Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2018/ШЦТ/12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0377/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Хохирогч Э.Э.Б-,

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Б-,

Шүүгдэгч У.У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Б-д холбогдох эрүүгийн 1718003960173 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У.Б-,1998 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч У.У.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Э.Э.Б-ыг цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.У.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны орой хувийн таарамжгүй харьцааны улмаас Э.Э.Б-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, дээд гадна хананы цууралт, баруун хөмсөгний шарх, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр ба зүүн чихний дэлбэнгийн арын цус хуралт, зүүн дал орчмын зулгаралт, баруун нүдний алимны доргилт, салстын доорх цус харвалт" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

 

            Шүүгдэгч У.У.Б-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

 

            ...2017 оны 11-р сарын 06-ны өдөр М-ийн төрсөн өдөр болсон. Тэгээд 20 цагийн орчим Баян-Идэр худалдааны төвд М-, А- хоёрын ажил дээр Б-, Н- бид нар уулзаад О-ын гэрт очиж М-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр болоод А-, М-, Б-, Н- бид нар 20 цаг өнгөрөөгөөд А-, М- нарын ажлыг тарахаар нь Дархан сумын 8-р багийн 12-20 тоотод О-ын гэр рүү явсан. Тэдний гэрийн гадаа Э.Б-тай тааралдаад хамт О-ын гэр рүү орсон. М- Э.Б-ыг утсаар дуудсан байсан. Тэгээд О-ын гэрт ороод бид нар дундаасаа мөнгөө цуглуулаад О-, М- бид 3 дэлгүүр гарч 0,75 литрийн Хараа архи 2 шил, 2 литрийн 1 том хүрэн савтай пиво, 2 хайрцаг тамхитай авч ороод том өрөөнд нь бөөнөөрөө суугаад юм ярьж авсан архиа уусан. Архи яг ууж эхлэх гээд тойроод сууцгааж байхад Э.Б-ын найз охины тухай ярьцгаасан. Тэгэхээр нь би Э.Б-ын найз охиныг бага ангидаа таньдаг байсан учраас би Э.Б-ад найз охиныг чинь би танина бага ангидаа нэг ангид сурдаг байсан манайд очиж тоглодог байсан энэ тэр гээд нийлж тоглодог байсан хүүхдүүдээ хэлсэн тэгээд тэр яриа дууссан. Тэгээд 1 шил архи ууж дууссаны дараа Н- бид хоёр жижиг өрөөнд ороод юм яриад сууж байсан чинь Э.Б- орж ирээд надаас тамхи авч татаад хажууд суусанаа над руу чи манай найз охиныг яах гэж ярьж байгаа юм гээд дуугаа өндөрсгөөд уурласан өнгө аястай ярихаар нь би чи яагаад байгаа юм бэ бага ангидаа нийлдэг байсан гэж ярьсан шүү дээ гэж тайлбарлаж хэлсэн чинь Э.Б- чи найзуудын хажууд тэгж ярьж болохгүй байсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Б-аа чи надтай битгий ингэж яриад бай гэж хэлээд Э.Б- бид 2 маргалдсан чинь тэнд байсан найзууд Э.Б- бид 2-г болиулаад том өрөө рүү оруулсан боловч Э.Б- бид 2 том өрөөнд ороод дахиад хэл амаараа бие биенээ доромжлоод маргалдсан. Тэгсэн чинь У- буюу гэрийн эзэн нь та 2 энд хэрэлдэж маргалдахгүй гарцгаа гэхээр нь би Э.Б-ад айлд маргалдаад яах бэ хоёулаа гарах уу гэсэн чинь Э.Б- гаръя гэсэн. Тэгсэн чинь О- та 2 гарч яах гээд байгаа юм жижиг өрөө рүү ор гээд О-, Э.Б- бид 3 жижиг өрөө рүү орсон. Тэгээд жижиг өрөөнд Э.Б- бид хоёр барилцаж аваад би эхлээд Э.Б-ын шанаа руу нь гараараа 2 удаа цохиод барилцаад газар уначихсан. Би Э.Б-ын хүзүүгээр гараа тохой хэсгээрээ боосон байсан тэгэхэд Э.Б- намайг гараараа нүүр лүү цохисон тэгээд Э.Б- бид 2 бие биенээ 3-4 удаа цохисон. Тэгээд О- бид хоёрыг салгаад 2 тийшээ болоод 1-2 минут маргалдаж зогсож байгаад Э.Б- бид хоёр дахиж барилцаж аваад хоорондоо зодолдоод бид хоёр газар унаад би Э.Б-ыг боогоод бие биенийгээ цохисон. Тэгсэн чинь цаанаас найзууд орж ирээд Э.Б- бид хоёрыг салгасан. Тэгэхэд Э.Б-ын хөмсөг нь язраад цус гарчихсан нүд нь хавдчихсан байсан. Э.Б- тэнд хоноод би шөнө 02 цаг өнгөрч байхад гарч машин дотроо унтаад өглөө 07 цаг өнгөрч байхад орж ирсэн. Тэгээд Э.Б-, М- хоёрыг 330-р цэргийн анги дээр хүргэж өгөөд Э.Б- ангиасаа чөлөө авсан. Дараа нь Э.Б-ын гэрт нь хамт очоод аавтай нь уулзаж учир байдлаа хэлээд эмнэлэг дагуулж ороод хөмсгийг нь оёулсан гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Э.Э.Б-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

   ...2017 оны 11-р сарын 06-ны өдөр орой 22 цагийн орчимд Дархан сумын 8-р багийн 12-20 тоотод манай найз М-ийн төрсөн өдөр болсон учир О-, У- нарын гэрт М-, Б-, Н-, А-, О-, У-, У.Б- бид нар цугларч уулзсан. Тэгээд дундаасаа мөнгөө гаргаад У.Б-, О-, М- нар гарч дэлгүүр ороод 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи, 1 том түмний ундаа, 2 литрийн хүрэн савтай пиво 1, тамхитай авч орж ирсэн. Тэгээд О-ын гэрийн том өрөөнд нь бүгдээрээ сууцгаагаад хоорондоо хаана юу хийж байгаагаа яриад архиа хувааж уугаад дуулж хуурдаад сууж байтал У.Б- над руу хандаж танай найз охиныг би 5-р ангид байхдаа хэд хэдэн удаа гэртээ дагуулж орж байсан ш дээ гэж хэлсэн. Тухайн үед надад найзуудын дунд доош нь хийгээд доромжлоод байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд эрэгцүүлж бодоод өнгөрсөн. Тэгээд нилээн байж байтал У.Б- Н-тай жижиг өрөөнд ороод юм яриад сууж байсан. Тэгэхээр нь би очоод У.Б- руу хандаж чи яагаад найзуудын дунд найз охиныг гэртээ дагуулж орсон энэ тэр гэж ярьж байгаа юм бэ гэж асуусан чинь У.Б- намайг надтай хүн ингэж ярьдаггүй шүү манай аав цагдаа хоёулаа зодолдъё гэсэн. Тэгэхээр нь би босоод том өрөө рүү орсон чинь араас У.Б- дагаж орж ирээд араас татаж чангаагаад зодолдъё гээд байхаар нь би тэгье гээд араас нь дагаад жижиг өрөө рүү орсон. У.Б- бид хоёртой хамт О- жижиг өрөө рүү орсон. Тэгээд О- хоорондоо учраа олцгоо гээд жижиг өрөөний хаалгыг хаасан. Тэгтэл У.Б- шууд миний нүүр лүү гараа зангидаж байгаад бөгжтэй хэсгээрээ баруун нүд рүү цохисон. Тэгээд би У.Б-тай барилцаж аваад зөрүүлж цохиод бид хоёр зодолдсон. У.Б- тохой хэсгээрээ хүзүүгээр оруулж боож унагаагаад миний нүүр лүү олон удаа гараа зангидаж цохисон. Тэр үед би бага зэрэг мА-сан юу болоод байгааг сайн мэдэхгүй байсан. ...Тэгээд босоод иртэл миний баруун хөмсөг задарчихсан маш их цус гарч байсан. Тэгээд би том өрөөнөөс гараад цагдаа руу залгах гэтэл гэрийн хаягыг нь мэдэхгүй асуухаар хэн ч надад хэлээгүй. Намайг гаргахгүй гээд гутал авч нуугаад, хаалгаа цоожилчихсон. Намайг гаргахгүй байсан О-, М- нар миний нүүрийг хүчээр угаагаад намайг гал тогоонд унтуулсан. Тэгээд маргааш өглөө У.Б-тай хамт машинаар нь 330-р цэргийн анги орж багшдаа хэлж чөлөө аваад эмнэлэг орж хөмсгөө оёулсан. Тэр өдөртөө У.Б- битгий цагдаад мэдэгдээрэй хохирол мөнгийг чинь бүгдийг барагдуулж өгнө  санаа зоволтгүй гээд байсан гэх мэдүүлэг,

Гэрч Ж.О-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би найз охин У-гын хамт У-гын гэрт буюу амьдарч байсан. Тэгээд 2017 оны 11-р сарын 06-ны орой 19 цагийн орчим У.Б- над руу утсаар яриад М-ийн төрсөн өдөр болж байна хэдүүлээ танай гэрт ороод жаахан сууя гэсэн. Тэгээд би У-той ярилцаад У- зөвшөөрсөн. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад У.Б-, Э.Б-, М-, А-, Б-, Н- нар манайд орж ирээд бид нар дундаасаа мөнгөө цуглуулаад дэлгүүр гараад 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн том савтай пиво, тамхи, ундаа авч ороод том өрөөнд тойрч сууцгаагаад эхний 1 шил архиа ууцгаагаад юм яриад дуулаад сууж байхдаа Э.Б-ын найз охиныг танидаг учраас танай найз охин 6 сартай жирэмсэн юм уу гэх мэтчилэн яриа үүсгээд асуусан чинь Э.Б- юм яриагүй. Тэгсэн чинь У.Б- хажуу талаас Э.Б- руу би танай найз охинтой бага байхдаа хамт тоглодог хашаандаа оруулж тоглодог байсан гэж хэлсэн. Тэгэхэд Э.Б- бас л юм яриагүй. Тэгээд тэр яриа дууссан. Тэгээд нилээд сууж байхад У.Б-, Н- 2 жижиг өрөө рүү орсон. Тэгэхэд Э.Б- бас араас нь гарсан юм байна лээ тэрийг нь би анзаараагүй. Бид нар том өрөөндөө архиа уугаад сууж байтал У.Б-, Э.Б- хоёр жижиг өрөөнөөс хоорондоо маргалдсан шинжтэй орж ирсэн. Тэгээд яасан бэ гэхэд юм хэлээгүй У.Б- Э.Б-аа чи надтай ингэж харьцахгүй шүү миний хэлсэн юмыг яасан хүндээр тусгаж авдаг юм бэ энэ тэр гээд хоорондоо үг шидэлцээд зодолдох шинжтэй хоёулаа босч ирээд зогсохоор нь би та нар айлд орж ирчихээд болио гэж хэлсэн чинь намайг хойшоо байж бай гээд зодолдъё гарах уу гаръя гээд байхаар нь би тэр хоёрыг харанхуй хар хүйтэнд хаачих гээд байгаа юм та хоёр жижиг өрөөнд ороод чимээгүй учраа олчих гээд жижиг өрөө рүү оруулаад хаалгыг нь хаачихсан. Тухайн үед тэр хоёрыг найзууд олон хүний хажууд бие биедээ томроод аархаад байгаа болов уу гэж бодоод тэр хоёрыг тусад нь ярилцаад учраа олчих байх гэж бодоод жижиг өрөөнд оруулсан. Жижиг өрөөнд ороод маргалдаж байснаа У.Б- эхлээд Э.Б-ыг  хоёр удаа гараараа нүүр лүү цохьсон тэгсэн Э.Б- буцаагаад У.Б-ыг хариу цохисон тэгээд тэр хоёр барилцаж аваад цохилцсоноо газар унасан тэгэхэд нь У.Б-, Э.Б-ын хүзүүгээр гараа оруулаад боочихоод Э.Б-ын нүүр лүү гараараа цохиод байсан. Э.Б- бас хариу цохиод байхаар нь би тэр хоёрыг салгаад босгосон чинь тэр хоёрын нүүр, ам нь улайчихсан байсан. Тэгээд салгаад босгосоны дараа дахиад маргалдаж байснаа барилцаж аваад Э.Б-, У.Б- 2 бие биенээ цохилцоод эхэлсэн. Тэгтэл гаднаас М-, У- нар орж ирээд салгасан. Тэгж салгахад Э.Б-ын баруун хөмсөг язраад цус гарчихсан баруун нүд хацар нь нилэнхүйдээ хавдчихсан, У.Б-ын зүүн талын нүд, эрүү нь хавдчихсан байсан. Тэгээд М- Э.Б-ыг гал тогоо руу авч яваад У- бид хоёр У.Б-ыг авч үлдсэн. Тухайн үед Э.Б-ын нүүр нь цус гарчихсан гадагшаа гарна гээд байхаар нь согтуу, цустай нүүртэй харанхуй шөнө хаачих гээд байгаа юм гээд бид нар Э.Б-ыг гаргахгүй У- Э.Б-ын гутлыг нуучихсан. Жижиг өрөө нилэнхүйдээ цус болсон байсан. Э.Б- гал тогоонд хэвтээд унтаж байхад нь У-, М- бид гурав Э.Б-ын цустай нүүрийг нь чийгтэй алчуураар арчиж цэвэрлэсэн. У.Б- том өрөөнд унтсан. А- түрүүлээд зодоон болохоос өмнө явчихсан. Н- дараа нь явсан. Б- манайд хоносон. Маргааш өглөө нь босоод У.Б- Э.Б-тай эвлэрэх гээд аргадсан тэгээд манайхаас гарсан гэх мэдүүлэг /хх 22/,

 

Гэрч А.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би найз залуу О-ын хамт амьдардаг юм. 2017 оны 11-р сарын 06-ны орой 19 цагийн орчим У.Б-, О- луу утсаар яриад өнөөдөр М-ийн төрсөн өдөр болж байгаа бид хэд танайд яваад очъё гэж ярьсан. Тэгээд О- бид 2 ярилцаад гэртээ оруулахаар болоод ирж болноо гэдгийг У.Б-тай утсаар яриад хэлсэн. Тэгээд 20 цаг өнгөрч байхад У.Б-, М-, Б-, А-, Э.Б-, Н- нар манайд ирсэн. ...Тэд нар том өрөөнд архи, пивоо уугаад хоорондоо юм яриад дуулаад чанга чанга ярьцгаагаад л байсан. Тэгсэн гэнэт нэг сонссон чинь Э.Б-, У.Б- хоёр гаръя гараад зодолдъё энэ тэр гээд байх шиг байсан. Тэгснээ хэсэг чимээгүй байснаа тэд нар жижиг өрөө рүү орчих шиг болсон. Жижиг өрөөнд зодоон болох шиг дуу чимээ гарахаар нь очтол Э.Б-, У.Б- 2 аль хэдийн зодолдчихсон жижиг өрөөний гудас, хөнжил, хана цус болчихсон Э.Б-ын  баруун хөмсөг нь язарчихсан нүд хөхрөөд хавдчихсан цус гарчихсан, У.Б-ын баруун талын чамархай хэсэг нь хавдчихсан байсан. Тэгээд би уурлаад айлд ирчихээд тэр тусмаа миний өрөөнд орж зодолдоод хамаг юм цус болголоо гэж аашлаад тэр хоёрыг алгадаж цохиж авсан. Тэгээд анх манайд ирнэ гэж ярьсан учраас У.Б-д уурласан. Тэр үед Э.Б- нилээн согтчихсон явна гээд байхаар нь би гар нүүрээ угаачихаад яв гэсэн чинь үгүй энэ чигээрээ явна гээд байсан. Тэгээд хэсэг зуур тайвшраад М-, О-, У.Б- 3 Э.Б-ыг битгий гар гэж нилээн аргадаад У.Б- Э.Б-аа чи ярилцаж байгаад зодолдъё гэж зодолдчихоод сүүлд нь яагаад ингээд байгаа юм гэж байсан. Тэгээд бүгд тайвшраад том өрөөнд орох нь ороод жижиг өрөөнд  орох нь орцгоосон. Э.Б-ыг унтуулъя гээд ор дэр засч байхад А-, Н- 2 явчихсан манайд Э.Б-, У.Б-, Б-, М-, О- бид нар үлдсэн байсан. Э.Б- гал тогоонд сууж байгаад унтах гэж байхад нь М- О- нар нойтон алчуураар нүүр гарынх нь цусыг цэвэрлэж өгсөн. Тэгээд Э.Б-ыг том өрөөнд орж амар гэхэд Э.Б- босохоороо бөөлжих гээд байна гээд гал тогоонд ор засч өгөөд М-той хамт унтсан. Том өрөөнд Б- унтаад, О- бид 2 жижиг өрөөндөө орж унтсан. У.Б- утсаар ярьж байсан. Маргааш нь У.Б-ыг шөнө гарч машиндаа орж унтаад өглөө орж ирсэнийг мэдсэн. Тэгээд тэд нар зүгээр манай гэрээс инээлдээд  гарцгаасан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 11-р сарын 06-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Орой 15 цагийн үед гэрээсээ гараад Идэр худалдааны төвд Б-ын ажил дээр очсон чинь тэнд У.Б-, Н-, А-, Б- 4 байсан. Тэгээд 20 цаг гээд Б-, А- хоёрын ажил нь тараад бид нар гараад О-ын гэрт ирсэн. О- найз охин У-гын хамт байж байсан. Бид нарыг О-ын гэрт орсоны дараа Э.Б- араас ирсэн. Тэгээд бид нар О-ын гэрт ороод дундаасаа мөнгөө гаргаад У.Б-, О- бид 3 дэлгүүр гарч 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн хүрэн савтай 1 пиво, 1 түмний ундаа аваад буцаж ороод О-ын том өрөөнд орж тойрч сууцгаагаад ууж эхэлсэн. Миний хувьд архи уугаагүй 2 аяга пиво уусан бас тухайн үед би найз охинтойгоо утсаар маргалдсан учраас ууж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадаагүй. Тэгээд архиа уугаад юм яриад сууцгааж байтал О- Э.Б-аас танай найз охин 15-р сургуульд сурч байсан тиймээ гэж асуусан чинь У.Б- хажуу талаас Э.Б-ын найз охин манай ангийн охин байсан гэж ярисан. Яг тэр үед би утсаараа найз охинтойгоо чатлаж байсан учраас зарим үгийг нь сонсоогүй санахгүй байна. Тэгтэл Э.Б- наад үгээрээ юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэж У.Б-д хэлж байхыг нь сонссон. Тухайн үед би Э.Б-, У.Б- хоёрыг жаахан маргалдаад байгаа юм байна гэж ойлгосон. Тэгээд нэг мэдсэн чинь О-, Э.Б-, У.Б- нар жижиг өрөөнд орилолдох шиг болохоор нь орсон чинь Э.Б- газар уначихсан нүдний шил уначихсан байхаар нь би ороод Э.Б-ыг босгоод нүдний шилийг нь авч өгөөд салгасан чинь дахиад Э.Б-, У.Б- хоёр улайраад бие бие рүүгээ дайраад байхаар нь Э.Б-ыг жижиг өрөөнөөс авч гараад үүдний коридор луу гарсан чинь Э.Б- явна гээд гарах гээд байхаар нь Э.Б-ын гутлыг нь нуугаад гаргаагүй дарсаар байгаад унтуулсан. У.Б- нүүр, гараа угаачихаад машиндаа унтлаа гээд гарсан өглөө орж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь босоод Э.Б-, У.Б- 2 хоорондоо уулзаад байсан хоорондоо яг юу гэж ярьсныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 18/,

 

Гэрч М.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 11-р сарын 06-ны өдөр М-ийн төрсөн өдөр болсон. ...архи уугаад юм яриад дуулаад байж байтал Э.Б-, У.Б- хоёр маргалдаад байх шиг байсан. Тэгсэнээ гэнэт л хоорондоо зодолдъё энэ тэр болоод О-, Э.Б-, У.Б- 3 жижиг өрөө рүү орсон би эхлээд дагаж орсон. Тэгсэн Э.Б-, У.Б- хоёр барилцаж аваад нэг нэгнийгээ 1-2 удаа цохисон. Тэгэхээр нь би одоо та нар боль гээд салгачихаад жижиг өрөөнөөс гараад том өрөөнд орсон жижиг өрөөнд Э.Б-, У.Б-, О- 3 үлдсэн. Тэгтэл дахиад Э.Б-, У.Б- 2 зодолдоод эхэлсэн тэгээд бид нар салгах гээд жижиг өрөө рүү ороход Э.Б-ын нүүр нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. У.Б- нүүр нүднийх нь орчим хөхөрсөн байсан санагдаж байна. Тухайн үед би нилээн согтсон
байсан. Тэгээд би бөөлжөөд согтоод У- надад ор засч өгөөд би түрүүлээд унтчихсан
гэх мэдүүлэг /хх 20/,

 

Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...2017 оны 11-р сарын 06-ны өдөр манай найз М-ийн төрсөн өдөр болсон тэр өдөр орой 19 цаг өнгөрч байхад манай ажил дээр Б-, У.Б-, Н-, М- нар ирж уулзаад байж байгаад манай ажлыг тарахаар бид нар бүгдээрээ Дархан сум 8-р баг Микрод байдаг найз О-ын гэрт очиж М-ийн төрсөн өдрийг тэмдэглэж жаахан суухаар болсон. О- найз охин У-гын хамт байдаг. Бид нарыг О-ын гэр лүү орох гэж байхад Э.Б- ирж гадаа тааралдаад бид нартай хамт О-ын гэр лүү орсон. О-ын гэрт ороод бид нар дундаасаа мөнгөө гаргаад У.Б-, О-, М- 3 дэлгүүр гарч 0,75 литрийн 2 шил архи, 2 литрийн хүрэн савтай 1 савтай пиво авч орж ирээд том өрөөнд нь сууцгаагаад юм яриад архиа уугаад сууж байтал Э.Б-, У.Б- хоёр бага зэрэг маргалдаад байх шиг байсан. Яг юунаас болж маргалдаад байгааг нь сайн ойлгоогүй зодоон цохион болоогүй гайгүй сууцгааж байсан. Намайг байхад Э.Б- У.Б- бага зэрэг маргалдахын хувьд маргалдсан. Тэгээд би жаахан сууж байгаад тэндээс гараад явсан. Намайг байхад ямар нэгэн зодоон болоогүй. Намайг байхад эхний 1 шил архиа ууж дуусаад 2 дахь шил архиа задалж байсан гэх мэдүүлэг /хх 21/,

 

Насанд хүрээгүй гэрч Ч.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...У.Б- Э.Б- руу танай найз охинтой багадаа найзууд байсан. Хамт манайд орж тоглодог байсан гэсэн утгатай зүйл хэлсэн чинь Э.Б- өө тиймүү гээд тэр яриа өнгөрсөн. Хэсэг хугацааны дараа У.Б- жижиг өрөөнд найз охинтой утсаар яриад сууж байхаар нь би орсон. Тэгэхэд миний араас Э.Б- орж ирсэн. Тэгээд У.Б- Э.Б- бид гурав юм яриад сууж байснаа Э.Б- У.Б- руу чи түрүүн яагаад манай найз охиныг яриандаа оруулсан юм бэ гэж хэлсэн чинь У.Б- зүгээр найзууд байсан шүү дээ гэж хэлсэн ш дээ гэтэл Э.Б- наадах чинь буруу ойлгогдохоор байна гэж хэлсэн. Тэгэхэд нь У.Б- 5-р ангид бэлгийн бойжилт үүсээгүй үе байсан шүү дээ тэрэнд юунд нь сонин юм бодсон юм бэ гээд яриад сууж байснаа Э.Б- нь У.Б- хөөе сонсож бай гэж хэлэх шиг болсон тэгсэн У.Б- чи яагаад намайг хөөе энэ тэр гээд байгаа юм намайг У.Б- гэдгийг чи мэднэ биз дээ гээд Э.Б- У.Б- хоёр маргалдаж эхэлсэн. Тэр үед зодолдоогүй зүгээр маргалдсан. Тэгтэл найзууд гаднаас орж ирээд яагаад маргалдаад байгаа юм бэ больцгоо гээд том өрөө рүү авч орсон. Том өрөөнд оруулаад тэр 2-г эвлэрүүлэх гээд нилээн хичээсэн чинь Э.Б-, У.Б- 2 зодолдоно гээд тэгсэн О- та хоёр зодолдох гээд байгаа юм уу гэхэд нөгөө 2 нь зодолдоно гэсэн чинь Э.Б- У.Б- хоёрыг жижиг өрөө рүү О- дагуулж ороод хаалгыг нь хаачихсан. Тэр гурав жижиг өрөөнд ороод 2-3 минут болсон байх бусад нь том өрөөнд байсан. Тэгсэн чинь Э.Б- У.Б- хоёр жижиг өрөөнөөс гарч ирэхэд Э.Б-ын баруун хөмсөг нь язарчихсан нүд нь хавдаад цус гарчихсан У.Б-ын нүүр ам нь бас цус болчихсон байсан гэх мэдүүлэг /хх 24/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 1102 дугаар дүгнэлт:

 

“1.Э.Э.Б-ын биед тархи доргилт, баруун ухархайн дотор хананы хугарал, дээд гадна хананы цууралт, баруун хөмсөгний шарх, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, нүүр ба зүүн чихний дэлбэнгийн арын цус хуралт, зүүн дал орчмын зулгаралт, баруун нүдний алимны доргилт, салстын доорх цус харвалт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь ГЗТЖ-н  2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Э.Э.Б-ад учирсан гэмтэл нь мэс заслын эмчилгээ хийлгэсний дүнд цаашдын эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх 35/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 62-65/, толгойн компьютер томографикийн шинжилгээ /хх 83/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч У.У.Б-аас 1 715 255 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 290 627 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч талаас гаргасан шүүх хуралдаанаас түр завсарлага авах хүсэлт гаргасны дагуу шүүгдэгч, хохирогч тал гэмт хэргийн улмаас учирсан хохиролд У.У.Б-ын эзэмшлийн ****ДАР улсын дугаартай Toyota mark2 тээврийн хэрэгслийг 2 300 000 төгрөгөнд тооцож өгөхөөр тохиролцон, цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн эвлэрлийн гэрээ хийсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч урьд нь ял шийтгэлгүй болох нь хавтаст хэргийн 45-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялаар оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч У.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.У.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.У.Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч У.У.Б- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

            5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ