| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0290/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/297 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/297
2022 03 10 2022/ШЦТ/297
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,
шүүгдэгч Л.Б-, Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-, Б.Б-нарт холбогдох 2208 00098 0130 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Нэг: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт, ... аймгийн Арвайхээр сумын ... дүгээр баг ....... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоогоор ..... дүүргийн ... дугаар хороо .... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Думаа овогт Л.Б- /РД:ЙД0024...../.
Хоёр: Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын мужааны ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ... аймгийн ... сумын ... дүгээр баг ... гэх газар оршин суух хаягтай боловч одоогоор ... дүүргийн ... дугаар хороо .... тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Өөлд овогт Б.Б- /РД:АЕ9907...../.
Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Л.Б-, Б.Б-нар 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны нутаг дэвсгэр Зээлийн 18 дугаар гудамжинд тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох үедээ Б.Ба-, Э.Б-нартай “машинаар шахлаа” гэж маргалдан гудамжинд шүүгдэгч Л.Б- нь хохирогч Б.Ба-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-нь хохирогч Э.Б-г зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, дотор булан, хүзүү, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Л.Б- нь хохирогч Б.Ба-ыг зодож, эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Б-нь хохирогч Э.Б-г зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний доод зовхи, дотор булан, хүзүү, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4-5 хуудас),
- Хохирогч Б.Ба-ын “...2021 оны 12 дугаар сарын 18-ны орой, ...Баруун салааны 3 дугаар буудлын гүүрэн дээр явж байтал урд талд явж байсан саарал өнгийн Приус-20 маркийн автомашин зогсоод, яваад байхаар нь араас нь сигнал дараад гэрлээрээ дохиод гүйцэж түрүүлээд цонхоо онгойлгоод “яаж яваад байгаа пизда вэ” гэж би хэлсэн, ...Приус маркийн машинтай явж байсан 2 залуу араас сигналдаад гэрлээрээ дохиод гэрийн гадаа дагаж хүрч ирээд машинаасаа буугаад ирэхээр нь Э.Б-д “Одоо больё, салцгаая” гэсэн чинь жижиг биетэй Л.Б- гэх залуу миний нүүрэн тус газар нэг удаа цохисон, ...Тэр үед манай найз над дээр иртэл том биетэй залуу нь манай найзыг газар унагаад дээрээс нь цохиод эхэлсэн, Миний биед учирсан гэмтлүүдийг жижиг биетэй залуу Буянхишиг нүүрний баруун хэсэгт нэг удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 634 дугаартай “...Б.Ба-ын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, хамар, баруун доод зовхи, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 хуудас),
- Хохирогч Э.Б-н “...2021 оны 12 дугаар сарын 18-ны орой, ...тойрог өнгөрөөд Баруун салаа руу явж байсан чинь манай найз Батням машиныхаа гэрлийг дохиод сигнал дараад саарал өнгийн Prius-20 маркийн автомашиныг гүйцэд түрүүлэхдээ “Яаж яваад байгаа пизда вэ” гээд хэлсэн чинь жолоон дээр сууж байсан том биетэй залуу “Зогс, буугаад ир” гэж хэлсэн. Б.Ба- машинаа зогсоолгүй шууд гэрийнхээ гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн 18-2 тоотын гадаа ирсэн чинь нөгөө саарал Prius-тэй 2 залуу араас дагаж хүрч ирээд машинаасаа буугаад том биетэй залуу нь бууж ирээд маргаан эхлээд миний хажуугаар жижиг биетэй залуу, ...зөрж өнгөрөөд манай найзыг нүүрэн тус газар нь нэг удаа цохиод газар унагасан байсан. Би тухайн Буянхишиг гэх залууг араас нь хавирч газар унагах үед Б.Б- гэх залуу намайг жийгээд манай найз дээр очихоор нь би цохиод авсан чинь намайг тэвэрч аваад нугасалж газар унагаад дээр гараад цохиж эхэлсэн, ...Машин барьж явж байгаад манай найз Батням маргалдаад маргаан эхэлсэн. Нэг нэгнийгээ шахсанаас болж маргаан үүссэн байх,...Баруун нүдний зовхи, дотор булан хэсэгт учирсан гэмтлийг Бат-Эрдэнэ миний баруун нүд хэсэгт цохиж, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл ноцолдож байх үед учирсан. Харин хамарт зулгаралт гэмтэл нүүр рүү цохиулах үед учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 633 дугаартай “...Э.Б-н биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, дотор булан, хүзүү, цээжинд цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 хуудас),
- Л.Б-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгсөн “...би Батням гэх залуутай зодолдож байх үед манай найз хажууд нөгөө залуу болох Батзориг гэх залуутай маргалдаад зодолдож байсан. Удалгүй маргаан салаад цагдаа ирээд хэлтэс дээр ирсэн өөр зүйл болоогүй,...Тухайн хоёр залуу машинтайгаа манай найзын машины хойноос сигналдаад гэрлээрээ дохиж байгаад хажуугаар нь гарахдаа аятайхан яваач пизда минь гэж хэлснээс болж маргалдсан,...Миний бие тухайн залуугийн нүүрний баруун хэсэгт нэг удаа цохисон тэр залуу газар унасан тэгэхээр нь мөн дээрээс нь 1-2 удаа цохиж учруулсан,...Б.Б- надтай зодолдож байсан Батням гэх залууг цохиогүй нөгөө залуутай нь маргалдаж зодолдсон. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75-76),
- Б.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “...Би тухайн үед намхан биетэй /Батзориг цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ залуутай маргалдаад тухайн залуу намайг цохиод авахаар нь би нуруугаар нь тэвэрч аваад газар унагаад нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохисон, ...Л.Б- Б.Б- гэх хүнтэй зодолдсон би уг Батням гэх залууг зодож цохисон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
2. Хохирогч нарын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч нарын хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдгээрийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч нарт гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив талын шинжийг хангасан.
Мөн шүүгдэгч Л.Б-, Б.Б-нар дээрх гэмт хэргийг бүлэглэж буюу санаатай нэгдэж үйлдсэн шинжгүй гэж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцэж байна.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.Б-, Б.Б-нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон.
3. Хохирогч Б.Ба-ын эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас 130,000 төгрөгийн хохирол баримтаар (хавтаст хэргийн 113 хуудас), хохирогч Э.Батзоригийн 300,720 төгрөгийн хохирол баримтаар (хавтаст хэргийн 115 хуудас) тус тус нэхэмжилснийг шүүгдэгч нараас 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөгийг төлсөн (хавтаст хэргийн 135 хуудас) гүйлгээний баримт байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: Шүүгдэгч Л.Б-, Б.Б-нарыг ажил хөдөлмөр эрхэлдэггүй, энэ талаар баримт нотолгоо гаргаж өгөөгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрд нь 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч нар: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, харин бид хоёр хамтарч барилгын мужааны ажил хийдэг, бөхийн бэлтгэл сургуулилт хийдэг торгууль төлөх боломжтой тул торгох ял оногдуулж өгнө үү? гэсэн.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Улсын яллагчаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналын үндэслэлээ ажил хөдөлмөр эрхэлдэг талаар нотлох баримтгүй гэдгээр тайлбарлаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй. Учир нь дээрх зохицуулалтаар “ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” үүрэг мөрдөгч, прокурорт байгаа хэдий ч мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүгдэгч нар өөрсдийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтаар тогтоогдсон, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын тайлбар мэдүүлгийг няцаасан баримтгүй тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулах буюу хүнд төрлийн ял сонгож оногдуулах хууль зүйн үндэслэл болгох боломжгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, учруулсан хор уршигт тохирно гэж үзсэн.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Думаа овогт Л.Б-, Өөлд овогт Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Л.Б-, Б.Б-нарт үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Л.Б-, Б.Б-нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ