| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2018/1410/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2019-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.2.2., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 40
М.Г-, Э.Ө-, О.М- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Багшбаяр,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1510 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор О.Багшбаярын бичсэн 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 103 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр М.Г-, Э.Ө-, О.М- нарт холбогдох эрүүгийн 201625011873 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн М.Г-, 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй,
- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 888 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71.1 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан,
2. Боржигон овгийн Э.Ө-, 1996 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, ах, дүү нарын хамт Архангай аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүрэгт оршин суух,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сар 4 хоногийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож суллагдсан,
3. Боржигон овгийн О.М-, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч, Сүхбаатар дүүрэгт түр оршин суух,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,
- Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн гэх,
М.Г- нь Э.Ө-тай бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний шөнө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг Нөүт-1” загварын гар утсыг дээрэмдсэн,
- мөн ганцаараа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амазон” хоолны газрын үүдэнд насанд хүрээгүй хохирогч Л.Сайхантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- 2018 оны 3 дугаар сарын 8-ны шөнө, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар Палас”-ын орчимд хохирогч Г.Сансармаагийн 132.000 төгрөгийн үнэ бүхий “Эл Жи Жи-3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн,
Э.Ө- нь М.Г-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний шөнө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг Нөүт-1” загварын гар утсыг дээрэмдсэн,
- мөн ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Елеганс” хотхоны 44-Е байрны орцонд хохирогч Б.Анандын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг Нөүт-4” загварын гар утсыг дээрэмдсэн,
- мөн О.М-тай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан хохирогч Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 Плас” загварын гар утсыг хулгайлан авч, 468.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.М- нь Э.Ө-тай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан хохирогч Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 Плас” загварын гар утсыг хулгайлан авч, 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Э.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Г-ийг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэргийг, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Э.Ө-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, О.М-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Г-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, О.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Г-ид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 33 хоногийн хорих ялаар, Э.Ө-ад оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хорих ялаар тус тус тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, М.Г-ийн цагдан хоригдсон 325 хоног, Э.Ө-ын цагдан хоригдсон 249 хоног, О.М-ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 3 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Ө-аас 1.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Анандад олгож, хохирогч Л.Сайхантуяа цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар М.Г-өөс жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, М.Г-, Э.Ө- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О.М-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор О.Багшбаяр тус шүүхэд бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...Э.Ө- нь М.Г-тэй бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 19-ний шөнө, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 114 дүгээр байрны орчим хохирогч О.Цэнд-Аюушийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” загварын гар утсыг дээрэмдсэн, мөн ганцаараа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Елеганс” хотхоны 44-Е байрны орцонд хохирогч Б.Анандын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж, “Самсунг” загварын гар утсыг дээрэмдсэн, мөн О.М-тай бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” ХХК-ийн оффис руу орж байсан хохирогч Б.Энхтуяагийн халааснаас “Самсунг Эдж 6 Плас” загварын гар утсыг хулгайлан авч, 468.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан ... нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Э.Ө-ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн шүүхэд ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон энэ зүйл хэсгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэстэй байна...” гэж дүгнэжээ. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Э.Ө-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, мөн О.М-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Үүнээс үзвэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Прокуророос М.Г-ийг Э.Ө-тай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Э.Ө-ыг М.Г-тэй бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн ганцаараа “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, О.М-тай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
О.М-ыг Э.Ө-тай бүлэглэн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М.Г-, Э.Ө-, О.М- нарыг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, уг шийдвэрээ шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсан байна.
Гэтэл энэхүү шийдвэрээ бичгээр үйлдэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Э.Ө-ыг дангаараа болон бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг, мөн бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, О.М-ыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай... Э.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар, О.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тусган, шүүгдэгч нарыг холбогдоогүй гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, холбогдсон гэмт хэргийг нь буруу зүйлчилж, ял оногдуулсан байх тул уг шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад тодорхой заасан.
Иймээс энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, М.Г-, Э.Ө-, О.М- нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин эхлэн хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1510 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Г-, Э.Ө-, О.М- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл М.Г-, Э.Ө-, нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, О.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН