Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0104/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Ч-ийн  Тт холбогдох эрүүгийн 2118000120094 дугаартай хэргийг 2021  оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, У овогт Ч-ийн  Т /регистрийн дугаар: ........... /, ...... оны ......  дүгээр сарын ...... -ны өдөр .........  аймгийн ........ суманд төрсөн, .....  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “....... ” ХХК-д оператор ажилтай, ам бүл ..... , .......-ийн хамт .......... аймгийн ......  сумын .... дугаар баг, ......... дугаар гудамжны ....  тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ч.Т нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ...............  аймгийн ....... сумын ......  дугаар багт байрлах “...... ” хүнсний дэлгүүрийн гадна ..... ДАР улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ..... ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг чирэх үйлдэл хийхдээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 11.11 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно.”, 22.6 дахь хэсэгт заасан “Дараахь тохиолдолд механикжсан тээврийн хэрэгсэл чирэхийг хориглоно: г/ халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор; д/ чирүүлж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ..... ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Э.Ц ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын шуу ясны битүү хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн бэлхүүсний зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Би хохирогчид 3 сая төгрөг өгсөн. Мөн иргэний нэхэмжлэгчийн машиныг Вьетнам засварт оруулж өгсөн.” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2118000120094 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг[1],

 

Хохирогч Э.Ц ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед .....байцаагч, жолооч М-Э нарын хамт нэхэмжлэл хураахаар .......  сумын .....  дугаар багт байрлах “..... ” ХХК-ийн нэхэмжлэл өгөхөд “....... ” дэлгүүрийн гадаа М-Э жолооч зогсоод би машинаас буугаад уг дэлгүүрийн хаалга цоожтой байхаар нь хашааных нь хаалган дээр очиж нэг залууд эзнээ дуудаж өгөөрэй гээд нэхэмжлэл өгсөн. Би тухайн үед ажилтан нь гэж ойлгоод өгсөн. Тэгээд машиндаа ирээд арын хаалгаа онгойлготол жолооч хаалгаа гээд орилтол миний ар нуруунаас нэг юм ирээд хавчсан. Тэгснээ хальт зогсох нь уу гэтэл дахиад машинтай хавчиж чирээд намайг хөдөлгөсөн. Тэгэхээр нь би орилсон. Тэр үед хүмүүс даллаад машин зогсож М-Э-ийн машиныг хүмүүс өргөж бага зэрэг зай гаргасан. Тэгэхээр нь машин руугаа орж суусан. Ингээд цагдаа эмнэлэг дуудсан. Намайг машинд суух гээд хаалгаа онгойлгох үед миний хажууд машин байгаагүй. Хаанаас машин гарч ирээд намайг мөргөснийг мэдээгүй. Машинд суусан хойноо харахад цэнхэр портер харагдаж байсан. Би 22 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, Улаанбаатар хотод очиж нарийн шинжилгээ хийлгэсэн. Миний эмчилгээний зардал 1,823,500 төгрөг болсон. Үүнээс гадна тухайн үед миний хэрэглэж байсан гар утасны арын дэлгэц хагарсан. Дарханд засдаг газар байгаагүй тул Улаанбаатар хотод очиж тагийг нь янзлуулсан. Тухайн үед өмсөж байсан 350.000 төгрөгийн үнэтэй куртик одоо өмсөх боломжгүй болсон. Шүүгдэгч нь надад 1,523,500 төгрөг, 225,000 төгрөг өгсөн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад гаднаас эм тариа авсан.” гэх мэдүүлэг[2],

 

О.М-Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний нэхэмжлэгчээр тус тус мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед ажлын үүднээс хөдлөөд манай ажлын урд байдаг “........ ” дэлгүүрт нэхэмжлэх өгнө гээд би үүдэнд нь зам чөлөөлөөд зогсоод арын суудалд сууж байсан Ц машинаас буусан. Бид нарыг очиход тэр дэлгүүрийн урд ямар ч машин байгаагүй. Ц  нэхэмжлэхээ өгч байхад тэр хашаан дотроос саарал өнгийн Соната -5 маркийн машин цэнхэр өнгийн портер маркийн машиныг чирч гарч ирээд зам дээр зогссон. Портер маркийн машиныг чирч байсан Соната-5 маркийн машин зам дагаад хөндлөн зогсож байсан ба би толиндоо харж байсан юм. Тэр хооронд Ц  гарч ирээд яг машинд суух үед Соната-5  маркийн машин нөгөө портер маркийн машинаа чирээд портер нь миний машинтай хавсарч Цийг мөргөсөн. Ц хаалга онгойлгосон байсан болохоор хаалгыг бр гадагш эргүүлээд хаясан. Тэгээд эмнэлэг, цагдаа дуудсан. ...Миний унаж явсан байгууллагын машинд учирсан гэмтэл хохирлыг төлж барагдуулсан машиныг хэвийн болгож өгсөн учир надад болон байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг[3],

 

О.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрч, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хариуцагчаар тус тус мэдүүлсэн: “...Миний .....ДАА улсын дугаартай портер маркийн машин асахгүй хөлдөөд “..... ” нэртэй хүнсний дэлгүүрийн гараашт байсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед найз Т-ыг дуудаад түүний Соната-5 маркийн машинаар миний машиныг арагш нь ухрааж чирсэн. Тэгээд гараашнаас гарч ирээд зогссон. Тэгэхээр нь би бөгсийг нь жоохон эргүүлээд зам дагуу болгоод өгчих гэсэн чинь угз татаад дэлгүүрийн урд байсан хөр өнгийн Соната-6 маркийн машиныг тэнд байсан хүнтэй нь мөргөсөн. Т бид хоёр хохирогч Э.Ц ийн эмчилгээний зардалд 2,700,000 орчим төгрөг өгсөн. Т нь иргэний нэхэмжлэгч О.М-Э-ийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг 595,000 төгрөгөөр янзалж өгсөн. Одоо ямар нэгэн маргаангүй болсон.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Б.Х-ийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн орчим ажлаасаа гараад Ц, жолооч М-Э-ийн хамт аж ахуй нэгжийн нэхэмжлэл тараахаар гараад ...... сумын .....  дугаар багт байрлах “....... ”  ХХК-ийн “........ ” дэлгүүрийн дулааны нэхэмжлэлийг өгөхөөр зогссон. Машинаас Ц буугаад нэхэмжлэлээ өгөх гээд явсан ба би тэр үед утсаар яриад доошоо хараад ажлынхаа цаас эргүүлж юм харж байсан юм. Тэгсэн удалгүй Ц гарч ирээд машиндаа суух гээд хаалгаа онгойлгож байтал түс тас гээд Ц орилоод унахаар нь машинаас буухад Ц-ийг портер маркийн машин манай машины хаалгатай хавчсан байсан. Тухайн үед Соната-5 маркийн машин портер маркийн машиныг хойноос нь чирэгчээр холбосон байсан. Тэр хоёр машины жолооч М-Э гурав манай машиныг өргөж Ц-ийг гаргаж авсан. Ц-ийн дух хэсгээс мөн гарын хуруу хавиас цус гарч байсан. Намайг цусыг нь арчих гэхэд ойртуулаагүй. Тэгэхээр нь алчуур өгөөд дараарай гээд алчуураа бариулсан. Тухайн үед утас нь дуугараад байхаар нь халааснаас нь автал гар утасных нь ар хэсэг хагарсан байсан. Ц утсаа саяхан авсан. Утсаа аваад 20 гаран л хонож байсан. Надад учирсан гэмтэл шарх байхгүй.” гэх мэдүүлэг[5],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 937 дугаартай “...Э.Ц ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны битүү хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн бэлхүүсний зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Ц ийн биед илэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Э.Ц ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[6],

Капитал зууч ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...Samsung galaxy S10 5G маркийн 256gb багтаамжтай, 8GB санах ойтой мөнгөлөг сараал өнгийн гар утас /хэрэглэж байсан, арын таг бяцарч хагарсан/ 1ш, CLASNA гэсэн бичигтэй шошготой эмэгтэй хүний хүрэн өнгийн куртик /хуучин, ар хэсгээрээ ханзарч урагдсан/ 1ш, ENGYIH       гэсэн шошготой нилонон материалтай хар өнгийн урт юбка /хуучин, цоорч урагдсан/ 1ш, BUYAN cash wool гэсэн шошготой эмэгтэй хүний цайвар өнгийн ноосон цамц /ар хэсэгтээ цоорч урагдсан/ 1 ширхэг зэрэг эд зүйлийн хохирол учирсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн хохирлын зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 340,000 /гурван зуун дөчин мянган төгрөг/ байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[7],

 

Бан Хас ХХК-ийн 2020  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №20/01/00085 дугаартай “...Дархан Дулааны Сүлжээ ТӨХК-ийн эзэмшлийн Hyundai Sonata 6 маркийн ..... ДАР улсын дугаартай, KHHET41AP9A536223 арлын дугаартай, 2650061 регистрийн дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн,  хар өнгийн тээврийн хэрэгслийн техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 490,000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт[8],

 

Автотээврийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 037 дугаартай “...О.Д-ийн ..... ДАА улсын дугаартай Х/Портер маркийн автомашин нь зам, тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS459852011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгсэл, зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд бүрэн, хойд тэнхлэгийн ажлын тормосны ялтас/наклад/ элэгдсэн, шингэний тэлэгчийн жийрэг /резин/ сэтэрсэн тоормосны шингэн асгарсан байна. Техникийн хувьд ажлын тоормосны ялтас /наклад/ элэгдсэн, тоормосны тэлэгчийн жийрэг /резин/ элэгдэж сэтэрснээс шингэн гадагшаа алдагдсан эвдрэл гэмтэлтэй байгаа нь осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн байна. О.Д-ийн ..... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшний зүүн гар талын хойд хаалт /порчик/ будаг хагарсан нь ослын дараах гэмтэл байна. Осол үйлдэгдэх үед тухайн автомашины ажлын тормосны ялтас /наклад/ элэгдсэн, тоормосны шингэний битүүмжлэл алдагдсан зэрэг нь тормосны хэвийн ажиллагаанд нөлөөлсөн байна. Автомашины үндсэн болон туслах эд ангийн эвдрэлгүй байсан. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй./Тухайн нөхцөлд тээврийн хэрэгслийн хөдөлгүүр асаагүй, байсан учир тоормосны системийн ажиллах боломжгүй байсан байна./” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[9],

 

Автотээврийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 036 дугаартай “О.М-Э-ийн ..... ДАР улсын дугаартай Соната-6 маркийн автомашин нь зам, тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих-Ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон. Техникийн хувьд бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй байсан осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. О.М-Э..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн гар талын хойд урд хаалгануудын гадна тал дотогшоо хонхойж, зурагдаж, тахийсан, дотор талын самбар хагарсан, хаалгануудын түгжээ хугарсан зэрэг нь ослын дараах эвдрэл байна. Урд талын куперын зүүн гар талд зурагдсан байгаа нь ослын өмнөх эвдрэл байна. Осол үйлдэгдэх үед тухайн автомашины ажлын тоормосны эд ангиуд бүрэн бүтэн, битүүмжлэл алдагдаагүй хэвийн ажиллагаатай байсан байна. Автомашины үндсэн болон туслах эд ангийн эвдрэлгүй байсан. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[10],

 

Автотээврийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 035 дугаартай “...Ч.Т-ын ...  ДАР улсын дугаартай Соната-5 маркийн автомашин нь зам, тээврийн хөдөлгөөнд оролцож байхдаа Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих Ерөнхий шаардлага MNS4598:2011 Улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Техникийн хувьд бүрэн, дугуйн хээ элэгдсэн, хээ зөрүүтэй дугуй тавьсан байна. Техникийн хувьд бүрэн байсан, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй байна. Ч.Т-ын ...  ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ослын дараа эвдрэл үүсээгүй байна. Урд талын куперын доод талын ирмэг хагархай, гадна тал нь зурагдсан байгаа нь ослоос өмнөх эвдрэл байна. Осол үйлдэгдэх үед тухайн автомашины ажлын тоормосны эд ангиуд бүрэн, бүтэн битүүмжлэл алдагдаагүй ажиллагаатай байсан байна. Автомашины үндсэн болон туслах эд ангийн гэмтэлтэй байсан. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[11],

 

Монгол Улсын дотоод хэргийн их сургуулийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 202114 дугаартай “...чирч яваа автомашин бодит жин нь чирүүлж яваа автомашины бодит жингээс 1 тонноор бага байгаа нь Hyundai Sonata-5 маркийн ...  ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 11.11, 22.6, 22.6г, 22.6д дэх заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийг чирэхдээ урдаас нь чирэх ёстой байтал Hyundai Porter маркийн ..... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь чирч бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюултай нөхцөл байдал үүсгэсэн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Л.Л-ийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 037 дугаартай “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд чирч яваа автомашин бодит жин чирүүлж яваа автомашины бодит жингээс 1 тонноор бага байгаа нь Hyundai Porter маркийн ..... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Д  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 22.6, 22.6.д дэх заалтыг зөрчсөн байна. Тээврийн хэрэгслийг чирэхдээ урдаас нь чирэх ёстой байтал Hyundai Porter ..... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь чирч бусад хөдөлгөөнд оролцогч нарт аюултай нөхцөл байдал үүсгэсэн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөн байна. Hyundai Sonata маркийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.М-Энь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hyundai Sonata-6 маркийн ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суух гэж байсан зорчигч Э.Ц  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Hyundai Sonata-5 маркийн ...  ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын гадаргуу халтиргаатай замд замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой хэсэг буюу зорчих хэсгийн хөвөөгөөр Hyundai Porter  маркийн ..... ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ухрааж чирсэн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай гэж үзэж байна” гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Шүүгдэгч Ч.Т-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13] болон хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой бусад баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Тын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Т нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн үед ..........  аймгийн .........  сумын ..... дугаар багт байрлах “...... ” хүнсний дэлгүүрийн гадна ..... ДАР улсын дугаартай Соната-5 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ..... ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг ухрааж чирэх үйлдэл хийхдээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1 дэх хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 11.11 дэх хэсэгт заасан “Энэ дүрмийн 25.3, 25.5, 26.3-д зааснаас бусад тохиолдолд тээврийн хэрэгслээр явган хүний зам болон хөвөөгөөр явах, мөн механикжсан тээврийн хэрэгсэл буюу ердийн хөсгөөр унадаг дугуйн зам болон унадаг дугуйн эгнээгээр явахыг хориглоно.”, 22.6 дахь хэсэгт заасан “Дараахь тохиолдолд механикжсан тээврийн хэрэгсэл чирэхийг хориглоно: г/ халтиргаатай зам буюу уулын замд зөөлөн холбоогоор; д/ чирүүлж яваа тээврийн хэрэгслийн бодит жин нь чирч яваа тээврийн хэрэгслийнхээс илүү бол.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас ..... ДАР улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж иргэн Э.Ц ийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун гарын шуу ясны битүү хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн бэлхүүсний зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрч байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын зурам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.

Шүүгдэгчийн Ч.Т нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ч.Тыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Э.Ц ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун гарын шуу ясны битүү хугарал, зүүн талын нэг хавирганы хугарал, зүүн бэлхүүсний зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зулгаралт бүхий хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг  хангаж байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Хохирогч Э.Ц  нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4,261,148 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн өмнөх шатанд хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах шаардлагагүй гэж үзлээ.

Харин хохирогч нь тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг дурдах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах гэм хорын хохирлоо баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Ч.Т-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Ч.Т-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Ч.Т нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 7 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Ч-ийн  Т-ын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг 7 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Э.Ц  нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР

 

 


[1] Хавтаст хэргийн 5-9 тал

[2] Хавтаст хэргийн 19-20 тал

[3] Хавтаст хэргийн 23, 26 тал

[4] Хавтаст хэргийн 30, 137-138 тал

[5] Хавтаст хэргийн 31-32 тал

[6] Хавтаст хэргийн 34-35 тал

[7] Хавтаст хэргийн 88-89, 90-91 тал

[8] Хавтаст хэргийн 52, 53 тал

[9] Хавтаст хэргийн 59-60, 61-62 тал

[10] Хавтаст хэргийн 67-68, 69-70 тал

[11] Хавтаст хэргийн 75-76, 77-78 тал

[12] Хавтаст хэргийн 102-105 тал

[13] Хавтаст хэргийн 139 тал