Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2014/0317

 

    Б.Ж-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ш.Э нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ж-н нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг, шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 349 дүгээр албан бичгийн Б.Ж надад холбогдох хэсгээр "...Б-н Ж төрийн албаны шалгалтыг хаана, хэзээ ямар албан тушаалд өгсөн нь тодорхойгүй байх тул уг албан тушаалд нэр дэвшигч дээр дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлэх боломжгүй..." гэж дүгнэлт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалт зарлаж байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өөрийн нэрийг дэвшүүлэх тухай дүгнэлт гаргахыг Төрийн албаны зөвлөлд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Нэр дэвшигч Б.Ж нь төрийн албаны шалгалтыг хаана, хэзээ, ямар албан тушаал дээр өгсөн нь тодорхойгүй байсан тул буцааж байсан.

Дараа нь “өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд ажиллахыг хүсвэл сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан нь нэр дэвшигч иргэн Б.Ж Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын, (шалгалт өгсөн гэх) албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон

О:\3оуо1егс1епе\2014 он хэрэг\ЗЫ1с1уег1е1 йегед\В.^1^а||\0да(Ла1.<1осх

 

2

шалгаруулалтад тэнцэн нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нь Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахыг нотлон харуулж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу нэр дэвшигч Б.Ж нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй болно. Иймд иргэн Б.Ж-н гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 256-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч Б.Ж нь Монгол Улсын Зам тээврийн яамны Зам, хяналт, бүртгэлийн газрын даргын албан тушаалд тавигдах нөхцөл шаардлагыг хангасан талаарх дүгнэлт гаргахыг хариуцагч Төрийн албаны зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Төрийн албаны зөвлөл давж заалдах гомдолдоо: Төрийн албаны зөвлөл нь Зам тээврийн яамнаас ирүүлсэн тус яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын ажлын байрны сул орон тоонд иргэн Б.Ж-н нэрийг дэвшүүлж ирүүлсэн холбогдох материалыг судалж үзээд шийдвэрлэн 2014 оны 349 тоот албан бичгээр хүргүүлсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллага, албан тушаалтны (иргэний) санаанд нийцүүлэн хууль бус дүгнэлт гаргаагүй, харин ч үүргийнхээ дагуу хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй, шударгаар явуулах шаардлага тавьж буй нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүйг илтгэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүх нь шийдвэр гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 17.4, баримталсан байна. Дээрх хуулийн хэсэгт...төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх, ... боломжгүй бол ... нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс ... хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина ... гэж заасан болохоос биш шаардлага хангаагүй иргэнийг сонгон шалгаруулж, дүгнэлт гарга гэсэн үг биш болов уу.

 

Мөн шийдвэр гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3-г тус тус баримтлан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд үл хамаарах хуулийн зүйл, хэсэг, заалтыг үндэслэж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүх нь шийдвэр гаргахдаа хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Төрийн албаны зөвлөл нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй материалыг хүлээн авч, хэн нэг хүний санаанд нийцүүлээд байх юм бол, эсвэл шүүхийн шийдвэрээр сонгон шалгаруулж дүгнэлт гаргаад байх юм бол жинхэнэ утгаараа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 "ил тод байх", 4.2.4 "иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх", 4.2.5 "төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх" зарчмуудыг зөрчих, түүнчлэн төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдаж, цаашилбал иргэдээс төрд итгэх итгэл буурах сөрөг үр дагавар гарах юм.

Төрийн албаны зөвлөл нь иргэн Б.Ж-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлээгүй болон хөндсөн асуудал байхгүй ба Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам"-д заасны дагуу сонгон шалгаруулалтыг хууль дээдлэх, шударга, ил тод байх, адил тэгш хандах болон нээлттэй өрсөлдөөний зарчмаар явуулахыг эрхэм болгосон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ж нь Төрийн албаны зөвлөлд холбогдуулан Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, өөрийн нэрийг дэвшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгчээс “намайг төрийн удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэлтэй, маргаан бүхий албан тушаалд нэр дэвшигдэх шаардлагыг хангасан байхад миний нэрийг дэвшүүлэхгүй, уг албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль бус” гэж маргасан байна.

Б.Ж нь 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Замын-үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж, шалгалтад тэнцэж, нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 5 дугаар тогтоолоор батлагдаж байна.

Энэхүү Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангиллын хувьд “ахлах түшмэл” гэсэн, зэрэглэлийн хувьд “ТЗ-9” гэсэн бүлэгт хамаарагджээ.[1]

Харин одоо нэхэмжлэгчийн тухайд Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэхийг хүсэж, Төрийн албаны зөвлөлд хандсан байх ба хариуцагчаас “нэхэмжлэгч нь өмнө нөөцөд бүртгэлтэй байсан албан тушаалаас өөр албан тушаалд орох гэж байгаа учраас түүний нэрийг шууд нэр дэвшүүлэх боломжгүй, төрийн албаны сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ёстой” хэмээн маргаж байна.

Иймээс шүүх маргаан бүхий Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Замын- үүд боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын албан тушаал болон Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын албан тушаал нь төрийн албан тушаалын ангилал зэрэглэлийн хувьд адил эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт бүртгэлийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалын ангиллын хувьд “эрхэлсэн түшмэл” гэсэн, зэрэглэлийн хувьд “ТЗ-12” гэсэн бүлэгт хамаарч байна.[2]

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3-д зааснаар нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллах эрхтэй байхаар зохицуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн томилогдохыг хүсэж буй албан тушаал нь нөөцөд бүртгүүлсэн албан тушаалаас төрийн захиргааны ангилал, зэрэглэлийн хувьд өөр байна. Тодруулбал, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл гэсэн өөр ангилал, ТЗ-9, ТЗ-12 гэсэн өөр зэрэглэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Мөн журмын 6.3-д зааснаар тухайн ангилал

 

дотроо түүнээс дээших “зэрэглэлийн” төрийн жинхэнэ албан тушаалд нэр дэвшүүлж болохоор заасан боловч маргаан бүхий албан тушаал нь “төрийн захиргааны албан тушаалын ангиллын” хувьд өмнөх албан тушаалаас өөр байгаа тул нэр дэвшүүлэх тухай дүгнэлт гаргаагүй хариуцагчийг буруутгах боломжгүй.

Иймд, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-н Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан Зам тээврийн яамны Зам, тээврийн хяналт, бүртгэлийн газрын даргын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай дүгнэлт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, өөрийн нэрийг дэвшүүлэхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

П.СОЁЛ-ЭРДЭНЭ

 
 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 
 

[1] Хавтаст хэргийн 74 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 97 дугаар хуудас