Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0293

 

 

 

 

                                                

 

 

 

 

 

 

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Г.Б, хариуцагч Д.Н, Б.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэртэй, “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Д.Н, Б.М нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Н, Б.М нар манай компанийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 дугаар актаар 230.640.100 төгрөгийн зөрчилд 18.000.000 төгрөгийн нөхөн татвар, 5.400.000 төгрөгийн торгууль, 6.683.400 төгрөгийн алданги нийт 30.083.400 төгрөгийн төлбөр тавьсан билээ.

Манай компани энэхүү торгуулийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд хандсан боловч уг зөвлөл 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын актыг хэвээр нь үлдээж шийдвэрлэжээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Н, Б.М нар манай компанийн 2010-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 23/0002392 актаар торгууль ногдуулсан үндэслэл нь манай компанийг гуравдагч этгээдээс эрх шилжүүлэн авахдаа эрх борлуулсны орлогыг зохих журмын дагуу төлөөгүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь манай компани гуравдагч этгээдээс хайгуулын ажлын мэдээлэл худалдан авсан бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрөл нь уг мэдээллийг дагалдан ирдэг тул эрх худалдан авсан гэж үзэхгүй.

... Мөн манай компани орлого олсон этгээд биш, аж ахуйн нэгжийн орлогын энэ албан татварыг төлөх үүрэггүй, татвар төлөгч биш тул Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчид хариуцлага хүлээлгэдэг заалтаар төлбөр тогтоосон нь үндэслэлгүй юм.

Иймээс Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн татврын хэлтсийн татварын улсын байцаагч Б.М, Д.Н бид Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 23140200145 дугаар томилолтын дагуу 5358264 тоот регистрийн дугаартай “С” ХХК-ийн 2010-2013 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн болно.

Хяналт шалгалт хийхдээ “С” ХХК-ийн лиценз эзэмшлийн тухай Ашигт малтмалын газарт 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3/1351 дугаартай албан тоот илгээж, 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 6/136 тоотоор хариуг авсан байна.

-“З” ХХК, “С” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Өмнөговь аймгийн Манлай сумын Хараат уул нэртэй 12957 тоот лиценз 5.0 сая төгрөг,

-”З” ХХК, “С” ХХК-ийн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Өмнөговь аймгийн Манлай сумын Асарын шанд нэртэй 12956 тоот лиценз 5.0 сая төгрөг,

-”К” ХХК, “С” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 11/01 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Хэнтий аймгийн Баян-Адрага сумын Хүүш нэртэй 14105Х тоот лицензийг 30.0 сая төгрөг,

-“Х” ХХК-аас “С” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00 тоот Худалдах, худалдан авах гэрээ, Дорнод аймгийн Гурван загал сумын Үрлийн овоо нэртэй газарт орших 14797Х тоот лицензийг 20,0 сая төгрөгөөр, нийт 60,0 сая төгрөгөөр дээрх талбайг эзэмших эрх худалдаж авсан байх тул Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татварын ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг ойлгоно, 8 дугаар зүйлийн 8.2 “Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна” мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7 “эрх борлуулсны орлогод 30 хувиар ногдуулна” гэсэн заалтуудыг үндэслэл болгон Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 “дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ... татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.3 “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74.1.4 “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”, 74.2 “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татаврын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3 “хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татаврт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна...” гэсэн заалтаар 18.000.000 төгрөгийн татвар нөхөн ногдуулж, 5.400.000 төгрөгийн торгууль, 6.683.400 төгрөгийн алданги, нийт 30.083.400 төгрөгийн төлбөр ногдуулсан болно. ” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.2, 74.3, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь заалтыг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “С” ХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.3 дахь заалтуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Д.Х-ийн даргалсан шүүх хурлаас гаргасан мөн өдрийн 250 тоот шийдвэрийг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна.

“С” ХХК-ийн 2010-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, нэр бүхий компаниудаас ашигт малтмалын хайгуулын мэдээллийг худалдан авсныг эрх худалдан авсан хэмээн үзэж, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Эрх борлуулсны орлогод 30 хувиар ногдуулна” гэсэн хуулийн зүйл заалтыг үндэслэн 18,000,000 сая төгрөгийн татвар, түүний алданги торгууль нийт 30,0 сая төгрөгийн торгууль тавьсан билээ.

1.Татварын ерөнхий хуулийн дээрх зүйл заалт нь манай компанид хайгуулын ажлын мэдээллээ худалдсан “З” ХХК, “К” ХХК, “Х” ХХК-ийн орлогоос 30 хувийн татвар авах тухай хуулийн зохицуулалт болохоос худалдан авагч “С” ХХК-аас татвар авах тухай зохицуулалт биш юм. Дээр дурдсан хэлцлээс манай компани ямар нэгэн орлого олоогүй гэдгийг тэмдэглэхийг хүсч байна.

Мөн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актын хууль зүйн үндэслэл нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-ийг үндэслэн 74 дүгээр зүйлийн 74.1-д “дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчдөд 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэснийг баримтлан татварын акт тавьсныг захиргааны хэргийн анхан шатны шүүх хуульд нийцсэн хэмээн үзсэн нь учир дутагдалтай байна. Учир нь манай компани орлого болон бусад зүйлээ нууж хаасан зүйл байхгүй байтал хуулийн энэхүү зөрчлийг гаргасан хэмээн үзэж шүүх шийдвэрээ гаргасан нь үндэслэлгүй байна.

Татварын улсын байцаагч шүүх хурал дээр “С” ХХК-д оногдуулсан акт нь суутганы үүргээ биелүүлээгүй хэмээн акт тавьсан гэх атлаа уг актын хууль зүйн үндэслэл нь татварын орлогыг нуусан үед авах торгуулийн хариуцлага оногдуулах хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2.Манай компани нь “З” ХХК, “К” ХХК, “Х” ХХК-аас Ашигт малтмалын хайгуулын ажлын мэдээлэл худалдан авсан бөгөөд Ашигт малтмалын хуулийн дагуу мэдээлэл худалдан авсан бол тусгай зөвшөөрлийг дагуулан шилжүүлэх тухай зохицуулалт байдаг билээ. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдах гэсэн ойлголт байхгүй бөгөөд харин мэдээллийг нь худалдан авсан бол тусгай зөвшөөрлийг нь түүнд шилжүүлэн өгдөг зохицуулалттай юм.

Энэхүү гомдолд заасан үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байх тул уг шийдвэр болон Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            “С” ХХК-аас Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Б.М нарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 230002392 тоот актын тогтоох хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт нь манай компанид хайгуулын ажлын мэдээлэл худалдсан “З” ХХК, “К” ХХК, “Хармагтайн гол” ХХК-ийн орлогоос 30 хувийн татвар авах тухай хуулийн зохицуулалт болохоос худалдан авагч “С” ХХК-аас татвар авах тухай зохицуулалт биш юм. Дээр дурдсан хэлцлээс манай компани ямар нэгэн орлого олоогүй ...” гэжээ.

            Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7 дахь хэсэгт тус тус зааснаар “эрх борлуулсны орлого”-д 30 хувиар албан татвар ногдуулахаар хуульчилсан байх тул “С” ХХК нь дээрх хэлцлээс орлого олоогүй боловч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч мөн байна.

            Мөн ажлын мэдээлэл худалдсан “З” ХХК, “К” ХХК, “Хармагтайн гол” ХХК-ийн орлогоос татвар авах ёстой гэж маргах боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу “Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт зааснаар суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг” ойлгох тул “С” ХХК нь хуулиар суутгагчийн үүрэг хүлээнэ.

            Нэхэмжлэгч “С” ХХК нь “... хайгуулын ажлын мэдээлэл нь эрх борлуулсны орлогод хамаарахгүй гэж үзэж байгаа юм” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарладаг бөгөөд анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.21 дэх хэсэгт тус тус заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг эрх олгосон баримт бичиг болохыг тайлбарлаж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл худалдаж авсан нь эрх борлуулсны орлогод хамаарах талаар зөв дүгнэсэн байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч давж заалдах гомдлын өөр нэг үндэслэлдээ “... татварын улсын байцаагч шүүх хурал дээр “С” ХХК-д ногдуулсан акт нь суутгагчийн үүргээ биелүүлээгүй хэмээн акт тавьсан гэх атлаа уг актын хууль зүйн үндэслэл нь татварын орлогыг нуусан үед авах торгуулийн хариуцлага оногдуулах хуулийн заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэжээ.

            Татварын улсын байцаагч нар нь уг компанийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан зэрэгт үндэслэн шалгалт хийж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, мөн зүйлийн 74.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2011 онд 60,000,000.0 төгрөгийн эрх борлуулсны орлогоо “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах;зөрчлийг “С” ХХК гаргасан гэж үзсэн байх ба зөрчилд нь тохирсон акт тавьжээ.

Дээрх байдлаар үндэслэлтэй дүгнэлт хийж, татварын байцаагч нарын тогтоосон актыг хуульд нийцсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 250 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                               

                                  

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ