| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2017/00299/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2017-07-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 340
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт ******* ******* /*******/-ийн хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 153/2017/00299/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******, хүсэлт гаргагч Д.******* нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 оны 01 сараас 1989 оны 12 дугаар дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн буудалд кассчин, туслах тогооч, тогооч, малчнаар ажиллаж байсан. 1990 оноос гэр бүл болоод Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан. Иймд миний 1982 оны 01 сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд кассчин, туслах тогооч, тогооч, малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт миний регистрийн дугаарын сүүлийн тоог буруу бичсэн байсан. Мөн ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэрт миний ******* гэх нэрний И үсгийг Ь тэмдгээр Альмаа гэж буруу бичсэн байна. Иймд намайг 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, *******дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд хүсэлтийн шаардлагаа нэмэгдүүлж хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн захиргаанаас олгосон №******* дугаартай хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагч ******* *******гийн нэрийг ******* Альмаа гэж бичилт хийгдсэн байх боловч уг хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн эцэг /эх/-ийн нэр, төрсөн он, доторх бичилт нь Д.*******гийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн буудалд кассчинаар ажиллаж байх үеийн цаг хугацаатай тохирч байх төдийгүй, түүний ажиллаж байх үеийн байгууллагын тамга тэмдгээр баталгаажсан байдал тохирч байх тул Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн захиргаанаас ******* Альмаа нэрээр олгосон №******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Харин 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлөөс олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэх хэсэгт С.Отгон гэх бичилттэй, гурван өөр өнгийн бэхээр гурван өөр хүний бичилттэй, дэвтрийг олгосон хүний нэр, гарын үсэг бичигдээгүй зэрэг зөрчилтэй байх тул хүсэлт гаргагчийн уг дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.******* нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд кассчин, туслах тогооч, тогооч, малчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, №******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, гэрч Н.гийн ....Намайг 1982 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд ажилд ороход Д.******* нь нэгдлийн зочид буудлын тогоочоор ажиллаж байсан юм. Би хадлангийн механикжсан салааг удирдаад өвс бэлтгэх ажлаар явахад Д.*******г тогоочоор авч явж байсан болохоор сайн мэдэж байна. Д.******* нь нэгдэлд тогооч, саальчин, үхэрчин зэрэг ажлыг хийсэн байсан. Тухайн үед нэгдлийн ажил барьц байгаагүй хаана ажилла гэж хэлнэ тэнд л очиж ажилладаг байсан....Тушаал нь нэг нэрээр гардаг болохоос биш бүх ажлыг хийдэг байсан. Тэр жишгээр Д.******* нь нэгдлийн тогтооч хийхийн зэрэгцээ өөр туслах ажил бүгдийг нь хийсэн байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Д.*******гийн ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тухай тушаал, дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа байхгүй болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн дарга С.Батдоржийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадын 1982-1992 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт байхгүй тул Д.*******д лавлагаа олгох боломжгүй болно гэх бичилттэй 558 тоот албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын дарга Ч.Улаанхүүгийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Д.******* нь 1982-1992 оныг дуустал тус сумын Давшилт нэгдэлд зочид буудлын үйлчлэгч, тогооч, малчин зэрэг ажлуудыг хийж байсан ба ажиллаж байсан хугацааны баримтууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа болно. Тус сумын архив нь 1998 онд шатсан болохыг тодорхойлов гэх бичилттэй 02/135 тоот албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Ганзоригийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* сумын архив 1998 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гарсан гал түймрийн улмаас шатаж 1960-1992 оны архивын баримтууд шатаж устсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Хавтаст хэргийн 3, 4 дүгээр хуудсанд буй иргэн Н., Б.Соёлмаа нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, мөн хавтаст хэргийн 9-12 дугаар хуудсанд буй 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, уг хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, 1984 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон Баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүх үнэлээгүй болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн захиргаанаас ******* Альмаа нэрээр олгосон №******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь ******* дугаар регистртэй, ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоож, 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Давшилт нэгдлийн зөвлөлөөс ******* ******* нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******гийн Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд кассчин, туслах тогооч, тогооч, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ