| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0560/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/571 |
| Огноо | 2018-11-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/571
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810020670714 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа алт мөнгөн эдлэл хийдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 00000000000000000000000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 01 сар 01 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, Д.Т /РД: ЖЭ82072411/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 000000000000000 тоотод эхнэр С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ...гэртээ байх үед Д.Тийн гар утас дуугарсан. Тухайн үед Д.Т гар утасныхаа дуудлаганд хариу өгөхгүй байхаар нь би утсаа ав гэж байж авахуулсан. Тэгтэл Д.Т цаанаас ярьсан эмэгтэйг юм хэлүүлэхгүй “би завгүй байна” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь хэн юм бэ гэж асуухад “массажист байна” гэхээр нь миний уур хүрээд түүнийг “янхан банзал, хамт буудалд хоносон янхан чинь залгаад байгаа юм биш үү” гээд маргалдсан. Тэгтэл Д.Т миний хойноос ирснээ баруун хацар, шанаа орчим гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон...” /хх-ийн 7-8/ гэсэн,
Шүүгдэгч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөөнөөс манай эхнэр намайг бусадтай хардаж, хэрүүл үүсгээд би ядраад толгой өвдөөд байна, хоёулаа зах орж охиныхоо цэцэрлэгийн юмыг бэлдэе гэхэд түр тайвширсан. Тэгээд миний утсыг үзэж байснаа миний нүүрэндээ эмчилгээ хийлгэдэг гоо сайхны газар ажилладаг эмэгтэйн утасны дугаарыг гаргаж ирээд залга гэхээр нь би залгаад өнөөдөр амжихгүй, маргааш эмчилгээнд орьё гэхэд эхнэр хажуунаас хараалын үг хэлээд байхаар нь утсаа тасалсан. Тэгээд над руу хараалын үг хэлж дайраад давшилаад байхаар нь зүүн талын шанаа хэсэг рүү нь би зүүн гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 10-12, 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №10728 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Эын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй.
5. Дээрхи гэмтэл нь шинэ гэмтэл байна...” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/,
- Шүүгдэгч Д.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 17-24, 26-28, 42-53/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Тэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 0000000000000003 тоотод эхнэр С.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Эын “...Тэгэхээр нь хэн юм бэ гэж асуухад “массажист байна” гэхээр нь миний уур хүрээд түүнийг “янхан банзал, хамт буудалд хоносон янхан чинь залгаад байгаа юм биш үү” гээд маргалдсан. Тэгтэл Д.Т миний хойноос ирээд баруун хацар, шанаа орчимд гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон...” /хх-ийн 7-8/ гэсэн, шүүгдэгч Д.Тийн “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө манай эхнэр намайг бусадтай хардаж, хэрүүл үүсгээд ...над руу хараалын үг хэлж дайраад давшилаад байхаар нь зүүн талын шанаа хэсэг рүү нь би зүүн гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №10728 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.Эын биед тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй...” /хх-ийн 14/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь хамт амьдардаг эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 25/ зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Тийн өөрийн эхнэр С.Эын биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.Эын эрүүл мэндэд тархи доргилт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 7-8/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Тийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Тийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810020670714 дугаартай хэрэгт хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Тэд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1810020670714 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч С.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР