Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2020/00349

 

С.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 930 дугаар магадлалтай,

С.Бын нэхэмжлэлтэй

“Б Х Т” ХХК-д холбогдох

3 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Б Х Т” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээ /тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ/ байгуулан өөрийн эзэмшилд байсан 77-98 УБР автосамосволоор газар шорооны ажил буюу 3,5 км зайд 1 тн төмрийн хүдэр тээвэрлэхэд 600 төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Би гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн ба ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг гэрээний дагуу 30-35 хоногийн дотор өгөх байсан ба одоог хүртэл санхүүжилт байхгүй гэх шалтгаанаар өгөөгүй. Тус компани нь одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа болно. Иймд “Б Х Т” ХХК-иас ажлын хөлс болох 3 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал иргэн С.Бын өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай автосамосволыг 38 000 000 төгрөгөөр худалдан авсан. Анхнаасаа энэ машиныг худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд шалгаж үзэхийн тулд 14 хоногийн хугацаатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ингээд иргэн С.Бад урьдчилгаа 5 000 000 төгрөгийг төлөөд автосамосволыг хүлээн авч ажиллуулж байгаад 12 дахь хоног дээрээ үлдэгдэл 33 000 000 төгрөгийг өгөөд худалдаж авсан. “Б Х Т” ХХК нь автосамосволыг худалдаж аваагүй бол ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөхөд татгалзах зүйлгүй, харин түүнийг худалдан авсан тул тохиролцсон ёсоор зөвхөн автосамосволын үнийг төлсөн. Үүнийг иргэн С.Б мэдсээр байж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасны дагуу хариуцагч “Б Х Т” ХХК-иас 3 472 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бад олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 27 800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч С.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Х Т” ХХК-иас 70 505 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Бад олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 930 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 505 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. С.Бын нэхэмжлэлтэй, “Болд хүдэртранс” ХХК-д холбогдох иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч тал хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт: “Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байх боловч хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх даалгаврын гэрээ хэмээн дүгнэж хариуцагчаас нийт 3 472 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч давж заалдах гомдолдоо С.Б хүдэр тээвэрлэсэн хөлсөө авах нь үнэн байсан бол маргаж буй автосамосвалаа зарахдаа автомашины түрээсийн урьдчилгаа болгож авсан 5 000 000 төгрөгөөс суутгаж авах бүрэн боломжтой байсан ...гэх боловч хариуцагчийн дээрх гомдол үндэслэлгүй болно. Тодруулбал, талууд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж хариуцагч “Б Х Т” ХХК нь нэхэмжлэгч С.Бын өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай автомашиныг 38 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, хариуцагч нь 38 000 000 төгрөгийг шилжүүлсэн байна” гэжээ. Талуудын хооронд хавтаст хэрэгт авагдсан тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээ байгуулагдсан, үүнтэй маргахгүй. Гэхдээ энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл байсныг хоёр шатны шүүх харгалзан үзээгүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл тухайн автосамосвалын хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд хөлслөх гэрээ байгуулсан. /хэвийн бол худалдаж авна, үгүй бол хөлслөх гэрээний дагуу мөнгө төлнө/ Ингээд С.Бын өмчлөлийн автосамосвал хэвийн ажиллаж байсан тул түүнтэй гэрээ байгуулж, 38 сая төгрөг төлөн худалдаж авсан. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үед талууд: хөлслөх гэрээний урьдчилгаа болгож өгсөн 5 сая төгрөгийг автосамосвалын төлбөрт оруулан тооцох, өмнө нь хүдэр тээвэрлэсэн ажлын хөлсийг авахгүйгээр тохиролцсон байсан. Тийм биш байсан бол С.Б нь хөлслөх гэрээний урьдчилгаанд авсан 5 сая төгрөгнөөс ажлын хөлсөө суутгаж авах бүрэн боломжтой байсан. Хариуцагч тал С.Баас автосамосвал худалдаж аваагүй бол тоног төхөөрөмж хөлслүүлэх гэрээний дагуу хөлс төлөхөд татгалзах зүйлгүй. Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсгийг хэрэглэвэл зохих байсан гэж үзэж байна. Эдгээрийг харгалзан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч “Б Х Т” ХХК-д холбогдуулан хөлс 3 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 472 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй зөв хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

С.Б нь өөрийн өмчлөлийн 77-98 УБР улсын дугаартай автомашинаар, 3,5 км зайд 1 тн хүдрийг 600 төгрөгөөр тээвэрлэсэн тул гэрээгээр тохирсон хөлс 3 500 000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, автосамосвалыг 38 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд чанар байдлыг шалгахын тулд талбай дээр ажиллуулсан, худалдаж авахгүй бол тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн, харин худалдаж авсан тул хөлс төлөхгүй,... хэрэв хөлс төлөх байсан бол автомашины урьдчилгаа үнэ 5 000 000 төгрөгөөс суутгаж авах байсан ... хөлс төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.

Зохигчийн хооронд даалгаврын гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй гэрээний төрлийг тодорхойлохын тулд шүүх хэд хэдэн гэрээг харьцуулан, талуудын хүсэл зориг, гэрээний зорилго, гэрээгээр үүссэн үүргийн шинжид тулгуурлан даалгаврын гэрээ байгуулагдсан гэсэн дүгнэлтэд хүрч, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн байна. Тухайн эд хөрөнгийг худалдаж авахын тулд эд хөрөнгийн чанарыг шалгах зорилгоор тодорхой хугацаанд ажиллуулж үзэхээр даалгавар өгсөн, үүний төлөө хөлс төлөхөөр тохирсон талуудын тохиролцоо даалгаврын гэрээний шинжийг агуулжээ.

Маргааны үндэс болсон гэрээний харилцааг тодорхойлох нь шүүхийн үүрэг байхад давж заалдах шатны шүүх зохигч маргаагүй гэх дүгнэлт хийсэн нь буруу болохоос гадна    эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлд нийцээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1-т зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд шүүх зохигч талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг танилцуулсан, хариуцагч “...хөлс төлөхгүй, ...хөлс төлөх үүрэг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдснаар дуусгавар болсон гэдгээ” баримтаар нотлоогүй байв.

Хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч нь 5787,14 тн хүдэр тээвэрлэсэн нь тогтоогдсон, гэрээнд 1тн хүдрийг 600 төгрөгийн хөлстэй гэж тохирсон тул 3 472 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн үндэслэлтэй болжээ.

“Б Х Т” ХХК нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр урьдчилгаа 5 000 000, 2018 оны 6 сарын 13-ны өдөр 33 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, автомашины үнийг төлсөн боловч нэхэмжлэгч нь даалгаврын дагуу хүдэр тээвэрлэх үүргээ үргэлжлүүлж байсан, ийнхүү автомашины үнийг төлснөөр даалгаврыг гэрээ дуусгавар болсныг талууд тохирсон байдал тогтоогдоогүй тул хөлс төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/0504 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 930 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т  зааснаар хариуцагчаас хяналтын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 505 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА