Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2153

 

А.А болон “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01967 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А болон “Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д болон “Г” ХХК-д холбогдох

 

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-нээс татгалзаж, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алданги 75 975 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106 531 960 төгрөг, алданги 21 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд тариалан эрхлэхээр 2011 оны зунаас услалтын систем байгуулахаар судалгааны ажил явуулсан. “Г” ХХК-ийн захирал гэх Б.Д гэх залуутай уулзахад манай компани услалтын системийн угсралтын ажлыг эрхлэн явуулах тусгай зөвшөөрөлтэй гэж итгэл үнэмшил төрүүлсэн. “Г” ХХК-ийн захирал Б.Д нь намайг эзэмшлийн газартаа услалтын систем тавиулах талаар ятгаж биечлэн уулзаж, 100 га услалтын системийг зах зээлийн ханшнаас доогуур 250 сая төгрөгөөр гүйцэтгэх санал болгосон. Миний зүгээс өөрийн эзэмшлийн тариалангийн газарт услалтын систем хийлгүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул Б.Д-д итгэсэн. “Г” ХХК-ийн захирал Б.Д үл хөдлөх хөрөнгө оролцуулан төлбөрийн тооцоо хийе гэсэн. Услалтын системийг шинээр барих ажлын гэрээг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Г” ХХК-ийн захирал Б.Д-тай байгуулсан услалтын системийн ажлыг 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар гэрээ байгуулсан.

“Г” ХХК-ийн захирал Б.Д нь ажлын хөлсөнд нь миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байрны 53 тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг шаардсан. 2012 оны 01 дүгээр сарын 10-ний өдөр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Б.Д өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр газар ухаж, хэдэн труба суулгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан. “Г” ХХК-ийн захирал Б.Д нь 4 сард бүх ажлаа дуусгаад цэнэг усалгаа хийж эхлэх 5 дугаар сарын 10-ны өдөр гэхэд тариалалт хийж усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан, гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчих болсон. Миний өмчлөлийн хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг иргэн Б.Д-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Одоо би өөрөө айлын байранд түрээсээр амьдарч хохирч байна. “Г” ХХК-ийн захирал Б.Д-тай уулзаж чи намайг хуурч мэхэлсэн байна, эд хөрөнгийн хохирол учраад байна, түүнийг хариуцан төлөхийг шаардсан. Гэтэл трубануудыг газар ухаж булаад ажлаа хийсэн мэт тайлбарладаг. Иж бүрэн бороожуулалтын системийг угсарч бүрэн ажиллагаанд оруулах үүрэгт ажлаа хийж гүйцэтгэхгүй иргэн намайг хохироох болсон тул Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргахад иргэний журмаар шийдвэрлүүл гээд Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Чингэлтэй дүүргийн шүүхэд анх 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг цуцлуулах, Б.Д-тай 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж зарим нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байсан. “Г” ХХК нь услалтын систем шинээр барих тусгай зөвшөөрөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, ажлыг улсын комисст хүлээлгэн өгөөгүй, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 18-07-24003 тоот улсын байцаагчийн барилгын ажлын чанар байдлын дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 07/101/15 тоот услалтын системийн барилга байгууламжийн угсралтын тухай дүгнэлтээр тогтоогдсон.

Иймд 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар татгалзсан үр дагаврыг шийдвэрлүүлэх, Б.Д-д холбогдох, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Р” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр усалгааны систем худалдах-худалдан авах гэрээг “Г” ХХК-тай байгуулсан. Усалгааны системийг 151 950 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. “Г” ХХК нь 4 сард бүх ажлаа дуусгаад, 5 дугаар сарын 10 гэхэд усалгааны системийг бүрэн ажиллуулах үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд худалдах-худалдан авах гэрээний 6.1-д заасны дагуу 75 975 000 төгрөгийн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан болон хариуцагч нарын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр услалтын систем шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээг А.А-тай байгуулж, тус гэрээний дагуу хүлээсэн ажил, үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээнд заасан хугацаа /2011.10.12/-нд багтаан захиалагчид хүлээлгэн өгсөн. “Г” ХХК нь гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа бүхий л үе шат бүрийг талуудын хамтарсан бичгэн актаар баталгаажуулж байсан бөгөөд улмаар гэрээт ажил дуусгавар болсны дараа 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр талууд гэрээгээ албан ёсоор дүгнэж, акт үйлдсэн. Гэрээ дүгнэсэн актанд гэрээнд заагдсан ажлууд бүрэн хийгдэж дууссан бөгөөд материал нь чанарын шаардлага хангаж байгаа болохыг талууд тодорхойлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Энэ нь “Г” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ захиалагчийн өмнө бүрэн гүйцэтгэсэн болохыг баталж байна. А.А нь гэрээний дагуу услалтын систем шинээр барих ажилтай холбогдуулан “Г” ХХК-д ямар нэгэн зураг төсөл хүлээлгэж өгөөгүй. А.А-ын зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож буй “Э д т” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн барилгын зураг нь 2012 онд хийгдсэн байна. Гэтэл “Г” ХХК нь услалтын системийн ажлыг 2011 онд гүйцэтгэж, мөн 2011 онд ажлынхаа үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. Тэгэхээр цаг хугацааны дэс дарааллын хувьд ч гэсэн 2011 онд гүйцэтгэсэн ажилд 2012 онд гарсан зургийг ашиглах ямар ч боломжгүй юм. “Г” ХХК нь услалтын систем шинээр барих ажлын гэрээг иргэн А.А-тай байгуулсан. Тэгвэл услалтын системийн зургийн ажлын гэрээ гэгчийг “Р” ХХК-ийн зүгээс “Э д т” ХХК болон ХХААХҮЯ-тай байгуулсан байна. Энэ зургийн гэрээнд А.А болон “Г” ХХК нарын ямар нэгэн үүрэг, оролцоо огт байхгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл “Р” ХХК нь “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг үндэслэн /ашиглан/ ХХААХҮЯ-наас зарласан ААНБ-ын услалтын системийг шинээр барьж, сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх төсөлд 2012 онд хамрагдаж, 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “Р” ХХК-ийн захиалгаар “Э д т” ХХК-д 2012 онд боловсруулсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших Ягааны хүрийн услалтын системийн ажлын зураг төслийн талаар дүгнэлт гарган ХХААХҮЯ-нд хүргүүлж, үүний дараа 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр услалтын систем шинээр барьж ашиглах гэрээг “Р” ХХК, “Э д т” ХХК, ХХААХҮЯ нарын хооронд байгуулж, 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр услалтын системийг ашиглалтанд оруулах техник комиссын акт гаргаж, ашиглалтанд хүлээн авахаар шийдвэрлэж, 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр услалтын систем шинээр барих ажлын гэрээ дүгнэсэн акт үйлдсэн байдаг.

Тус актанд бичигдсэнээр бол “Р” ХХК нь “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг үндэслэн 150 893 000 төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс авсан байгаа. ХХААХҮЯ нь “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг зөрчилгүй байна хэмээн хүлээн авч улмаар “Р” ХХК-д санхүүжилт олгосон явдал нь “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажил нь чанар стандартын шаардлагыг зохих ёсоор хангаж байсан болохыг батлаж байна.

Тус иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүхээс эхний удаа ХААИС-ийг, дараа нь МХЕГ-ыг шинжээчээр томилж тус тус дүгнэлт гаргуулсан байдаг. ХААИС-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтээр “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажил нь чанар стандартын шаардлагыг зохих ёсоор хангаж байгаа болохыг тогтоосон. Харин МХЕГ шинжээчийн дүгнэлт гаргахдаа 2011 онд “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн ажлыг 2012 онд хийсэн “Э д т” ХХК-ийн зурагтай харьцуулж бодит байдалд нийцэхгүй дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, “Э д т” ХХК-ийн гүйцэтгэсэн зургийг шинжилгээний зүйл болох услалтын системийн ажил гүйцэтгэсэн зургийн дагуу хийгдэх боломжгүй болохыг дүгнэж тогтоогоогүй байдаг.

“Г” ХХК нь БОАЖЯ-ны сайдын 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А-65 тоот тушаалаар “Усны эрэл хайгуулын судалгаа хийх, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох” үйл ажиллагаа эрхлэх 2010/J010 дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай, ЗТБХБЯ-ны сайдын тушаалын үндсэн дээр “Услалтын уст цэг, худаг, услалтын системийн гидротехникийн барилга байгууламж барих” үйл ажиллагаа эрхлэх БУП-38212 дугаартай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж, үйл ажиллагаа эрхлэн явуулж байсан болно. А.А нь гэрээний дагуу нийт 106 531 960 төгрөгийн ажлын хөлсөнд тооцон өөрийн өмчлөлийн орон сууцыг шилжүүлэн өгөх үүргийг хүлээж, талууд гэрээг дүгнэсэн акт үйлдсэний дараа буюу захиалагч нь гэрээт ажлын үр дүнг нь бүрэн хүлээн зөвшөөрч авсны дараа бэлэглэлийн гэрээний дагуу “Г” ХХК-ийн захирал Б.Д-ын өмчлөлд шилжүүлсэн. Талуудын хэн алинд нь орон сууцыг гэрээний төлбөрт тооцон шилжүүлэх хүсэл зориг байсан. Энэ явдал нь өөр хэлцлийг далдлах, халхавчлах, хууль зөрчих, эсвэл дүр үзүүлсэн гэх хэлбэрийг бий болгож чадахгүй. Гэрээний зүйл болох орон сууц нь хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээгээр, харин агуулгын хувьд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцогдон бусдын өмчлөлд шилжсэн байх тул бэлэглэлийн гэрээг хууль төгөлдөр бус гэж үзсэнээр маргааны зүйл болж буй орон сууц өмчлөх эрх нэхэмжлэгчид буцаан сэргэгдэх үндэслэлийг бий болгож чадахгүй.

“Г” ХХК-ийн зүгээс А.Атай гэрээ байгуулж, тус гэрээний дагуу услалтын системийн ажлыг гүйцэтгэсэн. Гэтэл А.А нь “Р” ХХК болон “Э д т” ХХК, ХХААХҮЯ-ны хооронд 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу хийгдсэн услалтын системийн ажилтай холбоотой асуудал яриад нэхэмжлээд байна. Хэрэв тийм бол тус гэрээтэй холбоотой ажлыг “Г” ХХК хариуцан гүйцэтгээгүй. Тус гэрээнээс гарахад уг гэрээний дагуу хийгдсэн услалтын системийн ажлын өмчлөгч нь “Р” ХХК байна. Гэтэл энд иргэн А.А гэдэг хүн нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд А.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “Г” ХХК нь услалтын системийг шинээр барих ажлын 12/2011 тоот гэрээг 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр А.Атай байгуулж, уг гэрээний дагуу Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт Ягааны хур нэртэй газарт 100.2 га талбайг услах услалтын систем шинээр барих ажлыг нийт 106 531 961 төгрөгийн төлбөртэйгээр 2011.09.20-2011.10.15-ны өдрийн хооронд гүйцэтгэж, захиалагч тал болох А.Ад зохих ёсоор шилжүүлэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1, 4.2-т заасны дагуу А.А нь “Г” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 106 531 960 төгрөгийн төлбөрт тооцон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 53 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Б.Дын өмчлөх эрхэд шилжүүлэн өгсөн.

Гэтэл А.А нь төлбөрт тооцон шилжүүлэн өгсөн орон сууцаа буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд “Г” ХХК нь А.Атай байгуулсан услалтын системийг шинээр барих гэрээнд заасны дагуу ажлын төлбөр 106 531 960 төгрөг болон гэрээний 6.1-д заасны дагуу алданги 21 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөгийг гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Г” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. 106 531 960 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэдгээ нотолж чадахгүй байна. Услалтын систем байгуулах гэрээ нь хэдэн төгрөгний гүйцэтгэлтэй, хэдэн хувийг гүйцэтгэсэн гэдгийг баримтаар тогтоож чадахгүй байна. Гэрээгээр талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгнө, үүний хариуд ажлын хөлсийг төлнө гэж заасан. Гэвч ажлын үр дүнг хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл доголдолтой ажил хүлээж авсан гэж үзэх манай зүгээс гомдлын шаардлага гаргасан. ХХААХҮЯ ажлыг хүлээж авсан гэж ярьж байна. Уг ажлыг Б.Д гэдэг хүн хөөцөлдөж хийсэн. “Г” ХХК нь Барилгын яамнаас тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Хариуцагч тал алданги нэхэмжлэх үндэслэл байхгүй. Учир нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир алданги нэхэмжлэх үндэсгүй. Хариуцагч ажил гүйцэтгэх гэрээгээр ямар ажлыг гүйцэтгэсэн, хэрхэн хүлээлгэсэн гэдгээ нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нотолж чадахгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар “Г” ХХК-д холбогдох, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-ээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх, Б.Дд холбогдох, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай А.Аын нэхэмжлэлийг, А.Ад холбогдох, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106 531 960 төгрөг, алданги 21 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар “Г” ХХК-д холбогдох, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алданги 75 975 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ “Р” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Ааас төлсөн 1 630 200 төгрөг, хариуцагч “Г” ХХК-иас төлсөн 797 150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Ааас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 808 325 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 537 825 төгрөгийг нэхэмжлэгч “Р” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дугаар 181/ШШ2017/01967 тоот шийдвэрийг эс зөвшөөрч ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар давж заалдах гомдол гаргаж байна. Уг шийдвэр нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.

Нэхэмжлэгч талаас шүүхэд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Б.Дтай байгуулсан Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 122011 тоот “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-нээс татгалзсан болохыг тогтоолгох, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх, нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргасан.

Шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгч А.Аын “Г” ХХК-д, иргэн Б.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс ойлгомжгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

“Г” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь удаа дараагийн гомдлын шаардлага, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Г-ийн дүгнэлтээр нотлогддог. “Г” ХХК нь зураг төсөлгүй чанарын доголдолтой зохих тусгай зөвшөөрөлгүй услалтын системийн шинээр барих ажлыг гүйцэтгэснийг шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2010/J010 дугаартай “Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ”-г “Г” ХХК-д олгож, “Усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах, сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох” чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон тухай дурджээ. /2хх, 186х/

Дээр дурдсан гэрчилгээг хууль, тогтоомж зөрчин олгосон болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байх тул нэхэмжлэгч талын тайлбарласнаар Барилга, хот байгуулалтын яамнаас авсан тусгай зөвшөөрөл байхгүй хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ. Хариуцагч “Г” ХХК нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс Услалтын систем шинээр барих ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу хоолой болон газар шорооны тусгай ажил, услалтын уст цэг худаг, услалтын системийи гидротехникийн барилга байгууламжийн ажил эрхлэх зөвшөөрөлгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан байсан.

“Г” ХХК Газрын харилцаа барилга геодизи зураг зүйн газарт 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр барилгын ажил эрхлэх хүрээнд тусгай зөвшөөрөл шинээр авах өргөдөл гаргасан байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. “Г” ХХК-ийн “Э д т” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу гүйцэтгээгүй зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгэх боломжгүй юм бол хариуцагч “Г” ХХК ямар зургаар гүйцэтгэсэн болохыг шүүх нотолж чадаагүй. Шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн тухай 06 тоот акт үйлдэн ажил хүлээлцжээ. Мөн ажлын гүйцэтгэлийн акт үйлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаар талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тогтоогдож байна гэжээ.

Дээрхи актуудыг үйлдэгдсэн гэх боловч чанарын доголдолтой, услалтын системийн норм дүрэм, Барилгын тухай хууль зөрчсөн ашиглагдах боломжгүй нөхцөл үүссэн тул Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газарт шалгуулахаар гомдлын өргөдөл гаргасан.

“Г” ХХК нь Услалтын системийг шинээр барих ажлын гэрээний 3.1-т “Гүйцэтгэгч эрх бүхий байгууллагаас олгогдсон усны барилга байгууламж барих тусгай зөвшөөрөлтэй байх”, 3.4-т “барилгын ажлын явцад хэрэглэсэн материал эзэлхүүн, угсралтын ажлын технологийн зураг мөрдөж ажилласан тухай өдрийн тэмдэглэл, журнал хөтөлж, далдалсан ажлыг гүйцэтгэсэн акт, баримт бичиг хөтөлж хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгнө. Далдлагдах ажлын актыг бичихдээ хэрэгжүүлэгчийн төлөөлөгчийг байлцуулна”, 3.6-т “Буруу дутуу хийсэн ажлаа тухай бүр өөрийн хөрөнгө хүчээр засч, гүйцээн, ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгахын хамт найдвартай ажиллагааг хангана.”, 3.12-т “Гүйцэтгэлийн зураг, далдлагдсан ажил, инженерийн шугам, сүлжээ, технологийн тоног төхөөрөмжийг туршиж тохируулсан актыг 2011 оны 10 дугаар сарын 31-ний дотор гаргаж өгнө.”, 3.13-т “Ашиглалт засвар үйлчилгээний гарын авлагыг 2012 оны 5 дугаар сарын 01-ний дотор гаргаж өгнө.” гэсэн гэрээний заалтыг зөрчсөн байхад шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт өгөөгүй хариуцагчид ашигтайгаар тайлбарлан хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас зарласан Аж ахуйн нэгж байгууллагын услалтын систем шинээр барьж сэргээн засварлахад дэмжлэг үзүүлэх төсөлд оролцсон боловч “Г” ХХК-ийн услалтын системийг шинээр барих ажлын гэрээг доголдолтой чанаргүй гүйцэтгэсний улмаас төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас “Г” ХХК-аас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзсан байхад Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төсөлтэй хамаатуулан дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна.

А.А нь гэрээний дагуу услалтын систем шинээр барих ажилтай холбогдуулан “Г” ХХК-д ямар нэгэн зураг төсөл хүлээлгэж өгөөгүй. А.Аын зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэл болгож буй “Э д т” ХХК-ийн гүйцэтгэсэн услалтын системийн барилгын зураг нь 2012 онд “Г” ХХК нөхөж батлуулсан бөгөөд “Г” ХХК нь услалтын системийн ажлыг 2011 онд дээрх зургаар гүйцэтгэсэн болно.

Хэрэгт шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон ХААИС-ийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, МХЕГ-ыг шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт авагдсан байх ба шүүх ХААИС-ийн шинжээчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв гэжээ. Шүүхээс Сэлэнгэ аймгийн УМХГ-ын Улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны 18-07-24 003 тоот дүгнэлтэнд огт дүгнэлт хийгээгүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэх үүрэгтэй. Гэтэл хариуцагч “Г” ХХК-ний зүгээс услалтын системийг ямар зургаар хийж гүйцэтгэснийг тогтоож чадаагүй.

Шүүгч Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн дүгнэлтийг хууль бусаар тайлбарлан дүгнэж хариуцагчид ашигтайгаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны 18-07-24 003 тоот барилгын ажлын чанар байдлын тухай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 30-нд 0710115 тоот Услалтын системийн барилга байгууламжийн угсралтын тухай шинжээчийн дүгнэлт хүчин төгөлдөр байна. Удаа дараагийн дүгнэлтэнд Барилгын тухай хуулийн 14.1-т “Барилга байгууламжийг зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон байхад шинжээчийн дүгнэлт бодитой, эргэлзээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн хууль зөрчсөн юм. “Г” ХХК нь Услалтын системийг шинээр барих тохиолдолд мэргэжлийн байгууллагыг оролцуулсан улсын комисс хүлээн авах үүрэгтэй болохоос А.А гэдэг хүн актанд гарын үсэг зурснаар хүлээн авсан гэж үзэхгүй үндэслэлгүй Иргэний хуулийг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.

Талууд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г байгуулан А.А нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 53 тоот хаягт байршилтай 43 м.кв талбайтай 3 өрөө, 118 745 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Б.Дд хариу төлбөргүй шилжүүлэхээр харилцан тохиролцож, уг гэрээ нь хэрэгжсэн байна.

Талууд 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээний 1.2-т заасан ажлын хөлс болох 106 531 960 төгрөгийг 4.1-д заасны дагуу барилгын ажлын хөлсийг орон сууцаар тооцон өгөх тохиролцоогоо биелүүлсэн байна.

Ийнхүү гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ үйлдэх хэлбэрээр хэрэгжүүлсэн буюу талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд орон сууц өгөх, ажлын хөлсийг орон сууцаар авах хүсэл зоригоо хэрэгжүүлсэн байна. Гүйцэтгэгч “Г” ХХК нь актаар хүлээлгэн өгсөн ажлынхаа хөлсөнд аливаа мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч талаас аваагүй болохыг дурдах нь зүйтэй гэжээ. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй байна гэж үзэв гэжээ.

Услалтын системийг шинээр барих ажлын 4.1-д барилгын ажлын хөлсөнд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 21-53 тоот хаяг бүхий 3 өрөө орон сууцыг тооцох ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гүйцэтгэгч талын нэр дээр шилжүүлэн өгнө гэж заасан. Гэтэл Б.Д нь Орон сууц бэлэглэлийн гэрээгээр дээрх орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн. А.А би “Г” ХХК-тай Услалтын систем шинээр барих ажлын гэрээг байгуулсан болохоос иргэн Б.Дтай байгуулаагүй. Иргэний хуулийн 276 дугаар  зүйлийн 276.1-т “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, 276.2-т “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээ байгуулсанд тооцно.”, 276.3-т “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээ тухайн хэлбэрээр хийнэ.” гэж заасан. Гэтэл орон сууц нь ажлын хөлсний төлбөрт “Г” ХХК-д шилжих байхад Б.Д өөрийн хувийн өмчлөлд шилжүүлсэн нь хууль зөрчсөн. Ажил гүйцэтгэх гэрээг бэлэглэлийн гэрээгээр халхавчлан хууль зөрчсөн хэлцэл байгуулсан. “Г” ХХК-ийн ажлын хөлсний төлбөрөө нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гарган маргасан байхад шүүх “хариуцагч “Г” ХХК нь хариуцагч Б.Д бусадтай гэрээ байгуулах эрхтэй эсэх талаар, мөн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд “Г” ХХК-ийн авах ёстой орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан талаар өөр хоорондоо маргахгүй хэмээн тайлбарладгийг дурдах нь зүйтэй” гэж үндэслэлгүй дүгнэсэн байна.

“Г” ХХК 3 гишүүнтэй тэдгээр орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах зөвшөөрөл олгоогүй болно. Иргэн Б.Дд ажлын хөлсний төлбөрт орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах эрх олгогдоогүй болно. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг бэлэглэлийн гэрээг хийх хүсэл зориг эрмэлзлэлгүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан хууль зөрчсөн халхавчилж буй хоёр хэлцэл хийгдсэнээр цаашилбал А.А бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариу төлбөртэйгээр хийсэн бэлэглэлийн гэрээ болно. Бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх эд холбогдолтой байвал түүнийг нотлохгүй.” гэж заасан байна. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмгөөлөгчийн зүгээс ИХШХШТХ-ийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг гаргасан. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-нээс татгалзаж, гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх шаардлагыг, хариуцагч Б.Дд холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг, нэхэмжлэгч “Р” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу алданги 75 975 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгч А.Ад холбогдуулан 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ”-ний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 106 531 960 төгрөг, алданги 21 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч А.А хариуцагч “Г” ХХК нарын хооронд 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ байгуулагдаж, “Г” ХХК нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Ягааны хүр хэмээх газарт 136 га талбайг услах услалтын системийг барих ажлыг 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэх, А.А нь гэрээгээр тохирсон ажлын хөлс 106 531 960 төгрөгийг төлөхөөр тохиролцсоныг шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ. /хэргийн 1 дэх хавтас 5-6 дугаар тал/

 

Мөн хариуцагч “Г” ХХК, нэхэмжлэгч “Р” ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, “Г” ХХК нь усалгааны систем, түүнтэй холбоотой бичиг баримтыг 151 950 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна. /хэргийн 1 дэх хавтас 7-8 дугаар тал/

 

Хариуцагч “Г” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2010 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2010/J010 дугаартай гэрчилгээгээр Усны эрэл, хайгуулын судалгааны ажил явуулах, цооног өрөмдөх, худаг гаргах сэргээн засварлах, шинэчлэх, усны барилга байгууламж барих, тоноглох чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар олгосон байх тул хариуцагч “Г” ХХК нь услалтын систем шинээр барих тусгай зөвшөөрөлгүй, зураг төслийн дагуу ажлыг гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн, улсын комисст ажлыг хүлээлгэн өгөөгүй гэсэн нэхэмжлэгч А.Аын тайлбар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх үед хариуцагч компани тухайн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй байсан бөгөөд сүүлд дахин тусгай зөвшөөрөл авахаар эрх бүхий байгуулагад хүсэлт гаргаж байсан нь тухайн үед тусгай зөвшөөрөлгүй байсанд тооцогдохгүй юм. /хэргийн 2 дахь хавтас 186 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” гэж заажээ.

 

Талууд 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Тэг тэнхлэг газар дээр нь байгуулсан акт, 2011 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Сувгийн нүх ухсан акт, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Усны барилгын бүтээцийг угсарч гагнасан акт, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Барилгын далдлагдсан ажлын акт, Тоног төхөөрөмжийн суурь хийсэн акт, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Усны барилгын ажлын актуудыг үйлдэж улмаар 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Гэрээ дүгнэсэн акт”-аар гэрээнд заасан ажлын үр дүнг захиалагч буюу А.А хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хэргийн 1 дэх хавтас 148, 182-189 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээнд заасан зураг төслийн дагуу ажил гүйцэтгээгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөө аж ахуйн Их сургуулийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Усалгааны шугам хоолойг технологийн шаардлагын дагуу бүрэн угсарсан, уг услалтын систем нь ашиглагдах бүрэн боломжтой” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн дээрх тайлбар үгүйсгэгджээ. /хэргийн 2 дахь хавтас 168-170 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 07/101/15 тоот дүгнэлтэд дурьдагдсан услалтын системийн зургийн ажлыг хийж гүйцэтгэсэн “Э д т” ХХК нь дээрх гэрээний оролцогч биш байх бөгөөд тус компаниар хариуцагч “Г” ХХК нь зургийг захиалж хийлгээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Р” ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээнээс хойш буюу 2012 онд “Э д т” ХХК-иар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ягааны хүрийн услалтын системийн зургийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн нь Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас ирүүлсэн хуулбар зураг болон тус яамнаас зарласан тендерийн шалгаруулалтанд оролцож, хариуцагчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг улсын комисст хүлээлгэн өгсөн баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч компани дээрх зургын дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. /хэргийн 197-229 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэхэсгт заасан үүргийнхээ дагуу баримтаар нотлож чадаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгч А.А нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг шаардах эрхгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээний 4.1 дэх хэсэгт “Барилгын ажлын хөлсөнд Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 21 дүгээр байр, 53 тоот хаягт байрлах 43 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тооцох ба үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг захиалагч талын нэр дээр шилжүүлэн өгнө.” гэж заасны дагуу 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г байгуулан А.А нь өөрийн өмчлөлийн дээрх орон сууцыг Б.Дд хариу төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон байна. /хэргийн 1 дэх хавтас 4 дүгээр тал/

 

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцон орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ байгуулж буюу талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд орон сууц өгөх, ажлын хөлсийг орон сууцаар авах хүсэл зоригоо хэрэгжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамааруулах үндэслэлгүй болно.

 

Иймээс талуудын хооронд 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээнд зааснаар ажлын хөлсөнд орон сууцыг Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх тул хариуцагчийн ажлын хөлс, алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч Б.Д нь Услалтын системийг шинээр барих ажлын гэрээ байгуулагдах үед “Г” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын маргаантай харилцаанд хамаарах хүчин төгөлдөр бус байх хэлцэл, анзын харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтуудыг хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/01967 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүлйин 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул “Г” ХХК-д холбогдох 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Услалтын системийг шинээр барих ажлын гэрээнээс татгалзаж, үр дагаврыг арилгуулах, Б.Дд холбогдох 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдсан Орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай А.Аын нэхэмжлэл, ажлын хөлс 106 531 960 төгрөг, алданги 21 306 392 төгрөг, нийт 127 838 352 төгрөг гаргуулах тухай “Г” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж, өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 810 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ    

 

                                           ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

                       

                                                                                               С.ЭНХТӨР