| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00250/И |
| Дугаар | 350 |
| Огноо | 2017-07-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 350
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн *******т сумын ******* багийн ******* айлын тоотод оршин суух, овогт //-д холбогдох
Гэм хорын хохирол 20,380,000 /хорин сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 153/2017/00250/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц., иргэдийн төлөөлөгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч Л. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...С.******* миний бие нь Ш.аас миний өмчлөлийн Тоёото прадо 120 маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 20,380,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Учир нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ний өдрийн 19 цагийн орчимд надтай Ш. нь Элит бааранд хамт байж байгаад миний машины түлхүүрийг хэлэлгүйгээр авч яваад зам тээврийн осол гаргасан. Ховд аймгийн Цагдаагийн газраас Ш.ын зам тээврийн осол гаргасан энэхүү үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 201621000045 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэхүү гэм хэрэг нь Ш.ын шууд буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан бөгөөд гэрчүүдийн мэдүүлэг болон Ш.ын өөрийнх нь мэдүүлгээр шууд нотлогддог. Машины эд ангийн эвдрэл, гэмтлийн асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсан.
Миний бие нь 2017 оны 4 сарын 5-ны өдөр Ш.ад холбогдох эрүүгийн хэргээс энэхүү үйлдлийг 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 5/73 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг гардан авсан бөгөөд прокуророос Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Надад учруулсан хохирлоо Ш. нь өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад сайн дураараа төлж барагдуулахгүй байгаа тул шүүхэд хандаж байна. С.******* надад Ш.ын буруутай үйлдлийн улмаас дараахь хохирол учирсан. Үүнд:
1. Бэрс моторс 4 940 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан. 2016 оны 5 сарын 22-ны өдөр
2. Бэрс моторс 2 640 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 2016.6.23-ны өдөр
3. Бэрс моторс 4 940 000 төгрөгийн эд анги, сэлбэг хэрэгсэл худалдаж авсан 2016.7.8-ны өдөр тус тус сэлбэг худалдаж авсан 10 4 000 төгрөгийн шууд хохирол,
4.Тайван-Ууганбаяр агергаль засварт дотор эд ангиудын засвар үйлчилгээ хийлгэхэд 800 000 төгрөг 2016 7.19-ний өдөр
5.Стронг Моторс ХХК- 8 500 000 төгрөгийн засварыг Тоеото прадо 120 маркийн дугаартай тээврийн хэрэгсэлд хийлгэсэн засвар үйлчилгээний хөлс 2016 оны 5 сарын 20, 2016 оны 7 сарын 21-ний өдөр төлбөрийг бүрэн хийж гүйцэтгэсэн.
6. Тоеото прадо 120 маркийн дугаартай тээврийн хэрэгслийн Ховдоос Улаанбаатар хот руу ачиж хүргэсэн тээврийн зардал 650 000 төгрөгийн зардал зэрэг нийт 20 380 000 төгрөгийн хохирлыг нотлох баримтаар бүрдүүлэн нэхэмжилж байна. С.******* надад учирсан уг хохирол нь Ш.ын буруутай үйл ажиллагаанаас болж миний эд хөрөнгөнд учирсан шууд хохирол юм.
Иймд С.******* миний өмчлөлийн автомашинд учирсан гэм хорын хохирол 20,380,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна....Миний бие нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй бөгөөд эрх үүрэг, хэргийн материалтай танилцсан тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.ад холбогдуулан гэм хорын хохирол 20,380,000 /хорин сая гурван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ш. нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Хариуцагч Ш. нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бусдын өмчлөлийн 7361 УНӨ улсын дугаартай Тоёото Прадо-120 маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч С.*******т эд хөрөнгийн хохирол учирсан болох нь Ховд аймгийн Прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/73 дугаартай Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээртогтоогдлоо.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ -ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй учраас энэ хуулийн дагуу нэхэмжлэгч С.******* нь өөрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлыг хариуцагч Ш.аас шаардах эрхтэй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд: 2016 оны 5 дугаар сарын 22, 2016 оны 6 дугаар сарын 03, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрүүдэд бичигдсэн Бэрс моторс гэх бичилттэй зарлагын баримтууд, мөн 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Тайван Ууганбаяр гэх /ХХ-ийн 5-8 дугаар тал/ бичилттэй зарлагын баримт нь тухайн баримтыг олгосон байгууллагын регистрийн дугаар бичигдээгүй, мөнгөн дүн засвартай, нэхэмжлэгчийн регистрийн дугаар засвартай, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаанд гаргасан ба уг үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан заалтыг зөрчсөн, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд хийгээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин хариуцагчийн өмгөөлөгчөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай Автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүх хуралдаанд гаргасан ба уг үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд буюу Монгол улсын хөрөнгийн үнэлгээчинээр хийлгэсэн байх тул шүүх үнэлэн нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг 4,820,000 төгрөгөөр тогтоосныг үнэлж, мөн Стронг Моторс ХХК-д автомашины засварын хөлс 8,500,000 төгрөгийг төлсөн болох нь 2016 оны 5 дугаар сарын 20, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрүүдийн Орлогын ордерийн тасалбар, Вьетнам авто засварын баталгааны хуудас, Вьетнам авто засварын үйлчилгээний хуудас зэрэг баримтуудыг үнэлэн хариуцагчаас 13,320,000 /арван гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,060,000 /долоон сая жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаарулсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Ш.аас 13,320,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 224,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.******* нь өөрийхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийноролцуулахгүйгээр, хариуцагч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ш.аас 13,320,000 /арван гурван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,060,000 /долоон сая жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ш.аас улсын тэмдэгтийн хураамж 224,550 /хоёр зуун хорин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ