Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 329

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Шагиа овогт Цэдэнбалын Болортуяа /ПИ88013007/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банкны Ховд салбарт холбогдох

ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 153/2017/00241/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Ц.Болортуяа,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Болортуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ХААН банкны Ховд салбарын захирлын 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/110 дугаартай тушаалаар ХААН банкны Ховд салбарын Булган тооцооны төвд теллерээр ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил, хөдөлмөрийн гэрээ болон ёс зүйн дүрмэнд заасан зөрчил гаргаж байгаагүй, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. ХААН банкны Ховд салбарын захирал /зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр/-ийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалаар намайг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний бие Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй. Иймд ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Хаан банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч байгууллагын захирал Ч.Төрбат, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул шүүхэдболон шүүх  хуралдаан гаргасан тайлбартаа:Цэдэнбалын Болортуяа нь ХААН банкны Ховд салбарын Булган тооцооны төвд ахлах теллерээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Ц.Болортуяа нь ажлын байрны давуу талыг ашиглаж, харилцагчийг банканд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр харилцагчийн мэдээллийн нууцыг бусдад задруулсан зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ХААН банкинд харилцагчийн гомдол, санал хүсэлтийг авдаг 1917 дугаартай утас байдаг. Уг утсанд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр харилцагч Б.Хажидмаа гэх хүнээс миний дансны мэдээлэл алдагдсан байна гэх гомдол ирүүлсэн учир уг гомдлын дагуу ХААН банк шалгалт хийхэд Ц.Болортуяа нь тус харилцагчийн дансыг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр лавласан нь программаас тодорхой харагдаж байсан. Энэ талаар Ц.Болортуяагаас тайлбар авахад Мөнхцэцэг гэх хуучин тооцооны төвд ажиллаж байсан теллер нэхэмжлэгч рүү залгаж, Б.Хажидмаагийн гэрийн хаягийг хэлээд өгөөч, би мөнгө авах ёстой юм, худлаа хэлээд зугтаагаад байна гэж гуйхаар нь хэлж өгсөн нь миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй, дүрэм журам зөрчсөн гэдгээ сайн мэдэж байна гэх тайлбар өгсөн байдаг. Ц.Болортуяа нь зөрчил гаргасан гэдэг нь мөн аудитын дүгнэлт болон түүний тайлбараар нотлогдож байгаа юм. Уг зөрчлийг Ц.Болортуяа нь 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр харилцагч гомдол гаргасан ба улмаар 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр түүнийг ажлаас халсан тушаал гаргасан. Хавтаст хэрэгт хариуцагчийн зүгээс аудитын шалгалтын тайлан 1 хуудас, нэхэмжлэгчийн өөрийнх нь банкинд гаргасан тайлбар, харилцагч Б.Хажидмаагийн 1917 дугаар утсанд хандсан утасны бичлэгийг CD-нд хуулбарлаж, мөн утасны яриаг цаасан дээр сийрүүлж бичиж өгсөн байгаа. Ц.Болортуяа нь харилцагч банк дээр ирж, өөрөө мэдээллийг авъя гэх хүсэлт гаргаагүй байхад харилцагчийн мэдээллийг бусдад задруулсан нь хангалттай нотлогдож байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул нэхэмжлэгчийг ажлаас халсан Б/78 дугаар тушаал хуульд нийцэж гарсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....Салбарын захирлыг чөлөөтэй, эзгүй байх хугацаанд түүний ажлыг үргэлжлүүлэх, салбарын үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагатай учир захирлын эзгүйд түүнийг орлон ажиллах албан тушаалтан нь зээлийн багц хариуцсан мэргэжилтэн юм. Үүний дагуу салбарын захирал Ч.Төрбатыг эзгүй байхад зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь түүний үүргийг орлон гүйцэтгэж, ажлаас халах эрхийг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй юм....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Болортуяа нь ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор ажилтан гомдлоо шүүхэд гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунтуул нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас үндэслэлтэй халсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөөтэй байсан.Түүнийг чөлөө байх хугацаанд хэн орлон ажиллах талаар Ч.Төрбатын ажлын байрны тодорхойлолтод зааснаар зээлийн багц хариуцсан менежер орлон ажиллаж байсан. Үүний дагуу салбарын захирал Ч.Төрбатыг эзгүй байхад зээлийн багц хариуцсан менежер М.Оюундэлгэр нь түүний үүргийг орлон гүйцэтгэж, ажлаас халах эрхийг хэрэгжүүлэх эрх мэдэлтэй юм гэж маргажээ.

Ц.Болортуяа нь ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерээр ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /ХХ-ийн 44-47, 48-50 дугаар тал/ зохигчийн тайлбар зэргээр тогтоогдов.

Нэхэмжлэгч Ц.Болортуяаг ажлын байрны давуу талаа ашиглан харилцагчийг банкинд ирээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр дансны мэдээллийг лавласан, нууц мэдээллийг бусад задруулсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 тоот тушаал /ХХ-ийн 4 дүгээр тал/, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ц.Болортуяаг ажлаас халсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/78 тоот тушаал нь эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримталсан хуулийн зохицуулалттай тохирсон, ажилтан нь ХААН банкны Ёс зүйн дүрмийн 5.7.1-д заасан зөрчлийг гаргаж, уг зөрчил нь ХААН банкны Ёс зүйн дүрмийн 2.1.10, Хөдөлмөрийн гэрээний 5.7.2-т заасан ноцтой зөрчилд хамаарч байх боловч Ц.Болортуяад сахилгын шийтгэлийг ногдуулах эрх бүхий этгээд уг тушаалыг гаргаагүй байна. Учир нь Ц.Болортуяатай ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат нь Хөдөлмөрийн гэрээ /ХХ-ийн 44-47 дугаар тал/ байгуулсан байх ба ажил олгогч буюу ХААН банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл чөлөөтэй байсан болох нь ХААН банкны захирлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06/1420 тоот тушаалаар тогтоогдож байна. Уг тушаалд Ч.Төрбатад чөлөө олгосонтой холбогдуулан ажил үүргийг нь зохицуулах, холбогдох арга хэмжээ авахыг Орон нутгийн Иргэдийн банкны захирал /Ж.Товуудорж/-д үүрэг болгосон байх боловч ажил олгогч ХААН банкны Ховд салбарын захирлыг түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар тооцооны төв хариуцсан менежер, зээлийн багц хариуцсан менежер нарын хэн орлон ажиллах, ямар эрх, үүргийг хэрэгжүүлэн ажиллах, салбарын захирлыг орлон ажиллаж буй этгээд нь ажилтныг ажлаас халах эрхтэй эсэх талаарх нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байдаг ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Ажилтан Ц.Болортуяатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажил олгогч буюу ХААН банкны Ховд салбарын захирал нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/78 тоот тушаалыг гаргаагүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаар 18-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин буюу ажлын 64 хоногийн цалинтай тэнцэх олговор буюу 2.465.408 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сард 680,000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сард 986,000 төгрөг, 2 дугаар сард 680,000 төгрөг авч байсан нь түүний 0560522 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 2,346,000 төгрөг : нэг сард 782,000 төгрөг, үүнийг ажлын 20.3 хоногт хуваахад нэг өдрийн цалин 38,522 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 7 дугаарсарын 18-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 64 хоногийн цалин 2,465,408 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иймд ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Ц.Болортуяаг ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2,465,408 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХААН банкны Ховд салбарт даалгахаар шийдвэрлэв.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,465,408төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 54,397 төгрөг, нийт 124,597 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ХААН банкны Ховд салбарын захирлын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Б/78 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчШагиа овогт Цэдэнбалын Болортуяаг ХААН банкны Орон нутгийн Иргэдийн банкны Ховд салбарын Булган тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ХААН банкны Ховд салбараасажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,465,408 /хоёр сая дөрвөн зуун жаран таван мянга дөрвөн зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Болортуяад олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Болортуяагийнажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХААН банкны Ховд салбарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч ХААН банкны Ховд салбараас улсын тэмдэгтийн хураамж нийт 124,597 /нэг зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНЖАРГАЛ