Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/679

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Н.Булганчимэг, хохирогч Ш.Тэмүүгээ, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа /№0170/, шүүгдэгч Т.Ж, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /№0200/, Н.Нарантуяа /№1292/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хороод овогт Тарваагийн Жд холбогдох эрүүгийн 1711006450126 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засгийн менежмент мэргэжилтэй, “Шинэ гүүр” ХХК-нд орчуулагч, менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2-7 насны 2 хүүхдийн хамт, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хороод овогт Тарваагийн Ж  Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Тэмүүгээ: 2016 оны 7 дугаар сарын 22-ны шинө Чингэлтэй дүүрэгт байрлах “Доргио” бааранд биедээ хүнд гэмтэл авсан. Энэ гэмтлийг авахад шүүгдэгч Т.Ж намайг гүжирдэж байна гэж хэллээ. Би хүн гүжирдээгүй. Цохиулаад ухаан балартаж унасан. Унахдаа улаан өнгө нүдний буланд харсан. 2016 оноос өдийг хүртэл хугацаанд буруугүй учраас уучлал гуйгаагүй гэж хэлж байна. Тухайн өдөр байсан хүмүүс надаас уучлал гуйсан. Намайг эмгэлэгт байхад шүүгдэгч орж ирээд намайг жүжиглээд байна гэж хэлсэн байсан. Миний биед хүнд гэмтэл учруулсан хүн бол Т.Ж юм. Өөр бусад зүйлд гэрчлэх гэрч нарын мэдүүлэг байдаг. Би гэмтэл авснаас хойш ажиллах чадваргүй болж грүпп тогтоолгосон. Одоо ажил хийх боломжгүй болсон. Би барилгын компанид ажиллаж байсан. Одоо 2016 оноос хойш цалингүй болсон зардлыг нэхэмжилж байна. Энэ хүмүүсийн цуглуулж өгсөн мөнгө хасагдсан Солонгос Улсад эмчлүүлсэн зардал би өөрөөсөө гаргасан. Мөн сэтгэл санааны хохирол маш их байна. Гэр бүлээ авч явж, гэр бүлээ санхүүгийн хувьд авч явж чадахгүй байна. Сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би сагсан бөмбөгөөр хичээлэлдэг байсан. Миний орлого цалин болон зар сурталчилгаанд орж байсан. Одоо орж чадахгүй боллоо. Би залуу хүн толгой эргэх өвдөх, даралт ихсэх гэх мэт өвчний байдалтай болж байна. Солонгос улсад 6 сарын дараа дахин эмчлүүлэх ёстой байсан боловч надад хурааж цуглуулсан мөнгөгүй учраас яваагүй гэв. Шүүгдэгч Т.Ж нь 2016 оны 7 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Доргио” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна талбайд хохирогч Ш.Тэмүүгээг толгойн тус газарт цохиж, бие махбодид нь зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Ш.Тэмүүгээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би урагшалхаад “Донер кебаб”-ын хаалга бага зэрэг өнгөрөөд цонх руу буюу зүүн хойд зүгт харж зогсоход 1 минут хүрэхгүй хугацааны дараа миний зүүн талаас чихний дээд талд нэг хүн маш хүчтэй цохисон, би газарт гараараа тулж унахад газар дайвалзаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд, нүд харанхуйлаад ухаан алдсан. Тэгээд нэг мэдэхэд би гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 33-34х, 3хх-ийн 147-148х/, гэрч Д.Дэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016 оны 7 дугаар сарын 22-нд би Тэмүүгээ, Энх-Манлай хоёрын хамт улсын аваргын тоглолтыг үзэхээр МУИС-ийн эдийн засгийн сургуулийн зааланд очсон. Тэгээд тоглолт дуусаад бид гурав гараад нэг газар сууж юм ярья гээд тэр МУИС-ийн хажууханд байрлах “KB” гэдэг нэртэй газар ороод Цэрэндоржийг дуудсан. Цэрэндоржийг ирхээс өмнө тэр хоёрын багийн эзэн гэх хүн Манлай руу залгаад "Хүрээд ир" гэхээр нь Цэрэндоржийг ирхээр нь 4-н замын тэнд нэг газар орсон. Тэмүүгээ, Манлай хоёр багийн эзэнтэй уулзан гэж очоод Цэрэндорж бид хоёр өөр өрөөнд суугаад нэг нэг шил пиво уусан. Тэндээс гараад Караоке орно гэж ярьж байгаад юм идэхгүй бол болохгүй юм байна гээд хоол идхээр болоод Кебаб иднэ гээд Доргиогийн тэнд байрлах “Cola Kebab” гээд газар ирсэн. Тэгсэн Kebab гарах гэж 15-20 минут болно гэхээр нь хажуу талд байрлах "Доргио орж үзье" гээд Манлай тэгэхээр нь бид дөрөв орж явах замд Доргиогоос Ананд гэх тэр залуу халамцуу орилоод гараад ирсэн. Тэрийг Тэмүүгээ хараад Манлайд "Өө, энэ танай нутгийн ах байна шүү дээ" гэж хэлэхэд Манлай, Тэмүүгээ хоёр тэр Ананд гэх залуутай уулзаж үлдээд араас Цэрэндорж бид хоёр луу Доргио дотор Манлай, Тэмүүгээ хоёр ороод ирсэн. Тэгээд нээх удалгүй Цэрэндорж бид хоёр "За за одоо гаръя, хоол гарчихсан байх" гэж хэлээд бид дөрөв гарсан. Цуг гарч ирсэн мөртлөө Цэрэндорж бид хоёр Kebab-ийн гадаа очоод "Хоол гарсан уу?" гээд ярилцсан. Харин Манлай, Тэмүүгээ хоёр тэр Ананд гэх залуу дээр очсон юм байна лээ тэрийг нь Цэрэндорж бид хоёр анзаараагүй юм. Тэгээд Kebab-ийн урд 2-3 минут орчим болоход Цэрэндорж надаа тэнд хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн. Би харсан чинь Тэмүүгээ Манлай хоёрыг зодох гээд хэдэн залуус дайрч байсан. Сүүлд цагдаад баригдаад явдаг улаан футболктой, саравчтай малгайтай, цоорхой өмдтэй залуу, тэгээд цайвар ногоон өнгийн цамцтай залуу бас дайраад байсан. Тэгсэн Тэмүүгээ тойроод зугтаагаад л байсан. Араас нь тэр баригдаад явдаг залуу, өчигдөр эмнэлэг дээр эхнэртэйгээ ирсэн байсан залуу тойроод Тэмүүгээгийн араас хөөгөөд байсан. Тэр үед Цэрэндорж, Доргио барны дөрвөн хамгаалагч, Доргио баранд ажилладаг бололтой улаан өнгийн цамцтай хүүхэн, бид хэд болиоч гэж зөндөө орилсон. Тэгээд Тэмүүгээ надаас 1 метрийн зайд ирээд зогсоход тэр улаан цамцтай, саравчтай малгайтай, цоорхой өмдтэй цагдаад баригдаад явдаг залуу гүйж ирээд хүчтэй баруун гараараа Тэмүүгээгийн нүүрний зүүн хэсэг рүү цохиод авсан чинь Тэмүүгээ ухаан алдаад унангуутаа амнаас нь сонин хурхирч байгаа юм шиг дуу гарсан. Би сандраад Тэмүүгээ дээр очоод тэврээд татах гэсэн чинь ямар ч реакци байхгүй болоод өндийж чадахгүй, нэрээр нь дуудахаар сэрж чадахгүй хурхираад байгаа юм шиг хэвтээд байсан. Тэгээд би тэр улаан цамцтай, саравчтай малгайтай, цоорхой өмдтэй залууд хандаад "Чи яаж байгаа юм бэ? болиоч ээ" гэхэд над руу бас цохих гээд дайрсанаа болиод Манлай руу дайрсан. Тэгээд Цэрэндорж бид хоёр Тэмүүгээг өргөөд Барилгачдын талбайн боржуур дээр суулгасан... Миний харснаар гараараа цохисон." гэх мэдүүлэг /1хх-ийн 77-78х, 3хх-ийн 151х/, гэрч Л.Цэрэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэмүүгээгийн араас улаан футболктой цагдаад баригдаж ирдэг залуу гүйж орж ирээд баруун гараараа далайгаад толгойнынх нь зүүн талд нь шууд цохисон чинь Тэмүүгээ шууд газар унасан. Тэгэнгүүт нь би гүйж очоод босгох гэсэн чинь хөл дээрээ тогтож чадахгүй унтаж байгаа хүн шиг хурхираад байсан.. " гэх мэдүүлэг /1хх-ийн 79-80х, 3хх-ийн 195- 196х/, гэрч Б.Мөрсүмбэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...хамгаалагч Өрнөх бид хоёр гүйж гарахад зодоон бол болоогүй маргалдсан бөөнөөрөө зогсож байсан. Сүүлд цагдаа нарт баригдаад явдаг улаан цамцтай залуу эвхэрсэн доошоо тонгойсон маягтай зогсож байсан. ...Баатараа гээд хамгаалагч нэг залууг салгаад эргээд хартал нэг залуу газар ухаан алдаад унасан байсан. Тэгээд би "юу болчив" гээд асуусан чинь манай зохион байгуулагч Болороо тэр цагдаад баригддаг улаан цамцтай залууг заагаад "наадахаа бариад ав, наадах чинь энэ залууг ухаан алдаад унатал нь цохисон" гэхээр нь манай хамгаалагч Өрнөх барьж авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 88- 89х/, гэрч Ө.Бат-Өрнөхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Саарал өнгийн цамцтай намхандуу залуу, улаан өнгийн цамцтай 2 залуу нэгнийхээ араас хөөцөлдөөд байж байтал улаан цамцтай залуу нь саарал цамцтай залууг шууд урдаас нь цохиод авсан. Тэгсэн чинь цайвар өнгийн цамцтай залуу нь газар унасан. Тэр залуу газар уначихаад босож ирэхгүй байсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 90-92х, 3хх-ийн 197-198х/, гэрч Ж.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...баарны үүдэнд очиход гадаа хүмүүс маргалдаж байхаар нь хоёр хамгаалагч болох Мөрсүмбэр, БатӨрнөх хоёрыг гар гэж гаргаад араас нь гарахад цагдаад бид нар барьж өгдөг улаан өнгийн цамцтай залуу Cola Kebab манай Доргио барны үүд хоёрын яг голд доошоо тонгойсон зогсож байсан. Тэгээд Kebab-аас урагшаа хоорондоо маргалдаж байсан залуус бие биенээ таньдаг гээд Kebab-ны шатан дээр юм ярьж байснаа гэнэт цохилцоод Мөрсүмбэр, Бат-Өрнөх нар салгах гээд очсон. Тэд нарыг салгаж байх хооронд нөгөө цагдаад баригддаг залуу нэг залууг "Эна намайг цохисон" гэж хөөсөөр байгаад Kebab-аас урагшаа шатны наад талд ерөөсөө нэг л цохисон чинь ухаан алдаад газар унасан. Би бүр хойноос нь хөөгөөд байхад нь болиоч гэж зөндөө гуйсан. Цохиулдаг залуу нь цагаан цайвар өнгийн цамцтай залуу байсан, цуг явж байсан найзуудаасаа намхан. Тэгээд ухаан алдаад унадаг залууг найзууд нь шатан дээр суулгаад нээх удалгүй нэг цайвар өнгийн сорочикон цамцтай залуу "би наад залууг чинь танина, яасан юм хараад өгий" гэж хэлэнгүүтээ шууд нөгөө ухаан алдаад шатан дээр сууж байсан залууг баруун талын нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгэхэд тэр өшиглөдөг залууг араас нь хамгаалагч Баатарсүрэн холдуулсан. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд бид нар нөгөө залууг ухаан алдтал цохидог улаан цамцтай залууг хүлээлгэж өгсөн...." гэх мэдүүлэг /1хх-ийн 93-94х, 3хх-ийн 199-200х/, Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний "...Ш.Тэмүүгээгийн биед учирсан зулай, чамархай ясны цөмөрсөн хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, зүүн зулайн хатуу хальсны доорх цус хуралт нь 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн чамархайн тархины эдэд цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь тус тус 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэсэн 1507 дугаартай дүгнэлт /1хх-ийн 125-126х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хавтас хэрэгт авагдсан шинжээчийг байцаасан тэмдэглэл, дүгнэлтэд “...Ш.Тэмүүгээд учирсан хүнд гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжгүй...” гэж дурдагдсаныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй гэсэн байр суурьнаас мэтгэлзэж оролцсон болно. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд: энэ хэрэгт гэрчээр асуугдсан “Доргио” шөнийн цэнгээний газрын ажилтан, хамгаалагч нар, хохирогч Тэмүүгээтэй хамт явсан гэрчийн мэдүүлэг өгсөн найзууд зэрэг нь бүгд хохирогч Ш.Тэмүүгээг улаан цамцтай залуу цохиод, түүнээс хойш хохирогч нь ухаан алдаж, хурихрах чимээ гаргасан, мөн орчинтой харьцах харьцаагүй болсон гэдгийг зөрүүгүй мэдүүлж байна. Мөн мөрдөн шалгах ажиллгааны явцад шүүгдэгч Т.Жг улаан цамцтай явж байсан болохыг тогтоосон байх ба шүүгдэгч өөрөө гараараа хохирогчийг 1 удаа цохисон талаараа мэдүүлж байна. Иймд Т.Жг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Т.Жгийн 2016 оны 7 дугаар сарын 22-23-ны шилжих шөнө үйлдсэн хүний биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан хэдийч, Улсын яллагч 2015 оны шинэчлэн наруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд ял сонсогож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл зөв байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг Т.Жд ял сонсогохдоо журамлаагүйг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх үзэв. Хохирогч Ш.Тэмүүгээ нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд эмчилгээний зардалд нийт 16.721.768 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн нийт 3.000.000 төгрөг, авах ёстой байсан цалин, группийн мөнгө болон авах ёстой байсан цалингийн зөрүүнд нийт 38.800.000 төгрөг тус тус нэхэмжилсэн болно. Үүнээс: хохирогч Ш.Тэмүүгээ нь өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хохирогч өмгөөлөгч авах нь өөрийн эрхийн асуудал бөгөөд одоогоор Монгол улсын хэмжээнд өмгөөлөгчийн хөлсийг тодорхой тогтоосон ханш байхгүй бөгөөд өмгөөлөгчийн хөлс нь харилцан адилгүй тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж шүүх үзэв. Авах ёстой байсан цалин, группийн мөнгө болон цалингийн зөрүүнд нийт нэхэмжилсэн 38.800.000 төгрөгийн хавтас хэрэгт авагдсан баримт нь дутуу шүүх уг баримтаар тооцоолол хийж нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул хохирогчийг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжилэх нь зүйтэй байна. Харин эмчилгээний зардалд нийт 16.721.768 төгрөг нэхэмжилсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн үед Т.Жтай хамт байсан найзууд нь 11.050.000 төгрөгийг хохирогч Ш.Тэмүүгээд төлсөн, шүүхийн хэлэлцүүлгийн үед Т.Ж нь хохирол төлөхөөр шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаагаар завсарлуулж үлдэх 5.710.000 төгрөгийг төлж барагдуулсан болно. Иймд уг шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Т.Ж нь хохирогч Ш.Тэмүүгээд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ш.Тэмүүгээ нь энэ гэмт хэргийн улмаас авсан гэмтэлд цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Жд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын шинж чанар, бага насны 2-7 настай хүүхэдтэй хувийн байдал, түүний тогтомол ажил эрхэлж орлого олох болмжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ш.Тэмүүгээд цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлэх буюу хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгоор түүнд шүүх торгох ял оногдуулж шийдвэрлэв. Шүүгдэгч Т.Ж нь өөрийн орлогыг тодорхойлсон баримтуудаа шүүхэд ирүүлсэн ба уг баримтуудад тулгуурлан түүнд шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-нд хэрэг гарах үед “Доргио” шөнийн цэнгээний газрын гадаа талбайд тухайн үед болсон үйл явдал бичигдсэн байх тул хэрэгт ач холбогдол бүхий баримт гэж үзэн хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Хороод овогт Тарваагийн Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Жд арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Жд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ жилийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Жг торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг дурдсугай. 5. Шүүгдэгч Т.Ж нь шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 6. Хохирогч Ш.Тэмүүгээгээс нэхэмжилсэн үнийн дүнгээс өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн гэх 3.000.000 /гурав сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 7. Хохирогч Ш.Тэмүүгээ нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй. 9.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Жд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.БАТГЭРЭЛ