Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/338

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0316/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Т-н У-д холбогдох эрүүгийн 1818000000373 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Т-н У /РД:  ........../, ........ оны ..... дүгээр сарын .....-ны өдөр ....... аймгийн ..... суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, дүү нарын хамт ...... аймгийн ...... сумын ...... дугаар баг, ...... дугаар гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ...... аймаг, ....... сум, .... дугаар баг, ..........дугаар гудамж, ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.У нь ..... оны ..... дугаар сарын ......-ны өдрийн .... цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...... аймгийн ..... дугаар багийн ...... дугаар гудамжны ...... тоотод хувийн маргааны улмаас иргэн Л.Т-н баруун, зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь баруун, зүүн шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:  

Хэрэгт авагдсан

- Т.У бид 2 архи ууж байхдаа маргасан. Намайг пийшингийн хажууд хөлөө жийгээд сууж байхад Т.У нь миний баруун, зүүн хөлийн шилбэ рүү нэг нэг удаа хавсарч өшиглөсөн гэх хохирогч Л.Т-н мэдүүлэг /хх-ийн 5-6/,

- ...Л.Т нь согтуурхаад хөлөө жийгээд сарвалзаж байхад нь Т.У нь түүний баруун, зүүн хөл рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Өглөө нь Л.Т “миний хоёр хөлийн булчин өвдөөд байна. Өчигдөр Т.У ийшээ өшиглөсөн” гэж хэлсэн гэх гэрч О.У-н мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- ...Т нь гэрээс гарахгүй, шүлсээ үсчүүлээд юм яриад сандал дээр сууж байхдаа хойшоо уначхаад хөлөө өргөөд намайг жийгээд байхаар нь би баруун, зүүн хөлийнх нь эрээн булчин руу нь нэг нэг удаа өшиглөсөн гэх шүүгдэгч Т.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/,

- Л.Т-н биед баруун, зүүн шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу ... оны 8 дугаар сарын 20-нд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл болно. Л.Т-н эрүүл мэндэд учирсан хохирлыг шинжээч эмч тогтоохгүй. Л.Т-н биед үүссэн баруун, зүүн шилбэ ясны хугарал нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Л.Т-н биед хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдохгүй, уг гэмтэл 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаанд эрүүл мэндийг сарниулна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 03ы өдрийн 893 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.У-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Т-н биед баруун, зүүн шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Т-н бичсэн “Миний бие нь сайн дурын үндсэн дээр Т.У-тай эвлэрсэн. Цаашид ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 33/-ээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.У нь Л.Т-н баруун, зүүн хөл рүү өшиглөж, эрүүл мэндэд нь баруун, зүүн шилбэний тахилзуур ясны битүү хугарал, баруун шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Т.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргаж таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т-ын У-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.У-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.У-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР