Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0176/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч- овогтой Г-ын М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000140190 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын-гол сум, .... тоот оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч- овогт Г-ын М- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Яллагдагч Г.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Шарын-Гол сумын Хайрхан баг, ...тоотод фейсбүүк ашиглан, ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог Тeхас нэртэй хөзрийн мөрийтэй тоглоом тоглуулсан болох нь:

 

Гэрч О.А-ын “...Би өдрөө сайн санахгүй байна 2020 оны 11 сарын дундуур санагдаж байна, орой гэртээ фейсбүүк хаягаараа орж байтал Шарын голын групп дээр нэг хүн фейсбүүк хаягаараа орчихсон, лайв хийгээд покер тоглуулж байсан.Тухайн үед бичлэгээр хөзөр хольж байгааг харсан чинь гар нь шивээстэй хүн байхаар нь би найз М-ыг юм байна гэж мэдээд өөр лүү нь утсаар залгаад чи мөн үү гэж асуухад мөн байна гэсэн. Тэгээд тоглох хүмүүс нь бүрдэхгүй байна гэсэн. Тухайн үед би удаан үзэлгүй фейсбүүк хаягаасаа гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Д.Т-ын “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн хадам ээж болох Батжаргалд хоол хийж өгөхөөр галын өрөөнд байхад М- жижиг өрөөнд орчихсон газар том цаас дэвсээд дээр нь хөзөр тараагаад дээрээс нь гар утсаар лайв хийгээд покер гэж тоглоом тоглож байсан. Тэр үед би хориотой тоглоом гэж мэдээгүй учраас тоохгүй цаашаа явсан. Тэгээд би хоол хийгээд дуудаж байхад М- өрөөнөөсөө гараад ирэхээр нь юу болсон талаар асуухад утас халаад лайв тасарчихлаа гэж хэлсэн. Тэгээд хоол болсон байсан учраас бид 2 хамт хоолоо аваад эмнэлэг рүү ээж рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч З.Т-ийн “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр санагдаж байна, *****гэх фейсбүүк цахим хаягаар мөрийтэй тоглоомын лайв явж байхаар нь сонирхоод 10.000 төгрөг өөрийнхөө данснаас хийж тоглоод алдсан. Үүнээс хойш дахин тоглоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

Гэрч Д.Б-ийн “...Би өдрөө сайн санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 11 сарын дундуур ***** гэх цахим хаягаар явж байгаа мөрийтэй тоглоомд 1 удаа орж 5,000-10,000 төгрөгөөр тоглосон, би тухайн хүнийг танихгүй, фейсбүүкээр явж байхаар нь тухайн ***** гэх нэртэй группийн дансанд мөнгөө хийгээд нэг удаа хүний 5,000-10,000 төгрөг тухайн тоглуулж байгаа хүний дансанд шилжүүлээд 5-6 хүн хоорондоо тоглоно, тэгэхдээ 1-6 хүртэл тоог тухайн хүмүүс өөрсдөө сонгосны дараа тоглуулагч газарт 5 хөзөр эргүүлээд тоглож байгаа хүмүүсийн тоон дээр дахин 2 хөзөр эргүүлээд хамгийн том хөзөртэй хүнд нь цугларсан мөнгөний 90 хувийг хожсон хүний данс руу шилжүүлж өгч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

Гэрч Ц.Г-вын “...2020 оны 11 дүгээр сарын 13-ны орой би ажлаасаа тараад гэртээ ирж фейсбүүк орж байсан чинь “*****” гэх нэртэй цахим хаягаар 10,000 төгрөгөөр Техас тоглуулж байгаа лайв гарч байсан. Тэгэхээр нь би 10,000 төгрөг данс руу нь шилжүүлээд 2 удаа тоглосон, тухайн үед би эхлээд нэг хожиж дараа нь хожоогүй учир дахин покер тоглоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

Гэрч Г.Э-гийн”...2020 оны 11 сарын 13-аас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед байсан байх өдрийг нь сайн санахгүй  байна, би фейсбүүктээ ороод юм үзээд доош гүйлгэж байсан чинь нэг группээс гэнэт лайваар мөрийтэй тоглоом тоглож байгаа лайв ороод ирэхээр нь мөрийтэй тоглоом руу орж үзсэн чинь нэрийг нь санахгүй байна, нэг хаягаас мөрийтэй тоглоом зохион байгуулаад хүмүүсийг мөрий тавиулаад техас буюу покер тоглож байсан тухайн үед 5-6 хүн нийлээд 5,000-10,000 төгрөгийн бооцоо тавиад тоглож байхаар нь би 5,000-10,000 төгрөг тавьж тоглосон” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

”Пийк Ом Аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21/225 дугаартай “...Г.М-ын эзэмшлийн хаан банкны 5***** дугаартай дансанд мөрийтэй тоглоом тоглосон шинжтэй бусад хүмүүсийн данснаас мөрийгөө тавьж мөнгөө шилжүүлж байгаа болон хожсон мөрийний мөнгийг тодорхой зарим хүмүүсийн дансанд буцаан шилжүүлж байгаа гэж ойлгогдохоор гүйлгээнүүд 2020 оны 11 сарын 08-ны өдрөөс 2020 оны 11 сарын 16-ны хугацаанд хийгдсэн байна. Хүмүүс бооцоо тавьж мөнгөө шилжүүлж байна. Тэдгээр хүмүүсээс шалгарсан хүмүүст хожлын мөнгийг бас буцаан шилжүүлж байна. Харин бооцоо тавиагүй, мөнгө шилжүүлээгүй данснуудад 2,025,150 төгрөгийн ашгаа шилжүүлж тухайн дансанд 162 төгрөгийн ашиг үлдэж хонжворт тоглоомоос нийт 2,025,312 төгрөгийн ашиг олсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-57/,

Г- овогтой М-ын ХААН банкин дахь 5*****тоот дансны хуулга /хх-ийн 97-139/,

Яллагдагч Г.М-ын “...би анх 2020 оны 11 сарын эхээр гэртээ фейсбүүк хаягаар орж байхад хүмүүс цахим хаягаар лайв хийж покер тоглуулж байхыг харсан. Ингээд тоглуулж болох юм байна гэж ойлгоод 2020 оны 11 сарын 13-ны өдөр гэртээ байж байгаад “аз ёндоо” гэсэн фейсбүүк цахим хаяг шинээр нээж байгаад тэр хаягаараа лайв хийж нийт 6 хүн татан оруулсан. Энэ тоглоомын учир нь хүн бүр 10,000 төгрөг миний өөрийн 50ХХХХХХХ дугаарын дансанд байршуулж тоглоод нэг хожсон нь 50,000 төгрөг авна” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, ... Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 150/,

Зөрчлийн талаар амаар болон мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 18/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцсон ба шүүгдэгч Г.М-ын фейсбүүк буюу мэдээллийн технологийн цахим сүлжээ ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглуулсан нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Г.М-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Г.М- нь Шарын гол ХК-д ажилд орж байгаа, тогтмол орлого олох боломжтой гэж мэдүүлж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгож, цалин, өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Капитал зууч” ХХК-ний 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн “...Айфоне-6 маркийн 16 гегабайт багтаамжтай хуучин гар утас 1 ширхэг, ... эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 06 дугаар сарын 16-ны байдлаар 450.000 төгрөг” гэж үнэлжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл эсхүл түүний  нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах”-аар заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Айфоне-6 маркийн 16 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 450,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,025,312 төгрөг нийт 2,475,312 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1 Ч- овогтой Г-ын М-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 1, 3, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Айфоне-6 маркийн 16 гегабайт багтаамжтай хуучин гар утасны үнэ 450,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,025,312 төгрөг, нийт 2,475,312 /хоёр сая дөрвөн зуун далан таван мянга гурван зуун арван хоёр/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД