Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/296

 

 

 

 

 

 

 

       2022         03          09                                        2022/ШЦТ/296   

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Э.А-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ариунболдод холбогдох 2208 00000 0306 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 3 сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ... аймгийн ... сум .... тоотод оршин суух хаягтай, урьд

Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ял,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

Орхон овогт Э.Б- /РД:ФД8510.../.

Холбогдсон хэргийн утга:

Шүүгдэгч Э.А-нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 5 дугаар гудамжны 158 тоотод Ч.Т-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа толгой нүүр хэсэгт цохиж унаган нуруу, цээж толгой нүүр уруул хэсэгт өшиглөх, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн завжинд цус хуралт, шарх, зүүн 1-р шүдний сулрал, баруун чамархайн ар хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гар утсаа нүүр хэсэгт нь шидэж хамар ясны хугарал, таславчийн мурийлт мөн гар утсаа нүүр хэсэгт нь шидэж хамар ясны хугарал  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.А-н үйлдлийн улмаас хохирогч Ч.Т-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь:

- Цагдаагийн байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн 02 цаг 26 минутад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар тал),

- Хохирогч Ч.Т-н өгсөн “...Э.А- намайг нөгөө хоёр залууд энэ Таван толгой гэх газар том машин явуулдаг их баян гар байгаа юм гэх зэргээр агсарч ярьж байхаар нь би юу ч дуугараагүй унтах гээд орон дээр сууж байтал Э.А- намайг ална гэж хэлээд шууд нүүр лүү өшиглөөд авахаар би нүүрээ дартал хамраас цус гарсан чинь нөгөө хоёр залуу гэрээс гараад явахаар нь үүнийг аваад яваач гэж хэлтэл юу ч ярихгүй хаалга хаагаад гартал Э.А- хоёр гараараа миний дээрээс толгой тархи нүүр бие толгой нүүр уруул хэсэгт өшиглөж байгаад болихоор нь дээшээ бостол орон дээр цэнэглэж байсан миний хар өнгийн Орро маркийн гар утсыг над руу шидтэл миний дух баруун хэсэгт онож газар унахад гар утсаа авч халаасандаа хийгээд гэрээс гарч зугтаагаад цагдаад дуудлага өгч Э.А-г барьж өгсөн... би Э.А-с нийтдээ гар утасны төлбөрийг оролцуулаад 404,230 төгрөгийн хохирол авсан ... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дүгээр тал),

- Гэрч Д.Ш-н “...Тэр хоёр маргалдаад байх шиг байхаар нь болиоч та хоёр юу болоод байгаа юм гэхэд намайг тоохгүй Ч.Т- гэх залуу Э.А-г сууж байхад хальт хамар хэсэгт өшиглөөд авах шиг болтол Э.А- босож ирээд тухайн залуугийн нүүр хэсэгт 2-3 удаа гараараа ээлжилж цохиж газар унагаж байгаад дээрээс толгой нүүр, нуруу хэсэгт 2-3 удаа цохиж газар унагаж байгаад дээрээс толгой нүүр нуруу хэсэгт 2-3 удаа өшиглөхөөр нь би очиж салгасан. Тэгтэл Ч.Т гэх залуу газраас гар утсаа аваад гараад явахад хартал амнаас цус гарчихсан харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн 2033 дугаартай “...Ч.Т-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн завжинд цус хуралт, шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун чамархайн ар хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духны баруун хэсэг, зүүн хацар, хүзүүний баруун урд доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс  хамар ясны хугарал, таславчний мурийлт, зүүн хацар, дээд уруул, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруул, зүүн завжинд цус хуралт, шарх, зүүн дээд 1-р шүдний сулрал, баруун чамархайн ар хэсэг, зүүн чамархайн урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

- Э.А-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд өгсөн “...чи урьд өмнө 2021 оны 10 дугаар сард .... аймагт манай гэрт ирж надтай архи уучхаад намайг тасарч унаасан хойгуур манай эхнэрийг оролдох гэж байсныг чинь би эхнэрээсээ сонссон шүү чи бол хогийн новш гэж хэлтэл ... Ч.Т- гэнэт над руу уурлаад миний хамар хэсэгт хальт хөшиглөөд авахаар нь утсаа тасалж байгаад миний уур хүрээд Ч.Т-г барьж аваад баруун гараараа нүүр шанаа хэсэгт нь 2-3 удаа цохиж, газар унагаад дээрээс нь 1-2 удаа өшиглөчхөөд алхаж байгаад санамсаргүй Ч.Т-н гар утсыг газар байсныг харалгүй дээрээс нь гишгээд дэлгэцийг нь хагалчихсан чинь Ч.Т- гарч яваад удалгүй цагдаа дагуулж орж ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85-86 дүгээр тал) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

2. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

   3. Хохирогч Ч.Т нь гомдолгүй тухай бичгээр гаргасан баримт (хавтаст хэргийн 94 хуудас), гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй хохиролд 404,230 төгрөгийг хүлээн авсан гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 тал)-ээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ... -т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

5. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагчаас шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.

 

            6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар шөнийн цагаар хохирогчийн гэрт очин маргаан үүсгэсэн байдал, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, гэмт хэргийн нийгмийн аюул их биш, хувийн байдлын хувьд Э.А-урьд санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан тул түүнийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзсэн болно.

 

            Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

 

            7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Орхон овогт Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.А-д үүрэг болгосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.А-д мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ