| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/00304/И |
| Дугаар | 00339 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 00339
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Мон оол вет” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1969 онд төрсөн, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Дарийн улаан мал эмнэлэгийн газрын эмч ажилтай, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багийн 2-12 тоотод оршин суух, Соном занги овогт Санжаагийн Болортуяа /РД:ГГ69030809/-д холбогдох,
5700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00304/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: 1975 онд төрсөн, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, “Мон оол вет” ХХК-ний ерөнхий менежер ажилтай, Дорноговь аймгийн Замын-Үүд, 1 дүгээр багийн 6 дугаар хэсгийн 8-1 тоотод оршин суух Зээрд адуун овогт Чулуунбатын Бат-Оюун /РД:МЮ75073001/, хариуцагч С.Болортуяа, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Болортуяа нь манай байгууллагаас 2014 оны 10 дугаар сар болон 2015 оны 04 дүгээр сард 2 удаагийн дараа тооцоот худалдан авалтаар буюу аймгийн мал эмнэлгийн газраас 1170000 төгрөг, манай компаниас 15000000 төгрөг, нийт 16170000 төгрөгийн тарилга авснаас одоогийн байдлаар бэлнээр 5700000 төгрөг, малаар 4900000 төгрөг, тариа буцаасан 5900000 төгрөг, тариа зарсаны урамшуулал 1027000 төгрөгийг хасч 3773000 төгрөгийн өртэй байна. Энэ өрийг 2016 оны 01 дүгээр сарын дотор төлж барагдуулах бөгөөд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.02 хувийн алданги тооцохоор тохиролцож С.Болортуяа нь өөрийн гараар манай компаний санхүүгийн албанд хүслэт гаргасан. Дээрх хүсэлтэд заасан хугацаа хэтэрсэн учраас манай байгууллага удаа дараа С.Болортуяатай холбогдож төлбөрөө нэхэмжилсэн боловч одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймээс С.Болортуяагаас малын тарилгын төлбөр болох 3800000 төгрөг, алданги болох 1900000 төгрөг, нийт 5700000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Мон оол вет” ХХК-ний нэхэмжлэлтэй С.Болортуяад холбогдох 5700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 1900000 төгрөгөөс татгалзаж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө хонь нэг бүрийг 80000 төгрөгөөр тооцож нийт 31 тоо толгой хонийг Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр хүлээлгэн өгөх. /хонь нэг бүр шүдлэн наснаас дээш тарга тэвээрэг сайтай байх/, үлдэгдэл төлбөр болох 1320000 төгрөгийг “Мон оол вет” ХХК-ний Хаан банкин дахь 5009740519 тоот дансанд 2017 ны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор байршуулах, 31 толгой хонийг Улаанбаатар хотын “Эмээлт” зах хүртэл иргэн С.Болортуяа нь өөрийн зардлаар хүргэн ирэхээр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсгээ зуржээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“Мон оол вет” ХХК нь С.Болортуяад холбогдуулж 5700000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 5700000 төгрөгөөс нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 1900000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2480000 төгрөг бүхий 1 бүрийн үнэ 80000 төгрөгөөр тооцогдох 31 толгой хонийг өөрийн зардлаар Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр хүлээлгэн өгөх, 1320000 төгрөгийг “Мон оол вет” ХХК-ний Хаан банкин дахь 5009740519 тоот дансанд бэлэн бусаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан “Мон оол вет” ХХК-ний нэхэмжлэлтэй С.Болортуяад холбогдох 5700000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь 1900000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2480000 төгрөг бүхий 1 бүрийн үнэ 80000 төгрөгөөр тооцогдох 31 толгой хонийг өөрийн зардлаар Улаанбаатар хотын “Эмээлт” зах дээр хүлээлгэн өгөх, 1320000 төгрөгийг “Мон оол вет” ХХК-ний Хаан банкин дахь 5009740519 тоот дансанд бэлэн бусаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 106150 /зуун зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75750 /далан таван мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргаж нэхэмжлэгч “Мон оол вет” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ