Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2019/ДШМ/05

 

2019 оны 01 сарын 15 өдөр                        

  2019/ДШМ/05                                                             Зуунмод

А.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболд,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.Д-д холбогдох 1834006250274 дугаартай 1 хавтас, 193 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1969 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Төв аймаг, ...  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, А.Д , /РД:Н...11/.

 

            Шүүгдэгч А.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр багийн нутаг “Фермийн ар” гэж газар ногоон талбайд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчим МТ3-50 маркийн улсын дугааргүй тракторыг жолоодон сийрүүлэлт хийж явахдаа Ц.Гончигийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолоор: 

            Шүүгдэгч А.Д ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор 3.000.000 төгрөг төлснийг, үлдэх 14.109.952 төгрөгийг төлөхөө илэрхийлснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолтойг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17 дугаар шүүгдэгч А.Д-н  эзэмшлийн Y1426000678 дугаарт бүртгэлтэй Төв аймгийн Баянчандмань сумын 2 дугаар багийн 10 цагааны 6 дугаар гудамжны 5-1582 тоот 1582м2 газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээхийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д оос 14.109.952 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч НА82092475 дугаарын регистртэй, Боржигон овгийн Жанцангийн Эрдэнэболдод олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболдын нэхэмжлэлийн шаардлагаас 2.887.813 /хоёр сая найман зуун наян долоон мянга найман зуун арван гурав/ төгрөгийг нотлох баримтын шаардлага хангаагүй учраас хэрэгсэхгүй болгож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж,  шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч А.Д нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ТЗ-80 маркийн улсын дугааргүй трактор жолоодон Ц.Олдохын тариалангийн талбайд сийрэгжүүлэлт хийж явахдаа Ц.Гончигийг дайрч, түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс яллагдагчийг гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 14109952 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч талийгаач Ц.Гончигийг яаж дайрч амь насыг хохироосон нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Хэрэг учрал болох үед талийгаач Ц.Олдохтой талбайн захад үлдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр тэр хүнд зэргийн согтолттой нь тогтоогдсон. Шүүгдэгч хөнгөн зэргийн согтолттой, ажил үүргээ гүйцэтгэж явахад талийгаачийг трактортай дайрсныг мэдээгүй өнгөрсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж чадаагүй гэж  үзнэ. Талийгаач Ц.Гончиг хамт яваад тракторт дайруулсныг нотолж чадаагүй. Биеэ авч явж чадахгүй хүн тракторын араас очиж унаж нас барсан байх бүрэн магадлалтай гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон гол шалтгаан нь өөрийнхөө талбай дээр ажил хийлгэж байсан хүмүүсдээ архи авчирч өгч, тэднийг согтууруулсан Ц.Олдох буруутай гэж үзэж байна. Гэтэл гэрчээр асуугаад өнгөрсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хохирогч нас барсан эсхүл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл зоригийг илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний үрчилж авсан эцэг эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан байхад Ж.Эрдэнэболдыг тогтоосон нь хууль зөрчсөн байна. Шүүгдэгч хуульд зааснаар гэм буруугаа хүлээж, хохирогчид 3 сая төгрөгийг төлж, үлдэх 14109952 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар А.Д-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж шийдвэрлэх боломжтой байхад хуулийг хэрэглээгүй юм. Иймд шүүхийн 310 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд зааснаар хор уршгийг арилгахаа илэрхийлсэн байхад тэнсэн харгалзах ял оногдуулаагүй. Хэргийг дахин шалгаад тогтоогдох зүйлгүй учир шалгах шаардлагагүй. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 5.000.000 төгрөгийн хохирол төлсөн, өмнө нь 3 сая төлсөн үлдсэнийг 6 сарын дотор төлнө гэж тохиролцсон. А.Д-н  ялыг тэнсэх ялаар сольж өгнө үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохиролд анхан шатны шүүх хуралдаан дээр 3.000.000 төгрөг өгсөн. Шүүх хуралдаанаас хойш 5.000.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн. Үлдсэн 9.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх гэрээ байгуулж хохирлыг төлөхөө илэрхийлсэн. А.Д-д оногдуулсан ялыг тэнсэх эсэхийг шүүх шийднэ. Тэнссэн тохиолдолд хохирол төлөх үүрэг хүлээлгэнэ үү.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Эрдэнэболд гаргасан тайлбартаа: “Гомдол саналын хувьд шүүгдэгч аавтай ойр дотно байсан учраас хохирлыг хугацаанд нь өгчих байх гэж найдаж байна. Өөр гомдол санал байхгүй.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж үзэж байна. Тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.” гэв.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

            Шүүгдэгч А.Д нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянчандмань сумын 1 дүгээр баг. “Фермийн ар” гэж газар ногоон талбайд МТ3-50 маркийн улсын дугааргүй тракторыг жолоодон сийрүүлэлт хийж явахдаа Ц.Гончигийг дайрч амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            - мөрдөн байцаалтанд өгсөн А.Д-н : “...талбайд явж байгаад Олдох, Гончиг хоёр хүн явуулж 2 шил 0.75 литрийн  архи авчирсаныг бид 3 хувааж уугаад,  трактороо асаагаад талбайд сийрүүлэлт хийгээд явж байтал талийгаач газар хэвтэж байхаар нь трактороо зогсоогоод буугаад яасан гэхэд юм дуугараагүй...Бид 3 талбайн хойд захад архи ууж байгаад хөдөлсөн, хөдлөөд талбайг нар буруу тойрч байхад талийгаач, Олдох ах хоёр ерөөсөө харагдаагүй, би зэрлэг хараад л мөрөө алдчихгүй л явж байсан юм. Би талбай тойроод гараад иртэл урд талд талийгаач хэвтэж байхаар нь яасан юм бол гээд зогсоод буусан.  Дайрчихлаа гэж  мэдээгүй. Олдох ах надад намайг талийгаач дээгүүр гарчихлаа гэхээр нь би юу гэж гардаг юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг  /хх-39-41, 76-77/,

             - гэрч Ц.Олдохын: “...Гончиг бид хоёр манай талбайг үзээд эргэж талбай дээр иртэл Дорж трактороо асаачихсан газраа хагалаад явж байсан. Талийгаач бид хоёр ууж байсан архины хажууд буюу пойлны хойд захад суугаад тамхи татаад юм ярьж байгаад би хашаанд ойрхон бие зассан. Тэгээд эргэтэл Доржийн барьж явсан тракторын арын чиргүүл буюу коорны зүүн талын хэсэг нь Гончигийн дээгүүр гарчихсан. Тэгсэн Дорж мэдэхгүй яваад өгсөн. Гончиг өө пизда гэж хашгираад намайг дайрчихлаа гэж хэлэхээр нь би гүйж очоод яасан бэ? гэхэд пизда чинь дайрчихлаа гээд дээшээ хараад хэвтэж байгаад ухаан алдсан. Тэгтэл Дорж цаанаас дахиад тойроод ирэхээр нь би очиж чи яаж байгаа юм бэ, Гончигийг дайрчихлаа гэхэд ёстой анзаарсангүй гэж хэлээд трактороо унтраагаад зогссон. Дорж бол талбай дотор тойрог хэлбэрээр сийрүүлэлт хийж явсан юм.  Доржийг талийгаачид ойртож ирэхэд талийгаач холдоогүй, хажуу талаараа тохойлдоод хэвтчихсэн  байсан юм. Дорж яг нар буруу тойрч яваад талийгаач дээгүүр арынх нь чирж явсан коорны зүүн булан дээгүүр нь гарчихсан юм.”  гэх мэдүүлэг  /хх-42-43/,

            - гэрч С.Цогбадрахын: “...намайг дуудахаар нь очтол Олдох ах мөнгө өгөөд нэг шил архи аваад ир гэхээр нь би дэлгүүр орж 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авчирч өгсөн, дараа нь талийгаач надад карт өгөөд дахиж нэг шил архи аваад ир гэхээр нь 0.75 литрийн Тэргүүн архи авчирч өгөөд явсан. Ногоон талбайд Дорж, Олдох талийгаач нараас өөр хүн байгаагүй. Энэ хэд сийрүүлэлт хийж байсан.” гэх мэдүүлэг /хх-44/,

            - гэрч С.Ургацын: “...манай нөхөр Доржийг гэртээ байхад нь талийгаач Гончиг утсаар ярьж ногооны талбай дээр нь трактороороо сийрүүлэлт хийж өгөхөөр явсан. Тэгсэн орой 19 цагийн орчим Дорж трактороор Гончигийг дайрчихсан гэж сонссон, очиход Гончиг тракторынх нь зүүн урд талд баруун зүгт харсан байдалтай хэвтэж байсан. Нөхөртэйгөө уулзахад би өөрөө мэдээгүй гэж байсан. Дайрахыг нь та харсан уу гэж Олдохоос асуухад дээгүүр нь төмрөөрөө шүргэчихсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх- 46/,

            - гэрч Г.Оюунгэрэлийн: “...хэрэг болсон газарт ирэхэд Гончиг гэх хүн тракторын ар талынх нь газар хагалдаг төмрийн дугуйнд дайруулсан гээд ногооны талбайн хойд захад амнаас нь цус гарсан байдалтай байсан. Би хамт байсан 2 согтуу хүнээс  яасныг  асуухад трактор барьж яваад харалгүй дээгүүр нь гарчихсан гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх- 32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8590,8591,8588,8589 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-49-50,51,53-54,55/, Шүүхийн шинжилгээний албаны №127 дугаартай дүгнэлт /хх-57-60/, Төв аймгийн Замын цагдаагийн тасгийн №104 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62/, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-66/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

 

Гэмт хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс А.Д-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар  давж заалдах гомдолд дурьдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх нотлох баримтыг бодит байдлаар үнэлж чадаагүй гэсэн хэсгээс татгалзаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм хорын хохиролд мөрдөн байцаалтын шатанд 3 000 000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаас хойш 5 000 000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус төлсөн, үлдэх 9 109 952 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон тул шүүгдэгч А.Д-г Эрүүгийн хуулийн 7.1.1-д зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан ба гэм хорын хохирол барагдуулсан тухай 2018 оны 12 сарын 27-ны өдрийн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Иймд шүүгдэгч А.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 8 000 000 төгрөгийг төлсөн, үлдэх  9 109 952 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, тэнсэхэд татгалзах зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Ингэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 сарын 05-ны өдрийн 310 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

            - 2 дахь заалтын “Шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч А.Д ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “А.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хохирлын 9109952 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөх арга хэмжээ авах, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй” гэсэн,

 

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “А.Д нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч А.Д 71 /далан нэг/ хоног цагдан хоригдсон ба  анхан шатны шүүх хуралдаанаас хойш 5000000 /таван сая/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Энхболдод төлсөн болохыг дурьдсугай.

 

5. Шүүгдэгч А.Д-г нэн даруй сулласугай.

              

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                   ШҮҮГЧИД                                                        Т.ЭНХМАА

 

.                                                                                           Г.БОЛОРМАА