Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Содномдаржаагийн Сүлд Санжжавын Дашжаргал Шүүгдэгчийн өмгөөлөгч Баттогтохын Баярцогт Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дунгарын Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Дашжаргал, С.Сүлд нарт холбогдох 2023000880003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 1-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж нар овогт Содномдаржаагийн Сүлд /РД:ИЭ62022010/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн 1-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. Тайж овогт Санжжавын Дашжаргал /РД:ИЙ70122807/

Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Төмөртийн гол” гэх нэртэй газрын ойролцоогоос нэн ховор ургамал болох 465 кг, 21 шуудай хонин арцыг түүж бэлтгэн, Пажеро маркийн 00-57 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 23.250.000 /хорин гурван сая, хоёр зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар: Шүүгдэгч Содномдаржаагийн Сүлд, Санжжавын Дашжаргал нар нь бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг Төмөртийн гол” гэх нэртэй газрын ойролцоогоос 21 шуудай арцыг түүж бэлтгэн, Пажеро маркийн 00-57 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн хэргийн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: 2020 оны 04 дүгээр сарын 25-ны шөнийн 23 цагийн өнгөрч байхад Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн голын гүүрэн дээр шүүгдэгч Сүлдийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 21 уут арц тээвэрлэсэн байсныг хурааж авсан талаар мэдүүлсэн гэрч И.Ёгийн “...2020 оны 04 сарын 25-ны өдөр би сумын цагдаа Сэр-Одын хамт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад Цагаанхайрхан сумын Ширээгийн голын гүүрэн дээр ногоон өнгийн бага гарын жийп юм ачсан байхыг шалгахад Сүлд гэж хүн 21 уут арц ачиж явсныг илрүүлсэн юм. Тухайн арцнуудыг өөрөө түүсэн гэж байсан, Төмөртийн голын ойролцоогоос түүж бэлтгэсэн гэсэн, яг хаанаас гэдгээ хэлэхгүй, газрынхаа нэрийг мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлгээр, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан И.Тогтохсүрэн зөрчилд холбогдогч С.Сүлдээс 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан ба С.Сүлд уг мэдүүлэгт “ ... Энэ түүсэн арц хэнийх вэ? гэсэн асуултад Энэ миний арц байгаа юм. Энэ арцыг хаанаас ямар газраас түүсэн бэ? гэсэн асуултад “ Дааган дэлийн булангийн гүүрний хойд уулнаас түүсэн” гэснийг тэмдэглэсэн тэмдэглэлээр, Тухайн үед С.Сүлд, С.Дашжаргал нартай хамт явсан гэрч Уранзаяагийн “ ... 2020 оны 04 сарын 20-диор байх өдрийг нь сайн санахгүй байна нэг өдөр аав Сүлд, ээж Дашжаргал нарын хамт арц түүхээр Цагаанхайрхан сумаас урагшаа явсан юм. Бид гурав 2 өдөр арц түүгээд нийт 21 уут арц болсон, түүнийгээ аавын Пажеро маркийн 00-57 дугаартай машинаар ачиж явж байгаад баригдсан...” гэсэн мэдүүлгээр, С.Сүлд, С.Дашжаргал нар арц түүсэн талаараа өөрт нь ярьсан тухай мэдүүлсэн гэрч Д.Батцоожийн “...Би 2020 оны 04 сарын 25-ны өдөр Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас арц түүж бэлтгэж яваад Цагаанхайрхан суман дээр цагдаа, байгаль орчны байцаагч нарт баригдсан юм. Намайг баригдах үед Сүлд ах бид 2-ыг байгаль орчны байцаагч нэг дэх өдөр ирж уулзаарай гээд явуулсан юм. Сүлд ах бид 2-ыг байгаль орчны байцаагч нь нэг дэх өдөр ирж уулзаарай гээд явуулсан юм. ...Наашаа явж байх замдаа модон гүүрэн дээр зогсоод юм ярьж байхад Сүлд тэр хураалгасан арцаа өөрөө эхнэр хүүхдийн хамт түүсэн гэж ярьж байсан ...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Г.Оргилмаагийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр..Сүлд ах бас арц түүж ачиж яваад баригдчихсан байсан. Арцыг хурааж авч байх үед би Сүлд ахын машинд суухад эхнэр охин 2 нь байсан юм. Эхнэр нь тэр үед арцыг бид 3 түүсэн гэж ярьж байсан... Тэгээд бид нар арцаа хураалгаад наашаа явж байгаад Цагаанхайрханы модон гүүрэн дээр зогсоод Сүлд ах манай нөхөртэй юм яриад байсан, би тэр үед нь машинаас буугаагүй болохоор юу ярьсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгын “ 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр манай сумын улсын байцаагч Тогтохсүрэн 465 кг арц надад хүлээлгэн өгсөн юм. Хууль бусаар бэлтгэж тээвэрлэж явахад нь илрүүллээ гэж байсан, хаанаас хэнээс хурааж авсан талаар би нарийн сайн мэдэхгүй, одоо тамгын газрын складанд дэлгэж хатаасан байдалтай байгаа. Хүлээлгэж өгсөн жин хэмжээнээсээ багассан байгаа байх. Ямар хэмжээний хохирол учирсныг би нарийн сайн мэдэхгүй байна. Ямар хэмжээтэй ямар төрлийн арц, ямар үнэлгээтэй байдгийг мэргэжлийн байгууллага тогтоох байх, тэр тогтоосон үнэлгээгээр хохирол тогтоогдоно гэж ойлгож байна...” гэсэн мэдүүлгээр, С.Сүлдийн жолоодож явсан Пажеро маркийн автомашиныг зогсоож үзлэг хийхэд тэрээр арц тээвэрлэж явсныг нотолсон гэрч М.Сэр-Одын “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би сумын Байгаль орчны хяналтын байцаагч Тогтохсүрэнгийн хамт Ширээгийн голын гүүрэн дээр хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд 23 цаг өнгөрч байхад 00-57 УБН дугаартай Пажеро маркийн машиныг зогсоож шалгахад зохих зөвшөөрөлгүй арц тээвэрлэж явсныг илрүүлж Тогтохсүрэн байцаагч цааш нь шалгасан юм. Тухайн машины жолооч нь Сүлд гэж өвгөн байсан...Сүлдтэй хамт эхнэр нь бас нэг охин 3-уулаа явж байсан...Хэдэн кг гэдгийг нь мэдээгүй, 21 шуудай арц байсан санагдаж байна. Хичнээн кг гэдгийг нь Тогтохсүрэн мэдэж байгаа... “ гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. С.Сүлд, С.Дашжаргал нарын түүсэн арц нь хонин арцны төрөлд хамаарах бөгөөд нэг кг нь 50000 төгрөгийн үнэтэй болох нь Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээч Э.Мягмаржавын 2020 оны 04 дүгээр сарын 30- ны өдөр гаргасан №02 дугаартай “Арцны нэр-Хонин арч, Латин нэр /зүйл/- Juniperus Sabina L, Нэг кг арцны ЭЭЗҮ-50.000, Нийт арцны тоо /кг/-465, Экологиэдийн засгийн үнэлгээ /төгрөгөөр/-23250000/” гэсэн дүгнэлтээр болон Шинжлэх ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Амартүвшингийн “... Шинжээчид ирүүлсэн 2 хайрцаг дээж нь бүгд хонин арц,...” гэсэн дүгнэлтээр нотлогдсон байна. Хонин арц нь Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралт хуулиар батлагдсан нэн ховор ургамлын жагсаалтад зааснаар нэн ховор ургамалд хамаарч байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтад Ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг гаргахдаа килограммаар тооцож хонин арц 1 килограмм нь 50000 төгрөгөөр үнэлэгдэхээр заасан. Ийнхүү экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо тухайн ашигт ургамлын хэрэгцээний нийт жинг хэрхэн тогтоох талаар тодорхойлоогүй байна. Өөрөөр хэлбэл ургамлыг бэлтгэх үеийн биологийн чийгийн хэмжээг харгалзан тогтоох, эсхүл биологийн чийгээ алдсан үеийн бодит жинг харгалзан тогтоох эсэх талаар тодорхой зохицуулалт байхгүй байна. Улсын яллагч шүүгдэгч нарыг тухайн үед нийт 465 кг арц түүсэн гэж яллаж байгаа боловч шүүгдэгч нараас арц хураан авахдаа нэг бүрчлэн жинлэж хураан авсан талаар баримт хэрэгт байхгүй тул шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар жинлэсэн хэмжээгээр хохирлын хэмжээг тооцох нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан С.Сүлд, С.Дашжаргал нарын түүж бэлтгэсэн хонин арцыг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны явцад уут нэг бүрээр жинлэж үзэхэд тухайн арц биологийн чийгээ алдаж 222,7 кг болсон. /шүүх хуралдааны явцад улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эд мөрийн баримтаар хураагдсан арцыг дахин жинлэх шаардлагагүй, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд жинлэсэн байдлыг шинжлэн судалъя гэсэн хүсэлт гаргасан учир шүүх уг хүсэлтийг хүлээн авч дээрх тэмдэглэлийг үндэслэсэн болно. Мөн арцыг хадгалсан 1 уут задарч бусад уут арц руу хуваан хийснээр арц 20 уут болсон байна/ 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн хонин арц 222,7 килограмм болсон бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А282 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон үнэлгээгээр тооцоход нийт 11,135,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэстэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Гэрч Д.Батцоож, Г.Оргилмаа нар нь С.Сүлд, С.Дашжаргал нарыг арц түүж байхыг хараагүй боловч гэрч нарт С.Сүлд, С.Дашжаргал нар өөрсдөө арц түүсэн талаараа ярьсныг гэрчилсэн, мөн тэдний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар буюу гэрч Д.Уранзаяагийн мэдүүлэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад С.Сүлдээс авсан мэдүүлгээр давхар батлагдаж байх тул шүүх тэдний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх С.Сүлдийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нэн ховор ургамлыг зөвхөн судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахаар заасан ба ийнхүү ашиглахад төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгохоор Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зохицуулсан. Шүүгдэгч нар нь Байгалийн ургамлын тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлүүдийг тус тус зөрчиж зохих зөвшөөрөлгүйгээр 222.7 килограмм нэн ховор ургамал болох хонин арцыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүрээлэн байгаа орчны эсрэг ургамлын аймагт халдаж, Байгалийн ургамлын тухай хуулийг зөрчиж зохих зөвшөөрөлгүй, хуульд зааснаас өөр зорилгоор буюу худалдан борлуулах зорилгоор нэн ховор ургамлыг түүж бэлтгэн тээвэрлэсэн шинжээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн үйлдлийн улмаас ургамлын аймагт нийт 11,135,000 төгрөгийн хохирол учирсан ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлнэ гэж заасныг үндэслэн шүүгдэгч нараас 55675000 төгрөгийг хувь тэнцүүлж буюу шүүгдэгч С.Сүлдээс 27837500 төгрөг, шүүгдэгч С.Дашжаргалаас 27837500 төгрөгийг тус тус гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Сүлд нь “ өөрөө арц түүгээгүй. арцыг Мөнхөө, Батжаргал гэх хүмүүс аймгийн төв рүү оруулж өгөөч гэсэн учир тэдний хүсэлтээр тээвэрлэсэн” гэж, шүүгдэгч С.Дашжаргал “ арц түүгээгүй “ гэж тус тус мэдүүлж байгаа боловч тэдний энэ мэдүүлэг нь С.Сүлдийн зөрчилд холбогдогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Б.Батцоожийн “...бид 2 цагдаа дээр шалгагдаж байх үед Сүлд ах надад би түүсэн арцаа Мөнхөө гэж хүнээс худалдаж авсан юм гээд цагдаад худлаа хэлчихсэн гэж ярьж байсан. ...Би нэг өдөр Сүлд ахынд очоод Сүлд ах төв рүү явна гэж байхаар нь та надад нэг юнителээс нэг дугаар худалдаж аваад ирээч гээд 5000 төгрөг өгсөн юм. Тэрний маргааш нь байх Сүлд ах манайд ороод ирэхээр нь та миний захисан дугаарыг авсан уу гэхэд надад нэг хуучин сим өгөөд энэ дугаарыг барьж бай гэсэн юм. Тэр дугаарыг нь утсанд хийгээд үзсэн чинь ямар ч нэгж байхгүй өмнө хүн барьж байсан 80137529 гэсэн дугаар байсан юм. Тэгээд 2,3 хоногийн дараа байх Сүлд ах дахиад орж ирээд саяхны өгсөн дугаараа надад буцаагаад өгчих наад дугаарыг чинь би Цагдаад мэдүүлэг өгөхдөө арц худалдаж авсан Мөнхөө гэж хүний дугаар гээд хэлчихсэн юм тийм болохоор наад дугаарыг чинь одоо барьж болохгүй гээд буцаагаад авчихсан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Оргилмаагийн “ ...Дараа нь би Сүлд ахтай зах дээр таараад та яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм бэ өөрөө түүсэн байж хүнээс худалдаж авсан гээд худлаа хэлчихсэн байна ш тэ гэсэн чинь дуугарахгүй нүүр нь сонин болоод яваад өгсөн юм... Мөн хавар арц хураалгасны дараа удаагүй байхад нэг өдөр манайд Сүлд ах орж ирээд манай нөхөрт нэг юнителийн сим карт өгсөн юм. Тэрийг нь утсанд хийгээд үзэхэд өмнө нь хүн барьж байсан юм уу гэмээр дугаар байсан. Үүнээс 2,3 хоногийн дараа байх нөхөр бид 2-ыг гэртээ байж байхад Сүлд ах орж ирээд нөгөө өгсөн сим карт дугаараа авъя би энэ дугаарыг цагдаад арц худалдаж авсан Мөнхөө гэж хүний дугаар гээд хэлчихсэн юм одоо наад дугаарыг чинь дахиж барьж болохгүй гээд байхаар нь буцаагаад өгчихсөн юм... 2020 оны 09 сард байх өдрийг нь санахгүй байна би Сүлд ахынд нөхрөө байна уу гээд сураад ортол Сүлд ахын охин нь над руу... та яагаад цагдаад намайг Сүлдийн охин гээд үнэнийг нь хэлчихсэн юм гээд гар руу хальт цохиод авсан юм, тэгэхээр нь би юм яриад байгаа юм гээд уурлаад гараад явсан юм...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.Уранзаяагийн “ ......Манай аав Сүлд ... би цагдаад арц түүгээгүй танихгүй хүнээс худалдаж авсан, чамайг Отгон сумаас дайгдаж ирсэн... гээд худлаа хэлчихсэн шүү чи бас ингэж хэлээрэй гээд ятгахаар нь би үнэнээ хэлнэ гэсэн чинь над руу уурлаад чи миний хэлснээр хэл гээд удаа дараа ятгаад бас уурлаад байхаар нь аавын хэлснээр худлаа ярьчихсан юм. Манай аав Сүлд ээжийг ч бас ингэж хэлээрэй гээд худлаа яриулсан...” гэсэн мэдүүлгээр гэрч Д.Базардоржийн мэдүүлгээр няцаагдаж байна. Мөн С.Дашжаргал шүүх хуралдаанд боловсролгүй гэж мэдүүлж байгаа ч түүний мэдүүлэг Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн “ ...Дашжаргал нь Отгон сумын ерөнхий боловсролын сургуульд 1979 оноос 1987 оны хооронд суралцаж ...Пунцагдулам багштай 8а анги төгссөн үнэн болно” гэсэн тодорхойлолт, ХААТР-21 (А) маягтад С.Дашжаргалыг бүрэн бус дунд боловсролтой гэж тэмдэглэсэн байдлаар үгүйсгэгдэж байх тул түүнээс яллагдагчаар авсан мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэж үзэх боломжгүй байна. 2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамлыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв. Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгов. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт тус бүр 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр заасан. Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хүчин төгөлдөр хуулийг хэрэглэх ба дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэхэд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байна. Хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх гэсэн ойлголт онолын хувьд өөр өөр ойлголт боловч хоорондоо уялдаа холбоотой бөгөөд шүүх зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэглэсэн тохиолдолд 2021 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Иймд шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хуульд нийцнэ гэж үзлээ. Шүүгдэгч нар нь Пажеро маркийн 0057 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр арц тээвэрлэсэн уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч С.Сүлдийн өмчлөлийнх болох нь С.Сүлдэд машиныг худалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.Жаргалсайханы мэдүүлгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар автомашиныг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 уут хонин арцыг улсын орлого болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайж нар овогт Содномдаржаагийн Сүлд, Тайж овогт Санжжавын Дашжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор ургамал хонин арцыг түүж бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сүлдийг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч С.Дашжаргалыг 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Сүлдийг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч С.Дашжаргалыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 1 жил 2 сарын тус тус хориглож, шүүгдэгч нарт шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 жил 2 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3- т зааснаар шүүгдэгч С.Сүлдээс 27837500 төгрөгийг, шүүгдэгч С.Дашжаргалаас 27837500 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 уут хонин арц, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 500000 төгрөгийн үнэ бүхий Пажеро маркийн 00-57 УБН дугаартай автомашиныг улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шүүгдэгч С.Сүлдийн эзэмшлийн Пажеро маркийн 00-57 УБН улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Шүүгдэгч С.Сүлд, С.Дашжаргал нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ