Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/93

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж, шүүгч Б.Баттулга, Т.Энхмандах нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

иргэдийн төлөөлөгч Б.Наранцэцэг, 

шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Батчимэг /ҮД:0233/,

шүүгдэгч Ш.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал /ҮД:2336/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Шйн Ө нарт холбогдох эрүүгийн 2117000510089 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 22-нд Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг Баянбулагийн .......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар  оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх албадлагын арга хэмжээ авагдсан, Б. овогт Н-ийн Х /РД:............../,

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 24-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт /Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг талхан цехэд оршин суух бүртгэлтэй / одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялыг тэнсэж 4 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор тэнсэж, хянан харгалзсан 4 жилийн хорих ялаас 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 21 жилийн хорих ялаар шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилээс эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 08 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 22 жил 10 сар 08 хоногоор тогтоосныг Говьсүмбэр аймгийн Давж заалдах шатны шүүхийн 09 дугаартай магадлалаар түүнд оногдуулсан ялыг 21 жил болгон өөрчилснийг Улсын дээд шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 262 дугаартай тогтоолоор Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Б. овогт Ш-ийн Ө /РД:.........../,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Н.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим Д.Втэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, баруун 5, 6, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Н.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Д.Втэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, баруун 5, 6, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр өдөр 0,75 литрийн Хараа нэртэй архи 2-3-уулаа уугаад их согтсон байсан. Н.Гтай Вгийнхээс гараад маргалдсан. Тэгээд хутгалсан гэсэн би өөртэй нь уулзсан. Маргалдаж байгаад бие биенийгээ цохиж байгаад би хутгалсан гэсэн. Нэг мэдсэн би машинд хутга бариад сууж байсан. Маргалдаж муудсан талаараа сайн санахгүй байгаа. В ахыг л өмөөрч муудсан байх гэв.

 

1.2. Шүүгдэгч Ш.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн үед Х, Б, Э нартай дөрвүүлээ 1 шил Алтан чингис нэртэй архи хувааж уусан.  Тэгээд Вгийнд очсон. Анх маргалдахдаа өнгөрсөн хавар В манай том эгч рүү танай дүү чинь байнга архи уугаад яваад байна гэж мессеж бичсэн байсан. Тэгтэл эгч Замын-Үүдээс ирээд намайг загнаж байгаад буцсан. Тэрийг санаад маргаан болсон. Тэгтэл В дэрэн доороосоо хутга гаргаж ирээд миний хөл рүү нэг удаа хутгалсан. Би урдаа сандал бариад гэрээс гарсан. Сандлыг нь гадаа хаячихаад уурандаа гараад ир гээд элдвээр хэлчихсэн. Эхнэртэй нь би нэг төгсөлтийн хүмүүс байсан. Тэгсэн чинь алнаа гүйцээнэ гээд гартаа хутга бариад гараад ирэхээр нь хаалганы гэрэлд харагдсан модоор толгой руу нь 1 удаа цохисон. Хутгалуулсандаа уур хүрээд элдвээр хэлчихээд явья гэж бодсон. Тэгсэн араас хутга бариад гараад ирэхээр нь цохисон. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оноож өгнө үү, үүнээс хойш хэрэг зөрчил гаргахгүй гэдгээ шүүх бүрэлдэхүүний өмнө амлая гэв.

 

1.3. Хохирогч Д.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Б гэх хүн хүүхдийнхээ үсийг авч байгаа юм хорхог хийгээд өгөөч гэж гуйсан. Тэгээд манай гэрт Б, Нэргүй, Г, Ц бид хэд хорхог хийж байхдаа 0,5 литрийн, 0,75 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд орой хорхогоо хийж дуусчихаад 22 цаг өнгөрч байхад унтацгаах гээд бүгд хэвтсэн. Тухайн үед Б гэрийн баруун талын орон дээр, би гэрийн зүүн талын орон дээр, Нэргүй, Г, Ц нар Бгийн орны урдуур газар хэвтэцгээсэн. Тэгээд шөнө унтаж байсан чинь 23 цаг өнгөрч байхад гаднаас манай хашааны хаалгыг онгойлгоод машин орж ирсэн чинь дотроос нь Б, Ө, Х, Э нар орж ирсэн. Тэгээд Ө миний орны хажууд байсан ширээний ойрхон суугаад, Х архи аягалаад зуухны орчим суугаад, Э миний орны хөлд, Б гэрийн баруун талд Бгийн хэвтэж байсан орны хөлд суусан. Тэгээд Х архи аягалаад сууж байтал Ө надад хандаад та эгчид худлаа хэлж загнуулсан гээд уурлахаар нь би юу гэж худлаа хэлсэн юм бэ, чиний ямархуу байдалтай байгааг чинь эгчид чинь хэлсэн гэж хэлсэн. Би Өын эгчтэй 10 жилийн сургуульд нэг ангид хамт сурч байсан юм. Тэгээд Өтай чи өөрөө аятайхан бай гэх зэргээр маргалдаж байсан чинь Ө надад шорон яриад томроод байхаар нь чи ахдаа шорон ярьж томрохгүй шүү гэж хэлсэн чинь Ө сүүлдээ манай эхнэр Цэцэгмаатай хонож өнжиж явсан, чи мэдэхгүй гэх зэргээр над руу дайраад байхаар нь би уур хүрээд орны хажууд байсан өдөр нь мал хийсэн хутгыг аваад гуя орчимд нь 2 удаа хутгалсан. Тэгсэн чинь гарт байсан хутгыг Э булаагаад авсан. Тэгтэл Ө гэрийн үүдэнд зогсчихоод намайг элдэв янзаар доромжлоод байхаар нь гудсан доор байсан шинэ хуйтай хутгаа аваад гэрээс гартал миний толгой руу модоор цохиод би газарт унасан. Нэг сэрсэн чинь гэрийнхээ зүүн талын орон дээр хэвтэж байсан. Дөнгөж ухаан ороход гаднаас нэг хүн оруулж ирж байсан нь Г байсан. Б ойртож үзээд наадахны чинь гэдэс нь гарчихсан байна ш дээ эмнэлэг дуудья гээд дуудлага өгсөн. Надад Өт гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 39-40-р тал/,

 

1.4. Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сүмбэр 2 дугаар баг, Рэгцэгийн гудамжинд танил ах Вгийн гэрт хорхог хийж өгөхөөр очсон. Бид нар махаа бэлдэж байхдаа 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад хорхогоо хийж дуусаад 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи уусан. Тухайн үед В ахын гэрт Б, Нэргүй, Ц бид хэд байсан. Б гэх хүүхэн бас гэдэс арилгаад байж байсан. Хорхогоо орой 20 цагийн үед хийж дуусаад сүүлийн архийг уучихаад 22 цагийн орчим бид хэд унтахаар хэвтэцгээсэн. В ах гэрийнхээ зүүн талын орон дээр, Б баруун талын орон дээр, Нэргүй, Ц бид хэд Бгийн орны урдуур газраар унтахаар ор засаад хэвтэцгээсэн. Тэгээд гэрт нь унтаж байсан чинь гаднаас хүмүүс орж ирчихээд В ах та нар явцгаа гээд маргалдаад байсан. Тэгээд би сэрээд бие засах гээд гэрээс гарахад тэр дотор байсан хүмүүсээс арай зүс мэддэг Х гэх залуу байсан. Би гэрээс гарахдаа юу байна Х гэж хэлчихээд гарсан чинь Х миний араас гарч ирээд юу байдаг юм гээд надтай маргалдсан. Тэгээд бид хоёр бие биенээ ганц нэг удаа цохисон чинь Х хашааны гадна байсан машин руу гүйж очоод хаалгыг нь онгойлгоод буцаад намайг чиглээд ирэхээр нь зогсож байсан чинь миний гэдэс рүү хутгалчихсан. Тэгээд би доошоо эвхрэлдээд суусан чинь Х машин руугаа очиж суугаад машин нь хөдлөөд явсан. Тэгээд би ухаан балартчихсан байсан. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн байсан. Хд хутгалуулснаас хойш надад санаж байгаа зүйл байхгүй. Бид нар тавуулаа 2 шил архи хувааж уусан байсан болохоор би согтоогүй байсан. Дээр нь цаг гаран унтчихсан байсан болохоор юу болсныг сайн санаж байна. Би гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсний зардал 1 478 951 төгрөг, Ансот эмийн сангаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 56 000 төгрөг, 34 100 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Монгол эм имкексээс 104 000 төгрөгний эм, эмнэлэгт хэвтэж байхдаа Балдан засаг захаас Нараа гэх эгчээс 300 000 төгрөгний хонь худалдаж авсан. Нийт 1 935 451 төгрөг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44-45-р тал/,

 

1.5. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

 Ө, Х. бид 3 өчигдөр орой 22 цагийн орчим 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Вгийнд очиход Б, Н., Ц, тэгээд үл таних 2 залуу В нар согтуу байсан, ихэнх нь унтаж байсан. Вгийн араар Б унтаж байсан. Тэгээд гэрт нь ороод унтаж байсан хүмүүсийг дуудахад ихэнх нь босож ирсэн. Х архи задлаад дээрээс нь ганц татаж байтал Б, В 2 хэрэлдэж эхэлсэн. Тэгээд Б Вг чи дандаа авгайгаа харддаг пизда гэх мэтээр хэлж эхэлсэн. Тэгээд зодолдоод В Б руу хутга барьж дайраад тэгтэл Э. Вгийн хутгатай гарыг барьж аваад хутгыг нь булааж авсан. Тэгтэл В дахиад 1 хутга гаргаж ирээд Б руу дайраад хатгах гэтэл гарыг нь Б сандлаар хаагаад гэрээс нь гарсан. Тэгээд Э. ахыг явья гэтэл Эрдэнээ ах тэгье гээд хашааны хаалгыг нээгээд гарах гэтэл хашаан дотор В Б 2 зодолдож байсан. В хутга барьчихсан, Б мод барьчихсан зодолдож байсан. Тэгээд Эр. ахад би та Бг аваад ирээч гэсэн чинь Э.ах машинаас буугаад Бг авчирч жолоочийн эсрэг талын суудал дээр суулгахад Б В найзыг чинь хутгалсан байна ш дээ гэхээр нь Х Б, Б, Эр. ах бид хэд Э. ахын машинтай манайд очоод Бгийн хөлийг үзэхэд өвдгөн дээр нь нэг удаа хутгалсан шарх байсан тэгээд цус урсаад гоожоод байсан. Х энгэрээсээ архи гаргаж ирээд даавуунд шингээж байгаад хөлийг нь боож өгсөн. Тэгээд Б өглөө ажилтай гээд гэр лүүгээ явсан. Вгийн барьж байсан хутга 10 см урттай хутга байсан. Өнгийг нь сайн хараагүй. Хашаан дотор Баянжаргалангийн гаралтай жижиг бор залуу нэрийг нь Т гэж дуудаад байсан, Хтэй Вг өмөөрөөд зодолдоод байсан. Хгийн гарт хутга байсан. В Б хоёрыг зодолдоод гарахад Т Х 2 араас нь гараад зодолдоод байсан. Тэгээд машин дотор Х орж ирэхэд хутга барьчихсан орж ирсэн. Хгийн барьж явсан хутгыг гар луу нь цохиж машин дотор хаяуулсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 47-48-р тал/

 

1.6. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Б хөдөө яваад өгөөч гээд намайг гуйсан тэгээд өөрийн тээврийн хэрэгсэлтэй хөдөө яваад Сүмбэр сумын 5 дугаар баг, бригадын төв дээр очоод 3 хонь, 1 ямаа ачаад ирсэн. 2 хонь 1 ямааг нь Сансарын эгнээнд байрлах мал мах авдаг газар өгсөн. Нэг хонийг нь надад тээврийн хөлс гэж өгсөн. Надтай хамт Б, Б, Х нар хамт явсан. Очиж мал авсан айл нь хүн байгүй байсан. Тэнд Х айлын мал маллаж байгаа юм шиг байсан тэгээд хонь ямаанаас нь барьж өгсөн. Хөдөө явж ирээд малаа зараад, манайд нэг хонь гаргачихаад Вгийнд очсон. Тэгээд Б В 2 муудалцаад зодолдоод байсан. Тэгсэн чинь В Бг хөл рүү нь хутгалсан байна лээ. Дараа би Бг хүргэж өгөх гээд явж байхад өвдөгнөөс нь цус гараад байсан Б хэлэхдээ В намайг хутгалчихлаа гэсэн. Б, Н., Г, Ц., В, Б нар унтах гээд хэвтэж байсан чинь Б ороод Вд хандаж манай эгчид хов хүргээд энэ тэр гээд муудалцаад байсан. Гтай муудалцсан хүн байхгүй байх, гэрт Б В 2 муудалцаад гадаа гараад зодолдоод байхаар нь би Бг салгаад аваад явсан. Гтай Б Х нар муудалцаж байсан. Тэгээд би бүгдийг нь салгаад Б, Х, Б, Б дөрвийг аваад Бын амбаарт хүргэж өгөөд би гэртээ харьсан. Намайг гэртээ ороход 01 цаг 40  минут болж байсан. Би өөрийнхөө 49-82 ДУА улсын дугаартай Тоёота камри маркийн тэврийн хэрэгсэлтэй явж байсан. Миний машин буруу талдаа жолооны хүрдтэй машин байгаа юм. Надад хутга байхгүй, миний багажин дотор ч хутга байхгүй... гэх мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 51-52-р тал/,

 

1.7. Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр В ахын гэрт очсон чинь хорхог хийх гэж байна гээд махаа бэлдчихсэн байхаар нь би махыг нь жижиглээд хорхогийг нь хийлцсэн. Тэгээд бид 2 шил Хараа нэртэй архи уусан. Тухайн үед би өглөө нь дүүтэйгээ архи уусан байсан болохоор хурдан согтсон байсан. Тэгээд нэг сэрсэн чинь гаднаас Б В ахыг түшчихсэн орж ирсэн. Тэгээд нэг их удалгүй Г араас нь орж ирсэн чинь бие нь цус болчихсон байсан. Тэгсэн Б чи яасан юм бэ гээд подволкыг нь сөхөөд харсан чинь гэдэс нь ил гараад ирчихсэн байсан. Тэгээд эмнэлэгт дуудлага өгсөн. Гантулгыг хэн хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна... гэсэн мэдүүлэг. /1 дүгээр хх-ийн 54-55-р тал/,

 

1.8.  Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 15-16 цгаийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгзэгийн 1-127 тоотод Вгийн гэрч очсон. Намайг очиход Б гэдэг хүн хорхог хийлгэх гэж байгаа гээд Г, Ц нар хонь гаргаж байсан. Тэгээд хорхогийг нь 2 хувааж хийсэн. Хорхог хийж байхдаа 0,75 литрийн 0,5 литрийн 2 шил Хараа нэртэй архи уусан. Архи уух үед Вгийн гэрт нь В, Н., Ц, Г, Б бид нар байсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад унтацгаасан. Тэгээд унтаж байхад 00 цаг болох гэж байхад Ө, Б, Х, Э. нар ирсэн. Тэд нарыг орж ирэх үед би баруун талын орон дээр, миний орны урд талд Нэргүй, Ц, Г нар унтчихсан байсан. В Бтой хамт зүүн талын орон дээр унтаж байсан. Тэгээд Х зуухны урд талд суугаад архи аягалаад Б, Э. нар зүүн талын орны хөл орчим суугаад, Ө Вгийн толгойны хажууд ширээний орчим сууж байсан. Хгийн аягалж байсан архи гэрийн баруун талаар лав тойроогүй. Тэр хэд орж ирээд удаагүй байхад В, Ө нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгээд орноос босож байтал Ө, В намайг хутгалчихлаа гээд гэрээс гараад явсан. Тэгээд гадаа гарчихаад Вг гараад ир гэж дуудтал Г гараад явсан. Араас нь В гараад би гутлаа өмсөөд гартал Ө Вг модоор цохиод унагаачихсан байсан. Тэгээд би Вг гэр лүү оруулж байхад нөгөө машинтай ирсэн хүмүүс хөдлөөд явсан. Тэгээд Вг гаднаас оруулчихаад байж байтал гаднаас Г орж ирсэн чинь өмсөж байсан подволк нь цус болчихсон байхаар нь харсан чинь гэдэс нь ил гараад ирчихсэн байсан. Тэгээд л Н.ийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Г.ыг хэн хутгалсан талаар надад мэдэх зүйл байхгүй...

Г Вг өмөөрөөд Ө, Х нартай маргалдсан. Вгийн гэрийн үүдэнд зогсож байхад Х баруун гартаа хутга, зүүн гартаа архи барьчихсан хутга шаана гэчихсэн байж байсан. Вгийн ярьж байгаагаар Өыг хутгалах үедээ гаргаж ирсэн хүрэн иштэй хутгыг нь тухайн үед Эрдэнээ гэх жолооч булааж авсан. Тэр хутга байхгүй байна гэж ярьж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-58-р тал/,

 

1.9. Гэрч Д.Н.  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Тэгээд хорхогоо хийж байхдаа 0,5, 0,75 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг уусан. Тэгээд би согтоод унтчихсан. Орой 19-20 цагийн үед гэдэс чаначихлаа босож ид гээд сэрээхээр нь босож гэдэс идчихээд буцаад унтсан. Тэгээд шөнө хүмүүс маргалдаад байхаар нь сэрсэн чинь Г хэвлийн хэсэгтээ хутгалагдчихсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хэн хэнтэйгээ муудсан талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61-р тал/,

 

1.10. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Хд өөрийн малыг хариуцуулж үлдээсэн. Тухайн үед би согтуу машин барьж явж байгаад цагдаад баригдаад шүүхээр баривчлагдах гэж байсан юм. Тэгээд би Хд баривчилгааны хугацаа дуустал мал маллаж байгаа ч гэж гуйсан юм. Х хавар надад ямаа самнаж өгөөд би оронд нь 2 төлөг өгнө гэж тохиролцсон байсан юм. Сая баривчилгаанд явахдаа бас 2 мал өгнө гэж хонио харуулж үлдээсэн юм. Х 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр миний малнаас авсаныг нь би сүүлд мэдсэн. Гэхдээ би Хд 4 тооны мал өгөх байсан учраас ямар нэгэн гомдол гаргаагүй. Х надаас авах ёстой малаа авсан байна. Надад гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76-р тал/,

 

1.11. Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. Сүмбэр гарден орох гээд Вгийн эгнээнд алхаж байтал В гэрээсээ гарч ирээд манай найзын хүүхэд даахь үргээх гэж байгаа юм, мал хийж байна чи гэдэс арилгаад өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлээд тэдний хашаанд ороход гэрийнх нь гадаа миний танихгүй нэг залуу хонь хийгээд байж байсан. Гэрийнх нь сүүдэрт В, Б бас миний танихгүй 2 залуу архи уугаад сууж байсан. Тэгээд малынх нь гэдэс гараад В бид 2 элбэлцэж арилгаад гэдсийг нь чанаад махаар нь хорхог хийсэн. Гэдэс чанаж хорхог хийхдээ би тэд нартай архи уусан. Архи ууж байгаад нэг мэдэхэд би тасраад тэдний гэрт нь унтсан байсан. Өглөө сэрэхэд л хутга шөвөгний асуудал болсон байсан. Хэрүүл маргаан зодооны талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 78-р тал/,

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтэд:

- Н.Г.ын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, Б.Сэргэлэн гэжээ. /1 дүгээр хх-ийн 88-89-р тал/,

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай дүгнэлтэд:

- Ш.Өын биед зүүн өвдөгт зүсэгдсэн шарх гэмтэл учирчээ.

- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр 2021 оны 06 дугаар сарны 15-нд үүсэх боломжтой.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /1 дүгээр хх-ийн 93-р тал/,

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай дүгнэлтэд:

- Д.Вгийн гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, баруун 5, 6, зүүн 9, 10-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаа буюу 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна.

- Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчиллээр, олон удаагийн үйлчиллээр үүснэ.

- Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /1-р хх-ийн 98-99-р тал/,

 

1.15. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Би мөрдөгчийн шинжээч томилсон тогтоолын дагуу Д.Вгийн биед болон эмнэлгийн бичиг баримтанд үндэслэж 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр уг дүгнэлтийг гаргасан. Д.Вгийн тархинд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Түүнд учирсан бусад гэмтлүүд нь 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-р тал/,

 

1.16.  Хохирогч Н.Г.н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт /1 дүгээр хх-ийн 145-155-р тал/,

 

1.17. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 5-15-р тал/,

 

1.18. Хохирогч Д.Вгийн “Лазер мед” эмнэлэгт компьютер томографийн шинжилгээний хийлгэсэн талаарх баримт. /1 дүгээр хх-ийн 100-103-р тал/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Н.Гтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ш.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1 дүгээр гудамжны 127 тоот хашаан дотор 2021 оны 06 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчим хохирогч Д.Втэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газар модоор цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавлын баруун чамархайн цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн тархмал няцрал, баруун 5, 6, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Ш.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч Б.Н-ээс гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батчимэг нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Х нь зэвсэг хэрэглэн хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Өын өмгөөлөгч Г.Энхжаргал нь гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ш.Өыг хохирогч Д.Вгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн байна. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүх бүрэлдэхүүн хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Х нь хохирогч Н.Г-ыг хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний цоорол бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно.” гэж тусгажээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Түүнчлэн хохирогч Н.Г-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ш.Ө нь хохирогч Д.Вгийн толгойн тус газар модоор цохиж, унасан хойно нь хөлөөрөө өшиглөх зэргээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Хохирогч Д.Вгийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдсон байх тул улсын яллагч, иргэдийн төлөөлөгч нараас гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Х, Ш.Ө нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Батчимэг, шүүгдэгч Ш.Ө, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Н.Х, Ш.Ө, хохирогч Н.Г, Д.В нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэн, хоорондоо маргалдсанаас үүдэн гарсан байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Н.Х зэвсэг хэрэглэн хохирогч Н.Г.ын эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч Ш.Ө хохирогч Д.Вгийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан байх тул хохирогч Н.Г, Д.В нарын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

Хохирогч Д.В нь мөрдөн байцаалтын шатанд “Ш.Өт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ш.Өыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Н.Г нь эмчилгээний зардалд 1.935.415 төгрөгийг нэхэмжилснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгээс гаргуулах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар

шүүгдэгч Ш.Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Х, Ш.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Н.Х нь манай төрсөн эгч Б-тэй 2006-2010 он хүртэлх хугацаанд хамтран амьдарч байгаад салсан. Дундаасаа нэг хүүхэдтэй хүмүүс байгаа юм. Хүү нь одоо 14 настай. Түүнийг манай хүргэн ах гэдэг утгаар нь таньдаг. Түүний хувийн зан байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний хувьд хийсэн хэргийнх нь талаар мэдэх зүйл байхгүй. Хувийн зан байдлын талаар сэтгэлээрээ хүнд тусалдаг, манайд хүргэн байхдаа эхнэр хүүхэддээ халамжтай хүн байсан. Эхнэрээсээ салснаас хойш архи дарс уугаад, хэрэг төвөгт ороод яваа юм. Одоо түүний хувьд ганц бие, орох орон байхгүй, ах дүү нарынхаараа болон хамаатан садангийнхаараа л амьдраад явж байгаа бөгөөд ажил төрөл эрхэлдэггүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 80-р тал/,

 

2.2. Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Н.Х бид 2 найз нөхдийн холбоотой, найзлаад 7 орчим жил болж байна. Түүний хувьд өөрийн гэх гэр байхгүй, ах дүү найз нөхдийнхөөрөө амьдардаг. Ажил төрөл хийдэггүй хүн байгаа юм. Хувийн зан байдлын хувьд даруухан хүнд тусархуу зантай. Хааяа нийлж хамт архи уудаг. Одоо холбогдсон хэргийнх нь талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-р тал/,

 

2.3. Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Ш.Ө нь миний хуурай дүү байгаа юм. Тэр багадаа манай байранд буюу Төмөр замын 74-р байранд байдаг байсан юм. Тэр утгаараа таньдаг. Садан төрлийн холбоо байхгүй. Түүний хувьд эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хувиараа таксинд явж амьдралаа залгуулдаг. Хувийн зан байдлын хувьд хүнд их тусархуу, үг дуу цөөтэй, элдэв янзын ааш араншингүй. Хүн чанар сайтай хүн байгаа юм. Одоо холбогдсон хэргийнх нь талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-р тал/,

 

2.4. Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

Ш.Ө бид 2 хуучнаар 32 дугаар бааз гэж байхад тэнд жолоочоор ажиллаж байсан. Эртний танилууд байгаа юм. Садан төрлийн холбоо байхгүй, би түүний аав, ээж, ах дүү нарыг бүгдийг нь танина. Ө бид 2 найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юм. Хувийн зан байдлын хувьд хүнд тусархуу, хүний төлөө гэсэн сэтгэлтэй, даруу төлөв зантай хүн байгаа юм. Одоо хувиараа таксинд явж амьдралаа залгуулдаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-р тал/,

 

2.5. Шүүгдэгч Ш.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 176-р тал/,

 

2.6. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай “Ялаас хугацааны өмнө суллах” тухай захирамжийн хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хх-ийн 179-190-р тал/,

 

2.7. Шүүгдэгч Н.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 244-р тал/,

 

2.8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоох” тухай захирамжийн хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 75 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 10-ны дөрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 216-243, 2-р хх-ийн 29-36 дугаар хуудас/,

 

2.8. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарны 30-ны өдрийн 03 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 51-53-р хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Н.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд уг зүйлд зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 28 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 1 сар 28 хоногийн хугацаагаар тогтоох,

шүүгдэгч Ш.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 30 000 нэгж буюу 30 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батчимэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Н.Хд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналтай байна. Шүүгдэгч Н.Хгийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч уг гэмт хэрэг гарахад өдөөн турхирсан зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ш.Өын өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хохирогч Д.Вгийн хувьд шүүгдэгч Ш.Өын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар шүүх хуралдаан оролцох гэж байсан боловч эрүүл мэнд нь зүгээр болсон тул оролцохгүй гэсэн. Шүүгдэгч Ш.Ө нь хохирогчид унаа тэргээрээ үйлчилж байгаа. Ш.Ө нь онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлж ялынхаа зохих хувийг эдэлж хянан магадлангаар суллагдсан. Хянан харгалзах хугацаанд гэмт хэрг зөрчилд холбогдоогүй. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээ болох 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгож, 2021 оны 06  дугаар сарын 25-аас өмнө гэмт хэрэг үйлдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж өршөөн хэлтрүүлэх” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх бүрэлдхүүн улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Ш.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30 000 нэгж буюу 30 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах,” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ш.Өын өмгөөлөгч Г.Энхжаргалаас гаргасан “шүүгдэгч Ш.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгож, Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулж өршөөн хэлтрүүлэх” гэх дүгнэлтүүдийг тус тус хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

 

Учир нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “ Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заажээ.

Гэтэл шүүгдэгч Ш.Ө нь 1999 оны 04 дүгээр сарын14-ний өдрийн 31 дугаартай Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 197 дугаар талд авагдсан 2000 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1558 дугаартай өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Х, Ш.Ө нар нь урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамрагдаж байсан тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулах боломжгүй боломжгүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч Ш.Өын хувьд онц хүнд хэрэгт шийтгүүлж хянан харгалзах хугацаа дуусаад 6 сарын дараа дахин хүнд гэмт хэрэг үйлдэж засрал хүмүүжлээ олоогүй байх тул түүнд 30 000 нэгж буюу 30 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах улсын яллагчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Х, Ш.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Хг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, 2021 оны 07 дугаар сарын 02-н өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Х, Ш.Ө нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн даавуун материалтай, улаан оруулга оёдолтой хутганы хуй 1 ширхэг, улаан хүрэн өнгийн 9,5 см бариултай никел ажлын хэсэг нь 11,5 см урттай хутга 1 ширхэг, 2 см зузаантай 1 метрийн урттай мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б. овогт Н-ийн Хг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б. овогт Ш-ийн Өыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Хг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Өыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хг Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сар 16 /арван зургаа/ хоногийн ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг 7 /долоо/ жил 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хд оногдуулсан 7 /долоо/ жил 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,

            Шүүгдэгч Ш.Өт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгээс 1.935.451 /нэг сая есөн зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж Дундговь аймаг Баянжаргалан сум, 1 дүгээр баг Шилийн гол гэх газар оршин суух Б. овогт Н.ын Гд олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхисугай.

 

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн даавуун материалтай, улаан оруулга оёдолтой хутганы хуй 1 ширхэг, улаан хүрэн өнгийн 9,5 см бариултай никел ажлын хэсэг нь 11,5 см урттай хутга 1 ширхэг, 2 см зузаантай 1 метрийн урттай мод 1 ширхэг тус тус устгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х, Ш.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.АРИУНЖАРГАЛ

                                          

                                         ШҮҮГЧИД                               Б.БАТТУЛГА

                                                                                          

                                                                                        Т.ЭНХМАНДАХ