Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 0308

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 12 өдөр             Дугаар 128/ШШ2020/0308           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Б НҮТББ

Хариуцагч: Сангийн яам,

Гуравдагч этгээд: Д.К ХХК

Гуравдагч этгээд: “М******* ******* холбоо” НҮТББ

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/819 албан тоот “тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер зохион байгуулахыг даалгасан” албан бичгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, гуравдагч этгээд Д.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, гуравдагч этгээд “М******* ******* холбоо” НҮТББ-ын төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/819 албан тоот тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер зохион байгуулахыг даалгасан албан бичгийг хүчингүй болгох тухай. Нэхэмжлэгч М.Б НҮТББ нь “Э*******” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/201905109 дугаартай “Э*******” ТӨҮГ-ын удирдлагын тогтолцооны стандартуудын сургалт ба зөвлөх үйлчилгээний тендерт оролцож, шалгаран 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэрээ хэлэлцээр хийх шийдвэр гарсан билээ.

Гэвч Монгол улсын Сангийн яам “Э*******” ТӨҮГ-т тус тендерт оролцсон бусад оролцогчдын гаргасан гомдлын дагуу холбогдох материалыг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36.141, 39.42, 55.3.13 дүгээр заалтыг тус тус үндэслэн тус тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн.

“Э*******” ТӨҮГ нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ЭП-130-12/787 тоот албан бичгээр М******* бүтээмжийн төвд тус мэдэгдлийг хүргүүлсэн. Сангийн яамны тендер хүчингүй болгох хууль зүйн үндэслэл нь техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлэх ёстой, мөн үүнийгээ нийтийн өмнө нээнэ гэснийг зөрчиж гэж үзсэн бөгөөд бодит нөхцөл байдалд М.Б НҮТББ нь тендерт оролцогчдоос техникийн доод оноог авсан ганцхан оролцогч байсан бөгөөд бусад оролцогчдын техникийн санал хамгийн доод оноонд хүрээгүй тул санхүүгийн саналыг нээх шаардлага гараагүй болно.

Өөрөөр хэлбэл ганцхан оролцогчийн техникийн саналын доод оноонд хүрч, санхүүгийн саналыг сонсох нөхцөлийг хангасан гэсэн үг юм. Дээрх нөхцөл байдлаас харвал Сангийн яам нь тус тендерийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж зааснаар боломж олгоогүй, тайлбар аваагүй шууд хүчингүй болгосон. Төрийн захиргааны төв байгууллага тус тендерийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, манай байгууллагын эрхийг зөрчиж шийдвэр гаргах ажиллагаанд биднийг татан оролцуулаагүй, тус хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулаагүй болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт ямар шаардлага хангасан байхыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ”, “захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасныг хариуцагч Сангийн яам зөрчсөн.

Бид тус тендер хүчингүй болгосон албан бичгийг хүлээн аваад Сангийн яаманд хандаж албан бичиг бичсэн бөгөөд Сангийн яамнаас тендер хүчингүй болгосон мэдэгдэлд заасан хууль зүйн үндэслэлээс өөрөөр үндэслэлээр хүчингүй болгосон гэсэн хариу тайлбар ирсэн. Өөрөөр хэлбэл төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэрийн үндэслэл нь зөрчилдөөнтэй байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлтэй эсэхэд бид эргэлзэж байна.

Иймд Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/819 дугаар тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер зохион байгуулахыг даалгасан албан бичгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Сангийн яам нь Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТББ-ийн гомдлыг үндэслэн “Э*******” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зарласан Зөвлөх үйлчилгээний тендерийн шалгаруулалтыг дараах үндэслэлээр шалгаж бүхэлд нь хүчингүй болгосон. Гомдол гаргагч нар 4 үндэслэлээр тендер шалгаруулалтад гомдол гаргасан.

  1. Борлуулалтын талаарх мэдээлэл гэсэн ерөнхий шаардлагыг хувь тогтоосон шалгуур үзүүлэлт болгож тендерийн баримт бичигт тусгаж, оролцогчдыг санхүүгийн чадавхаар урьдчилан ялгаварласан,
  2.  Техникийн саналын хувьд бид зохих оноог хангалттай авч чадахаар чадамжтай,  
  3. М.Б НҮТББ нь захиалагчаас тогтоосон чадавхийн үнэлгээг хангасан гэж үзэж хураангуй жагсаалтаар оруулсан хирнээ борлуулалтын орлого хүрээгүй гэсэн шалтгаанаар татгалзсан,
  4. Тендерийн онооны авбал зохих доод онооны дэлгэрэнгүй задаргааг ирүүлээгүй гэж маргасан.

Сангийн яам энэ гомдлыг хүлээж аваад дараах 2 үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон.

  1. Бусад оролцогчдын техникийн саналыг үнэлээгүй байж М.Б НҮТББ-ын саналыг үнэлсэн.
  2. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, шийдвэрт бүх гишүүдийн гарын үсэг

зурж, баталгаажаагүй. Техникийн доод оноог хангасан зөвлөхөд санхүүгийн санал нээх товыг мэдэгдээгүй.

          Гэхдээ хариуцагч тухайн гомдлыг хянаж шалгахдаа бүхэлд нь бодит нөхцөл байдалд нийцүүлж шийдвэр гаргаагүй. Сангийн сайдын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар гомдлын хүрээнд Сангийн яам нь хянах ёстой. Гэтэл гомдлоос давсан буюу Сангийн яам нь гомдол гаргагчийн үндэслэл, тендерийн баримт бичгийн 4.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Тендерийн өгөгдлийн хүснэгтийн санхүүгийн тайлан нь нийт төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна гэж заасан нь урьдчилан ялгаварласан үйлдэл байна гэж дурдсан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гаргах гомдол байсан. Тендерийн баримт бичгийг хүлээн аваад дор дурдсан ажлын даалгавар болон техникийн, санхүүгийн саналыг боловсруулж тендерт оролцогч нар өгдөг. Гэтэл Д.К ХХК “М******* ******* холбоо” ТББ нь энийг аваад 50 хувийг нь мэдсэн хэрнээ дахиж санхүүгийн санал болон ажлын даалгаварыг гүйцэтгэж өгсөн. “Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлаж байна” гээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт маргах боломжтой байсан хэрнээ тендерт оролцсон, Үнэлгээний хорооны шийдвэр гарсны дараа гомдож байгаа нь үндэслэлгүй. Техникийн саналын доод оноог авах хангалттай чадамжтай байхад шалгаруулаагүй гэж гомдож байгаа нь үндэслэлгүй. Учир нь Үнэлгээний хорооны гишүүд тендерт оролцогчдын баримт бичгийг үнэлэх ёстой. Гэтэл тендерт оролцогч нь өөрийгөө чадамжтай байсан гэж тодорхойлох нь утгагүй.

“М******* ******* холбоо” ТББ гомдолдоо хураангуй жагсаалтад орсон хэрнээ борлуулалтын орлого нь хүрээгүй гэсэн нь үндэслэлгүй гэдэг. Хураангуй жагсаалт нь тухайн тендерт оролцогчдын өр төлбөр байгаа эсэх, гүйцэтгэсэн ажил нь захиалагчийн саналд нийцэж байгаа эсэх талаарх урьдчилсан байдлаар шүүгддэг. Түүнээс хураангуй жагсаалтад орсон гэдэг нь хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлагыг бүхэлд нь хангаад тендерт шалгарах эрхийг хангаж байгаа хэрэг биш. Хураангуй жагсаалтад орсноор тендерийн баримт бичигт заасан баримт бичгийг мөн гарааны нэг зарчмаар бүх оролцогч бүрдүүлсэн.

Гомдол гаргагч 2 аж ахуйн нэгж М.Б НҮТББ-д  тусгай нөхцлөөр хандсан, давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Бид тендерийн баримт бичгийг нэг ижил цагт гардаж аваад өөрсдийнхөө саналаа хүргүүлсэн. Гэтэл энэ нь хэн нэгэнд тусгай эрхээр хандсан зүйл байхгүй. Мөн захиалагч нь хуульд заасан шалгуур үзүүлэлтийг өөрийн байгууллага болон тухайн тендерийн шалгаруулалтад нарийвчлан зааж өгч байгаа нь хуульд нийцнэ. Энд Сангийн яаманд энэ шалгуур үзүүлэлт нь ялгаварлан гадуурхсан гэж үзэх эрх байхгүй.

Сангийн яам нь гомдлын дагуу манай гэрээ байгуулах эрхийг хүчингүй болгохдоо биднээс тайлбар аваагүй, захиргааны сонсгох ажиллагааг хийлгүй явуулсан хэрнээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж хэрэгт гуравдагч этгээдээр татахаар шүүхэд хүсэлт гаргасан. Үүнтэй бид мөн санал нийлэхгүй байгаа. Манай гэрээ хийх эрхийг хүчингүй болгож байгаа хэрнээ хариу тайлбартаа манайхаас санал авахгүй, учир нь гомдлоор шийдвэрлэж байна гэдэг. Гэтэл бид одоо эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахаар гуравдагч этгээд Д.К ХХК,  “М******* ******* холбоо” ТББ-ын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэж 2 ялгамжтай байдлаар хандаж байгаатай бид санал нийлэхгүй байгаа.

Үнэлгээний хороо нь Д.К ХХК болон “М******* ******* холбоо”-нд 4.5.8 дах хэсэгт заасан үндэслэлээр 3 жилийн санхүүгийн дундаж нь тендерийн үнэлгээний 50 хувь хүрэхгүй учраас техникийн саналыг нь үнэлэх ёсгүй гэж үзсэн. М.Б НҮТББ-ын шаардлага 50 хувиас давсан учраас техникийн болон санхүүгийн саналыг үнэлсэн. Гэтэл ерөнхий шаардлагаа хангаагүй байж техникийн саналыг үнэлэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тендерт бид нэг ижил гараанаас эхэлсэн. Манайд 50 хувийг 30 хувь болгож бууруулсан зүйл байхгүй. Манай тендерийг үнэлсэн онооны хүснэгт хараагүй.

Хариуцагч хариу тайлбартаа Үнэлгээний хорооны гишүүд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр манай гэрээ хийх эрхийг хүчингүй болгосон. Гэхдээ техник ажиллагаанаас болж тендерийн шалгаруулалтыг хүчингүй болгох нь утгагүй. Хэргийн материалаас харвал н.Мөнхсайхан ганцаараа гарын үсэг зураагүй. Гэхдээ тэр хүн хуралд оролцсон, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн.  М.Б НҮТББ-д тохирсон оноогоо өгсөн байх. Манай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сангийн яам нь “Э*******” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/201905109 дугаартай зөвлөх үйлчилгээний тендер шалгаруулалтад оролцсон Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТББ-аас гаргасан гомдлыг хүлээн авч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын дагуу хянан шийдвэрлэсэн.

“Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д зааснаар Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн” гомдлын хүрээнд хянан үздэг. Түүнчлэн Сангийн яам тус журмын дагуу гомдлыг хянан шийдвэрлэсэн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагыг хангасанд тооцохоор журмын 6.2-д тусгайлан заасан болно. Учир нь захиалагч нь тендер шалгаруулалтын үнэлгээг хийхдээ оролцогчдоос ирүүлсэн тендер болон үнэлгээтэй холбоотой цугларсан баримт бичгийн хүрээнд үнэлгээ хийдэг ба тухайн баримт бичгийн хүрээнд шийдвэрээ зөв гаргасан эсэхийг хянах үүрэгтэй Сангийн яам нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудыг татан оролцуулах шаардлагагүй бөгөөд хуульд заасан 14 хоногийн хугацаанд ийм ажиллагаа явуулах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Сангийн яам нь Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТББ-ын гомдлоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхийг хянах явцад нэхэмжлэгч М.Б НҮТББ-ыг оролцуулах үндэслэлгүй юм.

Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх явцад гомдлыг хангах үндэслэлтэй буюу захиалагч хууль зөрчсөн болох нь тогтоогдсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтыг үндэслэн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журмын дагуу дахин зохион байгуулахыг мэдэгдсэн. Дээрх шийдвэр нь тендерт оролцогч Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТББ-ын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэр бөгөөд Сангийн яамны 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/819 дугаар албан бичгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан нь эдгээр хоёр тендерт оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй нэхэмжлэл байна. Иймд шүүгч шаардлагатай гэж үзвэл эдгээр хоёр байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулж болох юм. Хууль, журамд нийцүүлэн гаргасан хууль ёсны шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яам нь Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТТБ-аас хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол хүлээж авсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тусгайлсан хууль. Энэ хуульд зааснаар гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд зааснаас тусгайлан заасан. Захиргааны ерөнхий хуульд гомдол гаргах нийтлэг хугацаа 30 хоног. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шийдвэр гаргаснаас хойш ажлын 5 хоногт Сангийн яаманд гомдол гаргах эрхтэй. Үүнээс хойш талууд гомдол гаргах эрхээ алддаг. Захиргааны байгууллага буюу Сангийн яам хянан шийдвэрлэхдээ 14 хоногоор буюу нийтлэг журмаас ялгаатайгаар зохицуулсан.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хуульд нэмэлт өөрчлөлт ороод тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг тусгайлан батлах эрхийг Сангийн сайдад олгосон байдаг. Үүний дагуу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн. Тусгайлсан хуулийн бүрдэл хэсэг нь болсон шахуу баримт бичиг. Үүгээр өөрсдийг нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Хуульд заасан хугацаа боломжийн хувьд бүх талуудыг оролцуулаад сонсох ажиллагаа явуулах буюу Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Нэгдүгээрт боломж байхгүй, хоёрдугаарт шаардлага байхгүй. Яагаад шаардлага байхгүй гэхээр Сангийн яаманд ирж байгаа гэрээ байгуулах эрх олгосонтой холбоотой гомдол Үнэлгээний хороо ийм шийдвэр гаргаад, захиалагч тийм шийдвэр гаргалаа гэдэг. Үнэлгээний хороо тендерт оролцогчдоос ирүүлсэн цаасан буюу нотлох баримтуудыг ирүүлснийг Сангийн яам үнэлж байгаа. Түүнээс биш аль нэг талуудыг дуудаад сонсдог зүйл байхгүй. Үнэлгээний хороо тэр баримт бичгүүдийн дагуу тодорхой шийдвэрээр талуудын тэгш нөхцөл боломжоор ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн үнэлгээ хийж байхад Сангийн яам тэр баримт бичгүүдээс нь халиад өөр баримт авах шаардлагагүй.

Бид гомдол гаргагч талаас гомдлыг хүлээж авсан. Гэхдээ гомдол гаргагчтай хэнтэй нь ч уулзаагүй. Гомдлыг хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хэнтэй нь ч уулзах эрх хэмжээгүй. Энэ нь нөлөөлөлд орох эрсдэл бий болгодог. Бүх Үнэлгээний хорооны материал хүлээж авсан бүх компаниудтай уулзаад Үнэлгээний хорооны өмнөөс нь шийдвэр гаргадаг ажил хийх боломж байхгүй. Процесс ажиллагааны хувьд яриад байгаа зүйл нь үндэслэлгүй юм. Журамдаа энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа тодорхой ажиллагааг тусгайлан хийхдээ захиалагчаас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд, гомдлын хүрээнд хянана гэж байгаа. Гэхдээ 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагаа хууль, холбогдох дүрэм журамд нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичгийн хүрээнд хянана гэж байгаа. Зөвхөн гомдолд дурдсан фактаас гадна хууль, дүрэм журамд нийцэж байгаа талаар төрийн захиргааны төв байгууллага хянах хуулиар тогтоосон үүрэгтэй. Энэ хүрээнд процедур, журмыг зөрчсөн гэдэг нь илэрхий байгаа тохиолдолд Сангийн яам гомдлыг хянаад хүчингүй болгох эрхтэй. Сангийн яам үнэлгээний явцад алдаа гарсан байвал Үнэлгээний хороонд дахин үнэлүүлэхээр буцаадаг. Энэ тохиолдолд гаргасан алдаа нь тендер шалгаруулалтын эцсийн үнэлгээнд нөлөөлөхөөр алдаа гаргасан. Хуульд зөвлөхийн сонгон шалгаруулалтад техникийн саналыг үнэлчихээд дараагаар нь оноогоо өгсөн мэдэгдлээ тендерт оролцогчдод хүргүүлээд, 5-с доошгүй хоногийн өмнө санхүүгийн саналыг нээн товыг мэдэгддэг. Оролцохоор бол ирж оролцохыг мэдэгдсэний дараа санхүүгийн саналыг нээдэг. Процедураа зөв хийсэн байсан бол Сангийн яам техникийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хүлээж аваад техникийн саналыг үнэлэхдээ ийм ийм алдаа дутагдал гаргасан учраас дахин үнэлгээ хийлгүүлэхээр буцаах байсан. Гэтэл тийм процедур ажиллагаа хийлгүйгээр техникийн саналыг үнэлэхгүйгээр шууд санхүүгийн саналыг нээснээс болж энэ тендер шалгаруулалтыг дахин үнэлүүлэх боломжгүй болсон. Тендер шалгаруулалтыг хүчингүй болгохоос өөр боломж Сангийн яаманд байгаагүй.

Гомдол гаргагч тал Зөвлөх сонгон шалгаруулах ажиллагааны журмын талаар ойлголтын дутагдалтай байх шиг байна. Хуулийн зөвлөх сонгон шалгаруулах 4 дүгээр бүлэгт зөвлөх сонгох нийтлэг журмыг заасан. Эхлээд хураангуй жагсаалт үүсгээд, хураангуй жагсаалтад орсон компаниуд, аж ахуйн нэгжүүдийг саналаа ирүүлэхийг урьсан урилгыг тендерийн баримт бичгийн хамт хүргүүлж байгаа. Ирсэн саналыг техникийн болон санхүүгийн санал гэж ангилаад зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргыг хэрэглэж байгаа буюу 39 дүгээр зүйлд заасны дагуу үнэлгээг хийх ёстой. 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт зааснаар Техникийн саналыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийг үндэслэн оноо өгч үнэлнэ, заавал оноо өгнө гэсэн. Түүнээс биш борлуулалтын шаардлагыг хангахгүй байна гэж үзээд шууд бусад үзүүлэлтийг үнэлэхгүйгээр оролцогчийг хасах үндэслэл байхгүй. Хэрэв шаардлага хангахгүй, тодорхой онооны бүрдэл хэсэг гэж үзэж байгаа бол энэ үзүүлэлт дээрээ оноог нь хасах ёстой. Гэтэл огт ийм ажиллагаа хийгээгүй. Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэх явцдаа захиалагчаас тендерийн бүх баримт бичгийг татаж аваад хянадаг. Энэ үед Үнэлгээний хороо холбогдох журмын дагуу бүх онооны хүснэгтэн дээр ажиллаад оноо өгөөд дундажлаад гаргаад энэ компанийн оноо тэд болсон зэрэг мэдээлэл нотлох баримт байхгүй.

Гомдол гаргасан 2 оролцогчид ирүүлсэн мэдэгдэлд “борлуулалтын орлого хүрэлцэхгүй, техникийн онооны доод хэмжээнд хүрэхгүй байна” гэсэн мэдэгдэл өгсөн. Хэрвээ техникийн оноо хүрээгүй бол хэд гэж тогтоосон болоод хүрээгүй талаар тодорхой хүснэгт байх ёстой. Гэтэл тийм хүснэгт байхгүй бол ийм үнэлгээ хийсэн талаар нотлох баримтгүй болж байгаа.

Мөн борлуулалтын орлогын шаардлагад нийцээгүй байна гэдэг их том асуудал. Учир нь энэ хөдлөшгүй шаардлага. Талууд өөрсдийн оюун ухаанаа уралдуулж техникийн болон санхүүгийн санал ирүүлж байгаагаас ондоо. Танай аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал ямар гэдгийг анхнаасаа тендер шалгаруулалтын урилга тавихдаа түүнийгээ зарлаад борлуулалтын орлого ийм шаардлагад хүрсэн компаниудыг бид хураангуй жагсаалтад оруулах ёстой гээд компаниуд материалаа ирүүлэнгүүт, тэр баримтад нь үндэслээд эдгээр байгууллагууд манай тавьж байгаа хөдлөшгүй шаардлагуудыг хангаж байгаа учраас оюун санаанаас гарах техникийн бүтээмжтэй зүйлүүдийг нь техникийн санал гэж хүлээж авъя гэдэг үүднээс тендерийн баримт бичгээ хүргүүлээд санал хүлээж авах ёстой. Гэтэл 4 компанийг хураангуй жагсаалтад оруулсны дараа одоо та нарын борлуулалтын шалгуур тийм байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлтээ өөрчлөн тендерийн баримт бичгээ хүргүүлж байгаа. Энэ нь тендер шалгаруулалтын журмыг зөрчиж байгаа үйлдэл. Гэхдээ Сангийн яам гомдол гаргагчийн гомдлыг энэ үндэслэлээр хянаж хүчингүй болгох шийдвэрийн үндэслэл болгоогүй. Сангийн яамны маргаан бүхий актын 2 дахь хуудсанд тендер шалгаруулалтыг хүчингүй болгож шийдвэрлэсний дараа “Мөн Д.К ХХК-ийн гомдолд дурдсан борлуулалтын талаарх мэдээлэл гэсэн ерөнхий шаардлагыг хувь тогтоосон шалгуур үзүүлэлт болгон оролцогчдын санхүүгийн чадавхиар нь урьдчилан ялгаварласан асуудлын тухайд цаашид анхаарах шаардлагатай” гэж дурдсан. Өөрөөр хэлбэл тендерийг хүчингүй болгож дахин зарлах үндэслэл болгоогүй. Энэ нь энэ гомдлын үндэслэлийг Сангийн яам хянаагүй гэсэн үг.

Сангийн яам хуульд зааснаар захиалагчдад худалдан авах ажиллагааны мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд ажилласан. Энэ асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын өмнөөс шийдвэр гаргаад, гомдлын шаардлагын үндэслэл болгосон зүйл байхгүй. Учир нь ийм ийм үндэслэлээр тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож байна, дараа нь дахин зохион байгуулахыг даалгаж байна гэдэг нь гомдлын шийдвэрийн үндэслэл. Зохих оноо аваагүй талаарх бас нэг нотлох баримтын хувьд Үнэлгээний хорооны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл байгаа. 01 дүгээр сарын 07-ны өдөр техникийн саналыг нь үнэлж байгаа бол тендерийн баримт бичигт заасны дагуу мэдэгдэл хүргүүлээд “танай техникийн үнэлгээ ийм болохоор доод шалгуурыг хангаагүй гэж үзэж байна” гээд шаардлага хангаж байгаад нь санхүүгийн санал нээгдэх өдрийн талаар мэдэгдэл хүргүүлэх ёстой. Ийм ажиллагаа энэ 15 хоногийн хугацаанд хийгдээгүй. Шууд 01 дүгээр сарын 27-ны өдөр аль алиных нь талаарх асуудлаар мэдэгдэл хүргүүлсэн. Энэ голын хугацаанд хүргүүлээд Сангийн яаманд эдгээр хүмүүст техникийн саналтай холбоотой гомдлоо гаргаад шийдвэрлүүлэх хууль ёсны эрх боломжийг нь олгох зорилготой.

01 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 2 дахь талд н.Зоригтбаатар “Үнэлгээний хорооны гишүүдийг оноо тус бүрээр үнэлээгүй буюу борлуулалтын онооны шаардлага хангаагүй гэдгээр нь бусад компаниудыг хасаж байгааг ойлгож байна. Саналаа ирүүлсэн компаниудын материалтай танилцлаа, өөрийн саналыг та бүхэнд танилцуулья. Миний үнэлгээгээр М.Б НҮТББ хамгийн бага оноо авахаар байна. нөгөө 3 нь харин 80-аас дээш оноо авахаар байсан” гэдэг. Энэ хүний хэлж байгаа нь шууд онооны хүснэгт болохгүй, гэхдээ энэ нь албан ёсоор үнэлээгүй гэдэг нь эндээс зохих ёсоор харагдаж байгаа. Хуульд зааснаар заавал оноо өгөх процедур дээр оноо өгөөгүй, борлуулалтын орлого гэдэг анхны зардал дээр тавигдах шаардлагаар хасаж байгаа нь хууль, журам зөрчиж байна. Сангийн яаманд өөр шийдвэр гаргах хувилбар байгаагүй.

Хуулийн 47 дугаар зүйлийн 8 дахь заалтад зааснаар Үнэлгээний хорооны дүгнэлт дээр гарын үсэг зурах асуудал бол сайн дураараа хийх асуудал биш. Үнэлгээний хорооны гишүүн бол заавал гарын үсгээ зурах ёстой. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл байгаа бол энэ талаараа үнэлгээний хорооны дүгнэлтэд дурдах ёстой. Д.Мөнхсайхан хурлын тэмдэглэлд, аль аль дүгнэлт, захиалагчид хүргэх хувь дээр ч гарын үсэг зураагүй. Хэрэв энэ хүнийг албан үүргээ гүйцэтгэж байна гэж үзвэл Үнэлгээний хорооноос тодорхой шийдвэр гаргах ёстой. Ийм зүйл байхгүй. Энэ тендер шалгаруулалтыг уг гишүүн хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Гарын үсэг баталгаажуулаагүй нь хууль, журам зөрчигдөж байгаа.

Яагаад гомдол гаргагчийг гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй байсан тухайд хэлсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.К ХХК болон “М******* ******* холбоо” ТББ-ыг оролцуулахыг шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж татан оролцуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг, сонирхол нь хөндөгдөж болох этгээдийг оролцуулах ёстой, түүгээрээ шүүх татаж оролцуулж байгаа. Хариуцагч тайлбартаа эрх ашиг нь хөндөгдөх этгээдийг нэрлэж заасан болохоос оролцуулахаар шийдвэрлэж ялгаварласан зүйл байхгүй.

Сангийн яам захиалагч хууль хэрэгжүүлэхдээ ямар нэг байдлаар тендерт оролцогчдын эрх зүйн байдлыг дордуулаагүй, үндэслэлгүй дээрдүүлээгүй эсэхийг л шалгадаг. Сангийн яам М.Б НҮТББ-ыг шалгаруулсан нь буруу байна гэж дүгнэлт хийгээгүй, тендерт үнэлэлт өгөөгүй. Гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байна гэдэг үндэслэлээр тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон. Төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулна гэдэг бол зөвхөн ашгийн, үр дүнгийн төлөө хөөцөлддөг эрх зүйн ойлголт биш. Талуудын өрсөлдөх тоглоомын дүрэм нь тендерийн баримт бичиг. Захиалагчаас тавьсан баримт бичгийн шаардлагыг хангахгүй бол татгалзахаар заасан байдаг. Үнэлгээний хороо буюу захиалагч ажлаа хийгээгүй байхад хийгээгүй.

Хосолмол үнэлгээний арга гэдэг бол техникийн мөн санхүүгийн үнэлгээ нэгдэж байж шалгарна. Энэ нь зөвхөн хасагдсан хүмүүсийг хамгаалж байгаа хуулийн зохицуулалт биш. Захиалагч техникийн саналын алдаа гаргасан байсан ч процедурын алдаа гаргаагүй бол бүхэлд нь хүчингүй болгох шаардлага байгаагүй. Дараагийн санхүүгийн саналаа нээчихсэн учраас зөвтгөх боломжгүй болсон. Сангийн яамны зүгээс шалгарсан оролцогчийн эрх зүйн байдлын дордуулах гэж гаргасан шийдвэр биш. Дахин зохион байгуулахад дахиж оролцох боломжтой.” гэв.

 

Гуравдагч этгээд Д.К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Зөвлөх үйлчилгээний Д.К ХХК нь олон улсын ******* тогтолцооны стандартыг байгууллага, аж ахуйн нэгжид нэвтрүүлэхэд зөвлөн туслах үйлчилгээ, сургалтын үйл ажиллагааг 2016 оноос тасралтгүй эрхэлж байна. “Э*******” ТӨҮГ-аас 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарласан ЭҮХХК/201905109 дугаартай “Э*******” ТӨҮГ-ын удирдлагын тогтолцооны стандартуудын сургалт ба зөвлөх үйлчилгээний тендер”-т оролцох мэдүүлгээ 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн. Энэхүү тендерийн хураангуй жагсаалтанд орсон тухай албан мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ТБ-120-12/1382 тоот албан бичгээр авсан.

Гэвч “Э*******” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.8 дахь заалтын дагуу саналын урилга болон ажлын даалгаврыг манайд ирүүлээгүйн улмаас манай компани тендерт оролцож чадаагүй, тендерийн нээлт 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хийгдсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай компани захиалагч буюу “Э*******” ТӨҮГ нь үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас 1/1527 тоот албан тоотоор “уг тендерийн нээлт 10 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад хийгдсэн байх тул та бүхний ирүүлсэн тендерийн баримт бичигт холбогдох гомдлыг дээрх хуулийн 55.1-д заасны дагуу хянан шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариу авсан.

Үүний дараа “Э*******” ТӨҮГ-аас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин зарласан Зөвлөх үйлчилгээний тендерийн сонгон шалгаруулалтанд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлгээ хүргүүлж, 2019 оны 12 дугаар сарын 02-нд тендерийн урилга авч, ЭҮХХК/201905109 дугаартай тендерт 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр техникийн болон санхүүгийн саналаа илгээсэн.

“Э*******” ТӨҮГ-аас 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ЭП-120- 12/461 тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтын дагуу танай компанийн ирүүлсэн саналыг үнэлэхэд борлуулалтын орлогын шаардлага хангаагүй, мөн техникийн саналд авбал зохих доод оноог аваагүй тул санхүүгийн саналыг нээлгүй буцаах үнэлгээний хорооны шийдвэрийг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл хүлээн авсан.

Энэхүү мэдэгдлийг хүлээн аваад манай компани захиалагчийн буюу “Э*******” ТӨҮГ-ын шийдвэрийг эс зөвшөөрч дээрх хуулийн 55.1 дэх заалтын дагуу Сангийн яаманд 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 14/20 тоот албан бичгээр гомдол гаргасан. Сангийн яам манай гомдлыг хянан шийдвэрлэхдээ манай компанийн хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргаж гомдлыг барагдуулж 2020 оны 2 дугаар сарын 11-ны өдөр 6-1/819 тоотоор “Э*******” ТӨҮГ-т “Гомдол хянасан тухай” тухай албан бичгийг хүргүүлсэн.

“Э*******" ТӨҮГ-аас 2020 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн ЭП-130- 12/785 тоот албан бичгээр Сангийн яам холбогдох баримт бичгийг хянаад тус шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасныг манайд мэдэгдсэн.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... “Э*******” ТӨҮГ-аас зарласан тендерт 12 дугаар сарын 02-ны өдөр  тендерийн хураангуй жагсаалтад орсон талаар урилга авсан. Урилгаа аваад техникийн саналаа бүрдүүлсэн. Саналаа 01 дүгээр сарын 07-ны цахимаар илгээсэн. Манай Д.К ХХК-ийн Сангийн яаманд гомдол гаргасан 2 үндэслэл байгаа.

          1. Борлуулалтын орлогыг хувь тогтоож тавьсан нь хуулийг зөрчиж, оролцогч талын бололцоог хязгаарлаж байна,  

          2. Техникийн бага оноо авах үндэслэл байхгүй. 80 хувь нь олон улсын стандартын аудиторын зөвлөх эрхтэй ажиллаж байсан зэрэг чадамжуудаа дурдаад Сангийн яаманд гомдол гаргасан. 1 дүгээр сарын 20-ны өдөр “Э*******” ТӨҮГ-аас бидэнд “гомдолтой мэдээллийг Сангийн яаманд мэдүүлсэн бөгөөд Сангийн яам холбогдох баримт бичгийг хянаж тус тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгосон” талаар шийдвэр хүлээж авсан.

Хураангуй жагсаалтад хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангаад оролцсоны дараа борлуулалтын орлогод тусгайлсан хэмжээг өөрчлөн санал зааж өгсөн нь тендерт оролцогчдыг хязгаарлаж байна, нэг байгууллагад давуу эрх олгож байна. 30 хувь байсныг 2 дахь тендерийн шалгаруулалт дээр босгоо 50 хувь болгож нэмсэн. Анхнаасаа шаардлага тогтоосон бол бид оролцохдоо энэ талаар анхаарах байсан. 3 жил дараалсан орлогоо харахад 100 орчим сая төгрөг болж байсан. Техникийн доод оноог аваагүй гэдгийг бид хүлээн зөвшөөрөөгүй. Манайх санхүүгийн санал нь хүрэхгүй байсан ч арга, аргачлал, бүрэлдэхүүн зэргээрээ манайх бага оноо авах үндэслэлгүй. Техникийн шалгуурын авбал зохих онооны хувьд нилээд өндөр оноо авна гэсэн итгэлтэй байсан учраас бид материалаа өгсөн.” гэв.

 

Гуравдагч этгээд “М******* ******* холбоо” ТББ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“М******* ******* холбоо” ТББ нь “Э*******” ТӨҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан “Э*******” ТӨҮГ-ын удирдлагын тогтолцооны стандартуудын сургалт ба зөвлөх үйлчилгээний ЭҮХХК/201905109 дугаар бүхий тендерийн сонгон шалгаруулалтад саналаа хүргүүлсэн юм.

“Э*******” ТӨҮГ-аас тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЭП-120-12/460 дугаартай албан тоотоор ирүүлсэн. Дээрх албан тоотод Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтын дагуу борлуулалтын орлого шаардлага хангаагүй, техникийн саналд авбал зохих доод оноог аваагүй гэсэн үндэслэлээр шалгараагүй тухай мэдэгдсэн. “М******* ******* холбоо” ТББ нь нэгдүгээрт, манай байгууллагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д зааснаар энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлага болон захиалагчаас тогтоосон чадавхийн үзүүлэлтийг хангасан гэж үзэж хураангуй жагсаалтад оруулсан атал борлуулалтын орлого хүрээгүй гэсэн шалтгаанаар тендерээс татгалзсан, хоёрдугаарт, техникийн саналын авбал зохих доод оноог аваагүй гэсэн боловч ТӨЗ 6.2 дахь заалтын дагуу авбал зохих техникийн доод онооны дэлгэрэнгүй задаргааг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргасан болно. Сангийн яам нь гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэн тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, хууль журмын дагуу дахин зохион байгуулах тухай оролцогч талуудын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг сэргээсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд тус нэхэмжлэлийг хянан шалгаж хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд “М******* ******* холбоо” ТББ-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа:  “Э*******” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зарлагдсан “Э*******” ТӨҮГ-ын удирдлагын тогтолцооны стандартуудын сургалт, зөвлөх үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтад материалаа өгсөн. Бидэнд эхний шатныхаа урьдчилсан шалгаруулалтад тэнцэж хураангуй жагсаалтад орсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3.7 дахь зүйлд зааснаар хураангуй жагсаалтад багтаж тендерт оролцох урилгыг хүлээж авсан. Бид урилгыг хүлээж авахдаа анхнаасаа тавигдаж байсан шаардлага болох борлуулалтын орлого нийт төсөвт өртгийн 50 хувьд хүрэх гэсэн шаардлагыг хангасан гэж бид үзэж байсан. Татгалзсан албан тоотдоо 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу борлуулалтын орлого нь шаардлага хангаагүй, техникийн чадавхийн шаардлагад авбал зохих доод оноог аваагүй учраас шалгаруулаагүй талаар мэдээлсэн. Манай 2 гомдлын хувьд манай байгууллагыг 14-16 дугаар зүйлд заасан шаардлага болон захиалагчийн тогтоосон шаардлагыг хангасан гэж хураангуй жагсаалтад оруулсан хэрнээ борлуулалтын оноонд хүрээгүй гэж хассан гэж Сангийн яаманд гомдол гаргасан.

Техникийн онооны авбал зохих доод оноог аваагүй гэсэн хэрнээ ТЭЗҮ-н 6.2 дахь заалтын дагуу авбал зохих техникийн доод онооны дэлгэрэнгүй жагсаалтыг ирүүлээгүй нь хуулийг зөрчсөн асуудал. Урьдчилж бидний чадавхийг үнэлсэн хэрнээ 2 дахь шатандаа шаардлагыг хангаагүй гэж биднийг үнэлж дүгнээгүй нь буруу гэж бодож байна. Мөн Үнэлгээний хороо үнэлгээний хувиа бидэнд илгээгээгүй. Хэрэв бидэнд илгээсэн бол бид яагаад хүрээгүй гэж үзэж байгаа гэдэг дээр гомдол гаргах байсан. Учир нь шаардлага нь 500-с дээш хүнтэй байгууллагад стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлсэн байх. Манай багийг ахалж байсан хүн нь “Э*******” ТӨҮГ-т стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлж байсан хүн. Бас “*******” ХК, “Т*******” ХК зэрэг М******* томоохон байгууллагуудад зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан. Манай ТББ нь “Э*******” ХХК, “Э*******” ХХК зэрэг 500-с дээш хүнтэй байгууллагуудад энэ стандартыг хэрэгжүүлэх ажлыг үзүүлсэн. Бид 10 зөвлөхтэй энэ ажлыг хийе гэсэн саналыг өгөхөд 5 зөвлөх маань  стандартчилал хэмжил зүйн талаар ажиллаж байсан туршлагатай, 5 зөвлөх нь олон улсад бүртгэлтэй аудиторын зөвлөх үйлчилгээг үзүүлж байсан. Манай байгууллага нийтдээ 42 байгууллагад 1 болон 1-с дээш стандартаар амжилттай зөвлөх үйлчилгээ үзүүлж баталгаажуулалт авч байсан байхад манай техникийн саналыг үнэлээд оноо хүрээгүй гэсэн бол хүлээн зөвшөөрч болохоор байтал үнэлээгүй. Үнэлсэн гэх баримт нотолгоо ч байхгүй байна. “Э*******” ТӨҮГ-аас тендерийг бид шүүмжлэлтэй хүлээж авсан. 1 байгууллага дээр бусад жижигхэн салбарууд дээрээ ийм их мөнгөөр тус тусад нь зөвлөх үйлчилгээ авна гэдэг санаа буруу. Энэ тендерт “Э*******” ТӨҮГ М******* тэргүүлэх үйлдвэр учраас бид энэ саналыг дэмжиж оролцсон. Бусад байгууллагад бидний хийдэг туршлага бол нэг удирдлагатай, босоо тогтолцоотой удирдаж байгаа байгууллагад бид төв байгууллагад нь зөвлөх үйлчилгээг үзүүлээд бусад салбаруудад нэгж дамжилтаар явдаг.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Э*******” ТӨҮГ-аас 2019 оны 11 дүгээр сарын 29-нд зарласан ЭҮХХК/201905109 дугаартай “Удирдлагын тогтолцооны стандартуудын сургалт ба зөвлөх үйлчилгээ”-ний тендер шалгаруулалт /2019 оны 7 дугаар сарын 31-нд зарласан тендерийн дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлсэн 9 хуулийн этгээдээс Д.К ХХК, М.Б ТББ, “М******* хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ******* хүрээлэн” ТББ хураангуй жагсаалтад орсон, 9 дүгээр сарын 6-нд тендерийг зарлаж хураангуй жагсаалтад орсон 3 оролцогчийн материалыг үнэлээд шаардлагад нийцсэн тендер ирээгүй үндэслэлээр тендерийг дахин 10 дугаар сарын 30-нд зарлаж, дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлсэн 8 оролцогчоос “М******* ******* холбоо” ТББ, М.Б ТББ, Д.К ХХК болон “О*******” ХХК хураангуй жагсаалтад орсон, хураангуй жагсаалтад орсон оролцогч нарт 11 дүгээр сарын 29-нд ийнхүү зарласан/-д хураангуй жагсаалтад орсон оролцогчдоос ирүүлсэн техникийн болон санхүүгийн саналыг үнэлсэн гэх Үнэлгээний хорооны М.Б ТББ–ийг шалгаруулж, бусад оролцогчдын тендерээс татгалзсан шийдвэрт Д.К ХХК, “М******* ******* холбоо” ТББ –аас гомдол гаргаснаар Сангийн яам 2020 оны 2 дугаар сарын 11-нд 6-1/819 тоот албан бичгээр тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер зохион байгуулахыг даалгажээ.

Нэхэмжлэгч М.Б НҮТББ нь тендер шалгаруулалтыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин тендер зохион байгуулахыг даалгасан Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 6-1/819 албан тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт бичгээр авагдсан нотлох баримтууд болон цахим тендерийн баримт бичиг, талуудын тайлбарыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Д.К ХХК нь 1)санхүүгийн чадавхиар нь урдчилан ялгаварласан, тодорхой оролцогчид зориулж шалгуур тавьсан, 2)техникийн саналыг субьектив хандлагаар үнэлсэн гэж, “М******* ******* холбоо” ТББ нь 1)чадавхийн шаардлага хангасан гэж үзэж хураангуй жагсаалтад оруулсан атлаа борлуулалтын орлого хүрээгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй, 2)техникийн саналыг үнэлсэн дүн тодорхойгүй гэх адил агуулгатай үндэслэлээр тус тус Сангийн яаманд  Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан байна.

            Захиалагч “Э*******” ТӨҮГ нь төрийн өмчит  хуулийн этгээд тул бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн болон уг хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврыг хэрэглэх бөгөөд зөвлөх үйлчилгээний тендерт энэ хуулийн 4 дүгээр бүлэг нарийвчилсан зохицуулалт агуулахын зэрэгцээ тухайн худалдан авах ажиллагааг тендерийн ямар аргаар явуулах, түүнийг сонгож хэрэглэх үндэслэл, оролцогчдод олгох давуу эрхийн зохицуулалт, тендерт оролцогчийн чадварыг үнэлэх буюу ерөнхий нөхцлийг магадлах, санхүүгийн болон техникийн чадавхийг үнэлэх зохицуулалт нь тендер шалгаруулалтыг ямар журмаар явуулж байгаагаас үл хамааран нийтлэг зохицуулалт агуулна.

            Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлах бөгөөд оролцогчид тавих чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг дээрх зүйлд нийцүүлэн тендерийн баримт бичигт тодорхой тусгахыг шаарддаг.

            Тендерт оролцогчийн ерөнхий нөхцлийг магадлах шалгуурыг хуулийн 14 дүгээр зүйлээр /тухайлбал, төлбөрийн чадвартай эсэх, үйл ажиллагаа явуулж буй эсэх, татварын өр төлбөртэй эсэх, захиалагчаас хамааралтай эсэх, өмнөх тендерийн гэрээний үүргийн хэрэгжилт, эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэрээр гэрээний үүргийн ноцтой зөрчил, мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан нь, илт худал мэдээлэл бүхий баримт ирүүлсэн нь, авлигын гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон эсэхийг/, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхийг үнэлэх шалгуурыг 15 дугаар зүйлээр /тухайлбал банкны мэдээлэл, аудитлагдсан санхүүгийн тайлан, сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй бараа, ажил, үйлчилгээний жилийн борлуулалтын талаарх мэдээллийг/, техникийн чадавхи, туршлагыг үнэлэх шалгуурыг 16 дугаар зүйлээр /тухайлбал, удирдлага, гүйцэтгэх ажилтны боловсрол, мэргэжлийн ур чадвар, ижил төстэй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн, бараа нийлүүлсэн  талаарх өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, техник хэрэгсэл, байр, тоног төхөөрөмжийн жагсаалт, чанарын хяналт хэрхэн хэрэгжүүлэх арга, нийлүүлэх бараа, гүйцэтгэх ажил, үйлчилгээний чанарыг тодорхойлох баримтыг/ үнэлэхээр хуульд тодорхойлжээ.

            Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7-д “дэлгэрэнгүй жагсаалтад хамрагдсан зөвлөхүүдээс хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шаардлага, чадавхийн үзүүлэлтийг хангасан 3 ба түүнээс дээш зөвлөхийг сонгож хураангуй жагсаалт гаргах”-аар, 36.8-д “хураангуй жагсаалтад орсон зөвлөхүүдэд урилга, ажлын даалгавар хүргүүлэх”-ээр, 36.9.3-т “ажлын даалгаварт хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр чадавхийн шаардлага, үнэлгээний шалгуур үзүүлэлт, аргачлалыг тусгах”-аар, 36.12-т “техникийн саналд мэргэжлийн чадвар, туршлага, голлох мэргэжилтэн, үйл ажиллагааны арга барилын мэдээллийг тусгах”-аар, 36.14-т “техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлэх”-ээр, 36.16-д “хуулийн 37-39 дүгээр зүйлийн дагуу техникийн болон санхүүгийн саналыг үнэлж, сонгосон зөвлөхтэй гэрээ байгуулах эрх олгох”-оор, 37 дугаар зүйлийн 37.1-д “зөвлөх сонгох үнэлгээний аргыг урилга илгээхээс өмнө тодорхойлох”-оор, 37.4-т “хуулийн этгээд сонгох тохиолдолд чанарын, эсхүл хосолмол үнэлгээний аргыг хэрэглэх”-ээр, 39 дүгээр зүйлийн 39.1-д “хосолмол үнэлгээний арга хэрэглэх тохиолдолд  техникийн саналын авбал зохих доод оноог урилгад заах”-аар, 39.2-т “техникийн саналыг хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтээр оноо өгч үнэлэх”-ээр, 39.3-т “техникийн саналд авбал зохих доод буюу түүнээс дээш оноо авсан оролцогчийн санхүүгийн саналыг нээх хугацааг мэдэгдэж, доод оноо аваагүй бусад зөвлөхийн санхүүгийн саналыг нээлгүй буцаах”-аар байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2-т зааснаар тендерт оролцогчийн захиалагчийн шийдвэрийн талаар гаргасан гомдлыг Сангийн яам хянах бөгөөд 55.3.1-д зааснаар захиалагчийн шийдвэр хууль зөрчсөн бол хүчингүй болгохоор  байна.

Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 6.1-д зааснаар Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянах бөгөөд дээрх гомдлын хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу тендер шалгаруулалт нь явагдсан эсэх, техникийн болон санхүүгийн саналыг хууль, тендерийн баримт бичигт нийцүүлэн үнэлсэн эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн хянажээ. Иймд энэ ажиллагаанд тендерт оролцогчдыг оролцуулаагүй нь тэдгээрт хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Үнэлгээний хорооны хурлын 2020 оны 1 дүгээр сарын 07, 1 дүгээр сарын 22-ны тэмдэглэлүүд, Сангийн яаманд болон шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 30-нд зарласан тендерийн хураангуй жагсаалтад тэнцсэн оролцогчдын ирүүлсэн тендерийн баримт бичигт техникийн чадавхийг хангасан эсэхийг үнэлээгүй, тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагад тавигдсан “сүүлийн 3 жилийн борлуулалтын дундаж орлого нь тендерийн нийт төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх” шаардлагыг хангаагүй үндэслэлээр бусад оролцогчийн тендерээс санхүүгийн саналыг нээлгүй татгалзаж, М.Б ТББ-ийн саналыг “шаардлагад нийцсэн” гэж үзэн гэрээ байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлжээ. Өөрөөр хэлбэл шаардлагад нийцсэн гэж үзсэн болон шаардлагад нийцээгүй гэж үзсэн аль ч оролцогчийн саналын техникийн чадавхийг хангасан эсэхийг үнэлээгүй байгаа нь хуулийн дээрх тендер шалгаруулалтын үйл ажиллагааг нарийвчлан журамласан заалтуудыг, ялангуяа хуулийн 36 дугаар зүйлийн “техникийн саналыг үнэлсний дараа санхүүгийн саналыг үнэлэх” 36.14, 39 дүгээр зүйлийн “техникийн саналыг хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтээр оноо өгч үнэлэх” 39.2 дахь хэсгийг зөрчсөн, үүнийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлын хүрээнд хянахдаа зөвтгөх, засуулах боломжгүй юм.   

Дэлгэрэнгүй жагсаалтад санал ирүүлсэн оролцогчдын материалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлээр урьдчилан үнэлж хураангуй жагсаалт гаргасан атал оролцогчдын тендерийн материалыг хуулийн 14-16 дугаар зүйлээр техникийн чадавхийг хангаж байгаа эсэхийг үнэлэхгүйгээр зөвхөн тендерийн баримт бичгийн шалгуурт өөрчлөлт оруулсан үзүүлэлтээр шаардлага хангах эсэхийг үнэлсэн нь үндэслэлгүй.  

Тендерийн баримт бичгийн ерөнхий шаардлагад тавигдсан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхээс хамааран техникийн чадавхийг тодорхойлох бусад шалгуур үзүүлэлтийг үнэлэхгүй орхигдуулж, тендерээс шууд татгалзах үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл ерөнхий шалгуур үзүүлэлт нь техникийн чадавхийг үнэлэх үзүүлэлтийн зөвхөн нэг хэсэг бөгөөд техникийн чадавхийг тодорхойлох бүхий л үзүүлэлтийг тус бүрээр оноо өгч дундаж оноог гаргах байдлаар бүх оролцогчдын техникийн чадавхийг оноогоор үнэлэх байтал ийнхүү үнэлээгүй атал 1 үзүүлэлтээр 1 оролцогчийг техникийн чадавхийг хангасан хэмээн үнэлж бусад оролцогчдын материалаас татгалзсан нь тендер шалгаруулалтын үйл ажиллагааны үнэлгээнд нөлөөлөхүйц зөрчил байна. 

            Мөн техникийн чадавхийг үнэлсний дараа техникийн шаардлагыг хангаагүй оролцогчдод энэ талаарх мэдэгдлийг хүргүүлж, техникийн чадавхийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхийг хангаагүй, санхүүгийн саналыг нээх товыг оролцогчдод мэдэгдээгүй нь мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсгийг зөрчжээ.

            Сангийн яам нь гомдлын хүрээнд тендер шалгаруулалтын материалыг хянахдаа Үнэлгээний хорооны оролцогчийн саналд оноо тавьж үнэлэх эрх хэмжээнд халдаагүй, тодруулбал гомдлын нэг үндэслэл болох “тендерийн баримт бичгийн ерөнхий шалгуур болгосон борлуулалтын орлогын шаардлагыг хувь тогтоосон шалгуур үзүүлэлт болгон тендерт оролцогчдыг санхүүгийн чадавхиар нь урьдчилан ялгаварласан”  гэх гомдлын тухайд цаашид ерөнхий чадварын шалгуурыг хуулийн 14-16 дугаар зүйлийг үндэслэн тендерийн саналд тодорхой тусгаж, дэлгэрэнгүй жагсаалтын үнэлгээнд хамруулж байхыг анхааруулсан болохоос тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл болгоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 61819 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах М.Б НҮТББ-ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.14, 39 дүгээр зүйлийн 39.2, 55 дугаар зүйлийн 55.1, 55.3.1 дэх заалтыг баримтлан “Сангийн яамны 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 61819 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах” тухай М.Б НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА