Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2152

 

“Г т ББСБ ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00331 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Г т ББСБ ХХК” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.И, Б.Э нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 12 545 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, Г.Ц,

Хариуцагч Ч.И, Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч Ч.И, Б.Э нартай зээл болон барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот, 29 м.кв талбай бүхий  2 өрөө, орон сууцыг тавьсан. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхдээ хайхрамжгүй хандаж үндсэн зээл 9 999 997 төгрөг, зээлийн хүү 2016 оны 7 дугаар сарын 28-наас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 154 хоногийн хүү 1 796 700 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 215 681 төгрөг нийт 12 545 665 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс улсын тэмдэгтийн хураамж болох 215 681 төгрөгийг хасаад үлдсэн 11 765 700 төгрөгийг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч нар нь надтай утсаар удаа дараа ярьж зээлийн хугацаагаа сунгуулж төлбөрөө зээлийн хүү гэж төлж байсан учраас үндсэн зээлээсээ хасуулна гэсэн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хугацаа дуусаж, ирж уулз гэж олон удаа залгаж хэлсэн боловч уулзаагүй гэжээ.

 

Хариуцагч Ч.И шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Г т ББСБ ХХК” ХХК-д 2 өрөө байраа барьцаанд тавиад 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Авсан мөнгөө хүнд өгөөд алдчихсан. Төлөх үнэхээр боломжгүй байсан ч өөрийн чадлаараа тодорхой хэмжээгээр төлж ирсэн. Зээл авснаас хойш нийт 7 493 333 төгрөг төлснөөс үндсэн 3 сарын хүүнд төлсөн 1 061 667 төгрөгийг хасаж үлдэгдэл 6 431 666 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулна. Нийслэлийн шүүх дээр болсон хуралд танай байгууллагын гэрээнд хэд хэдэн зөрчил байна гэж хэлсэн, би үүнийг чь судалж үзээд төлсөн мөнгөө хасуулж тооцуулмаар байна. Тухайн үед биднийг шүүхэд өгчихгүй удаан хугацаагаар мөнгө хүүлж явсан. Утсаар хугацаагаа сунгая гэж хэлж байгаагүй. Зээл авахад эхний эргэн төлөлтийн хуваарь өгснөөс биш дахин ийм эргэн төлөлтийн хуваарь гэж өгөөгүй гэжээ.

 

Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж Ч.Итай санал нэг байна. Би мөнгө зээлэхэд гарын үсэг зурж хамтран зээлдэгч болсноос уг мөнгийг хэрэглээгүй. Барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ээжийн төлсөн мөнгийг хүүнд төлсөн гэж андуурсан юм шиг байна. Мэдээж 2 өрөө байраа барьцаалчихаад хайхрамжгүй хандана гэж байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б овогт Ч И, С овогт Б-ны Э нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.196.818 төгрөг 58 мөнгийг гаргуулж, нэхэмжлэгч “Г т ББСБ ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.599.896 төгрөг 42 мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 000064129 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 77 тоот 29 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Багануур дүүрэг дэх Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215.681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 82.099 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00331 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэжээ. Зээлдэгч 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай авч, гэрээний хугацаа Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран cap бүр гэрээний 2.1.2-д заасан хувийн хүүг төлнө” гэж зээлийн гэрээний хугацаа зээлийн төлбөрийг төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үргэлжлэхийг тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, анх гэрээг байгуулахад талууд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож байгуулсан байхад шүүх гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан заалтад огт дүгнэлт өгөөгүй шийдвэрлэсэн. Зохигчдын гэрээ байгуулах үеийн хүсэл зоригийг харгалзахаас гадна гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгаар тайлбарлана. Гэрээний 2.2-д заасны дагуу зээлийн хугацаа дууссанаас үл хамааран үндсэн зээлээ төлж дуусах хүртэл cap бүр гэрээнд заасны дагуу хүүг төлөхөөр зохицуулагдсан бөгөөд талууд нэмэлт гэрээ байгуулах шаардлагагүй болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа гэрээний дээрх заалтыг огт дурдаагүй, үндэслэлтэй дүгнэлт гаргаж шийдвэрлэсэнгүй. Мөн хариуцагч гэрээндээ гэрээний хугацааг зээл төлөгдөж дуусах хүртэл үргэлжилнэ гэдэг хүсэл зоригоо тодорхой илэрхийлээд түүнийгээ хүлээн зөвшөөрч явцын дунд үндсэн төлөлт хийж чадахгүй, зөвхөн хүү төлж байснаа илэрхийлсэн байдаг. Тухайлбал: зээлийн төлөлтийг баримтанд “хүү төлөв” гэж зөвхөн хүүг төлж байсан байдал мөн түүнчлэн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 115-ны өдрийн 61 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Ч.И шүүхийн хэлэлцүүлгийн явцад “би cap бүр хүүг төлж явж байя гэж гуйгаад cap бүр хүүгээ төлж яваад 2016 оны 07 дугаар сарын хүү, үндсэн мөнгөө ч төлж чадаагүй” гэх /68-р хуудас/.

Даргалагчаас “...энэ мөнгөнүүдийг сарынхаа хүүндээ төлсөн үү” гэсэн асуултад хариуцагч Ч.И “тиймээ би хүүнд төлсөн. ... тухайн үед зээлийн хүү төлнө гэж ойлгоод төлж байсан” гэх /69-р хуудас/, “Таны 3 сарын хугацаатай зээлийн гэрээ дуусахад хугацаагаа сунгуулж, зээлийнхээ хүүг төлнө гэж гуйсан уу гэсэн асуултад “Би өөрөө cap бүр хүүгээ төлөөд явъя гэж хэлсэн гэв” гэх /69-р хуудас/ хариулт, хариуцагч Ч.И “зээлийн хүүг сунгах саналыг би тавиад cap бүр хүүг төлж, мөнгө шилжүүлсэн” гэх тайлбарыг хэлж гэрээнд тохиролцсон хүсэл зориг тодорхой байхад шүүгч хэт нэг талыг барьж зээлийн гэрээний хугацааг сунгасан нь тогтоогдохгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

2. Хариуцагч нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар зээлийн хүүгээ төлж, зээлийн гэрээний хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх үүрэгтэй байсан. Хэрэв зээлийн гэрээг өөрчилж, үндсэн зээлээсээ төлсөн тохиолдолд манай ББСБ нь шинээр гэрээ байгуулдаг. Тухайн үед буюу зээлийн гэрээний хугацааны эцэст зээлдэгч нар үндсэн зээлийг бөөнд нь төлөх боломжгүй, зээлийн гэрээний хугацааг сунгуулж, cap бүр хүүгээ төлөөд явах саналыг тавьж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сунгуулсан. Түүнчлэн зээлдэгч нар нь үндсэн зээлийг бус зээлийн хүүг төлж байсан нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу cap бүр “зээлийн хүү” гэсэн гүйлгээний утга бичиж /350 000-361 000 төгрөг/ шилжүүлсэн нь “Г т” ББСБ-ын Хаан банкны харилцах дансны хуулга болон зээлийн дансны хуулга гэх баримтаар тогтоогдож байдаг. /22-р хуудас/

3. Түүнчлэн өмнө хариуцагч Ч.И, Б.Э нар нь өмнө манай ББСБ-аас 2 удаа зээл авч байсан бөгөөд зээл авахдаа зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариа өөрсдийн саналаар зээлийн хүүгээ төлөн үндсэн зээлээ хугацааны эцэст төлөх эргэн төлөлтийн хуваарийг сонгодог байсан туршлагатай зээлдэгч нар.

ББСБ-ын үндсэн үйл ажиллагаа нь өөрөө зээлдэгчид мөнгө зээлдүүлэн ашиглуулсны хариу төлбөрт нь хүү бодож авдаг ашгийн төлөө хуулийн этгээд билээ. Гэтэл 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн 6 431 666 төгрөгийн хүүг үндсэн зээлээс хасч, нэхэмжлэгчид илт хохиролтой шийдвэрлэсэн.

Иймд нэхэмжлэгчид илт хохиролтой, Иргэний хууль, гэрээний шаардлагад нийцүүлэлгүй шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ч.И, Б.Э нараас үндсэн зээл 9 999 997, зээлийн үндсэн хүү 1 796 718, нэмэгдүүлсэн хүү 352 333, мөн улсын тэмдэгтийн хураамжид өмнө нь төлсөн 215 681, нийт 12 364 729 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Г т ББСБ ХХК” ХХК нь хариуцагч Ч.И, Б.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 12 545 665 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11 765 700 төгрөг болгон өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн хугацаа сунгах талаар утсаар хэлж байгаагүй, зээлийн хугацаа дууссанаас хойш төлсөн 6 431 666 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцуулна гэж маргажээ. /хэргийн 112, 128 дугаар тал/

 

Хариуцагч Ч.И, Б.Э нар нь “Г т ББСБ ХХК” ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 0125 дугаар зээлийн гэрээ байгуулж, сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, 10 000 000 төгрөгийг зээлж, үүргийн гүйцэтгэлд улсын бүртгэлийн Ү-2208000232 дугаартай, 0000644129 тоот гэрчилгээтэй Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байр, 77 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. /хэргийн 2-10 дугаар тал/

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 7 493 333 төгрөгийг төлснөөс 1 061 667 төгрөгийг 3 сарын хугацааны зээлийн хүүд, гэрээний хугацаа дууссанаас хойш 6 431 666 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй ба хариуцагч нар нь 6 431 666 төгрөгийг үндсэн зээлд тооцуулна гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын гаргасан хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг сунгасан гэх боловч, хугацаа сунгасан бичгийн гэрээ хэрэгт авагдаагүй байна.

 

Хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл төлсөн 6 431 666 төгрөгийг нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг зөрчжээ.

 

Иймд хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 6 431 666 төгрөгийг үндсэн зээлээс хасч, үндсэн зээлийн үлдэгдэл 3 568 331 төгрөг, зээлийн хүү 628 487 төгрөг, нийт 4 196 818 төгрөгийг төлөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Шүүх хариуцагч нараас 4 196 818 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 786 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

     

                                      ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                          С.ЭНХТӨР