Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2015/0580

 

О.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А- нарыг оролцуулан хийж, Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, О.Э-ын нэхэмжлэлтэй, Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгээс илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д аймгийн Х  суманд төрж өсөөд 1988 оноос хойш Хөвсгөл суманд ажиллаж амьдарч байна. Би 1978 онд 10 жилийн сургуулийг төгссөнөөс хойш 2015.05.13-ны өдрийг хүртэлх хугацаанд төрийн албанд тасралтгүй 33 жил ажилласан бөгөөд үүнээс Хөвсгөл сумын нийгмийн даатгалын байцаагчаар нийт 22 жил 6 сарын хугацаанд ажилласан. Ийнхүү ажиллах хугацаанд удирдлагаас хичээл зүтгэл, ажлын үр дүнг үнэлж 1999 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Жуух бичиг, сумын Хөдөлмөрийн аварга, 2000 онд аймгийн Засаг даргын Жуух бичиг, 2001 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Баярын бичиг, 2003 онд аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, 2006 онд Нийгмийн даатгалын Хүндэт ажилтан, 2011 онд Төрийн албаны тэргүүний ажилтан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль-иар тус тус шагнаж урамшуулж байсан. Мөн үр дүнгийн гэрээ жил дараалан хангалттай үнэлгээгээр дүгнэгдэж байсан төдийгүй миний бие аль болох иргэдийг чирэгдүүлэхгүй байх зарчим баримтлан ажиллаж ирсэн. 1993 оноос өнөөг хүртэл зургаан Засаг даргатай хамтран ажиллах хугацаанд ямар нэг үл ойлголцол, зөрчил дутагдал гаргаж байгаагүй ба иргэдийн амьдралын баталгаа болсон даатгалын ач тусыг тэдэнд хүргэхийн төлөө чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлдэг байсныг сумын иргэд сайн мэднэ. Тамгын газарт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын ажил үүрэг тун хангалтгүй байдаг. Шаардлага тавьсан хүмүүсийг улс төрийн өнцгөөс хараад байдаг шиг санагдсан. Ер нь сумын Тамгын газрын дарга нар болон түшмэдүүд нь ажлаа хийдэггүй, тавьсан шаардлагыг биелүүлдэггүй учраас миний хувьд бухимдаж, маргалдах тохиолдол гарч байсан. Нийгмийн даатгалын чиглэлээр иргэн хүнийг хохироогоод байгаад маргаан үүсгэж байснаас биш ямар нэгэн улс төрийн болон өөр шалтгаан байгаагүй. Г гэдэг хүн эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаасаа чөлөөлөгдөж, ажилгүйдлийн тэтгэмжээ хөөцөлдсөн. Гэтэл Тамгын газрын холбогдох мэргэжилтэн нь нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхгүй байснаас ажилгүйдлийн тэтгэмжийнх нь материал хүлээгдээд байсан. Г өөрөө өвчтэй, мөнгө төгрөгний асуудалтай байсан тул түүнийг чирэгдүүлэлгүйгээр тэтгэмжийг олгуулахаар материалыг хурдан бүрдүүлэх шаардлагатай байсан юм. Иймд тамгын газрын нягтлан бодогч С- д дэвтрүүдийг баталгаажуулж өгөөч гэсэн. Гэтэл 7, 8 хоногийн хугацаа өнгөрөхөд баталгаажуулаагүй хэвээр байсны улмаас маргаан үүссэн. С-  өргөдөл бичихдээ хана мөргүүлсэн гэж сүртэй юм бичсэн байна. Би ажлаа сайн хийх хэрэгтэй, иргэдийг чирэгдүүлж болохгүй гэж түүний толгойг нь түлхсэн, хананд ойрхон сууж байсан тул түлхэх явцад хана мөргөсөн байх. Үүнийг л хана мөргүүлсэн болгож яриад байна. Миний хувьд тамгын газрын хүмүүст өөрийн ажлын чиглэлээрх шаардлагыг л тавьдаг байсан. Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг мөн өдөр нь танилцаж, 05 дугаар сарын 26-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлд, 05 дугаар сарын 28-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус хандсан.

Иймд Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулах шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:О.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй дараах нөхцөл байдал байгааг тайлбарлаж байна. О.Э- нь тус хэлтэст 1992 оноос Хөвсгөл сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтнуудаас биднийг хэл амаар доромжлох, зодох, цохих зэргээр зохисгүй авир гаргаж төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж байна гэж надад утсаар болон албан бичгээр гомдол ирж байсан. Ирсэн санал, гомдлын мөрөөр Э-ад миний бие болон хэлтсийн бусад тасаг албадын дарга нар хэлж ярьж, сануулах, анхааруулах, хэлтсийн ажилтнуудын цугларалтын үеэр сануулж, анхааруулах арга хэмжээг олон удаа авч байсан боловч удирдлагуудын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж байгаагүй. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын ажилтан П.О- ээс аймгийн Засаг даргад хандаж О.Э-ад холбогдуулж гаргасан гомдлын мөрөөр аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн маргаан хянан шалгах комисс Хөвсгөл суманд ажиллаж, 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07 тоот тогтоолоор түүнийг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчснийг тогтоож, сахилгын арга хэмжээ ногдуулахыг надад үүрэг болгосон. Уг тогтоолын дагуу 2014 оны 05 сарын 30-ны өдрийн А/16 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. О.Э- нь сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2014 оны 12 сарын 05-ны өдөр дахин Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Х.С- г ажлын байран дээр нь зодож танхайран төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил давтан гаргасан. Тухайн үед Х.С- гийн гаргасан гомдлыг тус сумын Тамгын газар хүлээн авч шийдвэрлэж хариу өгөхийг манай байгууллагад хүссэн. О.Э-тай уулзаж удаа дараа гаргаж буй зан харьцааны дутагдлын талаар ярилцаж цаашид хамтарч ажиллах боломжгүй гэдгийг мэдэгдээд дараагийн хүн томилогдох хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж бай гэж хэлсэн. Харин энэ үед О.Э-ын оронд шууд томилох хүн төрийн албаны нөөцөд байгаагүй. Энэ талаар ч аймгийн Засаг дарга болон Засаг даргын тамгын газар, сумын удирдлагад нь мэдэгдэж байсан. 2015 оны 05 сарын 08-ны үед аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга С.Бөххүү нь тус суманд ажиллах шаардлага хангасан төрийн албан хаагч бэлэн болсон О.Э-ын ажлыг хүлээлцэх шийдвэрийг өгсөн. Иймээс Төрийн албаны тухай хуулийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тоот тушаалаар О.Э-ыг үүрэгт ажлаас нь халж, Л.Э- ыг тус сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилсон. О.Э- нь бусдыг удаа дараа хэлэх хэлэхгүй үг хэлж загнах, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр хамтран ажиллагсдаа зодож дарамталдаг асуудал олон удаа гарч байгаа бөгөөд ажил төрөл явуулах хамтран ажиллахад хүндрэлтэй байдаг талаар Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын хамт олон байнга асуудал тавьдаг. Тэрээр төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1, 5.3.4, 5.3.5 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтуудыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно гэжээ. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, нэхэмжлэгчтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалттай гэж үзэж байна. Гэхдээ 2014 онд аймгийн хэмжээгээр үр дүнгийн урамшуулал олгоогүй, мөн О.Э- нь 2012, 2013 онуудад 79 хувиар үр дүнгийн гэрээгээ үнэлүүлж байсан учир үр дүнгийн урамшуулал аваагүй байдаг. Иймд урамшуулал аваагүй юм чинь үр дүнгийн гэрээгээ хангалттай үнэлүүлсэн гэж үзэх үндэслэл болох уу? Үр дүнгийн үнэлгээгээр ажлаас чөлөөлсөн асуудал байхгүй. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, байцаагчийн ёс зүйн дүрэм, байгууллагын дотоод журамд заасан байцаагчийн ёс зүйн асуудалтай холбогдуулан ажлаас халсан. 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй, зөвхөн төлөвлөгөөгөө батлуулсан. Салбар зөвлөлд ажлын байрны захиалга өгсөн байсан учраас үр дүнгийн гэрээ байгуулахыг хойшлуулсан. Манай байгууллагаас салбар зөвлөл рүү албан бичиг явуулж байсан ч томилох хүн байхгүй гэж удаашруулж байсан. О.Э- гуайг настай хүн, тэтгэвэрт гарах дөхсөн, орон сууцны хөнгөлөлт авах нөхцөл бүрдсэн зэрэг шалтгааны улмаас хүнээ бодоод ажлаас гаргах асуудлыг хойш тавьж ирсэн байх гэж бодож байна. Ажлаас халах тушаалын хувьд Төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 25.1.1 дэх заалтыг авч гаргасан нь учир дутагдалтай болсон байна. Уул нь Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх заалт болон салбар зөвлөлөөс ирүүлсэн заалтыг оруулах ёстой байсан юм байна. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.4, 5.3.5, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын аль заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар миний хувьд энэ дээр тайлбар байхгүй. С- гийн өргөдөл дарга дээр шууд ирсэн байсан бөгөөд хэд хоногийн дараа жилийн эцсийн тайлан хэлэлцэх хурал дээр талаар танилцуулж байсан. Уг өргөдлийг шалгуулахаар байгууллагын Ёс зүйн хороонд өгөөгүй, ямар нэгэн дүгнэлт гараагүй гэв.

Гуравдагч этгээд Л.Э-  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Гуравдагч этгээдээр татагдсан иргэний хувьд би уг албан тушаалд томилогдоход миний өмнө О.Э-  ажиллаж байсныг мэднэ. Энэ хүн шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон тохиолдолд миний эрх, ашиг хөндөгдөх нь тодорхой. Энэ үед Нийгмийн даатгалын байгууллага намайг ажилгүй орхихгүй байхыг хүсье. Нэхэмжлэгч О.Э-ын ажлаас хууль бусаар халагдсан, ажил олгогч ажилтан хоёрын хэн буруутайг шүүх тогтоох тул энэ талаар би мэдэхгүй. Сумын Засаг даргаас орон нутгийн нийгмийн даатгалын ажил тасалдах гээд байна гээд намайг ажиллуулах хүсэлт тавьсан. Миний хувьд төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтанд огт орж байгаагүй, нийгмийн даатгалд байцаагчаар орсны дараа буюу ажиллаж байх явцдаа шалгалтанд орж болно гэсэн гэв.

Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 дугаар тушаалын холбогдох хэсгийг буюу О.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэсгийг /нэхэмжлэгчийн тодорхойлсноор/ хүчингүй болгож, О.Э-ыг Д аймгийн Хөвсгөл сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Э-ын ажилгүй байсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, нийт ажлын 102 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4 496 056 /дөрвөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга тавин зургаа/ төгрөгийг Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгч О.Э-ад олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо:2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийдвэр гарч О.Э-ыг үндсэн ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4 496 056 төгрөгийг нөхөн олгохоор тогтоохдоо Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу гэсэн нь О.Э-ыг үндсэн ажилд нь эргүүлэн авахад хангалтгүй гэж үзэж байгаа тул захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж байна. Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газрын даргаас албан тоотоор гомдол хэлтэст ирж сануулах арга хэмжээ, Төрийн албаны салбар зөвлөлд ирүүлсэн гомдлын дагуу Маргаан шийдвэрлэх комисс очиж арга хэмжээ авах тухай тогтоол гарч түүний дагуу сахилгын арга хэмжээ авсан. Мөн иргэн Х.С- гийн өргөдөл, Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/425 тоот албан бичгээр гомдол ирүүлсэн нь 3 дахь удаа болж байгаа тул О.Э- нь албан үүргээ гүйцэтгэхдээ нийгмийн даатгалын байцаагчийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг 2-3 удаа /Төрийн захиргааны албан хаагч нь албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж төрийн үйлчилгээг чирэгдэл ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох тухай заалтуудыг/ зөрчсөн тул төрийн захиргааны тангараг өргөсөн албан хаагчийн үүднээс албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Төрийн албаны тухай хуулийн 13.1.5, 25.1.1 заалтуудаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн нь О.Э- нь энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтаар ажлаас чөлөөлөгдсөн тул үндэслэлгүй гэж үзэж байна. Хэргийн анхан шатны шүүх хэлэлцэх явцад нотлох баримтуудыг хүргүүлсэн байтал хэлтсийн даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тушаалын заалтуудыг үндэслэлгүй гэж үзэж Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын дагуу ажилд нь эргүүлэн томилох шийдвэр гарсан нь О.Э-ыг үндсэн ажилд нь эргүүлэн авах үндэслэл болохгүй гэж үзэж байна. 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6/425 тоот албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу арга хэмжээ тооцоход 6 сар хүрээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалт үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны 102 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх 4 496 056 төгрөгийг холбогдох байгууллагаас гаргана гэж шийдвэрлэсэн. О.Э-ыг ажлаас чөлөөлж орон тоон дээр нь Төрийн албаны салбар зөвлөл болон орон нутгийн Засаг захиргаанаас нь зөвшилцөж Л.Э- ыг санал болгосны үндсэн дээр 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/14 тушаалаар томилон одоог хүртэл ажиллуулж байгаа. 2015 онд батлагдсан орон тоо, төсвийн дагуу зарцуулагдаж сул орон тоо гаргаагүй тул О.Э-ад олгох нөхөн төлбөр буюу ажилгүй байсан үеийн цалинг олгох ямар ч нөхцөл боломж байхгүй байгааа тул нөхөн төлбөрөөс татгалзаж байна Иймд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 16 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгчээс ...төрийн албанд тасралтгүй 33 жил ажилласнаас Хөвсгөл сумын нийгмийн даатгалын байцаагчаар нийт 22 жил 6 сарын хугацаанд ажиллах хугацаанд удирдлагаас хичээл зүтгэл, ажлын үр дүнг үнэлж ... шагнаж урамшуулж байсан, үр дүнгийн гэрээ жил дараалан хангалттай үнэлгээгээр дүгнэгдэж байсан, миний бие аль болох иргэдийг чирэгдүүлэхгүй байх зарчим баримтлан ажиллаж ирсэн. 1993 оноос өнөөг хүртэл зургаан Засаг даргатай хамтран ажиллах хугацаанд ямар нэг үл ойлголцол, зөрчил дутагдал гаргаж байгаагүй тул үндэслэлгүйгээр ажлаас халагдсан... гэж, хариуцагчаас ...иргэн О.Э- нь төрийн албан хаагчийн ёс зүй, Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчсөн зохисгүй үйлдэл удаа дараа гаргаж байна гэж утсаар болон албан бичгээр ирж байсан санал, гомдлын мөрөөр О.Э-ад миний бие болон хэлтсийн бусад тасаг албадын дарга нар хэлтсийн ажилтнуудын цугларалтын үеэр сануулж хэлж ярьж, сануулах, анхааруулах, арга хэмжээг олон удаа авч байсан боловч удирдлагуудын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж байгаагүй учраас түүнийг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөнийг тогтоож, сахилгын арга хэмжээ авсан, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил давтан гаргасан тул Төрийн албаны тухай хуулийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/13 тоот тушаалаар О.Э-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн... гэж тус тус маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас хална: 25.1.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, 26 дугаар зүйлийн  26.1-т Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах, 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:, 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.З-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 11 дүгээр зүйлийн 11.6-д ... төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халахдаа зөрчил гаргасныг эсхүл албан үүргээ хангалтгүй биелүүлснийг тодруулбал, тухайн зөрчлийн шинж байдал, анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг, түүнчлэн албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг байдлаар албан үүргээ биелүүлээгүйг зайлшгүй тодруулж тогтоож, харгалзан үзсэнээр сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халахаар байх бөгөөд зөрчил гаргасныг болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаар шалтгаан үндэслэлийг тодруулж тогтоолгүйгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан тэр дундаа үндэслэлгүйгээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл-ийг ногдуулж, төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан тохиолдолд ийнхүү үндэслэлгүйгээр ажлаас халж, чөлөөлсний үр дагавар-ыг тухайн шийдвэр гаргагч хариуцахаар журамлан тогтоосон байна.

Маргаан бүхий актаар нэхэмжлэгч О.Э-ыг төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 болон /төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх/, төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах харилцааг журамлан зохицуулсан мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 2 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ үндэслэл болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч О.Э-ын 2012 онд төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг үнэлэх илтгэх хуудсаар 79 хувь буюу С үнэлгээтэй[1], 2013 онд В үнэлгээтэй[2], 2014 онд 79 хувь буюу С үнэлгээтэй[3] дүгнүүлж байсныг нотлох Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг үнэлэх илтгэх хуудсууд, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/26 тоот Урамшуулал олгох тухай тушаал зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэрэг зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсантөрийн захиргааны албан хаагчийн ...ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээд, төрийн албан хаагчийн гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын 2.4-т ...тухайн төрийн байгууллагын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол,мэдээллийг ... Ёс зүйн хороо шалган тогтоож, дүгнэлт гаргана, 2.5-д Ёс зүйн хороо нь дараах эрх, үүрэгтэй ажиллана, 2.5.2-т гомдол, мэдээлэлд холбогдох төрийн захиргааны албан хаагч болон ... гомдол ... гаргагчтай уулзаж, тэдний тайлбар, саналыг сонсох..., 5.1-д ... Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн томилох эрх бүхий албан тушаалтан тухайн төрийн захиргааны албан хаагчид ... сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан Маргаан хянан шалгах комиссын 2014 оны 04 дүгээр сарын 02 дугаар дүгнэлт[4], Д аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 07 дугаар тогтоол[5], мөн тус зөвлөлийн 2014 оны 18 дугаар албан бичиг[6], Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны А/16 дугаар тушаал[7], гэрж Х.С- , Н.Хандмаа нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.Э- нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр сахилгын арга хэмжээ авагдаж, улмаар сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хамт ажилладаг ажлын байранд Х.С-  гэх иргэнтэй маргаж толгойг түлхсэнээр хананд ойр сууж байсан тэрээр толгойгоороо хана мөргөсөн, үүнийг нэхэмжлэгч үгүйсгээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон байх боловч хариуцагчаас энэхүү үйл баримттай холбогдох гомдлыг хууль болон дээрх журамд заасны дагуу шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон талаар шүүх зөв дүгнэжээ.

Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох боловч эрх бүхий албан тушаалтан нь төрийн албан хаагч ийнхүү зөрчил гаргасан эсэхийг хууль, журамд заасны дагуу шалгаж тогтоохын дээр сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаа-г тодорхой журамлан тогтоосон хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэр гаргаагүй тохиолдолд хууль бус шийдвэрт тооцогдох учиртай.

Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын иргэн Х.С- гийн өргөдлийг шилжүүлсэн 6/425 дугаар албан бичгийг Д аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс бүртгэж, эрх бүхий албан тушаалтан буюу дарга Л.Намсрайсүрэн 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр танилцсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн талаар эрх бүхий албан тушаалтан мэдсэн хугацаанаас хойш даруй 4 сар гаруйн дараа хариуцагчаас тус зөрчилд холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, ....бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасантай нийцээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Д аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 97-100 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 103-105 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 79-82 дугаар тал

[4][4]Хавтаст хэргийн 24 дүгээр тал

[5] Хавтаст хэргийн 71 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 70 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 35 дугаар тал