Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Цэндсүрэнгийн Энхтуяа /ПЕ88070102/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Дэчээгийн Ганболд /ПЕ84071417/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 153/2017/00006/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа, нэхэмжлэгч Ц.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Д.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулах, дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Б.Ганболд бид хоёр дундын эд хөрөнгийн талаарх шаардлага дээрээ эвлэрсэн. Би гэр бүлийн дундын эд хөрөнгөнөөсөө 63 толгой ямаа, 23 толгой хонь, 9 толгой үхэр авахаар, мөн гэрийн тавилгаас тоон систем, зурагт, ор, хоолны шүүгээ, оёдлын машинаа авахаар тохиролцсон. Б.Ганболдод 5 ханатай гэр, 27 толгой ямаа, 3 толгой тэмээ, 4 адуу, 27 толгой ямаа, 5 толгой хонь зэргийг өгөхөөр болсон. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ би өөр дээрээ авахаар болсон. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлгийг гаргуулахыг хүсэж байна...Мотоциклоос татгалзаж, хариуцагч өөрт нь үлдээхээр болсон гэв.

Хариуцагч Д.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хөрөнгө дээрээ эвлэрч, дундын эд хөрөнгө, малаа эвлэрлийн гэрээ байгуулж, хувааж авсан. Хүүхдүүдийн тэтгэлгийг жилд хаврын улиралд нэг удаа өгч баймаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь хариуцагч Д.Ганболдод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2007 оны 9 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн 04 дугаарт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр охин Г.Ууганцэцэг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр охин Г.Уранцэцэг нар төрсөн болох нь 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №0102587, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Г-09 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа, хариуцагч Д.Ганболд нар нь 2016 оны 11 сарын 29-ний өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх боломжгүйгээс гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, мөн шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлсэн боловч уг хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Ганболд нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Ууганцэцэг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Уранцэцэг нарын нас болон эхийн халамжийг харгалзан хүүхдүүдийг эх Ц.Энхтуяагийн асрамжид үлдээн эцэг Д.Ганболдоор хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан охин Г.Ууганцэцэг, Г.Уранцэцэг нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Д.Ганболдоос хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Г.Ууганцэцэг, Г.Уранцэцэг нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Д.Ганболдын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Д.Ганболдоос Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Ц.Энхтуяад саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчЦ.Энхтуяа, охин Г.Ууганцэцэг, Г.Уранцэцэг нарын өмчлөлд 63 толгой ямаа, 23 толгой хонь, 9 толгой үхэр, ор, тоон систем /DDISHантен/, телевизор, хоолны шкаф, оёдлын машин зэрэг эд хөрөнгийг, хариуцагч Д.Ганболдын өмчлөлд 5 ханатай гэр, 3  толгой тэмээ, 4 толгой адуу, 27 толгой ямаа, 5 толгой хонь зэрэг эд хөрөнгийг үлдээхээр тохиролцож, нэхэмжлэгч нь Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдахаар тогтов.

Нэхэмжлэгч Ц.Энхтуяа нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих 70200 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнээс хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад дутуу төлсөн 70.200 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба гэрлэгчдийн дундаас 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Ууганцэцэг нь 8 нас 11 сар, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Уранцэцэг 5 нас 5 сар хүрч байгаа, Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ 166.500 төгрөгийн тал хувь 83.250 төгрөгийг хүүхэд тус бүрт сар бүр хариуцагч эцэг Д.Ганболдоос төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Д.Ганболдод сар бүр төлөх тэтгэлэг 166.500 /83.250*2/ төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1998000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 57.052 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цэндсүрэнгийн Энхтуяа, Дэчээгийн Ганболд нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Ууганцэцэг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Уранцэцэг нарыг эх Ц.Энхтуяагийн асрамжид үлдээсүгэй.

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Г.Ууганцэцэг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Г.Уранцэцэг нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Ганболдоос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Ганболдод, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Ц.Энхтуяад тус тус даалгасугай.

  5. Иргэний хуулийн  130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Энхтуяа, охин Г.Ууганцэцэг, Г.Уранцэцэг нарын өмчлөлд 63 толгой ямаа, 23 толгой хонь, 9 толгой үхэр, ор, тоон систем /DDISH антен/, телевизор, хоолны шкаф, оёдлын машин зэрэг эд хөрөнгийг, хариуцагч Д.Ганболдын өмчлөлд 5 ханатай гэр, 3 толгой тэмээ, 4 толгой адуу, 27 толгой ямаа, 5 толгой хонь зэрэг эд хөрөнгийг үлдээхээр тохиролцож, нэхэмжлэгч нь Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн мотоциклийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 70.200 төгрөгийг гаруулан улсын орлогод оруулж, хариуцагч Д.Ганболдоосулсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Ц.Энхтуяад олгож, 57.052 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

  7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Байгалмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 153/ШЗ2017/00301 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Д.Ганболдод тэмээ3, адуу 4, үхэр 9, хонь 28, ямаа 90, бүгд 134 толгой таван хошуу малыг зарж борлуулахгүй байхыг даалгасан бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОЮУНЖАРГАЛ