Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/0253/Э |
Дугаар | 2022/ШЦТ/274 |
Огноо | 2022-03-03 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Энэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/274
2022 03 03 2022/ШЦТ/274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч З.Д-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Д-д холбогдох 2108 02732 0154 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, индүүний оператор мэргэжилтэй, хувиараа улирлын чанартай хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг ... дугаар ... дүгээр гудамж ... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ..... дугаар хороо ...... оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 296/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаас 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Боржигон овогт З.Д- /РД:ЗЮ9107..../.
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч З.Д-нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт гудамжинд иргэн Г.А-г “дүү Б.С-ийг дээрэлхлээ” гэсэн шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохих, хоолойг нь боох, хавирч унаган, гар руу нь өшиглөх зэргээр зодож, биед нь баруун тохойнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч З.Д-ын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч З.Д-ын үйлдлийн улмаас хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь:
- Цагдаагийн байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 29 минутад 95974442 дугаарын утаснаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдлыг бүртгэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар тал),
- Хохирогч Г.А-ийн “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр хуучин ........ ойролцоо гудамжинд найз А-ын хамт ажилдаа явж байхад хажуугаар цагаан өнгийн Prius-10 маркийн машин бид хоёрын хажууд ирж зогсохоор нь бид хоёр ажлын хүмүүс байна гэж бодоод зогсоход уг машинаас 2 хүн бууж ирээд нэг хүн нь манай найзыг хориод нөгөө нэг хүн намайг барьж аваад ямар овоо гарууд вэ гэхээр нь би урдаас нь та хэн бэ та хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлэхэд уг хүн тоохгүй хоолойг гараараа 2 удаа багалзуурдаж нүүрэн тус газар нэг удаа гэдэс нь тус газар 2-3 удаа цохиод түлхэж унагаасан унах үед миний баруун гарын тохой хэсэг рүү өшиглөсөн тэгтэл миний тохой их өвдсөн юм. Тэгээд уг машинтай хүмүүс яваад өгсөн бид хоёр машиных нь дугаарыг хараад цагдаад хандсан юм. ...тухайн үед намайг хүнтэй андуураад зодсон гэж хэлсэн. 9704 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32, 34 дүгээр тал),
- Гэрч О.О-ийн “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай хамаатны хүүхэд Б.С- гэрт орж ирээд сая хоёр хүн намайг зодох гээд дээрэлхээд байна гэж хэлсэн чинь тэр хоёр хүн чинь одоо хаана байна гэж хэлээд гэрээс гараад явсан. ...Тэгээд удаагүй нэг хүн хавсарч унагаасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар тал)
- Гэрч Б.С-ийн “...би ах З.Д- гэрт ороод сая намайг алхаад танайх руу ирж байсан чинь хоёр залуу намайг дээрэлхээд чи хэн бэ яагаад байгаан гэж асуугаад байсан гэж хэлсэн чинь ах З.Д- тэр хоёр залуу одоо хаана гэж асуухаар нь автобусны буудал дээр байсан гэж хэлсэн чинь ах З.Д- гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан ах машинаа унаад автобусны буудал руу явсан чинь ах З.Д- намайг дээрэлхсэн өөр хоёр залууг зогсоосон нэг залууг нь заамдсан байдалтай байж байсан. ...Намайг өмөөрөөд ах З.Д- тухайн залууг хавсарч унагаасан. Тухайн үед манай ах намайг дээрэмдүүлсэн гэж бодоод тухайн хоёр залуугийн нэгийг нь заамдаж байгаад хавсраад унагасан юм. ...Тэгэхээр нь би З.Д- ахад энэ хоёр залуу биш гэж хэлсэн ах З.Д- тухайн залуугаас уучлалт гуйгаад бид хоёр гэр рүүгээ хамт явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал)
- Гэрч М.А-: “...найз Г.А-ийн хамт явж байсан чинь цагаан өнгийн Pruis-10 маркийн машинаас үл таних эрэгтэй хүн бууж ирээд манай найз Г.А-г барьж, заамдаж аваад чи ямар овоо гөлөг вэ? гэж хэлээд цээж рүү нь цохисон. Тэгсэн чинь найз Г.А- та хүн андуураад байгаа юм биш үү гэж хэлсэн чинь тэр хүн Г.А-г хавсарч унагаасан. Тэгсэн чинь үл таних эрэгтэй хүн бууж ирээд ахаа энэ хоёр хүн биш байна гэж хэлсэн чинь та хүн андуурсан байсан гэж хэлээд явахаар нь би цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал)
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10681 дугаартай “...Г.А-ийн биед баруун тохойнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дугаар тал)
- З.Д-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт манай дүү дээрэлхсэн хүн байна гэж бодоод хохирогч Г.А-г зодож биед нь гэмтэл учруулсан нь үнэн өөрийн хийсэн үйлдэлдээ үнэхээр их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан баруун тохойнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгчийн түүнийг зодсон гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, З.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
4. Хохирогч Г.А-нь гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй болох нь түүний бичгээр гаргасан баримт (хавтаст хэргийн 126 хуудас)-аар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
5.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
6. Шүүгдэгч З.Д-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Хэдийгээр хохирогч Г.А-нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж, мэдүүлсэн мөн бичгээр хүсэлт гаргасан боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй болно. Шүүгдэгч З.Д-нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан бөгөөд түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд үл ялих зүйлээр шалтаглан хүнийг зодсон, хохирогчийн биед учирсан хохирол хор уршиг арилсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ... 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ...-т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
7. Улсын яллагч нь яллагдагчтай “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох ялыг 1 сарын хугацаагаар” тохиролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзсэн. Учир нь хуулийн дээрх зүйл, хэсгийг хууль тогтоогчоос “... өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэсэн үгээр томьёолж бичсэн байх бөгөөд хүний оршин суугаа газрыг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь хаягийн бүртгэлээр болон түр оршин суугаа газраар нь ойлгох ба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг бүхэлд нь түүний түүний оршин суух газар гэж ял тохиролцож ирсэн нь хуулийг жинхэнэ утга агуулгаас нь гажуудуулж, уг ялын зорилго, ач холбогдлыг алдагдуулсан гэж үзэхээр байна. Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж, мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох...” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч З.Д-тай улсын яллагчаас тохиролцсон ялын хүрээ хязгаарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн албан ёсны бүтгэлтэй хаяг нь Баянзүрх дүүрэг боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ..... хороо Сонсголонгийн гудамж ...... гэр бүлийн хамт түр оршин сууж, эцгийнхээ мужааны ажилд туслах ажилтнаар ажиллаж байгаа гэсэн тул “Эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо Сонсголонгийн гудамж ...... явахыг 01 сарын хугацаагаар хориглох Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж шүүх үзсэн.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-г Эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Сонсголонгийн гудамж ...... явахыг 01 /нэг/ сарын хугацаагаар хориглох Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг З.Д-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ