Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Д.Агар, хохирогч Г.Өсөхбаяр, түүний өмгөөлөгч А.Зүмбэрэл /№1660/ гэрч О.Алтансувд, шүүгдэгч Ц.А, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан /№2173/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Цэнддоржийн Ад холбогдох эрүүгийн 2014250005570 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 2-19 насны 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1988 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэн 1989 оны 12 дугаар сарын 13-ны өдөр суллагдсан, Харчу овогт Цэнддоржийн А

 Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Ц.А нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233.2 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А мэдүүлэхдээ: Г.Өсөхбаяр бид хоёр найз нөхдийн холбоотой. Миний хувьд найздаа өс хонзон санасан зүйл байхгүй. Г.Өсөхбаяр бид хоёр ярилцаад 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр уулзсан. Тэгтэл Г.Өсөхбаяр 13 дугаар хороололд 65 айлын орон сууц барих талаар яриад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байна гэсэн. Надад бэлэн мөнгө байсан учир Г.Өсөхбаярт мөнгө өгсөн. Урд мөнгө төгрөгний асуудал болоход гарын үсэг зурахгүйгээр өгч, аваад болдог байсан. Бид бүхний байгуулсан UUSA ХХК-ийн тооцоо хаягдаад явсан учир бид гэрээ байгуулж гарын үсэг зурцгаасан. Бичиж байгаа бичиг баримтыг “Найман шарга”-ын “Арга билэг” гэдэг газраар бичүүлж байсан. Г.Өсөхбаярын эцэг болон манай эх 22 дугаар байранд байдаг. Бид уулзаад бүх зүйлийг тохиролцоод 60.000 доллар өгсөн. Үүнээс болоод хэрэгт холбогдоод явж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гурван удаа гарч байсан ба дээрхи дүгнэлтүүд үнэн зөв гарч байсан. Наранбаатар байцаагч дахин шинжилгээ хийлгэхийн тулд химийн хор ашиглдана. Мөн тус баримтуудыг бүгдийг нь устгах шаардлагатай болно гэж хэлж байсан. Гэтэл сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 6385 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Баярмаа гэх шинжээч нь урьд 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтээ бодит байдлаар нь үнэн зөв явуулж байсан атлаа 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтээ эсрэгээр нь гаргасан байсан. Тус шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан яллах дүгнэлт үйлдэгдсэний улмаас миний бие шүүх танхимд ирсэн байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Өсөхбаяр мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч нь хуурамч бичиг баримт үйлдэж хүнээс мөнгө завших зорилготой гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна гэж үзэж байна. Энэ тал дээр маш их гомдолтой байна. Энэ хүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Нэг ч баримт бичиг үйлдээгүй. 2010 онд барилга байгууламжийн ажил дуусаж тодорхой хувиа аваад салцгаасан. 2010 оноос хойш Ц.Атай огт уулзаагүй. Компаниа татан буулгах гэж байсан учраас 2013 оны 10 дугаар сард Ц.Аыг ажил дээрээ дуудаж уулзсан. Учир нь компанийн тамга тэмдэг түүнд явж байсан. Тэгээд намайг 52.000 долларыг илүү авсан байна. Одоо энэ мөнгийг гаргаж өг миний амьдрал ахуй хэцүү байна. Эхнэр хүүхэд салаад явчихсан. Унах унаагүй байна гэх мэтээр маш олон зовлон тоочсон. Үүний дараагаар 2 ч удаа утастсан. Миний авсан мөнгийг өсгөж бичээд, өөрийнхөө авсан мөнгийг дарж бичсэн байна гэж тайлбарласан. Сүүлд нь над руу энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэж мэссэж бичсэн болохоор нь 52.000 долларын баримтыг хадгалж байсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. 2014 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас дуудсан. Очиж уулзахад Ц.Ааас 60.000 доллар зээлж авсан мэтээр ярьсан байдаг. Миний гарын үсгийг ашиглаж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Няраваар ажиллаж байсан Алтансувд нь намайг гарын үсэг зурж үлдээдэг талаар сайн мэднэ. 2011 онд манай эгчийг барилга барьж байгаа талаар мэдсэн байсан. Санхүүгийн дэмжлэг, зээл тусламж авсан зүйл огт байхгүй. Ц.Аыг худал ярьж байгаа талаар полиграфикийн шинжилгээнд оруулах гэсэн боловч чадаагүй. Би өөрөө энэ шинжилгээнд орж үзсэн. Ц.А ямар нэгэн өвчин хэлээд ороогүй байсан. Ц.А, Б.Хоролбат, Ц.Алтансувд нар нэг өрөөнд суудаг харин би тусдаа суудаг байсан. Ц.А хамгийн сүүлд сууж байсан жижиг өрөөгөө бидэнд мэдэгдэлгүйгээр өөр хүнд зараад дотор нь байсан бүх ширээ сандлыг хурааж аваад явсан. Ярьж байгаа зүйлүүд бүгд худал. Дандаа зохиож ярьж байна. Барилга барьсан газарыг өөрийнх нь газар мэтээр ярьж байна. Гэтэл тухайн газрыг бид бүхэн хөөцөлдөж байж авсан. Эцэст нь хэлэхэд Ц.Ааас ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө аваагүй. Баримт үйлдээгүй гэдгээ шүүхийн өмнө тангараглаж хэлмээр байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Алтансувд мэдүүлэхдээ: Манай компанийн ерөнхий захиралаар Г.Өсөхбаяр ажиллаж байсан. Ц.А даргыг бид нар мөн адил захирал гэж дууддаг байсан. Г.Өсөхбаяр захирал гадагшаа эсвэл хөдөө явах үед Хоролбатад өөрийн бичиг баримтыг буюу бланктай цаас болон тамга тэмдгийг үлдээдэг байсан. 2007 онд надад 6-7 ширхэг бланкинд дээр гаргасан гарын үсэгтэй цаас мөн А4 цаасан дээр гарын үсэг зурсан 4 ширхэг цаасыг үлдээсэн. Тэгээд А4 дээр гарын үсэг зурсан 4 ширхэг цааснаас 2 ширхэг нь үлдсэн. Тэр цаасыг хавар Ц.А захирал ширээ сандалтай цг байхад аваад явсан. Тэр цаас тухайн ширээны нүдэнд байсныг Хоролбат, Гантулга нар мэднэ. Би ширээ, сандал авч явсан талаар Г.Өсөхбаяр захиралд хэлэх гэсэн боловч Г.Өсөхбаяр захирал авахгүй байсан. Тэрнээс хойгш 2-3 хоногийн дараа Г.Өсөхбаяр захирал залгаж тамгаа авъя гэхээр нь Ц.А дарга ширээ, сандалыг авч явахад ачигдаж явсан талаар хэлсэн гэв. Шүүгдэгч Ц.А нь 2011-2014 оны хооронд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Өсөхбаяр гүйцэтгэх захиралтай “UUSA” ХХК-ны тамга, захиралын гарын үсэгтэй хоосон цагаан цаасанд "2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Г.Өсөхбаяр нь 60.000 ам долларыг 1 жил 6 сарын хугацаатай сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн зээлийн гэрээ", "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэрэг агуулгатай бичвэр хуурамчаар үйлдэн, улмаар уг баримтыг ашиглан Иргэний хэргийн шүүхэд 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гарган Г.Өсөхбаяраас 60.000 ам доллар буюу 70.009.000 төгрөг /1 ам доллар 1250 төгрөг 15 мөнгө/ гаргуулан шийдвэрлүүлж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2007-2хүртэл хамтарч бизнес хийсэн. ....хоосон цаас болон албан бланк дээр гарын үсэг зурсан цаасыг А болон Хоролбат нарт хоюуланд нь үлдээдэг байсан....Эхнэр нь Бурмаа гэдэг хүнд өртэй шалгагдсан. Би тэр үед барилга барих төсөл батлуулж байсан. А тухайн үед өөрөө Лексус 470 машин унаж байгаад өрөндөө хүнд өгсөн гэсэн. ...Мөнгө зээлэх шаардлага байхгүй, 2010 онд бүх тооцоо данс дуусаад салсан. ...2013 оны намраас А надаас 52.000 ам доллар нэхэх болсон. Нэхсэн талаарх баримт нь байгаа. Байгууллагын хоосон бланк дээр болон иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэхийн тулд цагаан өнгийн хоосон цаасан дээр гарын үсгээ зурдаг байсан. A 5 хэмжээтэй цаасан дээр би гарын үсгээ зурдаг байсан. Учир нь бусад албан байгууллага руу хандахад хэрэгтэй байдаг байсан 2011-06-04-нд Батлан хамгаалах яамны харъяа найман шарга нэртэй амралтын газар гэр бүлийн хамт амарч байсан. 2011-08-25-нд барилгын зураг төслийг 10 сая төгрөгөөр хийлгэсэн. Баримтан дээр 2011-08-31 өдөр гэж тэмдэглэсэн байгаа. Тухайн зураг таслийг Голомт өргөө гэдэг нэртэй байгууллагаар өөрчлөлт хийлгэсэн. Манай барилгын тооцооны хуудас надад байгаа ба түүнийг 2013 оны 10 сард А манай ажил дээр авчраад үзүүлсэн энэ ямар учиртай юм гэхээр А надад харуулаад намайг арай илүү мөнгө авсан байна харин би бага мөнгө авсан байна гэж хэлээд Ааас авч үлдсэн юм. Ингээд тооцооны хуудсыг харж тулгаж үзэхэд барилгаас минйи авсан зүйлүүдийг өсгөж бичээд өөрийнхөө авсныг дутуу бичсэн байсан. Тухайлбал өөрийнх нь гараар бичсэн тооцоон дээр өөрөө 179.308 ам доллар авсан байна, намайг 284.157 ам доллар авсан байна, үүний зөрүү 52.424 ам доллар байна гэдгийг А надад үзүүлсэн Ааас би 2011 оны 6 сард мөнгө зээлсэн юм бол яагаад над руу 2013 онд ирээд энэ баримтыг үзүүлээд тооцоо тулгах гэж явж байсан нь сонин байна. Энэ тооцоо нийлэхдээ компаний тамга тэмдэг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-19х, 33-34х, 2хх-ийн 66-67х, 198-199х/, гэрч О.Алтансувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2010 онд ажилд орсон...барилгын үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан. Тухайн үед Өсөхбаяр Хөрөнгө оруулалтын банкнаас “UUSA” ХХК-ны нэр дээр зээл авч байсан, хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй. 2013 оны 4 сарын үед А ажил дээр өдөр ирээд захирлын өрөө болон тухайн оффисын бүх ширээ сандалыг аваад явсан байсан тухайн ширээний нүдэн дотор компаний бүхий л бичиг баримт Өсөхбаярын тамга байсан. Тухайн тамга нь миний ширээний шургуулганд байсан. ...Өсөхбаяр нь компаний зарим нэг бланк дээр гарын үсэг зураад үлдээдэг байсан бөгөөд тухайн бланкууд нь Аы хамаатны дүү Батаа гэдэг хүний нэр дээр цуглардаг байсан. Батаа компаний нягтлангаар ажиллаж байсан, компаний санхүүгийн бүхий л баримт бичиг төвлөрдөг байсан 2010 оны 4 сард байхаа улсын комисс байрыг хүлээж авсан, тэр үед ажлаасаа гарсан, сүүлийн 3-4 сарын цалингаа авч чадахгүй гарсан....харин 2010 онд комисст хүлээлгэн өгөх гэж байхад Өсөхбаяр наадмын бэлтгэлд гараад явсан байсан болоод захирлын гарын үсэгтэй бичиг хэрэгтэй гээд 5 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зурж Хоролбат бид 2-т тухайн үедээ хариуцаж байсан болохоор үлдээсэн, 2011 онд үл хөдлөх хөрөнгийн газарт бичиг явуулж байсан ба тэгтэл Авлигатай тэмцэх газраас дуудаж би мэдүүлэг өгч байсан тэр үед надаас Авлигатай тэмцэх газрын байцаагч улсын комисст барилгаа хүлээлгэн өгөхдөө хахуул өгч байсан уу гэж асуусан үгүй гэтэл тийм албан бичиг хийж ир гэсэн, тэгээд би тухайн үед Өсөхбаярын гэрт очиж тамга аваад 3 ширхэг хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж, 3 ширхэг бланкан дээр гарын үсэг зуруулсан юм. Ингээд тамга над дээр байсан ба сүүлдээ 2011 оны намар байхаа компаний оффис нь барьсан барилгын 49 тоотод байрлаж байхад нэг амралтын өдөр А ширээ сандал цоожтой шүүгээ зэрэг бүх зүйлийг аваад явсан байсан ба цоожтой шүүгээнд гарын үсэг зурсан бланк, хоосон цаас, тамга зэрэг байсныг авч явсан. А чинь бүх зүйл миний өмч гээд л яриад байдаг байсан ба бидний байрлаж байсан 49 тоот байрыг өөрийн найздаа зарчихсан ба энэ зарж болохгүй компаний өмч гэж Өсөхбаяр хэлж байсан гэдгийг ч тухайн үедээ Ад хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-227х, 2хх-ийн 194-195х/, гэрч Б.Хоролбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Нябогоор 2007 оноос 2010-01-01 хүртэл ажиллаж байсан. Өсөхбаяр, Ууганбаяр, А, Сумъяабазар нар нь хамтран компани байгуулж ЧД 3-р хорооны нутаг дэвсгэрт 72 айлын орон сууц барьсан бөгөөд тухайн барилгын санхүүжилт нь банкны зээл, орон сууцны захиалагчдын хөрөнгө зэрэг зүйлсээс эх үүсвэр нь бүрдсэн. А нь барилгын дэд захирлын албан тушаал дээр ажиллаж байсан. Өсөхбаяраас өөр хүн албан бичигт гарын үсэг зурдаггүй, гадагшаа ажилтай явдаг үед өөрөө албан бичигт гарын үсэг зураад тамга дараад явдаг байсан...Тухайн үед миний санаж байгаагаар бол А нь барилгад ойролцоогоор 80.000 ам долларын хөрөнгө оруулалт хийж байсан бөгөөд тухайн мөнгийг бусдаас зээлсэн гэж сонсож байсан...Тухайн барилгын зураг төслийг Өсөхбаяр гаргаж байсан....2014 оны 06 сард яг хэдэн гэдгийг санахгүй байна, манай ажил болох Нийслэлийн захирагчийн ажлын дотоод аудитын ажил дээр А ирж уулзаад надад Өсөхбаяр бид 2 жоохон асуудалтай байна, чиний байрыг Өсөхбаяр авна гэж байна, тэгэхээр чи надад итгэмжлэл хийгээд өгчих гэхээр нь би бодож байгаад хариу хэлнэ , Өсөхбаяраас би асууна гэхэд асуугаад хэрэггүй би чамайг гадаад явчихсан байгаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд би уулзаж байгаад хариу хэлнэ гэхэд яваад өгсөн,....Над руу гадаадын дугаараас залгаад чи цагдаад мэдүүлэг өгөхдөө Аы талд өгөөрэй гэж хэлээд 2 удаа залгасан чи хэн бэ гэхээр чамд хамаагүй хохьчин шүү гэх зэргээр дарамталж байна. Би 2007 онд нягтлангаар орж 2007 оны 5 дугаар сард барилга барьж эхэлсэн, тухайн үед Өсөхбаяр захирлаар ажиллаж гарын үсэг зурж тамга дардаг байсан, Өсөхбаяр нь зун бэлтгэлтэй, заримдаа гадаад явдаг байсан ба тэр үед нь албан бланк дээр гарын үсэг зурж тамга дарж бланк дуусчихсан үед цагаан цаасан дээр гарын үсэг тамга дарж үлдээдэг байсан, миний мэдэхээр зун бэлтгэлд гарахдаа үлдээдэг, 2008 онд бас олимп руу явахдаа бас үлдээсэн, гадаад явах үедээ үлдээж байсан гэдгийг санаж байна. Би дээрх гарын үсэг зурсан бланк цаасыг өөрийн ширээний шургуулганд хадгалж цоожилж байсан ба хамгийн сүүлд А манай оффисын ширээ сандал бүх зүйлийг аваад явсан байсан ба миний шургуулганд албан бланк, гарын үсэгтэй тамга дарсан цаас, санхүүгийн баримт гээд бүх зүйлийг аваад явсан. Энэ талаар Алтансувд, Гантулга нар мэднэ, нэг өрөөнд бөөнөөрөө суудаг байсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 70- 72х, 196-197х/, гэрч Б.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сумъяабазар банкны зээл авч тухайн барилгад хөрөнгө оруулалт хйисэн болохыг мэдэж байна. А барилга барьж дууссаны дараа 2013 онд манай нөхөр Ууганбаяраас барилгатай холбоотойгоор мөнгө нэхээд байхаар нь би тухайн үед Ад 9.000 ам доллар өгөөд оронд нь авах ёстой байсан 3-н айлын орон байрны ордерыг авч өр төлбөргүй гэсэн бичгийг хийлгэж авсан. Захирал Өсөхбаяр нь хөдөө орон нутгаар явах үедээ тамга тэмдгээ Сувдаа гээд нябод үлдээдэг гэж байсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 73- 75х/, гэрч Р.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зэвсэгт хүчний жанжин штабын гаргасан тушаалаар ирж байрлаж бэлтгэл хийдэг, Тухайн үед 2011 оны 06-р сарын эхээр аварга Өсөхбаяр нь өөрийн гэр бүлийн хамт ирээд байрлах газрын гэр болон байршлийг тохирч байсан, ...тухайн өдрөө хоноод маргааш нь барилдаантай гэж байсныг санаж байна. Тушаал нь гараагүй байсан....” гэх мэдүүлэг /2хх-ийн 68-69х/ Кримналистикийн шинжээчийн №6385 “1.2.3 ШШҮХ-н КШХ-н шинжээч О.Гүнбилэгтийн 2014.04.18-нд гаргасан №1811 дугаартай шинжээчийн дүгнэлт, ШШҮХ-н КШХ-н шинжээч Б.Солонго, Д.Энхбаяр, Г.Ганзориг нарын 2014-07-22-нд гаргасан №3221 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй болон зөрүүтэй эсэхд шинжээчдийн зүгээс дүгнэлт өгөх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн хавтаст хэрэгт эх хувиараа байгаа 2011.06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" гэсэн баримт дээр дарагдсан тэмдэгийн дардасны тосон дээр "Зээлдэгч" гэсэн үгний "3" үсэг хэвлэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 2011.06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "мөнгө хүлээлгэн өгсөн баримт" дээрх бичвэрүүд "Times new roman 12" фондоор бичигдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны хэмжээ 14.6x21 см буюу "Word" программ дээрх "А5" хэмжээтэй цаасны урт, өргөний стандарт хэмжээстэй харьцуулахад өргөн нь 0.2 мм-ээр бага байна. Шинжилгээнд ирүүлсэн "Зээлийн гэрээ" гэсэн баримтад шинжилж буй тэмдэгний дардасны дээр уг баримтын бичвэр хэвлэгдсэн, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын цаасны өргөний хэмжээ нь 0.2 мм-ээр зөрүүтэй, 2011.06.04 гэсэн огноотой "Зээлийн гэрээ"-н дээрх "Зээлдүүлэгч", "Зээлдэгч" гэсний ард байх шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн будагч бодисын өнгө өөр, "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт"-ын "Хүлээн авсан", "Хүлээлгэн өгсөн" гэсэн хэсэгт "Г.Өсөхбаяр", "Ц.А" гэсний дор зурсан шинжилж буй 2 гарын үсгийн бичигч хэрэгслийн бодисын өнгө өөр, ямар нэгэн тамга, тэмдэг дарагдаагүй байгаа нь нэг цаг хугацаанд үйлдээгүй байх боломжтой. 2011.06.04-ний өдөр хийгдсэн гэх "Зээлийн гэрээ" болон "Мөнгө хүлээлгэн өгсөн баримт" зэрэгт зурагдсан Г.Өсөхбаяр гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо, Ц.А гэсэн хэсэгт зурагдсан 2 гарын үсэг нь хоорондоо тохирч байна. Дүгнэлт гаргасан: Лабораторийн эрхлэгч, х/ч Х.Баярмаа, мэргэшсэн шинжээч, х/ч Б.Эрдэнэ-Очир, ахлах шинжээч, а/д Э.Солонго” /3хх-ийн 46-48х/ гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Ц.Аы 2011-2014 оны хооронд үйлдсэн дээрхи хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан гэмт хэрэгт улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн оногдуулах ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасан оногдуулах ялаас хөнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв. Иймд шүүгдэгч Ц.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Ц.А дээрх гэмт хэргийг үйлдээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3 дахь хэсэг, 36.2, 36.6 , 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Харчу овогт Цэнддоржийн Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Ад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 3. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 4. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ