| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2018/0561/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/574 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2018/ШЦТ/574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Х.Эрдэнэтуяа /томилолтоор/, шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012290631 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 0000000000000000000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 06 сарын хорих ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн, Н.Т,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т 2018 оны 05 дугаар сарын 11-ний шөнө согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бтай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Т: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр найз Б.Жтай явж байгаад Б.Б, Б гэдэг хоёр ахтайгаа тааралдаад уухаар тохиролцож хотын төв рүү ороод 0,75 граммын архи аваад буцаж явах замдаа архиа уусан. Гэтэл Б миний хоолойг боож, хэрүүл өдөөд 2-3 удаа алгадсан гэж У.Хгийн мэдүүлгээс уншсан. Би Быг нэг удаа цохисон, нилээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Одоо Бтай эвлэрсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ...ах бид хоёр Нисэхээс архи авах гэхэд онгорхой дэлгүүр байхгүй болохоор нь паб-д сууж пиво уух гээд явж байхдаа Н.Т, Ж хоёртой таарсан, ...бид нар хотын төв рүү очиж 0,75 литрийн нэг шил архи аваад ...хувааж уусан бөгөөд би их согтсон байсан. Нэг сэрэхэд би Н.Ттой маргалдаад заамдалцаж байсан ба тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Өглөө 07 цагийн үед сэрэхэд цагдаа дээр ирсэн байсан. Миний өмд, цамц цус болж урагдсан байсан...” /хх-ийн 11-13/ гэсэн,
Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой дүү Б, найз Ө бид гурав манай гэрт 0,75 литрийн нэг шил архи уучихаад, дүүтэйгээ хамт архи авах гээд гадагшаа гараад, Н.Ттой таарсан. ...Үйлдвэр комбинатаас нэг шил архи аваад, буцаж Нисэх орох замдаа архиа хувааж уусан. Би архинаас жоохон ууж байгаад машин дотор унтсан байсан. Маргааш өглөө нь Быг Н.Тод зодуулсаныг мэдсэн..." /хх-ийн 21-22/ гэсэн,
Гэрч У.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр А, Ж, Н.Т нарын хамтаар Нисэхийн байрнууд дунд зогсож байгаад, Б, Б хоёртой тааралдсан. Тэгээд "пабд орж нэг юм ууя" гээд "Ө" нэртэй паб руу орсон. Тэнд сууж байгаад хаахаар нь 19 дүгээр хороолол руу явж дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн архи аваад, Аын гэрт нь буулгаад, бид нар Нисэх рүү явсан. Нисэх явах замд Н.Т "модны захад сууж архиа ууя" гээд Нүхтийн ам руу өгсөөд, нэг амралтын газрын ойролцоо архи уусан. Архи ууж дуусаад, Н.Т "Нисэх оръё" гэхэд Б өөдөөс нь "байж бай" гээд уурлаад байсан. Би жолоо бариад явж байхад Б Н.Тын араас толгой руу цохиод хоолойноос нь боогоод байсан. Бид нар Нисэх дээр ирээд Б, Б.Бхоёрын байрны гадаа ирээд гэр лүү нь оруулах гэхэд Б.Бтасарчихсан машин дотор унтаж байсан бөгөөд Б Н.Тын машины гаражийн доошоо ордог хэсэг рүү "наашаа ороод ир" гээд заамдахад, Н.Т "боль боль" гээд байсан. Тэр хоёр гаражнаас гарч ирээд, Б Н.Тын хацар дээр нь алгадаад байсан. Н.Т уурлаад нэг удаа цохиход Б ухаан алдаад уначихсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,
Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Нисэхэд Н.Ттой хамт явж байгаад Б, Б.Бхоёртой тааралдсан. Хамт юм ярьж байгаад найз Хгээр машин бариулаад, төв рүү орж ирээд дэлгүүрээс 0,75 литрийн архи авсан. Бид нар Нисэх рүү явах замдаа машинд архи хувааж уугаад, Нисэх дээр ирэхэд их согтчихсон байсан. Б согтуу Н.Т бид хоёр луу агсам тавиад байсан. ...Н.Т, Б хоёр ноцолдоод байхаар нь би яваад очиход Б газар уначихсан байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Шүүгдэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны шөнийн 01 цагийн үед Нисэхийн байрнуудын дунд өөрийн найз Ж, Х нартай машин дотор сууж байх үед Б ахтайгаа хамт явж байсан. Тэгээд хамт архи уухаар болоод, хотын төв рүү орж 0,75 литрийн нэг шил архи аваад Нисэх рүү явж байх замдаа архиа хувааж ууцгаасан. Би архи их уусан байсан болохоор тэрнээс хойш ер нь болсон явдлын талаар сайн санахгүй байна...” /хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №6943 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Бы биед хүзүүний баруун хажуу хэсэг болон эрүүний баруун дор цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал таславчийн мурийлт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,
- Шүүгдэгч Н.Тын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 45-50/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.Тод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтуурсан үедээ иргэн Б.Бтай маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хүзүүний баруун хажуу хэсэг болон эрүүний баруун дор цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бы “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед ...ах бид хоёр Нисэхээс архи авах гэхэд онгорхой дэлгүүр байхгүй болохоор нь паб-д сууж пиво уух гээд явж байхдаа Н.Т, Ж хоёртой таарсан, ...бид нар хотын төв рүү очиж 0,75 литрийн нэг шил архи аваад ...хувааж уусан бөгөөд би их согтсон байсан. Нэг сэрэхэд би Н.Ттой маргалдаад заамдалцаж байсан ба тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна...” /хх-ийн 11-13/ гэсэн, гэрч У.Хгийн “...2018 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ...Нисэх явах замд Н.Т "модны захад сууж архиа ууя" гээд Нүхтийн ам руу өгсөөд, нэг амралтын газрын ойролцоо архи уусан. Архи ууж дуусаад, Н.Т "Нисэх оръё" гэхэд Б өөдөөс нь "байж бай" гээд уурлаад байсан. Би жолоо бариад явж байхад Б Н.Тын араас толгой руу цохиод, хоолойноос нь боогоод байсан. Бид нар Нисэх дээр ирээд Б, Б.Бхоёрын байрны гадаа ирээд гэрт нь оруулах гэхэд Б.Бтасарчихсан машин дотор унтаж байсан бөгөөд Б Н.Тын машины гаражийн доошоо ордог хэсэг рүү "наашаа ороод ир" гээд заамдахад, Н.Т "боль боль" гээд байсан. ...Н.Т уурлаад нэг удаа цохиход Б ухаан алдаад уначихсан...” /хх-ийн 31-32/ гэсэн, гэрч Б.Жын “...2018 оны 05 дугаар сарын 11-ний орой Нисэхэд Н.Ттой хамт явж байгаад Б, Б.Бхоёртой тааралдсан. ...Бид нар Нисэх рүү явах замдаа машинд архи хувааж уугаад, Нисэх дээр ирэхэд их согтчихсон байсан. Б согтуу Н.Т бид хоёр луу агсам тавиад байсан. ...Н.Т, Б хоёр ноцолдоод байхаар нь би яваад очиход Б газар уначихсан байсан...” /хх-ийн 34-35/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №6943 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Бы биед хүзүүний баруун хажуу хэсэг болон эрүүний баруун дор цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал таславчийн мурийлт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Шүүхийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Тод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы биед хүзүүний баруун хажуу хэсэг болон эрүүний баруун дор цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардалд 168,970 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно, Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн ажил эрхлэлт, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1810012290631 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Тод оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь хохирогч Б.Бд 170,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1810012290631 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Тод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Тын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР