлгож гэр бүлтэйгээ байяа гэж байгаа бол нэг удаа эвлэрч байна гэжээ.

Хариуцагч С.Өлзийжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:...Миний бие өөрийн эрхэлсэн тодорхой ажилгүй болохоор гэр бүлийг тэжээхийн тулд аль тааралдсан хар бор ажлыг хийж өдий хүрсэн. Амьдралын нөхцөл байдал, орлого мөнгөний асуудал зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүдээс болж эхнэр бид хоёрын дунд хэрүүл маргаан болох үед түүнд гар хүрэх үе байсныг нуухгүй. Тухайн бүрт нь миний эхнэр Ч.Насантогтох нь цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байсан. 2016 оны хавар хоорондоо хэрүүл хийж үүнээс хойш тус тусдаа амьдарч байгаа. Хэдийгээр эцэг эхийнхээ гэрт амьдарч байгаа хэдий ч байнга уулзаж харилцаатай байгаа. Миний хувьд эхнэр хүүхдийн хамт элэг бүтэн амьдрах, хүүхдээ өнчрүүлэхгүй эхнэртээ амьдралын хүндийг үүрүүлэх хүсэлгүй байна. Иймд эхнэрийн маань гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж бидний гэр бүлийг хэвээр үлдээж өгнө үү. Миний бие цаашид гэр бүлийн хүрээнд ямар нэгэн хэрүүл, маргаан болон эхнэртэйгээ хүнлэг бус харьцааг таслан зогсоож эхнэр хүүхдийнхээ төлөө гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдрах болно гэдгээ шүүгч таньд батлан хэлье” гэжээ.

Хариуцагч С.Өлзийжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би гэрлэлтээ цуцлуулах хүсэлгүй байна.Үр хүүхэдтэйгээ баймаар байна.Хааяа архи уудаг нь үнэн.Тэлээгээр ороолгосон,багалзуурыг шахсан нь үнэн.Цаашид архинаас холдож гэр бүлтэйгээ сайхан амьдарна гэж эхнэртээ амлаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Насантогтох нь хариуцагч С.Өлзийжагргалд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Ч.Насантогтох, С.Өлзийжаргал нар нь 2006 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан ба хүү Ө.Баянжаргалыг 2006 онд төрүүлсэн байна. Гэрлэгчид нөхөр С.Өлзийжаргалын архи ууж, гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж,үл хүндэтгэх байдал,гэр бүл доторхи хүчирхийлэл үл ойлголцлоос шалтгаалан Ч.Насантогтох нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд ханджээ.Гэвч хариуцагч “...Цаашид архинаас холдож гэр бүлтэйгээ сайхан амьдарна гэж эхнэртээ амлаж байна” гэж тайлбарласныг нэхэмжлэгч зөвшөөрч эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг батлаж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ч.Насантогтох, хариуцагч С.Өлзийжаргал нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Зохигчид энэ захирамжинд гомдол гаргахгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Д.АРИУНЦЭЦЭГ